Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2021/01841

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Д

Хариуцагч: Б.А

21,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарантуяа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Ремакс ХХК-ийн шугамаар байр заруулах гэж танилцсан. Байрыг хариуцагч зарж өгөөд, ажлын хөлсөө авсан. Үүний дараа нэхэмжлэгч хариуцагч руу залгаж худалдаж авахаар байр байна уу гэж асууснаар тэдний хамтран ажиллах үндэс тавигдсан. Учир нь хариуцагч эхнэрийн хамт үл хөдлөх хөрөнгийн байгууллагад удаан ажилласан. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, сар бүр ашиг хүртээе гээд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ хийсэн. Байр авах гэж байсан нэхэмжлэгчийн мөнгийг хариуцагч бага, багаар бэлнээр мөнгө хэсэгчлэн авч байсан. Г.******* тус оффис дээр нь нэг ч удаа очиж үзээгүй. Тэрээр 19,000,000 төгрөгийг би танд өгсөн байгаа тул танай оффис дээр очиж байя гэж хэлэхэд хариуцагч хамгийн сүүлд баримт гаргуулсан компанид нь ирэх хэрэггүй гэж хэлсэн. Хамтран ажиллах гэрээ нь бичгээр хийгдсэн боловч ямар ч ажил хийгдээгүй, ер нь талууд хамтран ажиллаж байгаагүй, энэ тухайгаа гэрээ дуусгавар болгосон гэрээндээ ч тодорхой заасан. 2019 оны 12 дугаар сард анх зээлийн гэрээ гэж хийсэн. 14,000,000 төгрөгийг хариуцагч авснаа хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ гэх баримтыг хийсэн. Учир нь хамтран ажиллах гэрээгээр үр дагавар үүсээгүй тул хэсэгчлэн төлнө гэж хэлсэн. Б.Амартүвшинтэй 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрээг дуусгавар болгох тухай хэлцлийг хийгээд нотариатаар баталгаажуулсан. Ингэхдээ хуульчаас туслалцаа авсан. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон, зээлийн гэрээний үр дагавар үүсэхгүй байх юм бол 2 хувааж төлнө, төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Амартүвшин шүүхэд болон төлөөлөгч Ж.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын 3,040,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч бусад хэсгээс татгалзаж байна. Зохигчдын хооронд зээлийн харилцаа анхнаасаа үүсээгүй. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тэд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Зорилго нь Ремакс ХХК-ийн эрхтэй Чин булаг протертис ХХК-ийг хамтран ажиллуулах, ашгаа хуваахаар тохирч гэрчлүүлсэн. Тэд 3, 3 сарын түрээсийг төлөхөөр болж нотариатаар гэрчлүүлсэн. Түрээслэх оффис хайсаар гэрээнээс хойш 4 сарын дараа ажлаа эхэлсэн. Оффисийн сарын түрээс нь 1 сарын 2,775,000 төгрөг байсан. Эхний 3 сарын төлбөрийн 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлэхээр болсон. 16-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь 8, 9, 10 дугаар саруудын түрээсийн төлбөр байсан. Гэхдээ 10 дугаар сарын төлбөр нь дутуу байсан. Тус дутуу гэх 325,000 төгрөгийг хариуцагч өөрөөсөө гаргасан. Бусад төлбөрт 594,000 төгрөгийг хариуцагч өөрөөсөө гаргаж төлсөн. Компани ашигтай ажиллаж чадахгүй байсан. Түрээсийн төлбөр явсаар байсан. 10 дугаар сарын дутуу төлбөр дээр нэмээд 6,650,000 төгрөгийн түрээсийн төлбөрт ороод тэд ашиггүй ажилласан. Тэгээд уулзаад нэхэмжлэгч нь компанийн хувьцааны тодорхой хэмжээг эзэмших болзолтойгоор үлдэх төлбөрийг төлөхөөр болсон. Нийт 13,000,000 төгрөгийн хөрөнгө оруулаад баримтжуулмаар байна гээд нотариат дээр очиж зээлийн гэрээ үйлдэж гарын үсэг зуруулсан. Гэхдээ нэмэлт 7,000,000 төгрөгийг огт өгөөгүй. Түрээслэгч сүүлийн 3 сарын төлбөрөө нэхсээр байсан. Ингээд төлж чадахгүй байсан тул өрөөг нь битүүмжилсэн. Компанийн баримт, бичгээ өрөөнөөсөө авахын тулд хариуцагч нэхэмжлэгчээс мөнгө гуйгаад дараа нь төлье гэсэн. Нэхэмжлэгч зөвшөөрөхдөө 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэрээг дуусгавар болгож тооцоо нийлэх акт гэгчийг үйлдэж гарын үсэг зуруулсан. Үүнийгээ өмнө нь мөнгө өгсөн одоо мөн 7,000,000 төгрөг өгч байгааг л баталгаажуулж байна гэж тайлбарласан боловч мөнгийг өгөөгүй. Тооцоо нийлэх хэлцэл болон зээлийн гэрээ нь гадаад илэрхийллийг бий болгож буюу дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Талууд анх хамтран ажиллах гэрээ байгуулахдаа гэрээний 4.1-т зааснаар нэхэмжлэгчээс 7,000,000 төгрөгийн зардал гарсан бөгөөд бусад зардалд 910,000 төгрөгийг зарцуулсан. Үүнээс хувь тэнцүүлэн бодохоор 3,040,000 төгрөгийг нь хариуцагч хариуцах үндэслэлтэй. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.Амартүвшинд холбогдуулан хариуцагчтай хамтран ажиллах зорилгоор шилжүүлсэн 14,000,000 төгрөгийг алданги 7,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, талууд хамтран ажиллаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, талууд гэрээний дагуу хамтран ажилласан, тодорхой зардал гарсан гэж нэхэмжлэлээс 3,040,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч үлдэх 17,960,000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар талууд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан хариуцагчийн хувьцааг нь эзэмшдэг Чин булаг протертис ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулан ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон, үйл ажиллагаагаа явуулахын тул нэхэмжлэгч 2019 оны 4-6, хариуцагч 2019 оны 7-9 дүгээр саруудын оффисийн түрээсийн зардлыг тус тус хариуцахаар гэрээний 1.2, 4.1-д зааснаар тохиролцжээ. Хэргийн оролцогч, зохигчийн хамтран ажиллах хүсэл зориг, хамтын үйл ажиллагаа явуулсан эсэх болон хураамж, алдагдлыг хэрхэн хуваарилсан талаар шүүх хуралдаанд мэтгэлцсэнээс үзвэл зохигч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллахаар хүсэл зоригоо харилцан илэрхийлж, хамтран ажилласан гэж үзэхээр байна. Талууд хамтын үйл явуулаагүй гэж нэхэмжлэгч тайлбарласан ч хамтын үйл ажиллагаанд зориулж 14,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, гэрээ байгуулж хүсэл зоригоо илэрхийлсэн болон хариуцагч үйл ажиллагаа явуулах зорилгоор оффисын түрээсийн зардалд 2019 оны 8-10 дугаар сарын түрээс, үйл ажиллагааны зардалд 7,919,000 төгрөгийн зардал гаргасан талаарх баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Мөн талууд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлэх тухай гэрээгээр хамтын ажиллагааг дуусгавар болгож, хариуцагч 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхөөр тохиролцсоныг зохигч Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т зааснаар хамтын ажиллагаагаа дуусгавар болгосон гэж үзнэ. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор талууд хамтын үйл ажиллагаатай холбоотой бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн байх бөгөөд үлдэх хөрөнгийг хуваарилахаар Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4-т заажээ.

Хамтын үйл ажиллагаа явагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгч 21,000,000 төгрөг нэхэмжилсэн бол хариуцагч хамтран ажилласан гэж өмнө үйлдсэн хэлцлийг үгүйсгэн нэхэмжлэлээс татгалзсан. Хэрэгт зохигчийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлэх тухай гэрээгээр хариуцагч 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан, буцаан төлөхийг зөвшөөрөн гарын үсэг зурж байсныг үндэслэн нэхэмжлэгч 14,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзнэ. Тус зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл гэж хариуцагч татгалзсан ч нэхэмжлэгч уг гэрээгээр хариуцагчаас мөнгө гаргуулахаар шаардаагүй, нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй гагцхүү хариуцагчид 14,000,000 төгрөг шилжүүлснийг нотлох зорилгоор гэрээ байгуулсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан нь уг хэлцлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болж талуудын хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилготой, дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхгүй. Мөн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг сольсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Талууд Хамтран ажиллах гэрээгээр хураамжийг хуваарилах хувь, хэмжээг тохиролцоогүй, харин Гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлэх тухай гэрээгээр хураамжийг оруулсан хувь хэмжээгээр оруулсан талд буцаан хуваарилахаар тохиролцсон гэж үзэхээр тул зохих зардлыг хасч үлдэх мөнгөн хөрөнгийг тухайн хураамжийг нийлүүлсэн буюу нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч хамтран ажиллах явцдаа бусад этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар хэн аль нь шүүхэд нотлоогүй учир хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан зардал 7,919,000 төгрөгийн тал хувь буюу 3,959,500 төгрөгийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 480 дугаар зүйлийн 480.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн шилжүүлсэн хураамж 14,000,000 төгрөгөөс дээрх зардлыг хасч үлдэх /14,000,000-3,959,500=10,040,500/ 10,040,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохдоо үлдэх мөнгөн хөрөнгийг хариуцагч 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөрт багтаан нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 5-д зааснаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 245 хоногийн хугацааны алданги /50,202х245=12,299,480/ 12,299,480 төгрөгийг төлөх үүргийг бий болгоно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хязгаарлалтын хэмжээгээр тогтоон /10,040,500/2=5,020,250/ 5,020,250 төгрөгийн алдангийг нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Иймд хариуцагч Б.Амартүвшингээс хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосноос үлдэх мөнгөн хөрөнгө 10,040,500 төгрөг, алданги 5,020,250 төгрөг, нийт 15,060,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлээс 5,939,250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Амартүвшин /УЖ69042814/-ээс 15,060,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.******* /ЧТ77091505/-д олгож, нэхэмжлэлээс 5,939,250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Амартүвшингээс 233,253 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ