Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00053

 

 

 

 

 

 

 

 

ХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03173 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ХХ ХХК-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сараас  2019 оны 10 дугаар сарыг дуусах хугацааны 37 сарын дулаан, цэвэр ус, халуун ус халаасан хөлс, бохир ус татан зайлуулсан төлбөр, дулааны суурь үнэ буюу үйлчилгээний хөлс, усны суурь үнэ, авто зогсоолын дулааны төлбөр, баримтын үнэ зэрэгт нийт 1 749 725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, Ж.Д, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ХХ ХХК нь, Баянзүрх дүүргийн 1, 4, 5, 14, 18 хороо, Сүхбаатар дүүргийн 1, 8 хороо, Баянгол дүүргийн 7, 20 хороонд байрлалтай 55 байрны орон сууцны халаалт, халуун, хүйтэн усаар хангаж, инженерийн гадна, дотор шугам сүлжээ, сантехник, цахилгааны засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Баянзүрх дүүргийн 5-р хороо байрны 48 тоотод оршин суугч Б.Б нь 2016 оны 10 сараас 2019 оны 10 сар хүртэлх хугацааны төлбөр 1 749 725 төгрөг байна. Энэ нь дулаан, цэвэр ус, халуун ус халаасан хөлс, бохир ус энэ нь цэвэр усны хэмжээтэй тэнцүү, дулааны суурь үнэ буюу үйлчилгээний хөлс, усны суурь үнэ, авто зогсоолын дулааны төлбөр, бохир татуулсан төлбөр, баримтын үнэ орсон.

Манай байгууллага тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага. Бид барилгын компаниас байрыг хүлээн авахдаа ус дулаанаар хангана гэж гэрээ хийдэг. Бид 2 байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг. Уг зөвшөөрлийн үндэслэн үйл ажиллагаа явуулдаг. Зөвшөөрөл өгдөг байгууллагатай гэрээ хийж эдгээр байгууллага нь төлбөрөө манайхаар дамжуулж авдаг тул бид нэхэх эрхтэй. Бид төлбөрийн хэмжээг дээрх 2 байгууллагаас гаргасан үнэ тарифаар тооцдог. Мөн эдгээр байгууллагаар үнэ тарифын бодолтыг шалгуулсан. Бид айл өрхтэй биш барилгын компанитай гэрээ байгуулж хотхоноор нь хүлээж авсан. Айлтай гэрээ хийх шаардлагагүй. Тоолуурын аль заалтыг буруу авсан талаар хэлээгүй. Дулааны хөлс нь эрчим хүчний байгууллагаас тогтоосон тарифаар тогтмол гардаг. Усны суурь үнэ хүртэл тогтмол гарч байдаг. Тоолуурыг авсан гэдэг нь нэхэмжлэл гаргаснаас хойшхи асуудал юм гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:  2016 оны 8 сард манай хотхоны 53а, 53б байрны цахилгааны хүчдэл онцгой хүчтэй ирж манай гэрийн телевизор, угаалгын машин ажиллагаагүй болсон. Мөн оршин суугчдын цахилгаан хэрэгслүүд нь шатаж хохирсон. Оршин суугчид ярилцаад Баянзүрх дүүргийн Цахилгаан шугам сүлжээ компанид очиж өргөдлөө өгсөн. Тус компани тодорхой хугацааны дараа хариу өгнө гэж оршин суугчдад хэлсэн. Сарын дараа иргэд очиж өргөдлийн хариугаа асуухад манайх хариуцахгүй, танай орон сууц нам даралтаар халдаг учир ХХ ХХК хариуцна. Тус компанид ханд гэсэн. ХХ ХХК дээр очиж асуухад манайх хариуцахгүй гэдэг. Оршин суугчдыг олон удаа энэ хоёр байгууллага нааш цааш нь явуулж хохироосон.

Манай нөхөр 2016 оны 11 сард тал цус харваж, би нөхрөө асарч сувилж ядарч зүдрэхийн хажуугаар хөргөгч, угаалгын машингүй маш их зовсон бөгөөд хохиролтой учир гомдолтой. Эдгээр хоёр байгууллагад энэ байдлаа олон удаа хэлсэн боловч өдийг хүртэл миний хохирлыг барагдуулаагүй, хоёр байгууллага бие бие рүүгээ түлхдэг. Дээрх хоёр байгууллага миний хохирлыг барагдуулаагүй учир би төлбөр төлөхгүй гэдгийг анхааруулж хэлсэн. ХХ ХХК-ийн ажилтан нь слесарьтайгаа дайрч орж ирээд усны тоолуурыг харанхуйд сугалуулан авч явсны дараа ус алдсан. Би өөрөө хүн авчирч ус алдсан байдлыг зогсоосон. ХХ ХХК, Цахилгаан шугам сүлжээ компани хоёр бие бие рүүгээ буруу чихэж ард иргэдийг хохироосон нь цус харвасан нөхрөө асарч байсан надад маш хүнд үе байсан. Нөхөр маань 2020.3.22-нд нас барсан бөгөөд эдгээр хоёр байгууллагын буруугаас болж угаалгын машингүй учир гараар юмаа угааж, хөргөгчгүй учир хүнсээ хадгалах газаргүй байсан зэрэг маш их хүнд дарамтын байдалд байсан. Нөхөр бид хоёр хоёулаа хөдөлмөрийн чадвар алдалттай, нөхөр маань 80 хувь, би 50 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан. Манай байрны оршин суугчид ус дулааны төлбөр нь дулаан зогсоход зун 5 000-8 000 төгрөг, өвөл 10 000-25 000 төгрөг байдаг. Өөрсдийн буруугаас болж өвчтэй зовлонтой хүмүүсийг хохироосон бөгөөд ХХ ХХК далимдуулан маш их мөнгө гаргасныг эсэргүүцэж байна.

Би шүүх хурлын товтой танилцахаар ирэхэд ХХ ХХК гэрээний дэвтэр шинээр гаргаж нээгээд миний гарын үсгийг хуурамчаар зурсан байсан. Ямар ч үндэслэлгүйгээр ус дулааны мөнгө их хэмжээгээр бичиж, тооцооны хуудас гэх тамга бүхий цаасан дээр Н.Содгэрэл гэх хүний нэр байгаа зэрэг нь тус компани надтай гэрээ хийгээгүй гэдгийг нотолж байгаа юм. Арга бараад Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-д 2020 оны 5 сард хандаж өргөдөл өгсөн. ХХ ХХК нь хариуцаж айлуудыг хохиролгүй болгох ёстой гэсэн албан бичгээр надад хариу өгсөн юм. Би 2020.3.3-нд шинэ угаалгын машин 329 900 төгрөгөөр худалдаж авсан. Хөргөгчөө 90 000 төгрөгөөр засуулсан. Нэхэмжлэгч нь тоолуурын заалтыг үнэн зөв аваагүй. Тоолуурыг авч явсан. Анхнаасаа оршин суугчидтай гэрээ байгуулаагүй. Манай цахилгааныг тасалдаг байсан. Дайрч орж ирээд тоолуурыг булааж авсан тул тоолуурын заалтыг зөвшөөрөхгүй байна. Би одоо байрнаасаа хөөгдөөд гарчихсан байгаа. Намайг гаргасан хүмүүс нь хууль зөрчсөн гээд хэрэг үүссэн байдаг. Би байрандаа байсан бол төлөх байсан. Төлбөрийг нэхэмжлэгч өөрөө л тооцсон. Надад төлбөрийн чадвар байхгүй. Би банкны зээлтэй. Иймд би төлбөрийг зөвшөөрөхгүй. Эрчим хүчний газар нь ХХ ХХК миний хохирлыг барагдуулах ёстой гэж бичиг хийж өгсөн. Иймд нэхэмжлэгч нь миний хохирлыг барагдуулах ёстой. Айлуудаас зөвшөөрөл авч гэрээ хийж ажиллах ёстой. Тоолуурын заалт анхнаасаа буруу. Гэрээг хуурамчаар хийсэн гэжээ.

 

Шүүх: Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар хариуцагч Б.Б-с 1 669 431 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80 293 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41 661 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би Баянзүрх дүүргийн тоотод амьдарч байсан. 2016.8.13-ны өдөр байрны цахилгааны хүчдэл огцом хэлбэлзэж олон айл өрхийн цахилгаан хэрэгслүүд шатаж, хохирол учирснаас үүдэн оршин суугчид хохирлоо барагдуулахаар  Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хүсэлтээ гаргасан боловч орон сууцны компани хариуцна гэсний дагуу ХХ ХХК-д хандсан боловч хариуцахгүй гэдэг.  ХХ болон Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь асуудлыг бие биерүүгээ түлхсээр өнөөдрийг хүрч байна. Тухай үед тус 2 байгууллага намайг 7,8 сарын төлбөрийг төл гэхээр нь төлөхгүй гэсээр 2016 оны 7,8,9 сарын ус дулааны төлбөр 55 938 төгрөгийг тухай үед гэдэг байцаагчид төлсөн бөгөөд төлбөрөө өгөхдөө танай 2 байгууллага хэн нь буруутай болохоо албан бичгээр гаргуулж, хохирлыг маань барагдуулж өгөөрэй. Хэрэв энэ асуудлаа шийдвэрлэхгүй бол би дахин мөнгө төлөхгүй гэдгээ хатуу сануулж хэлсэн.  Дараагийн байцаагч нарт мөн адилхан хэлсэн.  Энэ маргаанаас болж ХХ ХХК манай тоолуурын заалтыг авдаггүй, манайх бараг өгдөггүй байсаар ирсэн. Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2020.5.8-ны өдөр ХХ ХХК-ийг буруутай гэх тодорхойлолт өгсөн.  ХХ ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж нөхөр бид 2 их зүдэрсэн.  ХХ ХХК нь усны тоолуур дээрэмдэж авч явсан тооцоолуурын заалтыг зориуд будлиантуулан өөрсдийн дураар тооцоо гарган урьдчилан хэлцэж их хэмжээтэй дүн гаргах гэсэн оролдлого гэж үзэж байна. Тухайлбал ХХ ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд 2019.11.13-ны өдөр нэхэмжлэл гаргасан гаргачихаад 5 сарын дараа буюу нөхөр маань эмнэлэгт ухаангүй сандарч байхад 2020.3.10-ны өдөр нэхэмжлэлээ надад авчирч өгсөн.  Удалгүй нөхөр маань нас барж надад уй гашуу, сэтгэл санаа тогтворгүй байхад хурлын тов мэдэгдэлгүй, 2020.4.3-ны өдөр шүүх хуралдаан хийгдсэнд гомдолтой.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд 2020.9.16-ны өдөр шүүх хуралдаан болсон.  Тус шүүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Д.Г нь анхнаасаа нэг талд үйлчилж байгаа нь мэдэгдсэн. Үүнд Талуудаас нэмж өгөх нотлох баримт байна уу гэхэд би Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас авсан “ХХ ХХК буруутай” гэсэн албан бичгийг өгөх гэтэл наад албан бичиг чинь хамаагүй, тайлбар өргөдлийг чинь авъя гээд авсан. Хариуд нь би “За тэгвэл би давж заалдах шатны шүүхэд хандахдаа энэ албан бичгийг өгье, шүүх хуралдаан ойлгомжтой юм байна гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Д-н тайлбарт ус дулааны төлбөрийг задалж тайлбарласан.  Төлбөр төлөх үүрэгтэй гэдгийг хүн бүхэн мэднэ. ХХ ХХК нь үүргээ умартаад эрхээ дэндүү хэрэгжүүлж байгаа шиг санагдах юм. Хөгжлийн бэрхшээлтэйгээр далимдуулан, түлхэн унагаж, орон байранд зөвшөөрөлгүй халдаж, гадна тотын пускайтелыг буулгаар цахилгааныг унтраан харанхуйд орж ирж тоолуурыг дээрэмдэж авч явсан. 

Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн албан бичигт “Эзэмшлийн заагийн дагуу орон сууцны ерөнхий салбарын ашиглалт засварын орон сууц нийтийн аж ахуйн контор хариуцдаг тул ХХ ХХКнь айлуудын хохирлыг барагдуулах ёстой” гээд өргөдлүүдийг хавсаргаад өгсөн байхад манайх биш гээд  оршин суугчдыг хохироосон.  Нэхэмжлэгч нь ус дулааны мөнгөн тооцоог хариуцагч зөв тооцогдсон гэж зөвшөөрсөн гээд шүүгч Д.Г худлаа бичсэн нь андуу ташаа ойлгосон болов уу? гэсэн ойлголт төрүүлсэн.  Миний бие халаалтын мөнгийг  м.квыг  460 үржүүлэн боддог. 2019 оны 9 дүгээр сараас м.квыг 506 үржүүлэн тооцдог болсон гэдгийг би “тийм юм байна лээ гэж хэлснийг шүүгч Д.Г мөнгөн тооцоог зөвшөөрсөн гэж эндүүрч бичсэнийг эсэргүүцэж байна.  4 жилийн хугацаанд нэхэмжлэгч нь угаалгын машин, хөргөгчний хохирлыг барагдуулж өгөөгүй бөгөөд бид өөрсдөө хохирлоо барагдуулсан. Баримт нь хэрэгт байгаа. ХХ ХХК нь тоолуурын заалтыг дураараа тавьдаг. Үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс нэхэмжлэгчийн гаргасан төлбөрийн тооцоог зөв гэж тодорхойлсон нь зөв гэж бодож байж болно. ХХ ХХК нь тоолуурын заалтыг өөрсдөө хуурамчаар тавьсан, эсвэл тоолуурыг сольсон, тоог нь өөрчилсөн зэргийг хэн ч мэдэхгүй.  ХХ ХХК нь барилгын компанитай гэрээ байгуулдаг. Оршин суугчидтай гэрээ байгуулдаггүй гэж байна. Гэтэл надтай гэрээ байгуулаагүй байж хуурамч гэрээний дэвтэр нээгээд миний гарын үсгийг хураамчаар дууриаж зурсан. 2016 оны 7,8,9 сарын төлбөрүүд нь нийт 55 938 төгрөг, 2017 оны 7,8,9 саруудын төлбөр 96 446 төгрөг, 2018 оны 7,8,9 саруудын төлбөрүүд 136 267 төгрөг болж байгаа нь эргээлзээ төрүүлж байна. 7,8 саруудад дулааны төлбөр гарахгүй. 9 сард тал үнэ нь бодогддог шүүдээ.  Ямар ч үндэслэлгүй, тоолуурын заалтыг өөрсдийн дураар тавьж, их хэмжээний  мөнгөн дүн бичсэн тооцооллын хуудас гэх тамга бүхий цаасан дээр н.С гэх хүний нэр байгаа зэрэг нь тус компани надтай гэрээ байгууллаагүй гэдгийг нотолж байгаа юм.  Энэ талаар шүүгч Д.Г-д хэлэхэд тоохгүй байсан.  Би гэрээ байгуулаагүй ба хуурамч мөнгөн дүнг зөвшөөрөхгүй, төлөхгүй гэдгээ хатуу мэдэгдэж байна. Иймд ХХ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХ ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сараас  2019 оны 10 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны 37 сарын дулаан, цэвэр ус, халуун ус халаасан хөлс, бохир ус татан зайлуулсан төлбөр, дулааны суурь үнэ буюу үйлчилгээний хөлс, усны суурь үнэ, авто зогсоолын дулааны төлбөр, баримтын үнэ зэрэгт нийт 1 749 725 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /1-3, 34-43/

 

Хэрэгт хариуцагчийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сэнгүр горхи хотхон, тоот сууц нь 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны халаалт, халуун, цэвэр, бохир ус, цахилгаан зэрэг ашиглалтын төлбөртэй байгаа тухай баримт авагджээ. / хх 4-16, 108/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дээрх сууц нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байсан бөгөөд хариуцагч Б.Б өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тухай маргахгүй тайлбарлажээ. /хх 131/

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх юм.

 

Иргэний хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх нь сууц өмчлөгчийн үүрэг байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус хууль нь эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршдог. Эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэнийг хэрэглэгч гэх бөгөөд хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй хэдий ч тухайн хэргийн хувьд зайлшгүй тодруулвал зохих зарим асуудлыг анхан шатны шүүхээс анхаар ч үзээгүй байна.

 

Хариуцагч буюу хэрэглэгч нь тариф, гэрээний үнэ зэрэгт, түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй тухайд маргасан. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үний дагуу төлбөрийг  тооцоогүй, тоолуур булааж авсан гэх үндэслэл заан маргажээ. /хх 129-130, 149/

Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т  энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд “Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд дээрх маргаантай асуудлаар эрх бүхий байгууллагад хандсан гэх боловч ямар хариу авсан нь тодорхойгүй байна. Мөн Эрчим хүчний байгууллагаас мөрддөг эмзэг бүлгийн хэрэглэгчдэд зориулан тогтоосон тариф тухайн хэрэглэгчид үйлчлэх эсэхийг анхаараагүй байна.

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 7.10-т хэрэглэгч нь тухайн байрнаасаа түр буюу бүрмөсөн нүүх, байраа бусдад шилжүүлэх тохиолдолд энэ тухайгаа хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэж, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог хийж дуусгах үүрэгтэй, 7.11-т байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нүүхдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусгаж, энэ тухай тодорхойлолтыг хангагчаас авсан байна, 7.12-т энэ дүрмийн 7.11-д заасан тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг шинээр өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шинээр өмчлөгч, эзэмшигч эрчим хүчний өрийг хариуцна гэж заажээ.

Иймд тухайн сууцны шинэ өмчлөгч хэн болсон, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үүргийг хэн хариуцах үйл баримтыг тодруулах нь хэргийн хууль хэрэглээ бөгөөд шийдэлд ач холбогдолтой байсан, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03173 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

             

                     ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

             

            Ш.ОЮУНХАНД