Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01306

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01306

 

 

Б.Т-, Д.Ө- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/01402 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Т-, Д.Ө- нарын хариуцагч Ж.У-, Г.Г-, М.З- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 6 177 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ж.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Ж.У- нартай манай байрны жижүүр байсан үеийн танилууд, тухайн үеэс эхлэн бид ойр дотно байж, аж амьдралд нь тусалж, дэмжиж худалдах гэж байсан орон сууц, тавилга, автомашин зэргийг тэдний хүсэлтээр тодорхой хугацаанд боломжтой үедээ төлбөрийг хувааж барагдуулахаар амаар тохиролцсон. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бидний худалдах гэж байсан Хьюндай Аксент маркийн, Исүзу Визард маркийн автомашинуудыг 10 000 000 төгрөгөөр 10 сарын хугацаанд төлбөрийг сар бүр 1 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, уг машинуудыг М.З-гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл Ж.У- нь төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд одоо 5 050 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн үед нийт 2 000 000 төгрөгөөр хүүхдийн орны ком, икеа диван, номын тавиур, телевизийн тавиурыг 2 автомашинтай хамт худалдан авахаар тохиролцсон бөгөөд одоо 1 127 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул хариуцагч нараас 6 177 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон хариуцагч нарын төлөөлөгч Ж.У- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие уг машинуудын үнэ болон тавилгын үнийг бүгдийг нь төлж дууссан. Тухайн үед буюу 2013 онд Исүзу Визард маркийн 85-44 УБА дугаартай машиныг би өөрөө унахаар авсан. Харин Хьюндай Аксент маркийн машиныг хамтарч бэйкери ажиллуулахаар ярилцаад түүндээ хэрэглэх зорилгоор авсан. Уг машинуудын үнийг 2017 оны 7 сар гэхэд төлж дуусгасан бөгөөд машинуудын нэрийг миний охин М.З-гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Харин тавилгын тухайд би өөрөө хүүхдийн орны ком, номын тавиур зэргийг авна гэж авсан бөгөөд икеа диван, телевизийн тавиур зэргийг нэгэнтээ авч байгаа юм чинь авчих гэж Б.Т- нь хүчээр өгсөн. Би тухайн үед Б.Т-ийн гэрийн ажил болон балетын сургалтын ажилд нь тусалж байсан бөгөөд сүүлдээ тэдний байрны СӨХ-д ажилладаг байсан. Би тухай бүрт нь өөрийн боломжийн хэмжээгээр орж ирсэн мөнгөө Б.Т-ийн охин Ө.Индраагийн дансруу хийдэг байсан бөгөөд Б.Т- нь нөхөр Д.Ө-аас салах гэж байгаа тул өөрийнхөө болон нөхрийнхөө дансаар мөнгө авахгүй гэж хэлдэг байсан. Одоо миний бие эдгээр хүмүүст ямар нэг өр төлбөргүй бөгөөд энэ хэрэгт манай нөхөр байсан Г.Г- болон охин М.З- нар ямар ч хамааралгүй. Надад найз нөхдөө хуурах, хүнийг залилах гэсэн санаа огт байхгүй бөгөөд би мөнгө шилжүүлсэн тухай бүртээ эдгээр хүмүүсээр гарын үсэг зуруулдаг байсан. Харин тэр дэвтэр маань Б.Т-т байгаа бөгөөд одоо байхгүй гэж хэлээд байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.У-, М.З-, Г.Г- нараас 6 177 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Т-, Д.Ө- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т- нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 113 782 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь хараагүй, хэт нэг талыг барьсан, хэргийн бодит үнэнтэй нийцээгүй шийдвэр байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагчид нь 2017 онд автомашинуудын төлбөрийг бүрэн барагдуулсан эсэх нь тодорхойгүй, гаргаж өгсөн баримт нь автомашины төлбөр мөн эсэх нь эргэлзээтэй, нотлогдоогүй байхад гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзсэн нь хэргийг олон талаас нь дүгнээгүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу талууд худалдах, худалдан авах гэрээг дүгнэж, гэрээг дуусгавар болгосон гэсэн нь хуулийн уг зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд гэрээний талуудын гүйцэтгэх үндсэн үүргийг заасан ба худалдагч тал нь хариуцагчтай тохиролцсоны дагуу эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэн өгч гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ биелүүлсэн байна. Худалдах, худалдан авах гэрээ нь зөвхөн шаардах эрх ба гүйцэтгэх үүргийн үндэслэл болдог бөгөөд худалдагч нь эд хөрөнгөө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээр худалдагчийн шаардах эрх дуусгавар болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь төлбөрөө бүрэн төлсөн нь нотлогдоогүй буюу гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад шүүх гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн гэж үзэх боломжгүй. Хариуцагчтай эртний танил байсан бөгөөд итгэсээр төлбөрөө барагдуулахыг хүлээсэн. Хариуцагчтай тааралдах болон утсаар ярих бүрт төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж ирсэн. Түүнчлэн, хариуцагчийн гаргаж өгсөн нэхэмжлэгчийн охин болох Ө.Индрагийн харилцах дансанд төлбөрийг шилжүүлж дуусгасан гэх баримтууд нь гүйлгээний утга байхгүй, зарим нь гэрээний үүргээс өөр утгатай гэх зэрэг илт худал нотлох баримт гаргаж өгсөн байхад шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзэлгүйгээр шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Т-, Д.Ө- нар нь хариуцагч Ж.У-, Г.Г-, М.З- нарт холбогдуулан автомашины үлдэгдэл төлбөр 5 050 000 төгрөг, тавилгын үнийн үлдэгдэл төлбөр 1 127 000 төгрөг, нийт 6 177 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч автомашины үнэ болон тавилгын үнийг бүгдийг нь төлж дууссан гэж маргажээ.

 

Ж.У- нь 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Ө-аас Хьюндай Аксент /Hyundai Accent/ маркийн 03-79 УБГ улсын дугаартай автомашиныг, Б.Т-өөс Исүзу Визард /Isuzu Wizard/ маркийн 85-44 УБА улсын дугаартай автомашиныг нийт 10 000 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг сар бүр 1 000 000 төгрөгөөр 10 сарын хугацаанд төлөхөөр, мөн хүүхдийн орны ком, икеа диван, номын тавиур, телевизийн тавиур зэргийг 2 000 000 төгрөгөөр худалдаж авахаар амаар харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар байгуулагдсан байна.

 

Гэрээний зүйл болох Хьюндай Аксент /Hyundai accent/ маркийн 03-79 УБГ улсын дугаартай автомашиныг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр, Исүзу Визард /Isuzu Wizard/ маркийн 85-44 УБА улсын дугаартай автомашиныг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр М.З-гийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн талаарх тээврийн хэрэгслийн лавлагаа хэрэгт авагджээ.

 

Худалдан авагч нь автомашины үнийг бүрэн төлөөгүй гэж нэхэмжлэгч нар тайлбарласан боловч өмнө дурдсан хоёр автомашиныг хариуцагч Ж.У-ийн охин М.З-гийн өмчлөлд бүртгэлийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байхаас гадна бүртгэл шилжүүлэхээс өмнө, шилжүүлэх үед төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь төлбөрийг бүрэн төлснөөр худалдан авсан хөрөнгөө хүлээн авч, албан ёсны бүртгэлээр баталгаажуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь 2013 оны тавилга, эд зүйл худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж хариуцагч нараас үлдэгдэл төлбөрийг шаардсан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гуйлтаар 2017 оны 6 дугаар сарын 09, 20-ны өдрүүдэд автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөрийн үлдэгдлийг шаардахад өгнө гэж хэлдэг байсан гэх боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 4 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацаа өнгөрсөн тул гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, төлбөр төлсөн баримт нь өөр утгатай байхад түүнийг буруу үнэлсэн гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/01402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 782 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ