Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 888

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

хохирогч Г.Цын өмгөөлөгч Б.Галхүү,

иргэний нэхэмжлэгч О.Баянтуулын өмгөөлөгч С.Сувдмаа,

иргэний хариуцагч А.Ц,

шүүгдэгч Б.Ц,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч А.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Цд холбогдох эрүүгийн 1903 01064 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ц нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Түргэний голын замд “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-ийн эзэмшлийн NORTHBENZ маркийн 70-75 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 12.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Г.Ц жолоочтой УАЗ 2206 маркийн 08-25 ӨМӨ улсын дугаартай, “ТӨВ АЗЗА” ХХК-ийн эзэмшлийн Hyundai 5Ton Truck маркийн 45-92 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслүүдийн араас мөргөж, УАЗ 2206 маркийн 08-25 ӨМӨ дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч KIM MIN JEONG-н эрүүл мэндэд хүнд, Л.Хишигжаргал, JEONG SOHEE, жолооч Г.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Б.Цогт-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-иас 3.114.689 төгрөгийг хохирогч Г.Цт, 708.277 төгрөгийг хохирогч Л.Хишигжаргалд, 19.940.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Л.Ганбатад, 18.155.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.Баянтуул нарт тус тус олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар Б.Цд тэнсэж хянан харгалзсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ц нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж, Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч А.Ц гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг бүрэн хангаагүй болон бусад үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул иргэний хариуцагч “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-ийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн давж заалдах гомдлыг гаргаж байна. Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх шийдвэр гаргасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-иас 3.114.689 төгрөгийг хохирогч Г.Цт, 708.277 төгрөгийг хохирогч Л.Хишигжаргалд, 19.940.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Л.Ганбатад, 18.155.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.Баянтуул нарт тус тус олгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ зарим нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Ц нь “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-нд 2013 оноос эхлэн 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан. Харин шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-ийн эзэмшлийн NORTHBENZ маркийн 70-75 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авсан.

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний” дагуу NORTHBENZ маркийн 70-75 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Ц 90 сая төгрөгөөр худалдан авч, төлбөрийг төлж дууссанаар автомашины гэрчилгээ шилжихээс бусад бүх автомашины арчилгаа, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, үр шим бүгд шүүгдэгчид шилжсэн байсан. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ." гэж зааснаар шүүгдэгч Б.Ц нь автомашиныг зээлээр худалдан авснаар үр шим болон эрсдэлийг бүрэн хариуцах үүрэгтэй байтал шүүгчдэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирлыг “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хариуцагч “Эйч Энд Эйч Ремикон” ХХК нь мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр мөн тогтоогдож оролцсон. Иргэний хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс мөн иргэний нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Анхан шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулсан 16.091.259 төгрөг, байгууллагад шууд учирсан 9.360.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн байхад шийтгэх тогтоолд хангасан, эсхүл хэрэгсэхгүй болгосон талаар шийдвэрлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. 162 тоот шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт "...18.155.000 төгрөгийг гаргуулж “Төв АЗЗА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баянтуулд олгох нь зүйтэй” байна гэжээ. Гэтэл “Төв АЗЗА” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр автомашины осол болсон газарт замын ажил хийж байсан байдаг. Тодруулбал, Hyundai 5Ton Truck маркийн 45-92 ТӨВ дугаартай автомашин осол гарсан газарт замын ажил хийж байсан байдаг. Тухайн машины жолооч Б.Гантөмөр мэдүүлэхдээ “:..Түргэний гол гэх газар түмб тэмдэг далийсан, хугарсныг авахаар 11 цагийн үед баруун талын 2 дугуйгаа шороон хэсэгт, зуүн талын 2 дугуйгаа зорчих хэсэгт байрлуулж аваарийн гэрлээ асааж зогсоогоод хойд талаас уруу болохоор ажил хийж байна гэх 1 тэмдэг машинаас хойш 100 метрийн зайд 3 ширхэг түмб хойд талд нь байрлуулж ажил эхлээд ...” гэж, пургон машины урд суудалд сууж явсан орчуулагч Л.Хишигжаргал мэдүүлэхдээ “... ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд зам дээр том машин зогсоод зам засварын ажил хийж байгаа харагдсан. ...”, Пургон машины жолооч Г.Ц мэдүүлэхдээ “...Түргэний гол гэх зам дээр том машин манай эгнээг хаагаад зогсож байхаар нь би хойд талд нь машинтайгаа ирж урдаас ирж байгаа хөдөлгөөнөө хүлээгээд зогсож байтал...” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд “Төв АЗЗА” ХХК-ийн жолооч Б.Гантөмөр тухайн үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан болсон нь нотлогддог.

Осол хэний буруугаас болж гарсан эсэх дээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй “Төв АЗЗА” ХХК-ийн машинд учирсан хохирлыг “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн хуульд нийцэхгүй байна. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Авто замын ашиглалтын нөхцөл хангагдаагүйгээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хохирол учирсан болохыг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто замын арчлалт, хамгаалалт хариуцсан авто замын байгууллага уг хохирлыг хариуцан төлнө” гэж, мөн хуулийн 14.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, зөрчил гарах нөхцлийг бүрдүүлсэн, эсхүл зам тээврийн осол, зөрчил гарсан бол холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, мөн Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтад “авто замын засвар, арчлалт хариуцсан байгууллагын буруугаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тус тус заасны дагуу “Эйч Энд Эйч Ремикон” ХХК нь өөрт учирсан хохирлоо “Төв АЗЗА” ХХК-иас гаргуулах эрхтэй байхад “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолын иргэний хариуцагч “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-иас хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирол олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-иас ослын улмаас учирсан хохиролд зарцуулсан 16.091.259 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч О.Баянтуулын өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах өргөдөлд, “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч зээлээр худалдан авч төлбөрийг дуусгасан, харин автомашины гэрчилгээ шүүгдэгчийн нэр дээр шилжээгүй гэдгээ дурдсан байна. Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Түргэний голын замд “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож компанийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин “Төв АЗЗА” ХХК-ийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус компанид 18.155.500 төгрөгийн хохирол учруулсан. Тодруулбал, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №524 тоот дүгнэлтээр “шүүгдэгч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Харин 08-25 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Ц, 45-92 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Гантөмөр нарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэжээ. Дээрх шинжээчийн дүгнэлтээс давж заалдах гомдолд дурдсан “Төв АЗЗА” ХХК-ийн жолооч Б.Гантөмөр тухайн үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан болсон нь нотлогддог гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Жолооч Б.Гантөмөр нь машины баруун талын 2 дугуйгаа шороон хэсэгт, зүүн талын 2 дугуйгаа асфальтан зам дээр байрлуулж аваарийн гэрлээ асааж зогсоосон байна. Гомдолд дурьдсан, Зөрчлийн тухайн хуулийн 14.4, 14.5 дугаар зүйл, мөн Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс болж уг авто осол гараагүй, энэ талаарх хууль, дүрэм, журам зөрчсөн гэж ямар ч хууль хяналтын байгууллага тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шүүхээс “Эйч Энд Эйч Ремикон” ХХК өөрт учирсан хохирлыг “Төв АЗЗА” ХХК-иас гаргуулах эрхтэй байхад “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь үнддэслэлгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч Б.Ц нь “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-ийн ажилтан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүний бусдад учруулсан хохирлыг “Эйч Энд Эйч Ремикон” ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэсэн заалтаар анхан шатны шүүх иргэний хариуцагч “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-иас 18.155.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Баянтуулд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би одоо хүртэл компанитайгаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тухайн үед би амралт муутай байсан учир осол гаргасан. Уг осол миний буруугаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Г.Цын өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Ц болон “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-ийн хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр уг компанийн ажлыг гүйцэтгэж байх үедээ Г.Ц болон бусад этгээдүүдэд хохирол учруулсан. Үүнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчид учирсан хохирлыг иргэний хариуцагчаар нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй.” гэв.

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Цд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч болох “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-иас тухайн зам тээврийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хавтас хэрэгтэй танилцахад анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хууль зөрчсөн асуудал байгаагүй. Иргэний хариуцагчаас Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлд тус тус заасныг үндэслэж хохирогч нарт учирсан хохирлыг гаргуулах, өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

Б.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин 3 хүний биед хүндэвтэр, 1 хүний биед хүнд хохирол, 2 тээврийн хэрэгсэл мөргөж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс Б.Цогт-Эрдэнийг “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан...” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэдэгт, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, гэмт хэргийн улмаас хэд хэдэн хүн, машин, эд хөрөнгөд хохирол учруулсан байдал хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхэд хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байх нь зайлшгүй байх үндсэн нөхцлийн нэг бөгөөд хохирлоо нөхөн төлсөнд тооцоход учирсан хохирол болон түүнийг нотлох баримтууд хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаардана.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлөх санаачлага гаргаагүй, иргэний хариуцагч байгууллага хохирогч нарт учирсан хохирлоос тодорхой хувь хэмжээгээр төлж зохих үүргээ биелүүлсэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилгаагүй, энэ талаар шүүгдэгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч,  иргэний хариуцагч нар эвлэрэн хэлэлцээгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн, энэ төрлийн гэмт хэргийн гаралт, гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршиг зэрэгт анхаарч, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхааран авч үзэх нь Эрүүгийн хууль болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хариуцагч А.Цгийн “...шүүгдэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирлыг “Эйч Энд Эйч Ремикон” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.