Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/01247

 

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/01247

 

 

Г.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01841 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-д холбогдох 21 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д- нь Б.А-тэй хамтран ажиллах гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан. Г.Д- тус оффис дээр нь очиж үзээгүй. Тэрээр 19 000 000 төгрөгийг өгсөн тул танай оффис дээр очиж байя гэж хэлэхэд Б.А- ирэх хэрэггүй гэж хэлсэн. Хамтран ажиллах гэрээ нь бичгээр хийгдсэн боловч ямар ч ажил хийгдээгүй. Энэ талаар гэрээ дуусгавар болгосон гэрээнд тодорхой заасан. 2019 оны 12 дугаар сард анх зээлийн гэрээ байгуулсан. 14 000 000 төгрөгийг Б.А- авснаа хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ гэх баримтыг хийсэн. Учир нь хамтран ажиллах гэрээгээр үр дагавар үүсээгүй тул хэсэгчлэн төлнө гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын 3 040 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч бусад хэсгээс татгалзаж байна. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тэд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Зорилго нь Ремакс ХХК-ийн эрхтэй Чин булаг протертис ХХК-ийг хамтран ажиллуулах, ашгаа хуваахаар тохиролцсон. Тэд түрээсийн төлбөрийг гурван сараар хувааж төлөхөөр тохиролцсон. Түрээслэх оффис хайж гэрээ байгуулснаас хойш 4 сарын дараа ажлаа эхэлсэн. Оффисийн сарын түрээс нь 2 775 000 төгрөг байсан. Эхний 3 сарын төлбөр 7 000 000 төгрөгийг Г.Д- 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлэхээр болсон. 4 дүгээр сарын 16-ны өдөр 6 000 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь 8, 9, 10 дугаар саруудын түрээсийн төлбөр байсан. Гэхдээ 10 дугаар сарын төлбөр 325 000 төгрөг дутуу байсан. Б.А- дутуу төлбөр бусад төлбөрт 594 000 төгрөгийг өөрөөсөө гаргаж төлсөн. Компани ашигтай ажиллаж чадаагүй. 10 дугаар сарын дутуу төлбөр дээр нэмж түрээсийн төлбөр 6 650 000 төгрөг төлөхөөр болсон. Тэгээд талууд уулзаад нэхэмжлэгч нь компанийн хувьцааны тодорхой хэмжээг эзэмших болзолтойгоор үлдэх төлбөрийг төлөхөөр болсон. Нийт 13 000 000 төгрөгийн хөрөнгө оруулаад баримтжуулахаар зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ нэмэлт 7 000 000 төгрөгийг огт өгөөгүй. Компанийн баримт, бичгийг өрөөнөөсөө авахын тулд Б.А- Г.Д-гаас мөнгө гуйхад тэрээр 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэрээг дуусгавар болгож тооцоо нийлэх актыг үйлдсэн. Үүнийгээ өмнө нь мөнгө өгсөн одоо мөн 7 000 000 төгрөг өгч байгааг л баталгаажуулж байна гэж тайлбарласан боловч мөнгийг өгөөгүй. Талууд анх хамтран ажиллах гэрээ байгуулахдаа гэрээний 4.1-т зааснаар Г.Д-гаас 7 000 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд бусад зардалд 910 000 төгрөгийг зарцуулсан. Үүнээс хувь тэнцүүлэн бодохоор 3 040 000 төгрөгийг нь хариуцах үндэслэлтэй, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А- /УЖ69042814/-ээс 15 060 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д- /ЧТ77091505/-д олгож, нэхэмжлэлээс 5 939 250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.А-гээс 233 253 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Г.Д-д олгосугай шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.А- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ... 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 245 хоногийн алдангийг Б.А-г төлөх үүрэгтэй ... талаар заасан. Гэвч дээрх хугацааг хуанлийн хоногоор тооцож үзэхэд 244 хоног болно. Иймд 1 хоногийн алданги 50 200 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Б.А- түрээсийн төлбөрт 2019 оны 7,8 дугаар сард тус бүр 2 775 000 төгрөг, 10 сарын түрээс 1 775 000 төгрөг, нийт 7 325 000 төгрөгийг зардалд тооцож ногдох хувийг үндсэн төлбөрөөс хассан нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээ хийгдсэн боловч тус гэрээний үр дагавар огт үүсээгүй, мөн Б.А- хамтран ажиллах ашиг олох зорилгогүй, Г.Д-гаас мөнгөн хөрөнгө зээлэхийн тулд 14 000 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар авсан. 2019 оны 6 дугаар сард зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож Г.Д- нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Швед улс руу явсан. Энэ хугацаанд Б.А- мөнгө төлөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн тохиолдолд А тал буюу Б.А- 7,8,9 сарын тогтмол зардал, Б тал буюу Г.Д- 4,5,6 сарын тогтмол зардлыг төлнө гэж тохиролцсон. Тогтмол зардалд ямар зардал орж байгаа нь тодорхойгүй, Г.Д-гаас дээрх зардлыг төлөөгүй. Мөн Б.А- нь 8,9,10 сарын түрээсийн төлбөр төлсөн баримтыг нотлох баримтаар өгсөн байгаа нь энэхүү гэрээний үүрэг, гэрээг дуусгавар болгосон баримтад хамааралгүй.

Мөн шүүх сургалтын зардал, бусад зардалд 594 000 төгөргийн нэхэмжлэхийг үндэслэн хамтран ажиллах гэрээний зардалд оруулж хасаж тооцсон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.А-гээс 21 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч Б.А-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 14 000 000 төгрөг, алданги 7 000 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Талууд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чин булаг пропертис ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж А тал буюу Г.Амартүвшин 7,8,9 сарын, Б тал буюу Г.Д- 4,5,6 сарын тогтмол зардлыг хариуцахаар тохиролцон, нэхэмжлэгч гэрээний дагуу 14 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-34-35/

Нэхэмжлэгч Г.Д- нь хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагааг явуулаагүй гэсэн хэдий ч хамтын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор 14 000 000 төгрөгийг хариуцагч Б.А-д шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3 040 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын баримт, Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академи НҮББ-ын бэлэн мөнгөний орлогын баримтаар талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах зорилгоор хариуцагч Б.А- Эйч энд эйч ремикон ХХК-д түрээсийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1 775 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 2 775 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2 775 000 төгрөг, нийт 7 325 000 төгрөг, сургалтын төлбөрт 594 000 төгрөг, бүгд 7 919 000 төгрөгийн зардал гаргасан болох тогтоогджээ. /хх-71-73/

Талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлэх тухай гэрээгээр 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгосныг баталгаажуулсан буюу Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т зааснаар хамтран ажиллах гэрээг дуусгавар болгожээ. Б.А- нь Г.Д-гаас авсан 14 000 000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 11 000 000 төгрөгийг төлөх, дээрх хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон нь хуульд нийцжээ. /хх-4/

Гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлэх тухай гэрээгээр Б.А- нь Г.Д-гаас авсан 14 000 000 төгрөгийг буцаан төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Талууд хамтран ажиллах гэрээгээр нь ашиг олох буюу тодорхой зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллаж, хамтын үйл ажиллагаа дуусгавар болоход алдагдал зардлаа тооцох хуулийн зохицуулалтай. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 8,9,10 сарын түрээсийн төлбөрт 7 325 000 төгрөг, сургалтын төлбөр 594 000 төгрөг, нийт 7 919 000 төгрөгийг төлсөн баримтын талаар маргасан боловч түүнийг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн 14 000 000 төгрөгөөс хамтын гэрээний үйл ажиллагаанд хариуцагчийн зарцуулсан 7 919 000 төгрөгийн тал хувь болох 3 959 500 төгрөгийг хасаж тооцоход Б.А- нь Г.Д-д 10 040 000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. Хариуцагчаас 14 000 000 төгрөгийн хэмжээнд алданги тооцон нийт 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Хариуцагч нь гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлэх тухай гэрээгээр нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр багтаан төлөхөөр тохиролцсон боловч энэ хугацаанд төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 236.6, гэрээний 5-д зааснаар алданги шаардах эрхтэй. Тиймээс хариуцагч Б.А-гийн төлөх алдангийн хэмжээг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 245 хоногоор тооцоход 12 299 490 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 10 040 500 төгрөгийн 50 хувиар тооцсон тул алдангийн хугацааг илүү бодсон гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хариуцагч Б.А-гээс хамтран ажиллах гэрээний үүрэг 10 040 500 төгрөг, алданги 5 020 250 төгрөг нийт 15 060 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгож нь үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01841 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 4 656 төгрөг, нэхэмжлэгчийн төлсөн 262 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.БАЙГАЛМАА