Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/01752

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.А

Хариуцагч: Э.О

Зээлийн гэрээний үүрэгт 311,476,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагч Э.Одхүү, өмгөөлөгч Т.Урангэрэл, Э.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.******* нь Өөжинмед эмнэлгийн гүйцэтгэх захирлаар 2015 оноос ажиллаж байгаа бөгөөд тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албан тушаалд ажиллаж байсан иргэн Э.Одхүүд 2015 оны 9 сараас эхлэн хувийн журмаар мөнгө зээлдүүлж эхэлсэн. Х.******* нь тухайн мөнгийг Э.Одхүүтэй зээлийн гэрээ бичгээр байгуулалгүй, гуйлтаар нь харилцан итгэлцлэлийн үндсэн дээр өгч байсан. 2015 оны 9 сарын 29-ний өдрөөс эхлэн 2017 оны 8 сар хүртэл нийт 379,387,900 төгрөг зээлдүүлснээс өнөөдрийн байдлаар 67,911,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд 311,476,900 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Э.Одхүү нь Х.*******ын итгэлийг эвдэж, залилан мэхлэх замаар мөнгө зээлж байсныг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан ч Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 9 сарын 25-ны өдрийн 2276 тоот тогтоолоор гэмт хэргийн шинжгүй байна, тухайн маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

Э.Одхүү, Өөжин-мед эмнэлэгт ажиллах байх хугацаандаа Х.*******аас зээлсэн мөнгөнд хүү тооцоогүй, зээлийн гэрээ байгуулаагүй. Гэтэл зээлийг хариуцагч компанийн ашиг гэж тайлбарлаад байгаа. Тухайн цаг хугацаанд зохигчид нэг эмнэлэгт ажиллаж байсан. Түүнээс өмнө Бадар-Ууган, Х.******* нар Өөжин-мед ХХК-ийг үүсгэн байгуулсан. Түүнээс өмнө Японы эмнэлэгтэй хамтын ажиллагаа тогтоосон байсан. Эмнэлэг байгуулагдахаас өмнө ажилтнуудаа сургаж, чадавхижуулах талаар Японы талаас санал тавьсан. Үүний дагуу Э.Одхүү эмчийг болон шавь нар гээд байгаа хүмүүсийг нь Японд дадлагажуулж авсан. Тухайн бизнесийнхээ шугамаар эмч нарыг бэлтгэсэн. Хамт ажиллаж байх хугацаанд мөнгө зээл авч байсан нь үнэн. Түүнтэй холбоотой тайлбар болон 65,000,000 төгрөгийг төлсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан. Компанийн хувьцаа эзэмшигч бол ашиг хуваарилах эрх бүхий этгээд. Гэтэл ашиг хуваарилсан юм уу, ногдол ашиг тараасан зүйлгүй. Үүнийг няцаасан тайлбараа бид өгсөн. Зөвхөн иргэд хоорондын зээлтэй холбоотой зүйл л байгаа. Тооцоололтой холбоотой зүйлийг мэтгэлцээний явцад тодруулаад явна. Иймд 2015 оноос 2017 оны хооронд нийт 379.387.900 төгрөг зээлдүүлснээс 67.911.000 төгрөг буцаан төлснийг хасч үлдэх 311.476.900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Одхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлээс бүхэлд татгалзаж байна. Х.*******, Бадар-Ууган нар гэр бүлийн хүмүүс. Бид 2009 оноос эхлэн хамтарч ажилласан. 2009-2015 оны хооронд би Японд сурч ирээд энэ чиглэлээр бид хамтран ажилласан. Тус компанийн үндсэн хөрөнгө оруулагч нь Х.*******, Бадар-Ууган. 2015 оноос хойш санхүүгийн бүх үйл ажиллагааг Х.******* хариуцаж байсан. Бадар-Ууган 100 хувийн хувьцаа эзэмшигч. Эмчилгээний үр дүн амжилттай болсны дараа надад тэрээр компанийн 25 хувийн хувьцааг шилжүүлсэн. 2015 онд компани татвараас зугтааж байсан. Х.******* сар бүр 2 хувьцаа эзэмшигчид мэйлээр үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг явуулдаг байсан. 2015 оны 10 дугаар сараас эхлээд компанийн ашиг гэх нэрийдлээр бидэнд хувьцааг хуваарилж, тараадаг байсан. Компанид үлдсэн мөнгөнөөс би 25 хувийн ногдол ашгаа авъя гэдгээс маргаан үүсээд бид хоёр тийш болсон. Компанид сурч байсан хүмүүс миний шавь нар байсан тул тэд ч мөн гарсан. Бид өөр эмнэлэг нээгээд ажиллаж байгаа. Ингэснээр Бадар-Ууганы эмнэлгийн том өрсөлдөгч болсонтой холбоотой сөрөг зүйлүүд үүсгэсний нэг нь Эрүүл мэндийн яаманд миний эмчлэх эрхийг хаалгах хүсэлт болон эрүүгийн хэрэг үүсгүүлэх, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт хандах зэргээр бидэнд саад хийхийг оролдож байсан. Ашиг гэж хуваарилсан зүйлээ зээл гээд байдаг нь шударга зүйл биш. Би хөдөлмөрлөсний үр шимийг авсан. Бидний дунд зээлийн харилцаа байгаагүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Э.Одхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 311.476.900 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй, компанийн ашгийг шилжүүлж байсан гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хувьд харилцан шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, гүйлгээний төлбөр тооцооллын талаар маргаагүй бөгөөд гагцхүү ийнхүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагчаас буцаан шаардах үндэслэлтэй эсэх, эсхүл талууд өөрсдийн онцгой авьяас, мэдлэг, ур чадварыг Өөжинмед ХХК-иар төлөөлүүлэн иргэдэд үйлчилгээ үзүүлж хамтран ажилласны үр дүнд бий болсон ашгийг хуваарилан авсан эсэх талаар мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын, хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудыг хэргийн оролцогчийн тайлбартай харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн тооцоогоо жагсаалтаар гаргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласнаар нэхэмжлэгч нь 2015 оны 09 сарын 29-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд 24 удаагийн гүйлгээгээр нийт 379,387,900 төгрөг шилжүүлснээс хариуцагчийн төлсөн 67.911.000 төгрөгийг хасч үлдэх 311.476.900 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэлтээр дээрх мөнгийг шилжүүлж байсан, зохигчийн хооронд мөнгө шилжүүлэхтэй холбоотой өөр ямар нэгэн эрх зүйн харилцаа байгаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж зээлдүүлсэн мөнгөө буцаан шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд 22 удаагийн гүйлгээгээр 207,612,300 төгрөгийг хариуцагч болон түүний зөвшөөрснөөс бусдад шилжүүлжээ. Үүнд: хариуцагчийн Голомт банкин дахь 2205104178 тоот төгрөгийн дансруу 136,400,000 төгрөгийг, мөн түүний нэрийн өмнөөс (хариуцагч маргаагүй) 27,523,400 төгрөгийг бусдад, 43,688,900 (77,901,900-67,911,000=9,990,900. 9,990,900+ 20,650,000+3,048,000+10,000,000=43,688,900) төгрөгийг банкинд тус тус шилжүүлж байжээ. Мөн хариуцагчийн орон сууцны төлбөр төлөхтэй холбоотой бэлнээр олгосон 78,300,000 төгрөгийн талаар зохигч маргаагүй. Эдгээрээс гадна нэхэмжлэгч 25,564,600 (16,200,000+3,000,000+6,364,600=25,564,600) төгрөгийг хариуцагчийн дансанд эсхүл түүний өмнөөс бусдад болон банкинд шилжүүлсэн үйл баримтаа нэхэмжлэгч нотлоогүй. Гэвч нэхэмжлэгчийн [email protected][email protected] цахим хаягаас хариуцагчийн [email protected] цахим хаягт илгээж байсан үр ашгийн тооцоо гэсэн баримтад хариуцагч 2016 оны 06 дугаар сард 6,364,600 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сард 3,000,000 төгрөгийг тус тус компаниас авсан гэж тэмдэглэгджээ. Эдгээр тооцооллоор нэхэмжлэгч нийт 295,276,900 төгрөгийг хариуцагч болон түүний өмнөөс бусдад шилжүүлсэн гэж үзэхээр. /1-р ХХ-ийн 8-30, 2-р ХХ-ийн 88, 3-р ХХ-ийн 109 дэх тал/

Хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд нэхэмжлэгч өөрийн [email protected][email protected] цахим хаягаас хариуцагчийн [email protected] цахим хаягт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд 8 удаа, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1 удаа цахим шуудан илгээж Өөжинмед ХХК-ийн орлого, зарлагын болон хариуцагчид олгох ашгийн тооцооллыг тайлан байдлаар илгээж байсан гэх агуулгаар шүүхэд хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 9962 дугаартай, мөн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 9119 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж, хариуцагч Э.Одхүүгийн [email protected] цахим хаягт үзлэг хийж холбогдох баримтыг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн авчээ. /3-р ХХ-ийн 86-87, 101-123 дахь тал/

Нэхэмжлэгчээс Өөжинмед ХХК-ийн үйл ажиллагааны орлого, ашигтай ямарваа холбоогүйгээр хариуцагчид зээлдүүлсэн гэж шүүхэд нотлох баримтаар гаргасан баримтуудын мөнгөн гүйлгээний дүн, гүйлгээний утга, цаг хугацааг хариуцагчийн Өөжинмед ХХК-иас хуваарилж байсан гэх ашгийн болон авлагын мөнгөн дүн, гүйлгээний утга, цаг хугацаатай харьцуулан үзэж, зохигчийн харилцан зөрүүтэй тайлбарын агуулгыг нягтлан дүгнэв.

Өөжинмед ХХК 2014 онд үүсгэн байгуулагдаж нэг хувьцаа эзэмшигчтэй улсын бүртгэлд бүртгэгджээ. Хувьцаа эзэмшигч Э.Бадар-Ууганы 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар хариуцагч Э.Одхүүг Өөжинмед ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн захирлаар ажилд томилж, 01 тоот хөдөлмөрийн гэрээг, мөн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 01 тоот контрактын гэрээг байгуулжээ. Ийнхүү хамтран ажиллах явцад Э.Бадар-Ууган нь Өөжинмед ХХК дахь өөрийн эзэмшлийн хувьцааны 25 хувь болох 1375 ширхэг энгийн хувьцааг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Э.Одхүүд шилжүүлж, компанийн дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Хариуцагч Э.Одхүү Өөжинмед ХХК дахь өөрийн эзэмшлийн 25 хувь болох 1375 ширхэг энгийн хувьцааг Э.Бадар-Ууганд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний шилжүүлж, компанийн дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Мөн Өөжинмед ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1710 тоот шийдвэрээр хариуцагч Э.Одхүүг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгожээ. /1-р ХХ-ийн 105-122, 196-200,107-108 дахь тал/

Өөжинмед ХХК-ийн үр ашгийн болон хариуцагчийн Өөжинмед ХХК-иас авах ашиг, өр төлбөрийн тооцоог хариуцагчид цахим шуудангаар илгээн танилцуулж байсан баримтаар хариуцагч Э.Одхүү 2016 оны 05 дугаар сарын байдлаар компаниас 156,201,900 төгрөгийг авч 2017 оны 07 дугаар сарын байдлаар компанид 66,016,610 төгрөгийн өр төлбөртэй байжээ. Хариуцагч, Өөжинмед ХХК дахь өөрийн эзэмшлийн 25 хувийн хувьцааг бэлэглэлийн журмаар Э.Бадар-Ууганд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээгээр шилжүүлэхдээ Өөжинмед ХХК-д төлөх 66,016,610 төгрөгийн төлбөрийг дуусгавар болгохоор Э.Бадар-Уугантай тохиролцож, Эрх шилжүүлэх гэрээний 3.3-т Эрх шилжүүлэгч нь компанид ямар нэг төлбөрийн үлдэгдэл, өр төлбөр байхгүй болно гэж, 3.4-т Гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр Үгүй гэж заажээ. /1-р ХХ-ийн 1 дүгээр хавтасны 198-200, 207-208, 3-р ХХ-ийн 104, 116 дахь тал/

Дээрх үйл баримт нь хариуцагч, Өөжинмед ХХК-тай 2015 оны 03 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын хооронд хөдөлмөрийн харилцаатай, үүснээс 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хугацаанд тус компанийн хувьцаа эзэмшигч байсныг, мөн компаниас тодорхой хэмжээний санхүүжилт авч байсан, уг мөнгийг авах ашгаасаа суутган төлж байсныг илэрхийлж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зарим мөнгөн дүнтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаад Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 395, 2276 тоот прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

Үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлж авсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид Өөжинмед ХХК үр ашгийн тооцоо гэх утга бүхий захидлыг хавсралт баримтын хамт ирүүлж байсан, тус хавсралт баримтуудаас үзэхэд Өөжинмед ХХК нь 2015 оны 08 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын хооронд Э.Бадар-Ууганд 75 хувийн, Э.Одхүүд 25 хувийн харьцаагаар мөнгөн төлбөрийн ашиг хуваарилж, мөн хариуцагч нь компаниас нэмэлт санхүүжилт авч байжээ. Харин 2015 оны 09, 12, 2017 оны 02, 06 дугаар саруудад ашиг хуваарилаагүй байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчийн Голомт банк дахь 2205104178 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд 14 удаагийн гүйлгээгээр 152,600,000 төгрөгийг шилжүүлсэн нь Өөжинмед ХХК-иас Э.Одхүүд 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын хугацаанд хуваарилсан ашиг, хариуцагчийн компаниас авсан мөнгөтэй дараах байдлаар харьцуулав.

Д/Д

Х.*******ын Э.Одхүүд зээлдүүлсэн мөнгө

Өөжинмед ХХК-ийн Э.Одхүүд хуваарилсан ашиг/өр төлбөр

Тайлбар

1

2015.11.4-нд 14.250.000 төгрөг

2015.10 сарын 14.250.000 төгрөг

Odkhuu хэсэгт

2

2015.12.04-нд 10.000.000 төгрөг

2015.11 сарын 18,313,215 төгрөг

Odkhuu хэсэгт

3

2016.02.19-нд 6.500.000 төгрөг

2016.01 сарын 6.500.000 төгрөг

Odkhuu хэсэгт

4

2016.03.17-нд 10.000.000 төгрөг

2016.02 сарын 10.000.000 төгрөг

Баримтын утга: Odkhuu 1,2 sariin ashig гэжээ. Мөн Odkhuu хэсэгт

5

2016.04.04-нд 20.000.000 төгрөг

2016.03 сарын 20.000.000 төгрөг

Odkhuu хэсэгт

6

2016.05.09-нд 20.000.000 төгрөг

2016.04 сарын 20.000.000 төгрөг

Odkhuu хэсэгт

7

2016.09.01-нд 16.250.000 төгрөг

2016.08 сарын 16,250,000 төгрөг

Odkhuud uguh yostoi хэсэгт

8

2016.10.06-нд 10.400.000 төгрөг

2016.09 сарын 16,400,000-с 10.400.000 төгрөгийг шилжүүлж 6,000,000 төгрөгийг Одхүүгийн өмнөөс Камдер ХХК-д 2016.10.05-нд шилжүүлсэн

Odkhuud uguh yostoi хэсэгт

9

2016.12.16-нд 4.000.000 төгрөг

2016.12 сард компаниас 4.000.000 төгрөг авсан

Odkhuu nemj avsan хэсэгт 6,753,710 төгрөг. Үүнд: uurluu ni shiljuulsen 4000000 гэжээ.

10

2017.01.17-нд 5.000.000 төгрөг

2017.01 сарын 7.000.000 төгрөг

Odkhuud uguh yostoi хэсэгт 2017.01.17-нд 500 гэжээ.

11

2017.02.18-нд 16.200.000 төгрөг

 

 

12

2017.06.24-нд 4,500.000 төгрөг

 

 

13

2017.06 .24-нд 10,500.000 төгрөг

 

 

14

2017.06.23-нд 5.000.000 төгрөг

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн нэрийн өмнөөс бусдад 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр 33,888,000 төгрөгийг шилжүүлсэн нь Өөжинмед ХХК-иас Э.Одхүүд 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын хугацаанд хуваарилсан ашиг, хариуцагчийн компаниас авсан мөнгөтэй дараах байдлаар харьцуулав.

Д/Д

Х.*******ын Э.Одхүүгийн өмнөөс бусдад шилжүүлсэн мөнгө

Өөжинмед ХХК-ийн Э.Одхүүд хуваарилсан ашиг/өр төлбөр

Тайлбар

1

2015.09.29-нд 1,800,000 төгрөг

 

 

2

2016.06.24-нд 6,364,600 төгрөг

2016.06 сард компаниас 6,364,600 төгрөг авсан

Odkhuu nemj avsan хэсэгт

3

2016.10.05-нд 6.000.000 төгрөг

2016.09 сарын 16,400,000-с 6,000,000 төгрөгийг Одхүүгийн өмнөөс Камдер ХХК-д 2016.10.05-нд шилжүүлсэн

Odkhuud uguh yostoi хэсэгт

4

2017.04.01-нд 15,000,000 төгрөг

2017.04 сард компаниас 15,000,000 төгрөг авсан

Odkhuu nemj avsan хэсэгт

5

2017.06.21-нд 4,723,400 төгрөг

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн нэрийн өмнөөс бусдад 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 192,899,900 төгрөгийг шилжүүлсэн нь Өөжинмед ХХК-иас Э.Одхүүд 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын хугацаанд хуваарилсан ашиг, хариуцагчийн компаниас авсан мөнгөтэй дараах байдлаар харьцуулав.

Д/Д

Х.*******ын Э.Одхүүгийн өмнөөс банкинд тушаасан мөнгө

Өөжинмед ХХК-ийн Э.Одхүүд хуваарилсан ашиг/өр төлбөр

Тайлбар

1

2016.05.24-нд 77,901,900 төгрөг

2016.05 сард компаниас 156,201,900 төгрөг авсан

Odkhuu nemj avsan хэсэгт 77,901,900

2

2016.05.24-нд 78,300,000 төгрөг

2016.05 сард компаниас 156,201,900 төгрөг авсан

Odkhuu nemj avsan хэсэгт 78,300,000

3

2016.08.03-нд 20,650,000 төгрөг

2016.08 сард компаниас 20,650,000 төгрөг авсан

Odkhuu nemj avsan хэсэгт

4

2016.12.04-нд 3,000,000 төгрөг

2016.11 сард компаниас 6,048,000 төгрөг авсан

Odkhuu nemj avsan хэсэгт od huurug 3,000,000

5

2016.12.05-нд 3,048,000 төгрөг

2016.11 сард компаниас 6,048,000 төгрөг авсан

Odkhuu nemj avsan хэсэгт zulaa miat ticket 3,048,000

6

2017.05.08-нд 10,000,000 төгрөг

2017.05 сард компаниас 10,000,000 төгрөг авсан

Odkhuu nemj avsan хэсэгт

 

Дээрх үйл баримтаар 311,476,900 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Нэхэмжлэгч нийт 293,476,900 төгрөгийг хариуцагч болон түүний өмнөөс бусдад шилжүүлсэн нь зээлдүүлэгчийн хувьд зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй, харин Өөжинмед ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд компанийн үйл ажиллагааны орлогоос олсон ашгийн тодорхой хувийг тохиролцсон хэмжээгээр хариуцагчид шилжүүлж байсан нь мөнгө шилжүүлсэн баримтын утга, цаг хугацаа болон үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхгүй.

Харин нэхэмжлэгчээс хариуцагчийн Голомт банк дахь 2205104178 тоот дансанд шилжүүлсэн 20,000,000 (4,500.000+10,500.000+5.000.000=20,000,000) төгрөг, хариуцагчийн өмнөөс бусдад шилжүүлсэн 4,723,400 төгрөг нь Өөжинмед ХХК-иас хариуцагчид хуваарилсан ашигт тооцогдоогүй байх тул уг мөнгийг нэхэмжлэгч, хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй. /1-р ХХ-ийн 18-19, 23, 25 дахь тал/

Хариуцагчийн хувьд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүүхдийн тийзийн төлбөрт 4,723,400 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлсэн талаар маргаагүй ба компаниас авах ашгаас төлүүлсэн гэх боловч энэ нь үр ашгийн тооцооллоор нотлогдоогүй, хариуцагч татгалзлаа бусад баримтаар шүүхийн өмнө нотлоогүй. Ийнхүү төлбөр төлөгдсөнөөр хариуцагч 4,723,400 төгрөгийн хэмжээгээр бусдын өмнө хүлээх үүргээс чөлөөлөгджээ. Хариуцагч үүргээс чөлөөлөгдсөнөөр нэхэмжлэгчийн хувьд тухайн төлөгдсөн төлбөрийн хэмжээгээр алдагдал хүлээж, 4,723,400 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн эсрэг шаардлага гаргах эрхийн үндэслэл үүснэ. Иймд хуульд заасны дагуу хариуцагч Э.Одхүү үндэслэлгүй хөрөнгөжсөн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.*******д буцаан төлөх үүрэгтэй.

Мөн нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид 16,200,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, 1,800,000 төгрөгийн гүйлгээ нь хариуцагчид хамааралтай эсэхийг нэхэмжлэгч нотлоогүй учир уг мөнгөн төлбөрийг хариуцагч хариуцах үндэслэлгүй байна. /1-р ХХ-ийн 20 дахь тал/

Нэгтгэн авч үзвэл нэхэмжлэгч 311,476,900 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж нэхэмжилснээс /311,476,900-16,200,000=295,276,900/ 295,276,900 төгрөгийг бодитой шилжүүлжээ. Үүнээс 268,753,500 төгрөг нь Өөжинмед ХХК-иас хариуцагчид хуваарилсан ашиг, авах авлагын жагсаалт, тооцоонд тусгагдсан мөнгөн дүнд хамаарч үлдэх /295,276,900-268,753,500=26,523,400/ 26,523,400 төгрөгөөс 16,200,000 төгрөгийн гүйлгээг нотлогдоогүй, 1,800,000 төгрөгийн гүйлгээ хариуцагчид хамааралтайг нэхэмжлэгч нотлоогүй үндэслэлээр тус тус 286,753,500 /16,200,000+268,753,500+,1,800,000=286,753,500/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож 24,723,400 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Одхүүгээс 24,723,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэлээс 286,753,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,717,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Одхүүгээс 281,567 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ