Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/01959

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Д

Хариуцагч: Ж.Д.Ү.Г

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 14,328,060 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Даваадэлгэр, өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн төлөөлөгч Р.Надмидцэрэншүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.*******шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жижиг дунд үйлдвэрийн газарт хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасан. Ажлаас чөлөөлөх Б/57 дугаар тушаалд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын 49 дүгээр тогтоолын 4 дүгээр хэсгийн 1-т зааснаар сангийн ажилчдыг Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжүүлэхийг даалгасан боловч шилжүүлээгүй шууд ажлаас чөлөөлсөн. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 8 сар 14 хоногийн хугацааны цалин болох 14,328,060 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлнэ. Миний 1 сарын цалин 1,659,040 төгрөг, 1 өдрийн цалин 75,140 төгрөг. Мөн Б/57 тушаалын өөрт ногдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага хэвээр байгаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын тушаал байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Жижиг дунд үйлдвэрийн газар болжээ. Тэгэхээр яам хамаарахгүй. Ажлаас чөлөөлөх тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 байна. Тус зүйлд Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлнө гэж заасан. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан татан буугдсан боловч Жижиг дунд үйлдвэрийн газар болоод чиг үүрэг нь хэвээр үлдсэн. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд хуулийн этгээдийг өөрчлөх замаар байгуулж болно гэж заасан. Татан буулгасан зүйл байхгүй. Чиг үүрэг нь байхгүй болж байж татан буугддаг байтал чиг үүрэг хэвээр үлдсэн. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д энэ талаар нарийвчлан тодорхойлсон байтал шийдвэр гарсан гэж хязгаарлаж ойлгоод байна. Шийдвэрээр шилжүүлэхээр заасан байхад татан буугдсан гэж ойлгож тушаал гаргаад байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн тушаал нь мөн ээдрээтэй. н.Эрдэнэсайхан гэх хүнийг газрын даргаар томилсон. Ажлын хэсгийн ахлагчаар н.Цогбадрах гэх хүн томилогдсон. Гэтэл тушаал нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Э.Батбаяр гэх хүн тушаал гаргасан байна. Эрх, үүрэг нь хэрхэн шилжсэн талаар баримтгүй байна. Энэ тушаал тэр чигтээ хүчингүй болох тушаал байна. Э.Батбаярт эрх, үүрэг шилжсэн талаар ямар ч баримт алга. Төрийн ажил амаар явдаггүй. Төрийн албаны ямар шаардлага хангах талаар ямар шийдвэр гаргаад, хүмүүстээ ямар байдлаар танилцуулсан талаар тодорхойгүй байна. Хууль тогтоомжид нийцүүлэх гэдэг бол энэ хүмүүст биш танай ажлын хэсэг хуульд нийцүүлэн гэж заасныг буруу ойлгоод байна. Танай үйл ажиллагааг зохицуулсан үг, агуулга шүү дээ. Төрийн албаны шаардлагын талаараа нотлоогүй. Тэтгэмжийн талаар хариуцагч тал хүчээр ажиллахгүй гэх зүйл бичүүлсэн гэж ойлгогдож байна. Хуулийн дагуу хийсэн ажиллагаа харагдахгүй байна. Нэхэмжлэгч ажлын байрны шаардлага хангаагүй гэдэг нь юугаар нотлогдож байна вэ? Тиймээс тэр тайлбар нь мөн үндэслэлгүй. Тушаал нь бүхэлдээ үндэслэлгүй, шаардлага хангаагүй байгаа тул Ц.Даваадэлгэрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Р.Надмидцэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг татан буулгасан. Б/57 дугаар тушаалын 4-т заасан ажилчдыг хуульд нийцүүлэн Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд Мэндсайхан болон төрийн өмчийн бодлого зохицуулах газрын дарга Цэнгэл нарт даалгасан. 273 тоот ажлын хэсэг байгууллага тушаалаар эдгээрийг зохион байгуулсан. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажилчдыг Б/57 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Б/57 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага хэвээр гэж нэхэмжлэгч талаас хэлж байна. Энэ нь манайхаас гаргасан тушаал биш. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуйн яамыг оролцуулах нь зүйтэй. Тэгэхгүй бол Яамнаас гаргасан шийдвэрийг энэ шүүхэд хүчингүй болгуулах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгасан, сан үйл ажиллагаа явуулж байгаа, түүний үйл ажиллагааг удирддаг байсан сангийн ажил л татан буугдсан. Жижиг, дунд үйлдвэрийн газрыг байгуулж, эхлэх чиг үүргийг бүрэн шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Хөдөө, аж ахуйн сайдаас ажлын хэсгийг даалгасан. Манайх засгийн газрын агентлаг байтал яамны даргын гаргасан шийдвэрийг манайд холбогдуулаад байгаа нь ойлгомжгүй. Энэ бүгд яамны зохион байгуулсан ажил, манайд хамааралгүй. Төрийн албаны шаардлагыг хангаагүй гэж бид үзээгүй. Нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын эхээр жирэмсэн байснаа мэдсэн гэж байна. 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Үүнд тулгуурлаад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдсэн ажиллагаа болсон. Тэтгэмжээ өгөхгүйн тулд барьцаалан гарын үсэг зуруулсан зүйлгүй. Тухайн уулзалтад би өөрөө байсан. ажиллах хүнд тэтгэмж олгох боломжгүй, хэрэв ажиллахгүй бол өөрсдийнх нь хүсэлтээр 6 сарын тэтгэмж олгоё гэсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тэтгэмжийг олгоод ажлаас чөлөөлсөн. Б/57 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгоё гэж байгаа бол холбогдох яамнаас тодруулах нь зүйтэй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Даваадэлгэр, хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газарт холбогдуулан Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 14,328,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгчийн ажлын байр татан буугдсан, шинэ ажлын байранд үргэлжлүүлэн ажиллахгүй гэсэн тул тэтгэмжийг нь олгож чөлөөлсөн гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/37 тоот Ажилд томилох тухай тушаалаар нэхэмжлэгчийг Захиргаа, хүний нөөц, санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/59 тоот тушаалаар мөн албан тушаалд жинхлэн томилжээ. Мөн сангийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Гэрээ цуцлах, ажлаас чөлөөлөх тухай Б/57 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар хариуцагч тал маргажээ. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Тойрох хуудсыг талууд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар мөн өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг ажлаас халагдсан өдөр гэж үзэн түүнийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай тус шүүхийн шүүгчийн 2020 оны 20896 дугаартай захирамжид дурдсанаар тооцож үзвэл нэхэмжлэгч мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Агентлаг байгуулах тухай 49 тогтоолоор хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газрыг байгуулсан талаар зохигч шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Хэрэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А-273 тоот тушаал нотлох баримтаар авагдсан бөгөөд тус тушаалын 1, 2-р заалтаар Жижиг дунд үйлдвэрийн сангийн ажлын албыг татан буулгаж, мөн ажлын албыг Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжүүлэх ажлын хэсгийг байгуулж, 3-р заалтаар мөн ажлын албаны албан хаагчид-ыг Жижиг дунд үйлдвэрийн газарт хуульд нийцүүлэн шилжүүлэхийг ажлын хэсэгт даалгажээ.

Сангийн ажлын алба татан буугдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд сангийн ажлын алба татан буугдсан нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Сангийн захирлын 2020 оны Б/57 тоот тушаалыг хууль бус гэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан, сангийн ажлын алба татан буугдаж ажлын албаны чиг үүрэг нь нэхэмжлэгчийн ажлын байр Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжсэн байхад тус газарт шилжүүлэн томилоогүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ. Сангийн ажлын алба нь 32 ажилтантай түүний 18 нь хүсэлтээрээ Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжин ажилласан, 14 ажилтан тэтгэмжээ авч ажлаас чөлөөлөгдсөн, тэдний нэг нь нэхэмжлэгч гэж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Б/57 тоот тушаалын 4-т Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжин ажиллах хүсэлт гаргасан албан хаагчдыг хуульд нийцүүлэн гэрээ байгуулж ажиллахыг хариуцагчид даалгажээ. Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга ганцаарчилсан уулзалт хийхдээ намайг ажиллуулахгүй гэсэн тухай нэхэмжлэгч, нэхэмжлэгч шилжин ажиллах хүсэлт гаргаагүй, тэтгэмжээ авсан тухай хариуцагч тал тайлбарлан зөрүүтэй тайлбар гаргаж байна. Хэргийн үйл баримтаар Жижиг дунд үйлдвэрийн газрыг шинээр байгуулсантай холбоотойгоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, ажилтан өөрөө хүссэн тохиолдолд шилжүүлэн томилохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн ажлын байр шинээр байгуулагдсан Жижиг дунд үйлдвэрийн газрын бүтцэд байхгүй, үгүй болсон гэж үзэхээргүй байна. Энэ нөхцөлд ажил олгогчийн санаачлага, идэвхтэй үйл ажиллагаа чухал бөгөөд нэхэмжлэгчийг хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд шилжин ажиллахыг санал болгосон үйл баримт тогтоогдохгүй, татан буугдсан ажлын албаны ажилтнуудыг шинээр байгуулагдсан газарт шилжүүлэн томилохдоо хууль, шийдвэрт нийцүүлэн зохих арга хэмжээг аваагүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчид гаргасан хүсэлтдээ хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжин ажиллахгүй тухай хүсэлтээ бичгээр илэрхийлснээ ингэж бичихгүй бол тэтгэмж олгохгүй гэсэн гэжээ. Хариуцагч, нэхэмжлэгчид 7,343,954 төгрөгийн тэтгэмж олгожээ. Гэвч эл баримт нь хариуцагчийн үүргээ биелүүлээгүй явдлыг зөвтгөхгүй, зохигч энэ талаар маргасан бөгөөд өөр бусад үйл баримтаар хариуцагч үүргээ бүрэн биелүүлсэн нь нотлогдохгүй байна.

Иймд хариуцагч нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 тоот тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 тоот тушаалыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэн нэхэмжлэгчийг хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хугацаагаар тооцон 14,328,060 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргасан ба шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 07-09 дүгээр саруудад бүтэн авч байсан гурван сарын үндсэн цалингийн нийлбэр /5,292,871/3=1,764,290/-ээс тооцоход нэг сарын үндсэн цалин 1,764,290 төгрөг ба ажилгүй байсан бүтэн 8 сарын цалин 14,114,320 төгрөг болон мөн ажлаас халагдсан сарын, шүүхийн шийдвэр гарсан сарын хэсэгчилсэн хугацааны 1 хоногийн цалин 80,195 төгрөгийг ажлын 23 өдрөөр тооцон 1,122,730 төгрөг болж нийт 15,237,050 төгрөг болсныг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 14,238,060 төгрөгийн хэмжээгээр тооцон гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хугацаагаар тооцон нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжид 7,343,954 төгрөг авсан нь баримтаар тогтоогдож байгаа, зохигч энэ талаар маргаагүй. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олговол зохих 14,238,060 төгрөгөөс урьд олгосон 7,343,954 төгрөг болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор суутган тооцож олгохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 46 дугаар зүйлийн 46.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******/УП93050348/-ийг хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,238,060 төгрөгийг хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газраас гаргуулан нэхэмжлэгч Ц.Даваадэлгэрт олгож, Ц.Даваадэлгэрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газарт даалгасугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газраас 299,340 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ