Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/01473

 

2021 оны 07 сарын 06 өдөр                       Дугаар 183/ШШ2021/01473                                Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ................... байрлах ХААДС /0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................ тоот хаягт оршин суух О овогт Х.О /0000000/-д холбогдох,

Гэрээний үүрэг хангуулж 3.750.000 төгрөг төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х овогтой О нь 201-08-06-ны өдрийн дугаар 1616 тоот гэрээгээр 5.00.000 төгрөгийн FT-200 маркийн хадлангийн иж бүрдлийг урьдчилгаа 50 хувь болох 2.500.000 төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2.500.000 төгрөгийг 2017-12-31-ний дотор төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021-04-06-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 2.500.000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь биелэгдээгүй байгаа тул гэрээнд заасан алданги тооцох заалтаар 2021-04-06-ны өдрөөр тасалбар болгон алданги тооцоход Дугаар 1616 тоот гэрээний үлдэгдэл 2.500.000 төгрөгт 0,05 хувийн алданги тооцоход нийт 2.402.000 төгрөг болж байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход Дугаар 1616 тоот гэрээнд 1.250.000 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн шаардлага нийт үнийн дүн 3.750.000 төгрөг гаргуулж ХААДС-г хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.О нь 2012-08-06-ны өдөр ХААЯамны ТЭД сангаас Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийн үнэ бүхий хадлангийн иж бүрдлийг худалдан авч, 2.500.000 төгрөгийг 5 жилийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээнээс дүгнэхэд Х.Оийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2017-12-31-ний өдөр дууссан байх ба нэхэмжлэгчийн шаардах эрхээ эдэлж, нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэл 3 жил 4 сарын хугацаа өнгөрсөн байна. Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзаж байна. Санхүүгийн түрээсийн тухай хуульд өөрөөр заагаагүй тул Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Х.О-д холбогдуулан 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1616 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 2.500.000 төгрөг, алданги 1.250.000 төгрөгийн хамт гаргуулахыг хүссэн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэхээр 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Э.М-д итгэмжлэл нэг жилийн хугацаатай олгосон байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг О.Б-д 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр нэг жилийн хугацаатай олгожээ.

Улмаар нэхэмжлэгч нь 3.750.000 төгрөгийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1616 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн дагуу хариуцагч 2.500.000 төгрөгийн үлдэгдлийг 2013-2017 онуудад төлж дуусгах үүрэгтэй байсан гэж тайлбарладаг.

Харин хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж татгалздаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1616 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, Х.О нь 5.000.000 төгрөгийн үнэ бүхий бага оврын тракторыг урьдчилгаа 2.500.000 төгрөгийг төлж, үлдэх 2.500.000 төгрөгийг 5 хуваан 2013-2017 онуудад төлж дуусгавар болгох нөхцөлтэйгөөр хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан,талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч үлдэх төлбөрийг шаардах эрхтэй боловч гэрээний үүрэг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа шаардлагын тухайд дууссан байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тооцохоор зохицуулсан.

Талуудын байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т түрээслэгч тухайн эд хөрөнгийг хүлээн авахдаа нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 2.500.000 төгрөгийг түрээслүүлэгч талд төлөх бөгөөд үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 2013-2017 онуудад 500.000 төгрөгөөр 5 жилийн хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон атлаа үлдэх төлбөрийг алдангийн хамт 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган шаардаж байгааг хариуцагч эс зөвшөөрөх ба Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байна.

Учир нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Х.О гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй байсан ба нэхэмжлэгчийн шаардах эрх энэ өдрөөс эхлэн нээгдсэн байхад 2021-04-29-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүхэд хандаагүй байна.

Тодруулбал хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байх ба хариуцагч уг үүргийг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар шийдвэрлэнэ.

Иймд шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийг урьд нь гэрээний үүрэгтэй холбоотойгоор шүүхэд хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан үйл баримт байхгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг баримтлан Х.О-д холбогдох 3.750.000 төгрөг гаргуулахыг хүссэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          О.ЧУЛУУНЧИМЭГ