Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/01754

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З

Хариуцагч: Э ХХК

Гааль, НӨАТ болон алданги 313,328,736 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ариунцэцэг, О.Отгонгэрэл, хариуцагчийн төлөөлөгч Т.Баярбат, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Замын-үүд дэх гаалийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Ариунцэцэг, О.Отгонгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/Ш32021/02593 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг тус тус үндэслэн хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж буй зөрчлийг хэрхэн засахыг зааж шийдвэрлэсэн. Иймд шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодруулж байна. *******ХХК /РЕГ-5808561/ нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 03-2131001-17-I00472 дугаартай гаалийн мэдүүлгээр 2,880,000.00 юанийн үнийн дүн бүхий 3200 ширхэг EN13240 стандартын гэрийн зуухыг гаалийн бүрдүүлэлтийн 507 /Олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж гаалийн нутаг дэвсгэрт түр оруулах/ горимоор гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлж түр хугацаагаар улсын хилээр оруулсан.

Гаалийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Гаалийн нутаг дэвсгэрт түр

хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь тухай барааг байршуулсан өдрөөс хойш ... 1 жилээс дээшгүй байна гэж заасан. Иймд гаалийн нутаг дэвсгэрт түр байх хугацаа хэтэрсэн бөгөөд холбогдох арга хэмжээг авах талаар *******ХХК-д удаа дараа албан бичгээр хандсан боловч өнөөг хүртэл шийдвэрлэх арга хэмжээг авахгүй байгаа учир тухайн барааны гаалийн болон бусад татвар, хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүүг төлүүлэхээр хандаж байна. Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол банкны ханшаар тооцож үзэхэд 421,741.59 ам долларын үнийн дүнтэй 3200 ширхэг EN 13240 стандартын гэрийн зуухны гаалийн албан татвар 99,469,440 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 109,416,384 төгрөг нийт 208,885,824 төгрөгийн татвар төлөх байсан.

Мөн Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 2941.1-д Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулна" гэж заасныг үндэслэн 208,885,824 төгрөгийн татварын хугацаа хожимдуулсан хоног тутмын 0,3 хувийн хүү болох 594,071,283.46 төгрөгийн хүү буюу хүүний хэмжээ төлөгдөөгүй татварын 50 хувиас хэтрэхгүй байх тул 104,442,912 төгрөгийн хүү 208,885,824 төгрөгийн татвар нийт 313,328,736 төгрөгийг нэхэмжилж байна.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан хугацаанд, эсхүл мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан баталгааны дагуу гаалийн болон бусад татвар төлөөгүй бол тэдгээрийг хураах ажиллагааг Татварын ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлнэ гэж заасан.

*******ХХК-ийн улсын хилээр оруулж ирсэн барааны хувьд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас тус барааны гаалийн болон бусад татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлөх шийдвэр гараагүй бөгөөд мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан гаалийн болон бусад татвар төлөх баталгааг тус компаниас гаргаагүй.

Учир нь гаалийн бүрдүүлэлтийн 507 горимоор мэдүүлэгч аж ахуйн нэгж Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/40 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах журам-ын 5 дугаар зүйлийн 5.1-д /Гаалийн бүрдүүлэлтийн горимын 507-оос бусад кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд гаалийн байгууллагаас ногдуулсан гаалийн болон бусад татварыг хураан авч, тусгай дансанд төвлөрүүлэх эсхүл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т зааснаар татвар төлөх баталгааг гаргасан байна/-д заасны дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй, баталгаа гаргалгүйгээр барааг гаалийн нутаг дэвсгэрт түр оруулахаар зохицуулсан.

Иймээс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 46.1-д заасан ... 40 дүгээр зүйлд заасан хугацаанд, эсхүл мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан баталгааны дагуу гаалийн болон бусад татвар төлөөгүй ... байх хуулийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй тул *******ХХК-ийн гаалийн болон бусад татварыг хураах ажиллагааг Татварын ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй болно.

Нөгөөтээгүүр *******ХХК-ийн түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа дуусах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 70 дугаар зүйлийн 70.1-д хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63 дугаар зүйл /татварыг үл маргах журмаар гаргуулах/, 64 дүгээр зүйл /эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос татварын өрийг гаргуулах/-д заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан боловч эдгээр журмыг хэрэгжүүлэх, шийдвэр гаргах бүрэн эрх тухайн татварын албаны даргад тусгайлан олгогдсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар Татварын ерөнхий хууль /2008 он/-д 63, 64 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагч хэрэгжүүлэх боломжгүй байх тул дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авна уу гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Баярбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Замын үүд дэх гаалийн газрын нэхэмжлэлтэй *******ХХК-д холбогдох 313,328,736 төгрөгийн татвар төлүүлэх нэхэмжлэлтэй хэргийн *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярбат би дараах хариу тайлбарыг гаргаж байна.

*******ХХК-ийн Төв аймгийн засаг даргын тамгын газартай байгуулсан 3200 ширхэг утаагүй сайжруулсан зуух үнэ төлбөргүй оруулж ирж тарааж өгөх хамтын ажиллагааны гэрээний дагуу *******ХХК-ийн 2017.6.22-ны өдөр Замын үүд дэх гаалийн газраар дээрх зуухыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлж түр хугацаагаар гаалийн бүрдүүлэлтийн 507 горимоор оруулж ирсэн. Ингэхдээ засгийн газрын 2014 оны 191 тогтоолын хавсралтын дагуу гаалийн болон НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдсөн бөгөөд энэ нь Төв аймгийн засаг даргын тамгын газрын 2017.6.20-ны өдрийн Сангийн яаманд явуулсан 01/1045 албан тоот, үүний дагуу Гаалийн ерөнхий газарт Монгол улсын Сангийн яамнаас явуулсан 2017.06.22-ны өдрийн 10/3854 дугаартай албан тоотын /Төв аймгийн Зуун мод суманд 3200 ширхэг нийт 2,880,000 юанийн үнийн дүн бүхий зууханд оногдох Гааль, НӨАТ-ыг Төв аймгийн төсвөөс 2017 оны 3-р улиралд багтаан төлөх тул 2017 оны 3-р улирлыг дуустал 507 горимоор оруулж өгнө үү/ хүрээнд оруулж ирсэн тул нэхэмжилж буй татварууд нь *******ХХК-нд холбогдолгүй, хамааралгүй, уг татварыг тус компани төлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

*******ХХК нь дээрх албан бичгүүд, зөвшөөрлүүд Гаалийн ерөнхий газарт болон Замын үүд дэх гаалийн газарт очоогүй бол уг зуухнуудыг бие даан татвараас бүрэн чөлөөлж оруулж ирэх боломжгүй, тийм эрх бүхий субъект биш болно. Энэхүү Сангийн яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу уг зуухнууд орж ирж 2017-06-28-ны өдөр манай *******ХХК-нд Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас утаагүй зуух 3200, яндан хийх 390 ширхэг гөлмөн төмрийг үнэ төлбөргүй хүлээн авсан болно гэсэн албан тоотыг өгсөн.

Иймд нэхэмжилж буй 313,328,736 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын Замын-үүд дэх гаалийн газар, хариуцагч *******ХХК-д холбогдуулан гаалийн албан татварт 99,469,440 төгрөг, НӨАТ-т 109,416,384 төгрөг, алданги 104,442,912 төгрөг, нийт 313,328,736 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч тус татварыг хариуцагч төлөх үүрэггүй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******ХХК 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаалийн 03-2131001-17I00472R мэдүүлгээр 2,800,000 юанийн үнэ бүхий 3,200 ширхэг утаагүй зуухыг гаалийн бүрдүүлэлтийн 507 /Олон улсын гэрээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад албан татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж гаалийн нутаг дэвсгэрт түр оруулах/ горимоор улсын хилээр оруулж ирсэн. Гаалийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн дагуу уг горимыг хариуцагч өөрөө сонгон мэдүүлсэн талаар зохигч маргаагүй. Гаалийн байгууллага тус бараанд гаалийн албан татвар 99,469,440 төгрөг, НӨАТ 109,416,384 төгрөгийн татварыг тус тус ногдуулжээ. Гаалийн тухай хуулийн 97, 98 дугаар зүйлд зааснаар утаагүй зуухыг гаалийн нутаг дэвсгэрт түр байршуулснаас хойших нэг жилийн хугацаанд хариуцагч уг барааг улсын хилээр буцаан гаргаагүй, горимыг өөрчлөөгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн ногдуулсан албан татварыг төлөөгүй байна.

Хариуцагчийн зүгээс тухайн утаагүй зуухыг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын дагуу улсын хилээр оруулж ирсэн талаар маргаагүй бөгөөд холбогдох татварыг улсын төсвөөс, тодруулбал Төв аймгийн төсвөөс нөхөн төлөхөөр тохиролцсоны дагуу зуухыг оруулж ирсэн, Төв аймгийн засаг даргатай 2016 онд байгуулсан 01 тоот Хамтын ажиллагааны гэрээний дагуу зуухыг Зуунмод сумын айл өрхөд үнэ төлбөргүй тараасан гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлээс татгалзжээ. Тус гэрээгээр талууд утаагүй зуухыг Төв аймгийн Зуун мод хотын агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллаж хариуцагч утаагүй зуухыг үнэ төлбөргүй нийлүүлэх, Төв аймгийн засаг даргын зүгээс зуухыг хүлээн авч үнэ төлбөргүй тараах үүрэг хүлээжээ. Утаагүй зуухтай холбоотой татвар, хураамжийн талаар талууд гэрээгээр тохиролцоогүй байна.

Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 33.1.6-д татвар төлөгч гэж Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээдийг гэж, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг заасан бөгөөд хариуцагч *******ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дээрх барааны хувьд албан татварыг хариуцан төлөх үүрэгтэй. Хууль тогтоомж, Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хариуцагчийг татвар төлөх үүргээс чөлөөлсөн болон бусад этгээдэд уг татварыг хариуцуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоогүй, мөн Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.7-д түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг энэ хуульд заасан хугацаанд буцаан нэвтрүүлэх, ийнхүү нэвтрүүлэх боломжгүй бол гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах арга хэмжээг аваагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Хариуцагч *******ХХК Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-д зааснаар хуульд заасан албан татвараа нөхөн төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын Замын-үүд дэх гаалийн газар нь Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.3-т зааснаар гаалийн албан татвар 99,469,440 төгрөг, НӨАТ 109,416,384 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 294.1-д зааснаар хариуцагч утаагүй зуухыг гаалийн нутаг дэвсгэрт (Гаалийн тухай тухай хуулийн 4 дүгээр зүйл) байршуулснаас хойш улсын хилээр буцаан гаргаагүй нь татвар төлөх үүргийг бий болгох, татварыг зохих хугацаандаа төлөөгүй нь хүү төлөх үүргийг бий болгох тул 2018 оны 06 дугаар сараас хойших хугацааны хэтрүүлсэн хүү 594,071,283.46 төгрөгийг төлөгдөөгүй татвар 208,885,84 төгрөгийн тал хувь 104,442,912 төгрөгийн хэмжээгээр тооцон төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй.

Иймд хариуцагчаас 313,328,736 төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 294.1-д заасныг баримтлан хариуцагч *******ХХК-иас 313,328,736 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын Замын-үүд дэх гаалийн газарт олгосугай.

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч *******ХХК-иас 1,724,593 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ