Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01317

 

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01317

 

 

 

ГЕГ- ЗҮ- дэх

ГГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01754 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ГЕГ- ЗҮГГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э- ХХК-д холбогдох татварын өр 313 328 736 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунцэцэг, О.Отгонгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э- ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 03-2131001-17-I00472R дугаартай гаалийн мэдүүлгээр 2 880 000.00 юанийн үнийн дүн бүхий 3200 ширхэг EN13240 стандартын гэрийн зуухыг гаалийн бүрдүүлэлтийн 507 горимоор гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлж түр хугацаагаар улсын хилээр оруулсан. Гаалийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь тухай барааг байршуулсан өдрөөс хойш ... 1 жилээс дээшгүй байна гэж заасан. Иймд гаалийн нутаг дэвсгэрт түр байх хугацаа хэтэрсэн бөгөөд холбогдох арга хэмжээг авах талаар Э- ХХК-д удаа дараа албан бичгээр хандсан боловч өнөөг хүртэл шийдвэрлэх арга хэмжээг авахгүй байгаа учир тухайн барааны гаалийн болон бусад татвар, хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн хүүг төлүүлэхээр хандаж байна. Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол банкны ханшаар тооцож үзэхэд 421 741.59 ам долларын үнийн дүнтэй 3200 ширхэг EN 13240 стандартын гэрийн зуухны гаалийн албан татвар 99 469 440 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 109 416 384 төгрөг нийт 208 885 824 төгрөгийн татвар төлөх байсан. Мөн Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 2941.1-д Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулна" гэж заасныг үндэслэн 208 885 824 төгрөгийн татварын хугацаа хожимдуулсан хоног тутмын 0,3 хувийн хүү болох 594 071 283.46 төгрөгийн хүү буюу хүүний хэмжээ төлөгдөөгүй татварын 50 хувиас хэтрэхгүй байх тул 104 442 912 төгрөгийн хүү 208 885 824 төгрөг, нийт 313 328 736 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э- ХХК-ийн Төв аймгийн засаг даргын тамгын газартай байгуулсан 3200 ширхэг утаагүй сайжруулсан зуух үнэ төлбөргүй оруулж ирж тарааж өгөх хамтын ажиллагааны гэрээний дагуу Э- ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Замын үүд дэх ГГ-аар дээрх зуухыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлж түр хугацаагаар гаалийн бүрдүүлэлтийн 507 горимоор оруулж ирсэн. Ингэхдээ засгийн газрын 2014 оны 191 тогтоолын хавсралтын дагуу гаалийн болон НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдсөн бөгөөд энэ нь Төв аймгийн засаг даргын тамгын газрын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Сангийн яаманд явуулсан 01/1045 албан тоот, үүний дагуу ГЕГ-т Монгол улсын Сангийн яамнаас явуулсан 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10/3854 дугаартай албан тоотын /Төв аймгийн Зуун мод суманд 3200 ширхэг нийт 2 880 000 юанийн үнийн дүн бүхий зууханд оногдох Гааль, НӨАТ-ыг Төв аймгийн төсвөөс 2017 оны 3 дугаар улиралд багтаан төлөх тул 2017 оны 3 дугаар улирлыг дуустал 507 горимоор оруулж өгнө үү/ хүрээнд оруулж ирсэн тул нэхэмжилж буй татварууд нь Э- ХХК-д хамааралгүй юм. Э- ХХК нь дээрх албан бичгүүд, зөвшөөрлүүд ГЕГ-т болон Замын үүд дэх гаалийн газарт очоогүй бол уг зуухнуудыг бие даан татвараас бүрэн чөлөөлж оруулж ирэх боломжгүй, тийм эрх бүхий субъект биш болно. Энэхүү Сангийн яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу уг зуухнууд орж ирж 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манай Э- ХХК-д Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас утаагүй зуух 3200, яндан хийх 390 ширхэг гөлмөн төмрийг үнэ төлбөргүй хүлээн авсан гэх албан бичгийг өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э- ХХК-аас 313 328 736 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын ЗҮ- дэх гаалийн газарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Э- ХХК-аас 1 724 593 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүх хариуцагчийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 03-2131001-17-100472 дугаартай гаалийн мэдүүлгээр 2 880 000 юанийн үнийн дүн бүхий 3200 ширхэг Е1М13240 стандартын гэрийн зуухын гааль, НӨАТатвар болон алдангид 313 328 736 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч компани нь тухайн зуухтай ямар холбоотой гэвэл энэхүү компаний захирал Ц.Мөнхбаатар нь тухайн зуухны зохион бүтээгч бөгөөд БНХАУ-ын талаас түүний оюуны өмчийн бүтээлийн загвар, нээлтийг ашиглаж, энэхүү зуухыг үйлдвэрлэсэн болно.

Төв аймгийн зүгээс БНХАУ-тай холбогдож энэхүү сүүлийн үеийн технологид суурилсан зуухнаас буцалтгүй тусламжаар 3200 зуухыг авч, Төв аймгийн оршин суугчдад үнэ төлбөргүйгээр тараахаар Э- ХХК-аар зуучлуулан БНХАУ-тай холбогдож, ийнхүү буцалтгүй тусламжаар 3200 зуухыг авахаар болсон. Энэ хүрээнд Төв аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 01/1045 албан бичгээр Сангийн дэд сайдад хандаж буцалтгүй тусламжаар орж ирж буй зуухыг НӨАТ-с чөлөөлж өгч дэмжлэг хүссэнийг Сангийн яамнаас шийдвэрлэж 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10/3854 дүгээр албан бичгээр ГЕГ-т 3200 ширхэг нийт 2 880 000 юанийн үнийн дүн бүхий зуухад ногдох гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг Төв аймгийн төсвөөс 2017 оны 3 дугаар улиралд багтаан төлөх тул 2017 оны 3 дугаар улирлыг дуустал 507 горимоор оруулж өгнө үү гэсний дагуу Төв аймгийн иргэдэд үнэ төлбөргүй тараасан. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар орж ирсэн бараа нь гаалийн татвараас чөлөөлөгдөхөөр тусгагдсан. Ийнхүү төрийн захиргааны байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас болсон асуудлын улмаас үүссэн татварыг Э- ХХК-аас гаргуулсан нь шүүхийн шийдвэр хэргийн нөхцөл байдал болон цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

Сангийн яамны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10/3854 дүгээр албан бичгээр ГЕГ-т албан бичгээр хандахдаа 3200 ширхэг нийт 2 880 000 юанийн үнийн дүн бүхий зуухад ноогдох гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг Төв аймгийн төсвөөс 2017 оны 3 дугаар улиралд багтаан төлөхөөр заасан тул Төв аймгийн Засаг даргыг энэхүү иргэний хэрэгт хариуцагчаар татах ёстой байсан.

Мөн нэхэмжлэгчийн шаардаад буй Гааль, НӨАТатвар болон алдангид 313 328 736 төгрөгийг тогтоосон, ажиллагаа хийсэн баримт бичгүүд байхгүй бөгөөд Э- ХХК-ийн төлөгдөөгүй татвар гэдгийг тогтоосон улсын байцаагч болон гаалийн байгууллагын ажиллагаа, баримт байхгүй болно. Гаалийн тариф, татварын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт гаалийн болон бусад төлөөгүй татварыг хураах ажиллагааг Татварын ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлэхээр заасан ба 46.2-д хуульд өөрөөр заагаагүй бол Гаалийн болон бусад төлөөгүй татварыг хураах ажиллагааг гаалийн улсын байцаагчийн эрх бүхий этгээд хүртэл хэрэгжүүлэхээр заасан. Ийнхүү гаалийн бусад төлөгдөөгүй татварыг хураах ажиллагааг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ, 42.3-д Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудас нь нэгдсэн бүртгэл, дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна, 42.4-д Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудаст хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэх ажиллагаанууд хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл төлөгдөөгүй татвар гэдгийг тогтоох, хянах шалгах ажиллагаа хийж баталгаажуулсаныхаа дараа Э- ХХК-ийг татвар дутуу төлсөн гэж буруутгаж, татварыг нөхөн төлүүлэх ажиллагааг хийх ёстой байсан. Гэтэл Э- ХХК-ийг ямар ч ажиллагаанд дуудаж, татвар төлөөгүй гэж буруутгаж буй асуудалд мэдүүлэг болон саналыг нь сонсох ажиллагааг явуулаагүй атлаа ямар ч баримт бичиггүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь Татварын ерөнхий хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Гаалийн тухай хуулийн 43, 45 дугаар зүйлд зааснаар нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийлгэх зэрэг эрхээ эдлэх боломжийг хязгаарласан.

Нэхэмжпэлдээ ...горимоор гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлж" гэж тусгасан ба Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан татвараас чөлөөлөх ойлголт нь өөрөө дахин тухайн асуудлаар татвар нэхэхгүй байх үр дагаврыг үүсгэдэг бөгөөд тухайн үедээ энэхүү таварыг бүхэлд нь чөлөөлсөн болохоо өөрсдөө нэхэмжлэлдээ тусгасан. Тэгэхээр өнөөдөр чөлөөлсөн татварын асуудлаараа нэхэмжлэл гаргаад орж ирсэн байх бөгөөд 313 328 736 төгрөгийн татварын төлөгдөөгүй өр байгаа гэдгээ нотолж, тогтоох ажиллагааг хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч ГЕГ- ЗҮ- дэх гаалийн газар нь хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаалийн татвар 99 469 440 төгрөг, нэмэгдсэн өртгийн татвар 109 416 384 төгрөг, алданги 104 442 912 төгрөг, нийт 313 328 736 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Э- ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаалийн 03-2131001-17I00472R мэдүүлгээр 2 800 000 юанийн үнэ бүхий 3 200 ширхэг утаагүй зуухыг гаалийн бүрдүүлэлтийн 507 дугаар горимоор түр хугацаагаар улсын хилээр оруулсан үйл баримт хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон энэ талаар зохигч маргаагүй байна. /хх -5-6/

Э- ХХК болон Төв аймгийн Засаг даргын хооронд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу талууд утаагүй зуухыг Төв аймгийн Зуун мод хотын агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллаж Э- ХХК нь утаагүй зуухыг үнэ төлбөргүй нийлүүлэх, Төв аймгийн засаг даргын зүгээс зуухыг хүлээн авч үнэ төлбөргүй тараахаар тохиролцсон боловч талууд утаагүй зуухтай холбоотой татварыг хэн нь хариуцах талаар тохиролцоогүй ба Сангийн яамнаас утаагүй зуухны татварыг Төв аймгийн төсөвт багтаасан гэх байдал тогтоогдохгүй байх тул гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн татварыг Төв аймгийн Засаг дарга төлнө гэх хариуцагчийн тайлбар болон гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч Төв аймгийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулаагүй гэх гомдлыг хангах боломжгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар Э- ХХК нь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагчийг сольж болно. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчиж нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байхад хэн нэгэн этгээдийг хариуцагчаар татах эрхгүй болно.

Гаалийн байгууллага тус бараанд гаалийн албан татвар 99 469 440 төгрөг, НӨТ 109 416 384 төгрөгийн татварыг тус тус ногдуулжээ. /хх-5/

Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т татвар төлөгч гэж Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээдийг ойлгохоор заасан тул 2 800 000 юанийн үнэ бүхий 3 200 ширхэг утаагүй зуухны татварыг Э- ХХК төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч Э- ХХК-ийн гаалийн хилээр нэвтрүүлсэн 3 200 ширхэг, 2 880 000 юаны үнэ бүхий утаагүй зууханд гаалийн татвар 99 469 440 төгрөг, нэмэгдсэн өртгийн татвар 109 416 384 төгрөг ногдуулж гаалийн нутаг дэвсгэрт түр оруулах горимоор улсын хилээр оруулсан үйл баримт тогтоогдсон.

Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-т Түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг энэ хуульд заасан хугацаанд буцаан нэвтрүүлэх, ийнхүү нэвтрүүлэх боломжгүй бол гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулна гэж, мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс 1 жилээс дээшгүй байна гэж заасны дагуу хариуцагч нь утаагүй зуухыг гаалийн нутаг дэвсгэрт түр байршуулснаас хойш нэг жилийн хугацаанд уг барааг улсын хилээр буцаан гаргаагүй, гаалийн бүрдүүлэлтийн горимыг өөрчлөөгүй байна.

Иймд хариуцагч Э- ХХК нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг хугацаанд нь буцаан гаргаагүй бол түүнийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах үед ногдуулсан гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ гэж зааснаар гаалийн татвар 99 469 440 төгрөг, нэмэгдсэн өртгийн татвар 109 416 384 төгрөг, нийт 208 885 824 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт аалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулна гэж зааснаар 2018 оны 6 дугаар сараас хойших хугацааны хэтрүүлсэн хүүд 594 071 283.46 төгрөгийг төлөх үүрэг үүссэн. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөөгүй татвар 208 885 824 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 104 442 912 төгрөгийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Э- ХХК-аас 313 328 736 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын ЗҮ- дэх гаалийн газарт олгож шийдвэрлэсэн нь Галийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар утаагүй зууханд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлсөн тул татвар нэхэмжлэх эрхгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Учир нь гаалийн хилээр Э- ХХК-ийн нэвтрүүлсэн 3 200 ширхэг утаагүй зуух нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан гаалийн татвараас чөлөөлөх барааны төрөлд хамаарахгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01754 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 724 593 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА