| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/01020/И |
| Дугаар | 101/ШШ2021/01820 |
| Огноо | 2021-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2021/01820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б.А ХХК
Хариуцагч: Д.Г
Зээлийн гэрээний үүрэгт 18,712,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагч Д.Г*******, өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* б******* а******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.05.07-ны өдөр Д.Г******* нь Т******* б******* а******* ХХК-тай 0******* дугаар Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 7,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн хүүтэй алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota Prius 30 маркийн ******* УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож баталсан боловч зээлдэгч хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 7,500,000 төгрөг, хүү 7,462,500 төгрөг, алданги 3,750,000 төгрөг, нийт 18,712,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч үүрэг гүйцэтгэх хугацааг 995 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна.
Зээлийн гэрээний 1.2.6-д зааснаар Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлэх-ийг ойлгох ба зээлдэгч зээл авсан 2018.05.07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2019.05.02-ны өдөр дууссан. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч Д.Г******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд а******* машиныг устгаж, одоогоор тус тус тээврийн хэрэгсэл олдох боломжгүй болоод байна. Иймд хариуцагч Д.Г*******оос 2018.05.07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,500,00 төгрөг, хүү 7,462,000 төгрөг, алданги 3,750,000 төгрөг, нийт 18,712,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.0507-нд Д.Г******* би 15-75 УНМ улсын дугаартай тоёота приус 30 а*******машиныг миний найз болох Ариунболдын Ч******* нь Т******* б******* а******* ХХК-д барьцаалж улмаар мөнгийг буцааж өгөхгүй миний нэр дээр их хэмжээний хохирол учруулсан. А.Ч******* нь одоогоор утсаа авахгүй олдохгүй байгаа учир Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл өгөөд шийдвэрлүүлэх арга хэмжээ авч өгөөч гэж өгсөн байгаа. 2018.05.07-нд миний эзэмшлийн 15-75 УНМ а******* машиныг а******* ломбардад тавихдаа асуудалгүй 7,500,000 төгрөг авлаа буцаагаад дор нь төлнө гэж авсан боловч өдийг хүртэл төлөлгүй өөрөө олдохгүй намайг төлбөрт унагасан. Ийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* б******* а******* ХХК, хариуцагч Д.Г*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,712,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигч 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 0******* тоот зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 7,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлдүүлсэн, мөн өдрийн 0******* тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээгээр 15-75 УНМ улсын дугаартай, Toyota Prius-30 маркийн суудлын а*******машиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.
Хариуцагч тус зээлийн гэрээний дагуу 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээж аваагүй, а*******машинаа барьцаалж н.Ч******* зээл авч байгаа гэж ойлгосон, найз н.Ч******* нь энэ компанийн байнгын үйлчлүүлэгч учраас зээлийн талаар төөрөгдсөн тухай тайлбарлаж нэхэмжлэлийг хариуцахгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
Шүүхэд гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч тус 0******* тоот зээлийн болон Фидуцийн гэрээнд гарын үсэг зурсан талаараа маргаагүй, харин гэрээний агуулга, үүргийн талаар төөрөгдсөн гэх боловч тэрээр 1989 онд төрсөн 32 настай, Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, өөрийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн хариуцах чадвартай гэж үзэхээр байна. Тэрээр гэрээг уншиж танилцалгүй гарын үсэг зурчих гэхэд нь зурсан гэх боловч гэрээ байгуулахтай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс түүнд дарамт, шахалт үзүүлсэн болон нэр дурдагдсан иргэн н.Ч*******той хамтран хариуцагчийг залилсан, хууран мэхэлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, хариуцагч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.
Талуудын тайлбар, нотлох баримтаар хариуцагч нь авсан зээлээс буцаан төлөөгүй, энэ талаар зохигч маргаагүй байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч зээлийн гэрээний 2.6, 3.2.3-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үүргийн дагуу зээлийг буцаан төлөөгүй байх бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч үндсэн зээл 7,500,000 төгрөг, хүү 7,462,500 төгрөг, алданги 3,750,000 төгрөг, нийт 18,712,500 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хүү, алдангийн тооцооллыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй байна. Талууд гэрээний 1.2.6-д зааснаар зээлдэгч зээл төлөх хугацааг 30-аас дээш хоногоос хэтрүүлснийг ноцтой зөрчилд тооцохоор заажээ. Хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй нь нэхэмжлэгч зээл олгосноос хойш нэг сарын дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хариуцагчтай байгуулсан гэрээг зээлийн гэрээний 3.1.1, 31.2, 5.1-д заасны дагуу хугацаанаас өмнө цуцалж гэрээний үүргийг шаардах үндэслэлийг бий болгожээ.
Хариуцагч зээлийн гэрээний дагуу тохирсон хугацаанд зээлийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 7,500,000 төгрөгийг зээлийн гэрээний 2.5-д зааснаар талуудын тохирсон хугацаагаар тооцсон хүү /нэг сарын хүү 225,000х12=2,700,000/ 2,700,000 төгрөгийн хамт, нийт 10,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн илүү тооцож нэхэмжилсэн 4,762,500 төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгов. Зээлийг буцаан төлөх хариуцагчид ногдох, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай боловч нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй, зээл төлүүлэх ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдоогүй болон хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй байдалд хэт хайхрамжгүй хандсанаас алданги төлүүлэхээр тооцсон мөнгөн дүнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэсэн гэж үзнэ. Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж талууд зээлийн гэрээний 2.3-т алданги тооцохоор заасны дагуу хариуцагчаас нэхэмжилсэн 3,750,000 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд хариуцагч Д.Г*******оос зээлийн гэрээний үүрэгт 10,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т******* б******* а******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8,512,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8-т заасныг баримтлан хариуцагч Д.Г******* /*******/-оос 10,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т******* б******* а******* ХХК /*******/-д олгож, нэхэмжлэлээс 8,512,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид зохигчийн нэхэмжлэгчийн төлсөн 251,513 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Г*******оос 178,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т******* б******* а******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ