Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2024/00003

 

“Худалдаа хөгжийн банк” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  05 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШШ2023/000605 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д холбогдох,

Гуравдагч этгээд: “Кью Эс Си” ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдтэй

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Шижир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхдэлгэр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхдэлгэр /цахимаар/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тамир /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Тус банкны өмчлөлийн 74-71 УБЗ улсын дугаартай тоёота маркийн Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгслийг “Кью Эс Си” ХХК ашиглаж байсан. Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаартай тогтоолоор Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью Эс Си” ХХК-ийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг цуцалсан. Уг шийдвэрийн дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон компанийн хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-иас шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн.

Гэтэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь “Кью Эс Си” ХХК-ийн эзэмшилд байсан хөрөнгийг хураах явцдаа тус банкны өмчлөлийн 74-71 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авсан.

Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар тус банкны өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглах, захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчсөн тул өмчлөлийн хөрөнгийг гаргуулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/11831 дугаартай албан шаардлага гаргасан боловч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу тус банкны өмчлөлийн 7471 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг / тоёота маркийн Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн эд анги, гэрчилгээ, түлхүүрийн хамт/ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани 7471 УБЗ улсын дугаартай Land cruiser 200 маркийн авто машиныг хууль бусаар эзэмшээгүй. Төрийн өмчит компаниас шилжүүлж авсан машин. Уг машин манай компанийн хашаанд байсан. “Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д их хэмжээний өртэй. Ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байж магадгүй. Авто машины зээлийн гэрээ 2025 оны 08 дугаар сард дуусах ёстой. Үүргийн зөрчил үүсээгүй байхад Худалдаа хөгжлийн банк шаардах эрхгүй байна. Фидуцийн гэрээний 2.1, 4.1.3, 4.1.4, 4.1.2 заалт, авто машины зээлийн гэрээний 6.1.12-т тус тус зааснаар нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг шаардах эрхгүй байна. Тухайн машиныг манайх хууль бусаар эзэмшээгүй гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

...нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК /банк/ нь өөрийн өмчлөлийн 7471 УБЗ улсын дугаартай, Тоёота Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар гуравдагч этгээд “Кью Эс Си” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй болно.

Тухайн маргааны зүйл болох автомашин нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т заасан хөдлөх эд хөрөнгө ба бусад хөдлөх хөрөнгүүдээс онцлогтой нь эрх бүхий байгууллагад өмчлөх эрх нь бүртгэгдэж, гэрчилгээгээр баталгааждаг билээ. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа, холбогдох бусад баримтаар маргааны зүйл болох 7471 УБЗ улсын дугаартай автомашины өмчлөх эрх нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийнх болох нь нотлогдох тул өмчлөх эрхийн хувьд гуравдагч этгээдийн зүгээс маргаангүй.

“Кью Эс Си” ХХК нь тухайн автомашиныг 2020 оны 08 сарын 21-ний өдөр №ЗГ/СС200821050-14 дугаартай “Автомашины зээлийн гэрээ”-ээр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний 5.1-д Зээлээр худалдан авсан автомашины өмчлөх эрх нь фидуцийн гэрээний дагуу зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, автомашинтай холбоотой гарсан татвар, торгууль, хураамжийн хамт бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд банканд хадгалагдах бөгөөд зээлдэгч нь автомашиныг зөвхөн эзэмших, ашиглах эрхтэй байна гэж заасны дагуу талуудын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдрийн №Ф/СС200821050-14-54 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци) байгуулагдсан.

Иргэний хуулийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу “Кью Эс Си” ХХК нь Худалдаа хөгжлийн банкнаас автомашины өмчлөх эрхийг фидуцийн гэрээгээр шилжүүлсэн болно.

“Худалдаа хөгжлийн банк” ХХК нь автомашины өмчлөх эрхийг Фидуцийн гэрээгээр шударгаар олж авсан тул Иргэний хуулийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өмчлөгчийн хувиар бие даасан шаардах эрхтэй. Иймд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс маргааны зүйлийг чөлөөлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан 74-71 УБЗ улсын дугаартай, Toyota маркийн Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.а. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Шижир давж заалдах гомдолдоо:

             Шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан гэрээнд хариуцагч талын байр сууринаас нэг талын дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хүрээнд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт хийн Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчмуудыг зөрчсөнд гомдолтой байна.

            Фидуцийн гэрээний 4.1.5-д “Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зөрчигдөөгүй байгаа боловч зээлдэгч нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасан холбогдох үүргээ биелүүлээгүй байна гэж банк үзвэл зээлийн гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран автомашиныг хадгалалт, хамгаалалтад үл маргах журмаар шилжүүлэн авах эрхтэй” гэж заасан эрхийн хүрээнд гэрээний хугацаа дуустал өмчлөлийн зүйлээ банк хадгалалт, хамгаалалтдаа шилжүүлэн авах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Гэтэл шүүх шийдвэрээрээ нэхэмжлэгч талын уг эрхийг хэрхэн үгүйсгэж буйгаа тайлбарлаагүй. Мөн фидуцийн зүйл нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хууль бус эзэмшилд байгаа нөхцөлд банк өмчлөлийн зүйлдээ хамгаалалт тогтоох зорилгоор хууль бус эзэмшлээс шаардах эрх нь нээлттэй болох, гуравдагч этгээд фидуцийн гэрээний дагуу автомашиныг эзэмших, ашиглах эрх нь давхар хөндөгдөж байгаа болохыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож дүгнээгүй.

Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн байр суурьтай хэрэгт оролцсон нь банкны өмнө хүлээх Фидуцийн гэрээний үүрэг хэрэгжихэд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК автомашиныг хууль бус эзэмшилдээ байлган саад учруулсан, гуравдагч этгээдийн эзэмших, ашиглах эрхийг давхар хөндсөн тул автомашины чанар байдал муудах, устах, гэмтэх зэрэг хууль бус эзэмшлээс үүсэж болзошгүй төлбөр, эрсдэлийг хариуцахаас сэргийлэх байр суурь юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл хангагдсанаар тус банк хөрөнгийг фидуцийн хугацаанд эзэмшин хадгалж, өмчлөлийн зүйлээ хамгаалах нь “Кью Эс Си” ХХК-ийн эрхийг зөрчихгүй талаар тайлбар, байр суурийг хангалттай тодорхой илэрхийлсэн. Гэтэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хууль бус эзэмшлийг хамгаалсан, гуравдагч этгээдийн хувьд фидуцийн гэрээний эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Маргаан бүхий шүүхийн шийдвэрээр Фидуцийн гэрээнд заасан эрх, үүрэг, гуравдагч этгээдийн тайлбар, байр суурь, зөрчигдөж буй эрх, хөрөнгийн хууль бус эзэмшил, ашиглалтын талаар дүгнэлт өгөөгүй атлаа Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэт явцуу хүрээнд тайлбарласан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Тухайлбал: шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 9-д “ ... Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар тайлбарлаж, тодорхойлж байгаа боловч энэхүү хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасан өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байх учиртай” гэж дүгнэсэн нь өмчлөх эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт биш байна.      

            Шүүх дээрх шаардах эрхийн урьдчилсан нөхцлийн зөвхөн эхний өмчлөгч байх нөхцлийг дүгнэсэн. Ингэхдээ хуульд заагаагүй тайлбар, дүгнэлт хийж өмчлөх эрхийг зөвхөн бүртгэлээс хамааруулж ойлгохгүй мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Автомашины бүртгэл бол өмчлөх эрхийг баталгаажуулах хуульд заасан үйл ажиллагаа, өмчлөх эрх нэгэнт шилжсэн, гуравдагч этгээд буцаан шилжүүлж аваагүй болохыг огт харгалзан үзээгүй нь үндэслэлгүй юм.

            Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 10-д Иргэний хуулийн §111.1-д заасан “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан зохицуулалтыг үндэслэн "...хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг зөвхөн бүртгэлээс хамааруулж тодорхойлох боломжгүй байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт байна.

            Мөн хариуцагчийн хууль бус эзэмшлийн асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй. Хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь маргааны зүйл болох автомашины өмчлөх эрхийг эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрээр битүүмжилсэн гэж маргадаг ч хөрөнгө битүүмжилсэн аливаа шийдвэр огт байхгүй, тийм шийдвэр гарч байгаагүй учраас хэрэгт баримт авагдаагүй ба татгалзлын үндэслэлээ нотлоогүй. Улмаар бусдын өмчийн эд хөрөнгийг дур мэдэн эзэмшилдээ байлгах нь хууль бус атал анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган хариуцагчийн хууль бус эзэмшлээс маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг чөлөөлж өгнө үү гэжээ.

            5.б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхдэлгэр давж заалдах гомдолдоо:

Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн “Кью эс си” ХХК-иас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг буцаан шилжүүлэн авахдаа тус асуудалд огт хамааралгүй гуравдагч этгээд болох “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн өмчлөлийн автомашиныг хураан авсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй тул банк өмчлөлийн хөрөнгөө “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцдог.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар, татгалзлын үндэслэл, түүний нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба зөвхөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбар гаргасан бөгөөд өөрсдийн татгалзлын үндэслэл нотлох баримт огт гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд гомдолтой байна.

Шүүхээс нэхэмжлэгч болох Худалдаа, хөгжлийн банк нь шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар тайлбарлаж, тодорхойлохын тулд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасан өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байх учиртай ба нэхэмжлэгч талд тийм эрх байхгүй байна гэж дүгнэж байгаа нь хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж буй тод жишээ юм.

Мөн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнээгүй. Шүүх зөвхөн хариуцагчийн шүүх хуралдааны явцад гаргасан “тухайн автомашиныг эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрээр битүүмжилсэн байгаа, мөн тухайн тээврийн хэрэгсэл Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлийн хөрөнгө биш” гэсэн тайлбарыг үндэслэн, тухайн тээврийн хэрэгслийг банкны өмчлөлийн хөрөнгө биш гэж үзсэн. Мөн хариуцагч энэхүү тайлбараа өөр нотолгооны хэрэгслээр нотлоогүй, маргаан бүхий 74-71 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авах тухай шийдвэрийг шүүхэд гаргаж өгөөгүй байхад дүгнэсэн.

Мөн түүнчлэн Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаартай “Концессын гэрээ цуцлах тухай” тогтоолын дагуу Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн концесс эзэмшигч “Кью эс си” ХХК-тай 2014 оны 04 сарын 04-ний өдөр байгуулсан концессын гэрээг цуцалж, үүнтэй холбоотойгоор ““Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си” ХХК-иас шилжүүлэн авах арга хэмжээний хүрээнд хариуцагч байгууллагын удирдлагын эрхийг концессын гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байхдаа “Кью эс си” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байсан маргаан бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК хүлээн авсан, тус тээврийн хэрэгсэл компанийн хашаанд байгаа болох нь хэрэгт авагдсан автомашин хүлээлгэн өгсөн акт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал  “Кью эс си” ХХК-ийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас шилжүүлэн авсан хөрөнгө мөн эсэх болон “Кью эс си” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө эсэхийг дүгнээгүй, Засгийн газрын шийдвэрээр тус банкны хөрөнгийг хураан авах тухай шийдвэрлэсэн эсэхийг нотлох баримт болон хариуцагчийн татгалзал бүхий тайлбар зэрэгт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхдэлгэр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Шижир нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

3. Нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д холбогдуулан 74-71 УБЗ улсын дугаартай, Toyota маркийн Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь тухайн автомашиныг эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрээр битүүмжилсэн байгаа, мөн тухайн тээврийн хэрэгсэл Худалдаа хөгжлийн банкны өмчлөлийн хөрөнгө биш гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

4. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаагаар 74-71 УБЗ улсын дугаартай, Toyota маркын Land cruiser 200 загварын тээврийн хэрэгсэл нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн эзэмшилд, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Кью Эс Си” ХХК-ийн эзэмшилд, мөн өдрөө “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн эзэмшилд тус тус шилжин бүртгэгдсэн байна. /хэргийн 36, 87-88, 103-109/

5. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/СС200821050-14 дугаартай “Автомашины зээлийн гэрээ”-ээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Кью Эс Си” ХХК нь нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай тохиролцон автомашин худалдан авах зориулалтаар 119,480,000 төгрөгийн зээлийг авчээ. /хавтаст хэргийн 112-117/

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаартай Концессын гэрээ цуцлах тухай тогтоолын дагуу Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн концесс эзэмшигч “Кью Эс Си”  ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан концессын гэрээг цуцалж, үүнтэй холбоотойгоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-иас шилжүүлж авах арга хэмжээний хүрээнд хариуцагч байгууллагын удирдлагын эрхийг концессын гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байхдаа “Кью Эс Си” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байсан маргаан бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК хүлээн авсан байна. /хавтаст хэргийн 35/

6. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 123 тоот тогтоолын дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-иас буцаан шилжүүлж авахаар шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолын 3.2-т “...хөрөнгийн тооллого хийж, компанийн хөрөнгийг төрийн өмчид бүртгэх ажлыг зохион байгуулах”-ыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтэс, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэжээ. / хавтаст хэргийн 86/

Уг тогтоолын дагуу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Автотээврийн албанд харьяалагдаж байсан тээврийн хэрэгслийн тооллого явагдсан бөгөөд уг тооллогод маргаж буй 74-71 УБЗ улсын дугаартай, Toyota маркын Land cruiser 200 загварын тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. / хавтаст хэргийн 55-56/

Гэвч маргаж буй тухайн тээврийн хэрэгслийг төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн өмчид бүртгэсэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь ямар шийдвэрийн үндсэн дээр өөрийн эзэмшилд байлгаж байгаа нь тодорхойгүй байна.

7. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/СС200821050-14 дугаартай “Автомашины зээлийн гэрээ”-ний хавсралтад заасны дагуу зээлдэгч этгээд болох “Кью Эс Си” ХХК нь улирал тутамд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байгаа, хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь зээлийн төлбөрт ямар нэгэн төлбөр шилжүүлээгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан.

“Автомашины зээлийн гэрээ”-ний 5.1-д: Зээлээр худалдан авсан автомашины өмчлөх эрх нь фидуцийн гэрээний дагуу зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, автомашинтай холбоотой гарсан татвар, торгууль, хураамжийн хамт бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд банкинд хадгалагдах бөгөөд зээлдэгч нь автомашиныг зөвхөн эзэмших, ашиглах эрхтэй байна” гэж заасан бөгөөд зээлдэгч нь гэрээний дагуу тухайн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа бөгөөд хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь эрх бүхий байгууллагын ямар шийдвэрийн үндсэн дээр өөрийн эзэмшилд байлгаж байгаа нь тодорхойгүй байх тул эзэмших эрхгүй этгээд гэж үзнэ.

   8.Нэхэмжлэлийн зүйл болох 74-71 УБЗ улсын дугаартай, Toyota маркын Land cruiser 200 загварын тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк”-ны өмчлөлд бүртгэгдсэн үндэслэл нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлсэнтэй холбоотой байх боловч нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлдэгч буюу бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд болох Кью Эс Си” ХХК-ийг тухайн автомашиныг эзэмших, ашиглах эрхээр хангах үүрэгтэй.

   Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк” ХХК нь фидуцийн гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлд хүлээн авсан хөрөнгийнхөө бүрэн бүтэн байдалд хяналт тавих, хууль бус халдлагаас хамгаалах эрхтэй, мөн зээлдэгч  этгээд болох Кью Эс Си” ХХК-ийг тухайн автомашиныг эзэмших, ашиглах эрхээр хангах үүрэгтэй тул энэхүү үүргээ хэрэгжүүлэхийн тулд хариуцагчийн хууль бус эзэмшлээс тухайн хөрөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

   9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр 74-71 УБЗ улсын дугаартай, Toyota маркийн Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг хариуцагч “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  05 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШШ2023/000605 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т ыг баримтлан 74-71 УБЗ улсын дугаартай, Toyota маркийн Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т ыг баримтлан 74-71 УБЗ улсын дугаартай, Toyota маркийн Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг хариуцагч “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, “Худалдаа хөгжлийн банк ХХК”-д олгосугай” гэж,

   2 дахь заалтын

   “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг

   “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк ХХК”-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк ХХК-иас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Кью Эс Си” ХХК-иас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар гаргуулж буцаан олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.АМАРСАНАА

                                        ШҮҮГЧИД                           Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                         Я.ТУУЛ