Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 837

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/399 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.С гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1711 00615  дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх нийт ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 3085 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоож, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/37 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 2 сар 6 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Э.С нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 44-23 тоотод оршин суух Ц.Цгийн гэрээс 1 ширхэг алтан бөгж, 2 ширхэг монетон бөгж, түрийвчтэй 40.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.003.000 төгрөгийн,

2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 36 дугаар байрны 22 тоотод оршин суух Б.Сгийн гэрээс мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн,

2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 31 дүгээр байрны 4 тоотод оршин суух Ч.Нн гэрээс мөнгөн аяга, хэт хутга, алтан бөгж, гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.887.200 төгрөгийн, бусдад нийт 3.250.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.С үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.С бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Сд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 1905035050024, 190533160025 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Сэс 3.250.200 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Цд 1.003.000 төгрөг, хохирогч Б.Сд 360.000 төгрөг, хохирогч Ч.Нд 1.887.200 төгрөг тус тус олгож, Э.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.С гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг маш ихээр ухаарч ойлгон, үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч ирсэн. Цаашид миний бие хохирлоо бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр болон 1 нас 2 сартай хүү нартаа өрхийн тэргүүн болон эцэг хүнийхээ үүргийг хүлээж, биелүүлэхийг маш их хүсч байна. Мөн ар гэр эхнэр хүүхэддээ маш их санаа зовж байна. Иймд та бүхэн миний ард байгаа ар гэрийн минь хүнд хэцүү байдлыг харгалзан ялыг минь хөнгөрүүлж, дэглэмийг минь өөрчилж өгнө үү... “ гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Э.С хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй гэдгээ илэрхийлж байгаа. Ажил мэргэжил, боловсролтой учир цаашид ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн, бага насны нэг хүүхэдтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр дэглэмийг нь өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор А.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс Э.Сд 3 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч нь урьд 5 удаагийн хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож шүүхээр ял шийтгүүлж байсан. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Э.Сд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.С нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 44-23 тоотод оршин суух Ц.Цгийн гэрээс 1 ширхэг алтан бөгж, 2 ширхэг монетон бөгж, түрийвчтэй 40.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.003.000 төгрөгийн,

2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 36 дугаар байрны 22 тоотод оршин суух Б.Сгийн гэрээс мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн,

2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 31 дүгээр байрны 4 тоотод оршин суух Ч.Нн гэрээс мөнгөн аяга, хэт хутга, алтан бөгж, гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.887.200 төгрөгийн, бусдад нийт 3.250.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Цгийн “...хаалга тогшоод танай доод айл руу ус алдаад байна гэхээр нь хаалгаа онгойлгож, манайхаас ус алдаагүй гэхэд “ус алдаад байна, хараадахъя” гээд манай гэр рүү орсон. Тэгээд манай ОО-ын өрөө рүү ороод “суултуурын араас чинь ус алдаж байна, та үз” гэхээр нь би очиж үзэхэд үл ялиг чийгтэй байхаар нь “ямар сонин юм бэ” гэхэд нөгөө эрэгтэй хүн “боолт нь суларчихсан, түүгээрээ ус алдаад байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй танай паарыг шалгана, орон сууцнаас шалга гэсэн гэж хэлээд манай том өрөөний паарыг очиж дарж үзсэн. Тэгээд “та цаад ус алдаж байгаа газраа алчуур тавьчих” гэхээр нь би шалны алчуураа аваад аваачиж тавьчихаад ирэхэд тэр залуу “танайх паараа сольмоор юм байна” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би гарах гээд ширээн дээр байсан бөгжөө зүүх гэтэл байхгүй байсан. Ээжээс маань өвлөгдөж үлдсэн бөгж байсан. 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монетон бөгж, охины авч өгч байсан 3 граммтай бөгж, түрийвчинд байсан 40.000 төгрөг зэрэг алдагдсан байсан. ...” /1хх 32-33/,

хохирогч Б.Сгийн “...манай 3 хүүхэд гэртээ байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүн хаалга цохиж, усны тоолуурын заалтыг чинь авна гэж хэлэхэд манай хүү Тогтохбаяр “аав өчигдөр усны заалтаа өгсөн” гэж хэлэхэд нөгөө үл таних залуу усны чинь даралтыг шалгана, шалгахгүй бол байрны чинь усыг хаах гээд байна гэж хэлэхэд манай хүүхэд хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд манай хүүг угаалгын өрөө рүүгээ ороод усны заалтаа хараад ир гэж хэлэхэд нь очиж харж өгөхөд нөгөө үл таних залуу гал тогооны өрөөний чинь усны даралтыг шалгана гэж хэлээд орсон. Тэгээд гал тогооны өрөөнд байсан их гарын мөнгөн аяга алга болсон байсныг нөхөр хоол идэх гээд олдоогүй тул тэр үед алга болсныг мэдсэн. ...” /1хх 113-114/,

хохирогч Ч.Нгийн “...гэртээ байж байхад хаалга тогшоод “сантехникийн инженер байна, доошоо ус алдаад байна” гэж хэлэхээр нь хаалгаа онгойлготол ОО-ын өрөө ороод крант онгойлгож үзээд “энд алдаагүй байна” гэж хэлээд гал зуухны крант онгойлгож үзээд “энд ус алдаад байна” гэж хэлээд “ОО-ын өрөөний крантыг хааж, нээ” гэж хэлсний дагуу нээж хаагаад гараад очиход урдаас “болчихлоо” гэж хэлээд гараад явсан. Тэгээд гараад явсных нь дараа эд зүйлээ шалгатал сервантан дотор байсан мөнгөн аяга, хэт хутга, алтан бөгж, гар утас алга болсон байсан. ...” /1хх 179-180/,

гэрч С.Мандухайгийн “...манай ээж Цэцгээ залгаад танихгүй хүн орж ирээд бөгжнүүд аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь юун хүн юм, юу болсон талаар асуухад “доод талын айлаас ус алдаад байна, орж шалгана” гэж хэлээд нэг эрэгтэй хүн орж ирээд гарахдаа 1 ширхэг алтан бөгж, 2 ширхэг монетан бөгжнүүдийг аваад гараад явсан байна гэж хэлсэн. ...” /1хх 37-38/,  

насанд хүрээгүй гэрч Г.Тогтохбаярын “...гэртээ хамаатныхаа 2 дүүтэйгээ тоглоод байж байхад хаалга тогшоод байхаар нь би очоод хэн бэ гэхэд “усны заалт авах гэсэн юм” гэхээр нь би “манайх 2 хоногийн өмнө усны заалтаа өгсөн” гэхэд тэр ах “танайд том хүн байгаа юм уу” гэхээр нь би “бүгдээрээ ажилдаа явсан” гэхэд тэр ах “усны чинь гоожилтыг хараадахъя, одоо ус таслах гэж байгаа” гэхээр нь би хаалгаа тайлаад өгсөн. Тэгэхэд тэр ах ОО-ын өрөө орж угаалтуурнаас ус гоожуулж үзээд дараа нь гал тогооны өрөө ороод ус гоожуулж үзээд намайг “ОО-ын өрөө орж ус гоожуулж үзээдэх” гэхээр нь би ОО-ын өрөө орсон. Тэгээд удалгүй тэр ах “за болчихлоо” гээд гараад явсан. ...” /1хх 117/,

Э.С яллагдагчаар өгсөн “...Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор мөнгө олох зорилгоор дээрх айлуудад худлаа хэлж орж эд зүйлүүдийг авсан. Эдгээр үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. ...” /1хх 53-56, 122-123, 247-248/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч нарын өргөдөл /1хх 102, 163/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 21-23, 103-105, 164-168/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 27-29/, эд зүйлийн үнэлгээ /1хх 42, 47-48, 199-201/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, уг нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Э.С бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.С бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Сд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.С хувийн байдал буюу тухайн төрлийн гэмт хэргээр удаа дараа шийтгүүлж, хорих ял эдэлж байсан зэргийг харгалзан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ.

Харин шүүгдэгч Э.С хувийн байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Магадлалд дурдсан дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.С “...дэглэмийг өөрчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, харин давж заалдах гомдлын “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.