Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01367

 

 

“ХАДС” ТБАГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01473 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ХАДС” ТБАГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.О-д холбогдох, гэрээний үүрэгт 3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Х.О-тэй 2012 оны 08 сарын 06-ны өдөр 1616 дугаартай “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр Х.О- нь 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-200 маркийн хадлангийн иж бүрдлийг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 50 хувь 2,500,000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,05 хувийн алданги тооцох талаар тохиролцсон. Х.О- нь үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Дээрх гэрээнд заасны дагуу алдангийг нэхэмжлэл гаргасан 2021 оны 04 сарын 06-ны өдөр хүртэлх тооцоход нийт 2,402,000 төгрөг байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан алдангид 1,250,000 төгрөгийг үндсэн үүрэг 2,500,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Дээрх гэрээний дагуу Х.О-ийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2017 оны 12 сарын 31-ний өдөр дууссан. Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэл 3 жил 4 сарын хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзаж байна. Санхүүгийн түрээсийн тухай хуульд өөрөөр заагаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг баримтлан Х.О-д холбогдох 3.750.000 төгрөг гаргуулахыг хүссэн ХАДСгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Х.О- зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь хуулийн дагуу давуу эрх олгосон, улсыг хохироосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Зээлийн гэрээний талууд адил эрх эдэлж үүрэг хүлээдэг атал өөрийн үүргээ биелүүлээгүй зээлдэгч талд илүү боломжийг олгосон шийдвэр гаргаж төрийн байгууллага татвар төлөгчдийн эрхэнд ноцтойгоор халдсан шийдвэр гарсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-заасны дагуу сангийн зүгээс хохирлоо барагдуулах боломжтой. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан тул санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж татвар төлөгчдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч “ХАДС” ТБАГ нь хариуцагч Х.О-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч байгууллага нь хэрэгт авагдсан “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” болон Х.О- нарын хооронд 2012 оны 08 сарын 06-ны өдөр байгуулагдсан 1616 дугаар “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”-г үндэслэн шаардлагаа тодорхойлсон.

 

Дээрх гэрээгээр “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” нь 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-200 маркийн тракторыг хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих зориулалтаар Х.О-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Х.О- нь гэрээний үнийн дүнгийн 50% болох 2,500,000 төгрөгийг тракторыг хүлээн авахдаа төлөх, үлдэх 50% болох 2,500,000 төгрөгийг 2013-2017 оны хооронд жил бүр 500,000 төгрөг төлж барагдуулах, ийнхүү төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн шинжийг агуулсан байна.

 

Гэрээний зүйлийг хүлээн авсан боловч гэрээний дагуу жил бүр 500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтын талаар хариуцагч маргаагүй, харин “нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байна” гэсэн үндэслэл заан маргасан.  

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 тоот тушаалаар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн авлагыг “ХАДС”-д шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь өмнө дурдсан 2012 оны 08 сарын 06-ны өдрийн 1616 дугаар гэрээтэй холбоотой шаардлагыг гаргах эрхтэй этгээд байна.

 

Хариуцагч Х.О- нь 2017 оны 12 сарын 31-ний өдөр төлбөр төлж дуусгах үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч нь шүүхэд анх 2021 оны 04 сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шаардлага гаргах эрхээ алдсан байх боловч хариуцагч Х.О- нь “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас хүлээн авсан эд хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүйг анхан шатны шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг үндэслэж гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхээ алдсан боловч мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардлага гаргах боломжтой юм.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Х.О-ээс 2,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. Үүнтэй холбоотойгоор хууль хэрэглээ болон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлтийг оруулав. Харин гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир гэрээгээг тохиролцсон алдангийг хангах хууль зүйн үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01473 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х.О-ээс 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХАДС” ТБАГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

              тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “ХАДС” ТБАГ-ын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                             

                                 ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                     Д.НЯМБАЗАР