Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/01402

 

 

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/01402

Улаанбаатар хот 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Т,

Нэхэмжлэгч: Д.Ө нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.У

Хариуцагч: Г.Г,

Хариуцагч: М.З нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 6 177 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ж, хариуцагч Ж.У, түүний өмгөөлөгч М.И, гэрч Ө.И, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Т, Г.Г нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь хариуцагч Ж.У нартай манай байрны жижүүр байсан үеийн танилууд. Тухайн үеэс эхлэн бид ойр дотно байж, аж амьдралд нь тусалж, дэмжиж тиймдээ ч худалдах гэж байсан байр орон сууц, тавилга, автомашин зэргийг тэдний хүслэтрээ тодорхой хугацаанд боломжтой үедээ төлбөрийг хувааж барагдуулахаар амаар тохиролцсон. 2013.11.13-ны өдөр бидний худалдах гэж байсан Хьюндай маркийн Аксент, Исузу маркийн Визард автомашинуудыг 10 000 000 төгрөгөөр 10 сарын хугацаанд төлбөрийг сар бүр 1 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, уг машинуудыг М.З-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл Ж.У нь төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд одоо 5 050 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн үед нийт 2 000 000 төгрөгөөр хүүхдийн орны ком, икеа диван, номын тавиур, телевизийн тавиурыг 2 автомашинтай хамт худалдан авахаар тохиролцсон бөгөөд одоо 1 127 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул хариуцагч нараас 6 177 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон хариуцагч нарын төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие уг машинуудын үнэ болон тавилгын үнийг бүгдийг нь төлж дууссан. Тухайн үед буюу 2013 онд Исузү маркийн 00-00 УБА дугаартай машиныг би өөрөө унахаар авсан. Харин Аксент маркийн машиныг хамтарч бэйкери ажиллуулахаар ярилцаад түүндээ хэрэглэх зорилгоор авсан. Ингээд уг машинуудын үнийг 2017 оны 7 сар гэхэд төлж дуусгасан бөгөөд машинуудын нэрийг миний охин М.З-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Харин тавилгын тухайд би өөрөө хүүхдийн орны ком, номын тавиур зэргийг авна гэж авсан бөгөөд икеа диван, телевизийн тавиур зэргийг нэгэнтээ авч байгаа юм чинь авчих гэж Б.Т нь хүчээр өгсөн. Би тухайн үед Б.Т-ийн гэрийн ажил болон балетын сургалтын ажилд нь туслаж тэднийхээр орж гарч байдаг байсан бөгөөд сүүлдээ тэдний байрны СӨХ-д ажилладаг байсан. Би тухай бүрт нь өөрийн боломжийн хэмжээгээр орж ирсэн мөнгөө Б.Тийн охин Ө.И-ийн дансруу хийдэг байсан бөгөөд Б.Т нь нөхөр Д.Ө-аас салах гэж байгаа тул өөрийнхөө болон нөхрийнхөө дансаар мөнгө авахгүй гэж хэлдэг байсан. Одоо миний бие эдгээр хүмүүст ямар нэг өр төлбөргүй бөгөөд энэ хэрэгт манай нөхөр байсан Г.Г болон охин М.З нар ямарч хамааралгүй. Надад найз нөхдөө хуурах, хүнийг залилах гэсэн санаа огт байхгүй бөгөөд би мөнгө шилжүүлсэн тухай бүртээ эдгээр хүмүүсээр гарын үсэг зуруулдаг байсан. Харин тэр дэвтэр маань Б.Т-т байгаа бөгөөд одоо байхгүй гэж хэлээд байгаад гомдолтой байна. иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх гэрч Ө.И-ийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т, Д.Ө нар хариуцагч Ж.У, Г.Г, М.З нарт холбогдуулан автомашины үнийн үлдэгдэл 5 050 000 төгрөг, тавилгын үнийн үлдэгдэл 1 127 000 төгрөг, нийт 6 177 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Ө хариуцагч Ж.У нарын хооронд 2013 оны 11 сарын 13-ны өдөр Hyundai accent маркийн 00-00 УБГ улсын дугаартай автомашиныг, нэхэмжлэгч Б.Т хариуцагч Ж.У нарын хооронд Isuzu Wizard маркийн 00-00 УБА улсын дугаартай автомашиныг нийт 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдаж авахаар тохиролцож, төлбөрийг тодорхой хугацаанд төлөхөөр, мөн 2 000 000 төгрөгөөр хүүхдийн орны ком, икеа диван, номын тавиур, телевизийн тавиур зэргийг худалдаж авахаар аман хэлбэрээр тохиролцсон гэрээг байгуулжээ.

 

Хариуцагч тал гэрээ байгуулагдсан эсэх, үнийн дүн, төлбөр төлөх нөхцлийн талаар маргаангүй байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ж.У нар нь худалдаж авсан машин болон тавилгын үнийг бүрэн төлөөгүй, төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй... гэж тайлбар гаргасныг, хариуцагч тал ...2017 оны 7 сар гэхэд бүгдийг төлж дуусгасан, автомашины өмчлөх эрхийг 2017 оны 7 сард охин М.З-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэх тайлбарыг гаргаж, маргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан Hyundai accent маркийн 00-00 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаагаар 2017 оны 6 сарын 09-ний өдөр тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр М.З-г бүртгэж, өмнөх өмчлөгч М.Ө-ийн өмчлөх эрх дуусгавар болсныг, мөн Isuzu Wizard маркийн 00-00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаагаар 2017 оны 6 сарын 20-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр М.Зг бүртгэж, өмнөх өмчлөгч Б.Тийн өмчлөх эрх дуусгавар болсныг тус тус бүртгэсэн лавлагаа хэрэгт авагдсан байх ба зохигчид уг асуудлаар маргаангүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Талууд 2017 оны 06 сарын 09-ны өдөр, 2017 оны 06 сарын 20-ны өдрүүдэд автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн үйлдэл нь 2013 оны 11 сарын 13-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг дүгнэж, гэрээг дуусгавар болгосон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гуйлтаар 2017 оны 6 сарын 09 болон 20-ны өдөр автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн, гэвч мөнгөө гүйцэд төлөөгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч мөн уг өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2021 оны 3 сарын 16-ны өдрийг хүртэлх 4 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар хэрэгт баримтаар нотлоогүй байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь 2013 оны гэрээний үүргийг 8 жилийн дараа шаардаж байгаа нь үндэслэлгүйн дээр, хариуцагчаас өр төлбөрийг төлж барагдуулах талаар шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтгүй энэ талаараа нотлоогүй байх ба энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэснийг хэтрүүлсэн байх ба хэрэгт уг хугацаа тасалдсан, зогссон, түүнчлэн уг хугацааг сэргээх талаар баримтгүй байна.

Эдгээр байдлуудаас хариуцагч Г.Г нь талуудын хооронд үүссэн харилцаанд ямар нэг эрх, үүрэг хүлээж оролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй тул хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлгүй болохыг дурдав.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр нэхэмжлэгч нарын охин Ө.И-д хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсан хэдий ч уг гэрч нь 2013 онд 14 настай, насанд хүрээгүй хүүхэд байсан талаараа тайлбарлаж байх ба гэрч нь хэрэгт ач холбогдолтой зүйлийг мэдүүлээгүй тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.У, М.З, Г.Г нараас 6 177 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Т, Д.Ө нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 113 782 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ