Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 399

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Р.Энх-Оюун /томилолтоор/,

Хохирогч: Б.С-,

            Шүүгдэгч: Э.С-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.С-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711006151299  дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.С-, 1983 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд бус боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

  Шүүгдэгч Э.С- нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ...од оршин суух Ц.Ц-гийн гэрээс 1 ширхэг алтан бөгж, 2 ширхэг монетон бөгж, түрүүвчтэй 40.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.003.000 төгрөгийн,

- 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд ...од оршин суух Б.С-гийн гэрээс мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 360.000 төгрөгийн,

- 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд ...од оршин суух Ч.Н-н гэрээс мөнгөн аяга, хэт хутга, алтан бөгж, гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.887.200 төгрөгийн буюу бусдад нийт 3.250.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.С- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч Нэргүйн гэрээс нэг мөнгөн аяга л авсан. Хэт хутга, гар утас, алтан бөгж зэрэг эд зүйл аваагүй. Миний мөнгөн аяга авсан газарт өөр юу ч байгаагүй” гэв.

Хохирогч Б.С- шүүх хуралдаанд: “...Тэр өдөр нөхөр бид 2 ажилтай байсан. 15 настай хүү манай 2 дүүгээ хараад гэртээ байсан. Усны заалт авъя гээд хаалга нүдсэн гэсэн. Тэгээд ариун цэврийн өрөөнд орчоод гал тогооны өрөөний усны заалтыг чинь харъя гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай гал тогооны усны заалтыг үзсэн гэж хүү хэлсэн. Гал тогооны аяга хатаагч дээр бидний цай уудаг 5 мөнгөн аягыг давхарлаад тавьсан байсан. Гэтэл дээр нь байсан том мөнгөн аягыг аваад гарсан байсан. Би мөнгөн аягаа буцаан авмаар байна. Хаана байгааг нь хэлээд өгвөл өөрсдөө авмаар байна” гэв.

Хохирогч Ц.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 23 тоотод байрлах өөрийн гэрт 11 цаг 40 минутын үед хаалга тогшоод байхаар нь “хэн бэ” гэхэд хаалганы цаанаас танай доод айл руу танайхаас ус алдаад байна гэхээр нь хаалгаа онгойлгож “манайхаас ус алдаагүй ээ” гэхэд “ус алдаад байна би харъя” гээд манай гэр рүү орсон. Тэгээд манай 00-ын өрөө рүү ороод суултуурын араас чинь ус алдаж байна шүү дээ та үз гэхээр нь би очиж үзэхэд чийгтэй байхаар нь ямар сонин юм бэ гэхэд нөгөө эрэгтэй хүн боолт нь суларчихсан байна шүү дээ түүгээрээ ус алдаад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй танай паарыг шалгана орон сууцнаас шалга гэсэн гэж хэлээд манай том өрөөний паарыг очиж дарж үзсэн. Тэгээд та цаад ус алдаж байгаа газраа алчуур тавьчих гэхээр нь би шалны алчуур аваад аваачиж тавьчихаад ирэхэд тэр залуу надад танайх паараа сольмоор юм байна гэж хэлээд гараад явсан. Би тэр залууг орж ирэхээс өмнө нь дэлгүүр рүү гарах гэж байсан юм. Би эдэлж хэрэглэдэг нэг ширхэг алтан бөгж, хоёр ширхэг монетон бөгжийг хайрцагнаас нь гаргаад зүүх гээд ширээн дээр гаргаад тавьчихсан байсан юм. Тэгээд би гарах гээд бөгжөө зүүх гэтэл байхгүй байсан. Өөр газар тавьсан байж магадгүй гээд хайсан боловч байхгүй байсан, түрүүнд орж ирсэн залуу авсан байна гэж бодоод өөрийн охин С.М-д утсаар хэлсэн. Миний 3-н бөгж 40.000 төгрөгтэй түрүүвч алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 32-33/,

Хохирогч Б.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 36-22 тоот гэрт миний 3 хүүхэд байсан. Тэгсэн гаднаас үл таних эрэгтэй хүн хаалга цохиж, усны тоолуурын заалтыг чинь авна гэж хэлэхэд манай хүү Т- манай аав өчигдөр усны заалтаа өгсөн гэж хэлэхэд нөгөө үл таних залуу усны чинь даралтыг шалгъя гэж хэлээд үргэлжлүүлнэ хаалга цохисон байна лээ. Тэгээд усны даралтыг шалгахгүй бол байрны чинь усыг хаах гээд байна гэж хэлэхэд манай хүүхэд хаалга онгойлгож өгсөн. Тэгээд нөгөө үл таних залуу угаалгын өрөө рүү ороод манай хүү Т-ыг усны заалтаа хараад ир гэж хэлэхэд нь манай хүүхэд очиж харж өгөхөд нөгөө үл таних залуу гал тогооны өрөөний чинь усны даралтыг шалгана гэж хэлээд гал тогооны өрөө рүү орсон. Тэгээд нөгөө үл таних залуу угаалтуурын усыг гоожуулаад манай хүүхэд Т-ыг угаалгын өрөөний угаалтуурыг гоожуулаад үзээдэх гэж хэлээд явуулсан. Тэгээд нөгөө залуу танай усны даралт зүгээр байна гэж хэлээд гараад явсан... “..Үе уламжлагдан ирсэн буюу миний нөхөр Цэдэвийн Гантулга түүний өвөө Бадамцэрэнгээс Цэдэвт, Цэдэвээс Гантулгад өвлөгдөж ирсэн нил цул мөнгөн аяга байсан юм. Нөхөр Ц.Гантулга бид хоёр өнөөдрийг хүртэл хугацаанд үнэхээр их гомдолтой байна. Манай гэрээс мөнгөн аягыг маань хулгайлж авсан этгээд нь бүрмэл аяга байсан гэж яриад байгаа. Үнэндээ бол манай аяга их гарын хэмжээтэй нил цул ямар нэгэн хээгүй мөнгөн аяга байсан. Дээр үеийн дархачуудын хийсэн мөнгөн аяга байсан. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд манай гэрт аяга хатаагч тавиур дээр дээрх мөнгөн аяганаас гадна өөр 4 ширхэг мөнгөн аяга байсан ба хамгийн дээд талд нь давхарлаж тавьсан, хамгийн том мөнгөн аягыг аваад явсан байна лээ. Бусад 4 мөнгөн аягыг үлдээсэн байна лээ. Манай ам бүл тавуулаа амьдардаг ба бүгдээрээ мөнгөн аяганд хоол ундаа хийж иддэг. Гомдолтой байна. Дээрх мөнгөн аяганы үнэ цэнэ нь гол бишээ, үе удам залгамжлагдаж ирсэн аяга учраас яаралтай олж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 113-115/,

Хохирогч Ч.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг 10 минутын орчим гэртээ орж ирээд байж байхад хаалга нүдэхээр нь хэн бэ гэж асуухад сантехникийн инженер байна доошоо ус алдаад байна гэж хэлэхээр нь гэрийнхээ хаалгыг онгойлгож үзээд энд алдаагүй байна гэж хэлээд 00-ын өрөөний усаа хаа, нээ гэж хэлсний дагуу нээж хаагаад гараад очиход урдаас болчихлоо гэж хэлээд гараад явсан. Тэгээд би гараад явсны дараа эд зүйлээ шалгаж үзтэл сервантан дотор байсан мөнгөн аяга, хэт хутга, алтан бөгж, гар утас алга байсан. ...гар утасны хувьд нөхөр Б.Намсрайн хэрэглэж байгаад эвдэрсэн хуучин Самсунг Эс-5 маркийн гар утас байсан хэрэг болохоос 4-5 жил хэрэглэсэн гар утас байсан болохоор хэдий хулгайд алдсан ч үнэлгээ хийлгэхгүй талаар өмнөх мэдүүлэг дээрээ дурьдаж хэлсэн байгаа. Одоо ч гэсэн гар утсыг үнэлүүлэх шаардлага байхгүй. Дээрх алтан бөгж, хэт хутга, гар утас зэрэг зүйлс нь мөнгөн аяга байсан газар болох шилэн хорготой шүүгээн дотор хамт байсан ба мөнгөн аягатай хамт тэр эрэгтэй хүн хулгайлаад аваад явсан байна лээ. Мөн алтан бөгж нь миний нөхөр Намсрайн зүүдэг байсан бөгж ба дөрвөлжин хэлбэрийн барын хээтэй алтан бөгж байсан. Нөхөр Намсрай нь бар жилтэй бөгөөд бар жилээ бэлэгдээд барын хээтэй бөгж зүүдэг байсан. Хэт хутга нь цагаан сарын баярын үеэр ууцан дээр хэрэглэдэг байсан хутга ба 2019 оны цагаан сарын баярын өмнөхөн хүүхдүүд авчирч өгч байсан санагдаж байна. Мөнгөн аяганы хувьд нөхөр Б.Намсрайд 2019 оны 3 дугаар сард түүний ажлын газар болох “Өнгөт төмөр” ХХК-ний хамт олноос “Ах Б.Намсрайд “Соёлын тэргүүний ажилтан”-аар шагнуулсанд баяр хүргье гэсэн утгатай бичигтэй” гадуураа шүрээр чимэглэсэн мөнгөн аяга байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 181-182/,

Гэрч С.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би гэртээ байж байхад 11 цаг 44 минутын орчимд манай ээж Цэцгээ залгаад танихгүй хүн орж ирээд бөгжнүүд аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь юун хүн юм, юу болсон талаар асуухад “доод талын айлаас ус алдаад байна орж шалгана” гэж хэлээд нэг эрэгтэй хүн орж ирээд гарахдаа 1 ширхэг алтан бөгж, 2 ширхэг монетон бөгжнүүдийг аваад гараад явсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгье гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 38/,

Насанд хүрээгүй гэрч Г.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 36-22 тоот гэртээ хамаатныхаа 2 дүүтэйгээ тоглоод байж байхад хаалга тогшоод байхаар нь би очоод хэн бэ гэхэд хаалганы цаанаас усны заалт авах гэсэн юм гэхээр нь би манайх хоёр хоногийн өмнө усны заалтаа өгсөн гэхэд тэр ах танайд том хүн байгаа юм уу гэхээр нь би бүгдээрээ ажилдаа явсан гэхэд тэр ах усны чинь гоожилтыг хараадахъя, одоо ус таслах гэж байгаа гэхээр нь би хаалгаа тайлаад өгсөн. Тэгэхэд тэр ах 00-ийн өрөө орж угаалтуурнаас ус гоожуулж үзээд дараа нь гал тогооны өрөө ороод ус гоожуулж үзээд намайг 00-ын өрөө орж ус гоожуулж үзээдэх гэхээр нь 00-ын өрөө орсон. Тэгээд удалгүй тэр ах орж ирээд за болчихлоо гээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 117/,

Шинжээчийн 01/488 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн шинжилгээнд тэнцэх гарын мөрнүүдээс “1” гэж дугаарласан хэсэгт байх “Гал тогооны усны хоолой хэсгээс илрүүлж, бэхжүүлж авсан гэх” гарын мөр нь санд MN00311000538 дугаараар бүртгэгдсэн Энхтайван овогтой С- гэх хүний баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна” гэжээ /хх 1-н 190-196/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...Хохирогч Ц.Ц- А-4 хэмжээтэй цаасан дээр 2 эгнээ болгон байрлуулсан 6 иргэний гэрэл зургийг харлаа. Эдгээр зургуудын 2 дугаар эгнээнд №5 гэсэн дугаарын доор байрлуулсан эрэгтэй хүн манай гэрээс эд зүйл авч явсан хүн мөн байна. ...гэрч Т.Т- эдгээр хүмүүсийн зурагнаас харахад надад сантехникийн хүн гэж хэлсэн хүн 4 гэсэн дугаартай хүн байна гэж Энхтайван овогтой С-эгийн зургийг зааж ...таньж олуулах ажиллагааг дуусгав. ..хохирогч Ч.Н- нь эдгээр хүмүүсийн зурагнаас харахад манай гэрт энэ байрны сантехникийн хүн байна гэж худлаа орж ирээд алтан бөгж, мөнгөн аяга, хэт хутга хулгайлсан хүн нь 3 гэсэн дугаартай хүн байна гэж С-зургийг зааж ....таньж олуулах ажиллагааг дуусгав.” гэжээ /хх 1-н 24-26, 106-111, 169-170/,

Яллагдагчаар С-мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2015 онд хорих ял эдэлж суллагдсан ба 2017 онд эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Мөн тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор мөнгө олох зорилгоор дээрх айлд худлаа ярьж орж 3 бөгж, 40.000 төгрөгийг авсан. Энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 8 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх нялхасын эрүүл мэндийн төвийн хойд талд байдаг шар сондгой байрны 3 билүү 4 дүгээр давхарын айлын хаалгыг тогшоод ...би сангийн хүн байна танайхаас ус гоожоод байгааг харах шаардлагатай байна гэж хэлээд 15-16 орчим насны хүүхдийг гэртээ байх үед нь ороод гал тогооны өрөөний хатаагчин дээр байсан 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч гарсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир яагаад гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдэхгүй байна. Би хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. ...2019 оны 8 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн нутагт байрлах Модны хоёрын Төрийн банктай байрны 2 дугаар давхарын баруун гар талын жижүүрийн эсрэг талын хаалгыг тогшоод ...би сангийн хүн байна танайхаас ус гоожоод байгааг харах шаардлагатай байна гэж хэлээд 50-60 орчим насны эмэгтэйг гэртээ ганцаараа байх үед нь ороод том өрөөний сервантан дээр байсан 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч гараад урт цагаан дээр очоод 120.000 төгрөгөөр зараад архи авч уугаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 53-56, 122-123, 208-209/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 20, 101, 162/, хохирогчийн нарын өргөдөл /хх 1-н 102, 163/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх 1-н 21-23, 103-105, 164-168/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 27-29/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 42, 47-48, 199-201/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 58-81, 133-151, 221-/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 1-н 90, 152/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.С- нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ...од оршин суух Ц.Ц-гийн гэрээс 1 ширхэг алтан бөгж, 2 ширхэг монетон бөгж, түрүүвчтэй 40.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.003.000 төгрөгийн,

- 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд ...од оршин суух Б.С-гийн гэрээс мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 360.000 төгрөгийн,

- 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд ...од оршин суух Ч.Н-н гэрээс мөнгөн аяга, хэт хутга, алтан бөгж, гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.887.200 төгрөгийн буюу бусдад нийт 3.250.200 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Ц.Ц-гийн: “...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 23 тоотод байрлах өөрийн гэрт 11 цаг 40 минутын үед хаалга тогшоод байхаар нь “хэн бэ” гэхэд хаалганы цаанаас танай доод айл руу танайхаас ус алдаад байна гэхээр нь хаалгаа онгойлгож “манайхаас ус алдаагүй ээ” гэхэд “ус алдаад байна би харъя” гээд манай гэр рүү орсон. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй танай паарыг шалгана орон сууцнаас шалга гэсэн гэж хэлээд манай том өрөөний паарыг очиж дарж үзсэн. Тэгээд та цаад ус алдаж байгаа газраа алчуур тавьчих гэхээр нь би шалны алчуур аваад аваачиж тавьчихаад ирэхэд тэр залуу надад танайх паараа сольмоор юм байна гэж хэлээд гараад явсан. Би тэр залууг орж ирэхээс өмнө нь дэлгүүр рүү гарах гэж байсан юм. Би эдэлж хэрэглэдэг нэг ширхэг алтан бөгж, хоёр ширхэг монетон бөгжийг хайрцагнаас нь гаргаад зүүх гээд ширээн дээр гаргаад тавьчихсан байсан юм. Тэгээд би гарах гээд бөгжөө зүүх гэтэл байхгүй байсан. Өөр газар тавьсан байж магадгүй гээд хайсан боловч байхгүй байсан, түрүүнд орж ирсэн залуу авсан байна гэж бодоод өөрийн охин С.М-д утсаар хэлсэн. Миний 3-н бөгж 40.000 төгрөгтэй түрүүвч алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 32-33/, хохирогч Б.С-гийн: “...2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 36-22 тоот гэрт миний 3 хүүхэд байсан. ...нөгөө үл таних залуу угаалгын өрөө рүү ороод манай хүү Т-ыг усны заалтаа хараад ир гэж хэлэхэд нь манай хүүхэд очиж харж өгөхөд нөгөө үл таних залуу гал тогооны өрөөний чинь усны даралтыг шалгана гэж хэлээд гал тогооны өрөө рүү орсон. Тэгээд нөгөө үл таних залуу угаалтуурын усыг гоожуулаад манай хүүхэд Т-ыг угаалгын өрөөний угаалтуурыг гоожуулаад үзээдэх гэж хэлээд явуулсан. Тэгээд нөгөө залуу танай усны даралт зүгээр байна гэж хэлээд гараад явсан... “..Үе уламжлагдан ирсэн буюу миний нөхөр Цэдэвийн Гантулга түүний өвөө Бадамцэрэнгээс Цэдэвт, Цэдэвээс Гантулгад өвлөгдөж ирсэн нил цул мөнгөн аяга байсан юм. ...Тухайн хэрэг болсон цаг хугацаанд манай гэрт аяга хатаагч тавиур дээр дээрх мөнгөн аяганаас гадна өөр 4 ширхэг мөнгөн аяга байсан ба хамгийн дээд талд нь давхарлаж тавьсан, хамгийн том мөнгөн аягыг аваад явсан байна лээ. ...Дээрх мөнгөн аяганы үнэ цэнэ нь гол бишээ, үе удам залгамжлагдаж ирсэн аяга учраас яаралтай олж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 113-115/, хохирогч Ч.Н-гийн: “...2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг 10 минутын орчим гэртээ орж ирээд байж байхад хаалга нүдэхээр нь хэн бэ гэж асуухад сантехникийн инженер байна доошоо ус алдаад байна гэж хэлэхээр нь гэрийнхээ хаалгыг онгойлгож үзээд энд алдаагүй байна гэж хэлээд 00-ын өрөөний ус хаа нээ гэж хэлсний дагуу нээж хаагаад гараад очиход урдаас болчихлоо гэж хэлээд гараад явсан. Тэгээд би гараад явсны дараа эд зүйлээ шалгаж үзтэл сирвантан дотор байсан мөнгөн аяга, хэт хутга, алтан бөгж, гар утас алга байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 181-182/, гэрч С.М-н: “...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би гэртээ байж байхад 11 цаг 44 минутын орчимд манай ээж Цэцгээ залгаад танихгүй хүн орж ирээд бөгжнүүд аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь юун хүн юм, юу болсон талаар асуухад “доод талын айлаас ус алдаад байна орж шалгана” гэж хэлээд нэг эрэгтэй хүн орж ирээд гарахдаа 1 ширхэг алтан бөгж, 2 ширхэг монетон бөгжнүүдийг аваад гараад явсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 38/, насанд хүрээгүй гэрч Г.Т-ын: “...тэр ах 00-ийн өрөө орж угаалтуурнаас ус гоожуулж үзээд дараа нь гал тогооны өрөө ороод ус гоожуулж үзээд намайг 00-ын өрөө орж ус гоожуулж үзээдэх гэхээр нь 00-ын өрөө орсон. Тэгээд удалгүй тэр ах орж ирээд за болчихлоо гээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 117/, шинжээчийн 01/488 тоот дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.С- нь хохирогч нарын гэрт ус алдаад байна гэж хулгай хийх зорилгоор орж эд зүйлийг нь хулгайлан нийт 3.250.200 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.С- нь 3 удаагийн үйлдлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол нийт 3.250.200 төгрөгийг шүүгдэгч Э.С-эс гаргуулж хохирогч Ц.Ц-д 1.003.000 төгрөг, хохирогч Б.С-д 360.000 төгрөг, хохирогч Ч.Н-д 1.887.200 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.С- нь хохирогч Ч.Н-гийн гэрээс ганцхан мөнгөн аяга авсан өөр зүйл аваагүй гэж мэдүүлсэн ба энэ нь мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж авсан хохирогч Ч.Н-гийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Сэлэнгийг хохирогч Ч.Н-гийн гэрээс зөвхөн мөнгөн аяга авсан, мөнгөн аяга авсан газарт мөнгөн аяганаас өөр юу ч байгаагүй гэж мэдүүлсэн боловч гэрэл зургийн үзүүлэлтээр мөнгөн аяга байсан гэх газар өөр эд зүйлүүд байсан нь нотлогдсон нь түүний мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч нь тухайн мөнгөн аягыг урт цагаан дээр зарсан гэж мэдүүлсэн атлаа шүүх хуралдаанд мөнгөн аяга биш хуурамч гэхээр нь хаясан гэж мэдүүлж байх тул түүний мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.С- нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Мөн хохирогч Б.С- нь энэ хэргийн улмаас сэтгэл санааны хохирол учирсан гэх боловч шүүх сэтгэл санааны хохирлыг гаргах боломжгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр түүнд учирсан хохирлыг тооцож гаргах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С-үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.С-д ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс олон үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.   

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 03 жил 06 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч С-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогч нар гомдолтой, түүний хувийн байдал буюу удаа дараа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Мөн шүүх шүүгдэгч С-хувийн байдал буюу тухайн төрлийн гэмт хэргээр удаа дараа шийтгүүлж хорих ял эдэлж байсан зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1905035050024, 190533160025 тоот хэргүүдийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С-“бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сэлэнгийг 03 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д оногдуулсан 03 жил хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 1905035050024, 190533160025 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-эс 3.250.200 төгрөг гаргуулж хохирогч Ц.Ц-д 1.003.000 төгрөг, хохирогч Б.С-д 360.000 төгрөг, хохирогч Ч.Н-д 1.887.200 төгрөг тус тус олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР