Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2023/00204

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШШ2023/00605 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2023/00063 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Д” ТӨХК-д холбогдох

Хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК-ийн төлөөлөгч Ш нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-аас хариуцагч “Д” ТӨХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШШ2023/00605 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан ... улсын дугаартай, “Toyota” маркийн “Land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2023/00063 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШШ2023/000605 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

4.1.  2020.08.21-ний өдрийн №ЗГ/СС200821080-14 дугаартай “Автомашины зээлийн гэрээ”-ээр “Х” ХХК, “К” ХХК нар тохиролцон автомашин худалдан авах зориулалтаар 11,9480,000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд гэрээний 5.1-д “зээлээр худалдан авсан автомашины өмчлөх эрх нь фидуцийн гэрээний дагуу зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, автомашинтай гарсан татвар, торгууль, хураамжийн хамт бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд банкинд хадгалагдах бөгөөд зээлдэгч нь автомашиныг зөвхөн эзэмшиж, ашиглах эрхтэй байна”, 5.4-т “зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээнд тохиролцсон нөхцөл, журмын дагуу бүрэн төлж дууссанаар автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлж авах эрх үүснэ” гэж заасан байна.

Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр банкны өмчлөлд ... улсын дугаартай Тоуоtа Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр тохиролцсон байгаа бөгөөд гэрээний 5.1-т зээлдэгч нь автомашины хууль ёсны өмчлөгч байхыг тодорхойлж, 5.3-д зээлдэгч нь автомашиныг эзэмшиж ашиглах явцдаа бусдад учруулсан гэм хорыг өмчлөгчийн хувьд бие даан хариуцахаар заасан байна.

Дээрх гэрээний дагуу “К” ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд “Д” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “К” ХХК-иас шилжүүлж авах арга хэмжээний хүрээнд хариуцагч байгууллагын удирдлагын эрхийг концессын гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байхдаа “К” ХХК-ийн эзэмшиж ашиглаж байсан тээврийн хэрэгслийг хариуцагч “Д” ТӨХК хүлээн авсан, уг тээврийн хэрэгсэл компанийн хашаанд хадгалагдаж байна.

“К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Х болон “К” ХХК нарын байгуулсан автомашины зээлийн хугацаа дуусаагүй, гэрээ цуцлагдаагүй байгаа, зээлийн төлбөрөө төлөөд дууссан тохиолдолд тухайн автомашиныг “К” ХХК буцаан өмчлөлдөө авах эрхтэй” гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч Хны нэхэмжлэлийн зүйл болох тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн үндэслэл нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлсэнтэй холбоотой байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

Нэхэмжлэгч Х шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар тайлбарлаж, тодорхойлж байгаа боловч энэхүү хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 заасан өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах эрхтэй байх учиртай.

Гэтэл “Х” ХХК нь “К” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгүүлсэн хэдий ч дээрх хуульд заасан өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй, эд хөрөнгийг өмчлөх эрхгүй, зөвхөн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өмчлөгчөөр бүртгүүлсэн байдлыг үндэслэн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор зааснаас үзэхэд хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг зөвхөн бүртгэлээс хамааруулж тодорхойлох боломжгүй.

Иймд Тоуоtа Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай Хны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин “К” ХХК нь Тоуоtа Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.

4.2. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “...итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно” гэж заасны дагуу хариуцагч “Д” ТӨХК-ийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардан авах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгоогүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож буй этгээд нь итгэмжлэлээр олгогдоогүй эрхийг эдэлж, нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэжээ.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т “Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Уг итгэмжлэлүүд нь Иргэний хуулийн 64.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэж заасан.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжилж буй автомашин нь үнэлж болох эд хөрөнгө байхад эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл гэж 70,200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь бусдын хууль бус эзэмшлээс /эд хөрөнгийг бус/ тээврийн хэрэгсэл гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж улсын тэмдэгтийн 70,200 төгрөг төлсөн нь үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК-ийн төлөөлөгч Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалтад заасны дагуу гомдол гаргаж байна.

5.1. Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж буй тухайд.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж, хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсний улмаас гуравдагч этгээд нь автомашиныг зээлээр авсан боловч бодитоор эзэмшиж, ашиглаж чадахгүйд хүргэсэн нь бусдын хууль бус эзэмшлийг хамгаалсан шийдвэр боллоо.

Тодруулбал, “К” ХХК нь маргаан бүхий автомашиныг зээлээр худалдан авч, үүргийн гүйцэтгэл хангах Фидуцийн гэрээ байгуулах замаар автомашины өмчлөх эрхийг тус гэрээний дагуу Худалдаа, хөгжлийн банкинд шилжүүлсэн болно. Улмаар автомашинаа зээлийн хугацаанд эзэмших, ашиглах эрхтэй боловч огт хамааралгүй хариуцагч “Д” ТӨХК автомашиныг ямар нэг хууль зүйн үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласаар байна. Зүйрлэвэл: Иргэн “А” банкнаас зээл авч автомашин авсан боловч Төрийн өмчит компани дур зоргоор авирлан ямар нэг шийдвэргүйгээр машиныг нь өгөхгүй байгаа хэрэг юм.

5.2. Хариуцагчаас ирүүлсэн итгэмжлэлийг анхан шатны шүүх хуульд нийцсэн гэж дүгнэсэн бол давж заалдах шүүх хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд.

Хариуцагч “Д” ТӨХК нь хуулийн этгээд тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэхээр Цт 2 жилийн хугацаагаар нэхэмжлэлд хариу тайлбар гаргах, хариу тайлбарын өргөдөлд гарын үсэг зурах, нэхэмжлэлийг эс зөвшөөрөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдол, тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, хуулбарлан авах, анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох, хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлт, гомдлыг хэлэлцэх хуралдаанд оролцох, үг хэлэх, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, хяналтын шатны тогтоолыг гардаж авах, тэдгээрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах ... зэрэг эрхийг олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл гардаж авсныг давж заалдах шатны шүүх буруутгаж, ноцтой зөрчил гаргасан хэмээн дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан нь ИХШХШтХ-ийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 болон 72 дугаар зүйлийн 72.1-д заасанд нийцнэ. Мөн ИХШХШтХ-ийн 36.2-т “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж заасан бөгөөд итгэмжлэлд “нэхэмжлэл гардаж авах”-ыг эдлүүлэхгүй байхаар заагаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь нэхэмжлэлийг хариуцагч гардаж авах ёсгүй байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу байсан мэт хэтэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болжээ.

5.3. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны агуулгыг зөрүүтэй үнэлж дүгнэсэн тухайд.

Нэхэмжлэлийн шаардлага нь “бусдын хууль бус эзэмшлээс автомашиныг чөлөөлүүлэх” агуулгатай атал давж заалдах шатны шүүх “автомашины өмчлөх эрх”-ийг шаардаж буй мэтээр зөрүүтэй дүгнэжээ.

Талууд автомашины өмчлөх эрхийн талаар огт маргаагүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлага”-ыг тодруулан шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх “автомашины өмчлөх эрх”-ийг шаардсан мэт нэхэмжлэлийг буруу үнэлэн улсын тэмдэгтийн хураамж буруу төлсөн, нэхэмжлэлдээ автомашины улсын дугаарыг УБЗ, УНЗ гэж 2 өөрөөр бичсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус гэж үзэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь 1 ширхэг машиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч, шүүх хуралдааны явцад засах боломжтой үсгийн зөрүүг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээх боломжгүй ноцтой зөрчил гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

5.4. Анхан шатны шүүхийн биелүүлэх боломжгүй ажиллагааг давж заалдах шатны шүүх шаардаж, буруутгасан тухайд.

Гуравдагч этгээд нь 2 итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд 1 итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон. Давж заалдах шатны шүүх “...итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй байх тул хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” дүгнэжээ. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд очоогүй, оролцоогүй хүнд шүүх эрх, үүргийг тайлбарлах боломжгүй.

Харин давж заалдах шатны шүүх хуралд оролцох үед гуравдагч этгээдийн 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож, шүүх хуралдаан даргалагч эрх, үүргийг тайлбарлах ажиллагааг явуулсан байдаг. Магадлалыг уншиж сонсгохдоо болон шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй төлөөлөгчид эрх, үүргийг тайлбарлаагүй гэх асуудал огт дурдагдаагүй билээ.

5.5. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд.

Монгол Улсын дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн 18 дугаар “Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 1, 2 дугаар дэд бүлгүүдийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.1-т “Энэ зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ “аливаа халдлагаас хамгаалах эрх”-ээ эрх бүхий байгууллагад хандах замаар, эсхүл өөрийн шаардлага болон үйлдлээр тус тус хэрэгжүүлнэ.” гэж тайлбарласныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Мөн Фидуцийн гэрээгээр өмчлөх эрх олж авах ёсгүй мэт дүгнэж Иргэний хуулийн 111.1, 235.1-т заасныг зөрчин, Иргэний хуулийн 101.1, 101.5, 106.1-д заасныг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн.

Улсын дээд шүүхийн тус тайлбарын 3-т “Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах” нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарна. Харин хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар хууль ёсны эзэмшлээс өмчлөгч ч эд хөрөнгө шаардах эрхгүй.” гэсэн бөгөөд хариуцагчийн автомашиныг эзэмшиж, ашиглаж буй үйлдлийг “хууль бус эзэмшил” мөн эсэхийг дүгнэх байтал нэхэмжлэлийн шаардлагыг буруу үнэлэн дүгнэсний улмаас Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэжээ.

Иймд ИХШХШтХ-ийн 176.2.3 дахь заалтад заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК-ийн төлөөлөгч Ш нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.10.05-ны өдрийн 001/ШХТ2023/01047 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч “Д” ТӨХК-д холбогдуулан ... улсын дугаартай Тоёота маркийн Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...“Д” ТӨХК нь “К” ХХК-ийн эзэмшилд байсан хөрөнгийг хураах явцдаа тус банкны өмчлөлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авсан. Энэ нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн тул өөрийн өмчлөлийн хөрөнгийг гаргуулах тухай 2022.11.30-ны өдрийн 5/11831 дугаартай албан шаардлага гаргасан боловч “Д” ТӨХК нь өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Иймд тус банкны өмчлөлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг / Тоёота маркийн Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн эд анги, гэрчилгээ, түлхүүрийн хамт/ “Д” ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч “Д” ТӨХК шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Манай компани ... улсын дугаартай Тоёота маркийн Ланд крузер 200 маркийн авто машиныг хууль бусаар эзэмшээгүй. ...Нэхэмжлэгчид тухайн автомашиныг өмчлөх эрх үүссэн Автомашины зээлийн гэрээ 2025 оны 08-р сард дуусах ёстой. Үүргийн зөрчил үүсээгүй, ...Фидуцийн гэрээний 2.1, 4.1.3, 4.1.4, 4.1.2 заалт, авто машины зээлийн гэрээний 6.1.12-т тус тус зааснаар нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргаж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК тайлбартаа: “...тус нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар гуравдагч этгээд “К” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй болно. ...Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа, холбогдох бусад баримтаар маргааны зүйл болох ... улсын дугаартай автомашины өмчлөгч “Х” ХХК болох нь нотлогдох тул өмчлөх эрхийн хувьд гуравдагч этгээдийн зүгээс маргаангүй. “Х” ХХК нь автомашины өмчлөх эрхийг Фидуцийн гэрээгээр шударгаар олж авсан тул Иргэний хуулийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өмчлөгчийн хувиар бие даан шаардах эрхтэй. Иймд “Д” ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс маргааны зүйлийг чөлөөлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэлийн зүйл болох тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн үндэслэл нь  Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлсэнтэй холбоотой байна. ...нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхээ тодорхойлж байгаа боловч энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгч ...байх учиртай, ...нэхэмжлэгчийг тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, ...дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй...” гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

10. Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

11. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо давж заалдах шатны шүүх дараах зөрчлийг үндэслэл болгожээ. Үүнд:

11.1. “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан боловч тус итгэмжлэлд “нэхэмжлэлийн хувийг гардан авах эрх”-ийг олгоогүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц нэхэмжлэлийг гардан авсан нь итгэмжлэлээр олгоогүй эрхийг эдэлсэн, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно, 64 дүгээр зүйлийн 64.2-т бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах шаардлагуудыг зохицуулсан байна.

Зохигч итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх итгэмжлэлтэй холбогдуулан шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Тухайлбал, хариуцагч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч хуулийн этгээдийг төлөөлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар Цт 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх ба тус итгэмжлэлд “...төлөөлөгч нь нэхэмжлэлд хариу тайлбар гаргах, хариу тайлбарт гарын үсэг зурах, нэхэмжлэлийг эс зөвшөөрөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдол, тайлбар гаргах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хариуцагчийн эдлэх бүхий л эрхийг дурдсан байна.

Энэхүү итгэмжлэлийн агуулга нь нэхэмжлэгч “Х” ХХК-иас хариуцагч “Д” ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэсэнтэй холбоотой хариуцагч “Д” ТӨХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байх ба уг нэхэмжлэл нь нэхэмжлэлийг гардан авахаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүхий л эрхийг олгосон гэж ойлгогдоно.

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг хүлээн авч, хариу тайлбарыг ирүүлсэн, анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан оролцсон, энэ хугацаанд төлөөлүүлэгчээс төлөөлөгчид итгэмжлэлээр олгосон эрхтэй холбогдуулан ямар нэг гомдол гаргаагүй байхад “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээр олгоогүй эрхийг эдэлж, нэхэмжлэлийн хувийг гардаж авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан...” гэж үзсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт логик дараалалгүй, үндэслэлгүй болжээ.

11.2. Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэж заасан байхад нэхэмжлэгч нь үнэлж болох эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийг үнэлэх боломжгүй нэхэмжлэл гэж 70,200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байна, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэл нь өмчлөгч өөрийн эд хөрөнгө өмчлөх зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардаж буй үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй байна.

Нөгөө талаар улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байсан ч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй, аль ч шатны шүүх уг зөрчлийг залруулах боломжтой.

11.3. Түүнчлэн маргааны зүйл нь Тоёото маркийн Ланд круйзер 200 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх тул хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хариу тайлбар, тоот, хүсэлт зэрэгт тээврийн хэрэгслийн серийн дугаарыг УНЗ, УБЗ гэж 2 өөрөөр бичсэн нь техникийн шинжтэй алдаа байна.

Иймд нэхэмжлэгч ямар тээврийн хэрэгсэл гаргуулахаар шаардаж байгааг тодруулах шаардлагатай гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

11.4. “...Хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Тамир, Н.Энхтэмүүлэн нар оролцсон байхад Н.Энхтэмүүлэнд хууль заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн...” гэжээ.

Шүүх 2023.04.26-ны өдөр “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тамирт хэргийн оролцогчийн эрх үүргийг танилцуулж, тайлбарласан болох нь хэргийн 18, 19 дүгээр талд авагдсан Баримт №5 баримтаар нотлогдсон байна, М.Тамир, Н.Энхтэмүүлэн нар нь нэг хуулийн этгээдийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй ашиг нэг сонирхолтой этгээд тул шүүх төлөөлөгч тус бүрт тэдгээрийн эрх үүргийг танилцуулах шаардлагагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэн нэгэнд танилцуулсан нь хуулийн этгээдэд эрх үүргийг танилцуулсан гэж үзнэ.

Иймд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-д түүний эрх үүргийг танилцуулаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

12. Дээр дурдснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.

13. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2023/00063 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Д” ТӨХК-аас 2023.07.19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК-аас 2023.07.20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД