Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 0096

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч О.Амарсайхан, Б.Идэрбат

Шүүгдэгч Д.Болормаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Болормаад холбогдох 201614000266 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Сэрэх дуудлага “ТББ-д удирдах зөвлөлийн дарга” ажилтай, ам бүл 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян Өндөр сумын Оюут багийн 2-23-32 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Дархан овогт Даваадоржийн Болормаа, /РД: ФМ70010526/

 

Шүүгдэгч Д.Болормаа нь гадаад худалдаа, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Конпиг” ХХК-ийн Орхон аймаг дахь гэрээт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 02 дугаар сарын 21-ээс 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орлогын мөнгөнөөс 12.258.000 төгрөгийг хувьдаа завшиж Б.Идэрбатад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, мөн 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-ны хооронд иргэн О.Амарсайханы Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багт байрлах Хур төвийн зочид буудалд хонохдоо хадгалуулсан 1.800.000 төгрөгийг өгөлгүй хувьдаа завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.Болормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Орхон аймгийн багуудад байх бүх дэлгүүрүүдэд “Конпиг” ХХК-наас өгсөн кассын машины сурталчилгааны материалыг олшруулж гаргасан. Мөн мэдээллийн биржид кассын машин зарах зараа явуулж байсан. Бас Булган аймаг руу 4 удаа явж дэлгүүрүүдэд кассын машин аваачиж өгч байсан. “Конпиг” ХХК-наас 20 машин авснаас 16 нь зарагдаад үлдсэнийг нь Идэрбат аваад явсан. Ер нь бол эдгээр кассын машиныг дэлгүүрүүдэд тараах, мөн доголдол гарвал очиж ажиллах, орон нутгийн автобусаар явуулсан кассын машиныг хүлээж авах зэрэгт өөрөөсөө зарцуулж байсан. Бас сурталчилгааг олшруулж тараах, Булган руу 2-3 удаа явсан зэргийн зардлыг Ганаа бид 2 өөрөөсөө гаргаж байсан. 16 ширхэг кассын машины төлбөр 17.440.00 төгрөг болж байгаа. Үүнээс Идэрбат руу шилжүүлж байгаад одоо үлдэгдэл 12.258.000 болж байсан. Үүнийгээ шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан. Өөрөөсөө 1.101.645 төгрөгийг гаргасан байсан. Энэ кассын машиныг дэлгүүрүүдэд зээлээр өгдөг байсан. Дэлгүүрүүдтэй байгуулж байгаа гэрээн дээр “Конпиг” ХХК-наас данс байдаггүй. Идэрбатын хувийн данс байдаг байсан. Кассын машины төлбөрийг дэлгүүрүүдээс аваад би өөрийн өрөндөө өгч байсан. “Конпиг” ХХК надтай хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж байгаад байгуулаагүй. Би хөдөлмөрийн гэрээ удаа дараа нэхэмжилж байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Амарсайханаас 1.800.000 төгрөг авсан үйлдэл дээр маргах зүйлгүй. Амарсайханаас авсан мөнгөө хувьдаа зарцуулсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Манай дүү Номио төрөлхийн чихний битүүрэлтэй, Солонгосд хагалгаа хийлгэх шаардлагатай болоод мөнгөний эрэлд гарсан. Тэгээд эмчилгээний зардалд нилээн мөнгө зарцуулсан гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Идэрбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай компани Е баримтын кассын машиныг худалдан борлуулах гэрээг татварын ерөнхий газартай байгуулж Орхон, Булган аймагт ирж 2 хоног борлуулалт хийсэн. Энэ үед Булган аймгаас хүмүүс ирж байсан. Ингээд хэд хоногийн дараа Болормаа гэдэг хүн ярьж өөрийгөө Эрдэнэт хотын бизнесийн төлөөлөл байна гэж ярьсан. Ингээд цагаан сарын дараа дахин ярьж манай аймагт ирж борлуулалтаа хийгээч энд үнэгүй байр байна гэж хэлсэн. Над руу хэд хэдэн удаа ярьсан. Ингээд бид ирж уулзаад машины үнийг буулган 1.090.00 төгрөгөөр тохирч үүнээс 40.000 төгрөгийг нь Болормаад өгөхөөр тохирсон. Болормаагийн ярьж байгаа гарын авлага тараасан гэдэг нь худлаа байх. Бид хүмүүстэй уулзахад энэ талаар мэдэхгүй байсан. 6.620.000 төгрөгийг миний данс руу хийсэн. 6.750.00 төгрөгийн бараа буцаасан. Үлдэгдэл 12.900.000 төгрөг байснаас 320.000 төгрөгийг Ганаад өгсөн гэдгийг хассан. Булган руу 1 удаа явсан зардал 50.000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэтийн замын зардал 110.000 төгрөг, хаилцагч нарт хүргэх зардал 42.000 төгрөгийг тус тус хасч үлдэгдэл 12.258.000 төгрөг болж байсан. Үүнийг сая шүүх хуралдааны өмнө өглөө. Энэ шүүх хуралд нийт 13 удаа ирж, 1 удаагийн ирж очих зардлыг 50 литр бинзен буюу 76.500 төгрөгөөр тооцоход 1.071.000 төгрөг, 12.258.000 төгрөгний хүүг арилжааны банкны хамгийн бага хүү 0.6 хувиар 2016 оны 04 дүгээр сарын 27-наас 2017 оны 04 дүгээр сарын 11-нийг хүртэл 11 сараар тооцож 809.028 төгрөг, нийт 1.880.028 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Болормаа манай компаний гэрээт борлуулагч гэж хэлж байсан. Энэ хүний үүрэг бол барааг автобуснаас аваад харилцагчид хүргэж өгөх үүрэгтэй. Би Болормаатай тохирсон борлуулалтын орлогын 40.000 төгрөг гэж тооцож 420.000 төгрөгийг Гантулгад өгсөн. Болормаа нь 28 харилцагчаас авсан мөнгийг бүрэн хуримтлагдаагүй урьдчилгаа гэж дутуу тушааж байсан. Манай компани их хэмжээгээр мөнгө зээлдүүлэх чадамжтай компани биш. Хадгаламжийн хүүг заавал авна гэхгүй. Харин замын зардлаа авахыг хүсч байна. Ялын хувьд өөрөө гэмшиж байвал заавал хорих ял авахуулахыг хүсэхгүй байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч О.Амарсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 15:00 цагийн үед найзын хамт Хур буудалд орж хоносон. Буудалд орохдоо би 2.000.000 төгрөгтэй ороод 200.000 төгрөгийг өөртөө үлдээгээд буудлын ресепшин Болормаа гэж эгч болон өөр нэг ажилтан эмэгтэй байхад 1.800.000 төгрөг хадгалуулахаар хүлээлгэн өгч бичгийн цаасан дээр гарын үсэг зурж өгсөн. Маргааш нь би ганцаараа өрөөндөө үлдсэн байж байгаад 10:00-11:00 цагийн үед буудлаас гарах гээд Болормаа гэж ресепшинээс мөнгөө авах гэхэд чи согтуу байна, эрүүл болж ирээд аваарай гэж хэлсэн. Би тэнд байж байхдаа эхнэр Мөнхцэцэг рүү ресепшины утсаар ярьсан. Тэгээд гэртээ очоод эхнэрт буудалд мөнгө хадгалуулсан гэдгээ хэлсэн чинь манай нагац ах Хуяг-Очиртой хамт Хур буудал дээр очсон байсан. Тэгсэн Болормаа нь би чамайг эхнэр нь гэдгийг яаж мэдэх юм, нөхрийгөө эрүүл болохоор ирээд ав гэж хэлээд явуулсан байсан. Манай эхнэр Болормаа гээд ресепшинд гар утсан дээрх хамт авахуулсан зургаа үзүүлээд байхад мөнгийг өгөөгүй байсан. Харин сүүлд буудалд байж байх хугацаандаа хадгалуулсан гар утас, монетон бөгж хоёрыг өгч явуулсан байсан. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Мөнхцэцэгийн хамт очиход буудлынх нь захирал гээд хүн ирсэн байна, мөнгө төгрөг авч хадгалахаар уурлаад байдаг юм түр хүлээж бай гэхээр нь гадаа гарч хүлээсэн. Би хүлээж байгаад ажилтай байсан болохоор түрүүлээд явсан. Эхнэр Мөнхцэцэг үлдэж хүлээж байгаад бас цайны цаг нь дуусаад явсан байсан. Орой нь эхнэрийг дахиад очиход нь баарны сейфэнд хадгалуулсан байгаа, бармен хүүхэн нь ирэхгүй байна гээд өгөөгүй байсан. Тэгээд маргааш нь очиж авахаар болоод манай эхнэр явсан байсан. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөө манай эхнэр рүү яриад ажил дээр нь аваачаад өгье гэж байгаад ирэхгүй болохоор нь манай эхнэр Болормаатай ярьж байгаад цайныхаа цагаар Танил зах дээр уулзсан байсан. Тэгээд цайны цаг нь өнгөрөх гээд байхаар нь намайг дуудаж уулзуулчаад ажилдаа явсан. Тэгэхэд Болормаа Приүс машин авч байгаа гээд Танил зах дээр байж байсан. Дугуйг нь солих гээд хүн аваад явчлаа, машиндаа цүнхээ үлдээсэн гэж байсан. Тэгээд хүлээгээд ирэхгүй байсан чинь Болормаа шүүх дээр хүнтэй уулзаад бичиг авна, араас машин хүрээд ирнэ гээд надтай хамт шүүх орсон. Шүүх дээр ирсэн хойно Болормаа нь орж гараад байгаад байсан. Намайг шүүх дээр байж байхад манай эхнэр ирээд бид хоёр хамт Шүүхийн гадаа хүлээж байсан чинь Болормаа нь алга болсон. Тэгээд Хур төв дээр ирж гэрийн хаягийг нь аваад гэрт нь очсон боловч хүнгүй байсан. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/,

 

-Гэрч Ю.Ариунбуянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...манай дэлгүүртэй бараа бүтээгдэхүүн зээлээр олгох гэрээ байгуулсан ч надад нэг хувийг өгөөгүй, тамга даруулж өгнө гээд явсан боловч авчирч өгөөгүй. Би 2016 оны 02 сарын 23-ны өдөр урьдчилгаа 500.000 төгрөг бэлнээр, 2016 оны 04 сарын 01-ний өдөр үлдэгдэл мөнгөнөөс 200.000 төгрөг бэлнээр Болормаа гэх эмэгтэйд өгсөн. Мөн жи-мобайлын модем 85.000 төгрөгөөр бэлнээр худалдаж авсан. Бэлнээр мөнгө өгөхдөө би өөртөө ямар нэгэн баримт үйлдэж аваагүй, гэвч гэрээ дээр 500.000 төгрөг төлсөн тухай бичигдсэн байгаа бөгөөд зээл төлөх тухай баримт дээр 200.000 төгрөг өгсөн гэж бичиж тэмдэглэсэн байгаа, би дансаар нэгч төгрөг төлөөгүй, надад ямар нэгэн дансны дугаар өгөөгүй, Болормаа гэх эмэгтэй байнга л утсаар мөнгөө нэхдэг байсан. Одоо манай дэлгүүр уг комданид 390.000 төгрөгний үлдэгдэл төлнө гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,

 

-Гэрч Ц.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...манай “Дөлгөөн хонгор” компаний хүнсний мини маркет Цагаан чулуут багт үйл ажиллагаа юм. 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Конпинг компаний кассын машиныг худалдаж авахаар бараа бүтээгдэхүүн зээлээр олгох гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан эхний өдөр урьдчилгаа 500.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш 2 хонгийн дараа модем авчирах үед 85.000 төгрөг төлсөн. Тэгээд дахин хэд хонгийн дараа ирээд гар бар код уншигчийг суурин бар код уншигчаар сольж өгөөд 150.000 төгрөг аваад явсан. Ингээд үлдэгдэл 590.000 төгрөгийг 2016 оны 03 сарын 26-ны өдөр 3-17 дугаар байранд байх ажил дээр нь очиж Болормаад бэлнээр төлсөн. Болормаа нэг цаасан дээр гарын үсэг зуруулж авч байсан. Надад бэлнээр мөнгө төлсөн ямар нэгэн баримт байхгүй, банк хаалаа, алданги тооцно гэх мэтээр яаруулсаар байгаад л авч байсан. Одоо ямар нэгэн үлдэгдэл төлбөр байхгүй гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,

 

-Гэрч Х.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...урьдчилгаа тус бүр 500.000 төгрөг төлөөд “Дөт" дэлгүүртээ авсан кассын машины төлбөрийн үлдэгдэл 590.000 төгрөгийг 2016 оны 04 сарын 01-ний өдөр бэлнээр Болормаа гэх эмэгтэйд төлж дуусгасан. Харин “Шүүт” дэлгүүрийн үлдэгдэл төлбөрөөс 100.000 төгрөгийг 04 дүгээр сарын 05-ны өдөр Болормаад бэлнээр өгсөн. Болормаа өөрийн биеэр манай дэлгүүр дээр төлбөрөө нэхээд би үлдэгдэл мөнгөө бүгдийг өгөх боломжгүй байна гэж хэлээд 100.000 төгрөг өгөөд явуулсан ба үлдэгдэл 490.000 төгрөгийг 04 сарын 15-наас өмнө төлөхөөр Болормаатай тохиролцсон байсан. Гэтэл удалгүй Конпиг компаний хүмүүс надруу утсаар яриад Эрдэнэтэд бид нар ирсэн байна. Танай Шүүт дэлгүүр 490.000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа юм байна. Энэ үнэн үү, 04 сарын 15 гэхэд төлөх ёстой юм байна. Компаний дансанд хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд би гэрээ дээр байсан Конпинг компаний дансруу үлдэгдэл 490.000 төгрөгийг 2016 оны 04 сарын 15-ны өдөр төлсөн. Одоо үлдэгдэл төлбөр байхгүй гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

 

-Гэрч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Болормаа нэг кассын машин зарахад 40.000 төгрөгний урамшуулал авдаг. 2-уулаа хуваагаад 20, 20 мянган төгрөгөөр авна гэж хэлсэн. Би нийт 16 кассын машин суурьлуулж 320.000 төгрөгийг Болормаагаас бөөнөөр нь 1 удаа бэлнээр авсан. Би ажиллаж эхлэхдээ Идэрбат захиралтай ажлын хөлс ажлын гэрээний талаар асуухад Идэрбат чи Болормаатай тохиролц, Болормаа Орхон аймагт хариуцаж байгаа хүн гэж хэлсэн. Харин Болормаатай амаар ярилцаж тохиролцоод 1 кассын машин зарсан урамшууллын 40.000 төгрөгийг хувааж авахаар болсон. Болормаа өөрөө нэг кассын машинаас 40.000 төгрөгийн урамшуулал авдаг гэж хэлсэн. ...би мөнгөний асуудалд оролцдоггүй байсан. Болормаатай хамт банк орж байгаагүй. Дэлгүүрүүдээс  авсан бэлэн мөнгөө одоо дансанд хийнэ гээд бид хоёр салаад явдаг байсан гэх мэдүүлэг /хх 22 ху/, 

 

-Гэрч А.Мерейгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...уг компанийн төлөөлөгч гэх Болормаа болон захирал Идэрбат нартай гар утсаар холбогдож 2016 оны 04 сарын 12-ны өдөр 1 программ, гар бар код уншигч 1 ширхэг, баримт хэвлэдэг жижиг принтер 1 ширхэг нийт 610.000 төгрөгний худалдан авалт хийхээр болж гэрээ байгуулсан. Болормаа гэх эмэгтэй нийт 610.000 төгрөг болж байна, 600.000 төгрөг өгье гээд бараа бүтээгдэхүүн зээлээр олгох гэрээгээр өгсөн. Би гэрээ байгуулсан өдөр Болормаад урьдчилгаа болгож 450.000 төгрөг өгөөд, маргааш нь 150.000 төгрөг төлсөн. Болормаад нийт 600.000 төгрөгийг дандаа бэлнээр төлсөн. Одоо ямар нэгэн мөнгө төгрөг төлөх ёсгүй. Ямар нэгэн дансны дугаар надад өгч байгаагүй, би дансаар мөнгө өгч байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

 

-Гэрч Ч.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...манай Их наран хүрд ХХК-ийн хүнсний дэлгүүр Наран баг 36-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг. Конпиг компаниас цагаан өнгийн иж бүрэн кассын машин 1-ийг суурин бар код уншигч 1-ийг худалдан авсан. Иж бүрэн кассын машин 1.090.000 төгрөгний үнэтэй байсан. Харин суурин бар код уншигч 170.000 төгрөгний үнэтэй байсан. Би мөнгөө 100 хувь төлсөн тул надад кассын машинаас 90.000 төгрөг хөнгөрүүлж 1.000.000 төгрөгөөр зарсан гэсэн мэдүүлэг /хх 24 ху/,

 

-Гэрч Д.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Болормаа нь байрны түрээсийг би төлнө, манай ажил ашигтай, мөн би өөрөө 6 нэрийн дэлгүүртэй, ашиг орлого сайн танай энэ байранд хэдэн жил сууна гэж хэлж байсан. Тийм учир би Болормаагаас урьдчилгаа мөнгө авалгүй байраа түрээслүүлсэн. Болормаа нэг компанийн кассын машин зардаг байсан бөгөөд ажиглаж байхад кассын машинууд нь зарагдаад л байдаг байсан гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,

 

-Гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 09-нд манай нөхөр Амарсайхан гэртээ ирж хоноогүй. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 11:00 цагийн үед танихгүй дугаараас Амарсайхан согтуу залгаад буудалд хоносон байна гэхээр нь би согтуу ирвэл чамайг цагдаад барьж өгнө шүү гэж хэлсэн. Тэгсэн Амарсайханы хоносон Хур гээд буудпын ресепшин Болормаа гэгч нь надтай яриад нөхөр чинь согтуу гарч явах гээд байна гэхээр нь би байлгаж байгаарай гээд хамаатныхаа ахыг дуудаж хамт очсон. Ах бид хоёрыг очиход Амарсайхан явсан байсан. Ресепшин Болормаатай нь уулзахад би буудлынх нь зохион байгуулагч байна, танай нөхөр чинь 2 залуутай орж ирсэн. Тэр хоёр нь түрүүлээд гараад явсан. Нөхөр чинь надад мөнгө хадгалуулсан гээд бичгийн цаасан дээр гарын үсэг зурсан байсныг үзүүлсэн. Тэгээд буудлын өрөөний юм эвдэлсэн гээд намайг Амарсайханы хоносон өрөөнд орж үзүүлсэн. Тэгээд би мөнгийг нь авъя гэхэд би чамайг яг эхнэр нь гэж яаж мэдэх вэ, нөхрөө эрүүл болгоод ирээд ав гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 12:00 цагт цайныхаа цагаар Амарсайхантай Хур буудалд очиход нэг эрэгтэй хүн ирсэн байсан бөгөөд Болормаа нь гараараа бид хоёрыг цаашаа гээд байхаар нь түр хүлээсэн. Тэгсэн Амарсайхан шартаад байсан болохоор түрүүлээд харилаа гээд явсан. Би хүлээж байгаад Болормаатай уулзсан чинь янз бүрийн юм яриад ерөөсөө өгөөгүй. Миний цайны цаг дуусч байсан тул би яараад явсан. Явахдаа би орой ажлаа тараад ирж авъя гээд явсан. Орой нь ирэхэд Болормаа би танай нөхрийн мөнгийг караокеаны бармен охины сейфэнд хийсэн. Түгжээд явсан байна. Би утсаар дуудсан байгаа гэж хэлсэн. Тэр өдөр нь 2 дахь өдөр байсан болохоор караоке нь амарсан байсан. Би хүлээж байгаад тэр хүн чинь ирэх юм уу гэж Болормаагаас асуусан чинь би утсаар дахиад яриадахъя гээд хүнтэй ярьсан. Тэгсэнээ бармен охин хороололд ажилтай яваад байна гэнэ, оройтож ирэх нь гэж хэлсэн. Тэгээд орой ирэхээр нь таньдаг таксины жолоочоор танайх руу явуулъя гэж хэлсэн. Би өглөө ирж авъя гээд явсан. 2016 оны 10 дугааар сарын 12-ны өглөө намайг ажил дээрээ байхад Болормаа нь утсаар яриад чи ирж байгаа юм уу, ирээгүй бол би хойд эмнэлэг орж хүүхдээ үзүүлнэ, тэгэхдээ мөнгийг чинь аваачаад өгье гэхээр нь 2-3 цаг хүлээсэн. Би энэ хүнийг худлаа яриад яваад байгаа юм байна гэж бодоод утсаар ярьж хаана яваа газар чинь уулзъя гээд Танил зах дээр уулзсан. Тэгсэн Болормаа би приүс 20 машин авч байгаа, өвлийн дугуйгүй болохоор нь манай найзууд айлаас очиж дугуй авахаар явсан байна. Би машин дотор цүнхээ орхисон гээд цаг гаруй хүлээгээд ирэхгүй болохоор нь нөхрийгөө дуудаж ирүүлээд би өөрөө ажил руугаа явсан. Тэгээд гэрт нь очсон боловч хүн байхгүй байсан болохоор бид хоёр цагдаад очиж өргөдөл гаргасан. Анх намайг ахтайгаа очиж Амарсайханы мөнгийг Болормаагаас авах гэж байхад буудлын нөгөө ээлжийнх нь ресепшинд байсан мөнгийг Болормаа хүмүүс нь ирээд мөнгөө авах гэж байна гэж хэлж авчихаад надад өгөөгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

 

-Гэрч М.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хур төвд буудлын ресепшинээр ажилд орсон. Анхны гараа гарч байхад нэг халамцуу залуу орж ирээд буудалд буухдаа 1.800.000 төгрөг хадгалуулна гэхээр нь би авмааргүй байна гэж хэлсэн. Дараа нь хэл ам гарч магадгүй гэж бодоод би бэлэн мөнгө авч хадгалахгүй гэж хэлсэн. Тэгсэн бууж байсан Болормаа гээд манай ресепшин би гэрчлээд гарын үсэг зурчихъя гээд байхаар нь би хүлээж авсан. Намайг ажилд орж байхад Болормаа нь өөрийгөө энэ буудлын зохион байгуулагч гэж хэлж байсан болохоор нь би тэр мөнгийг авч хадгалахыг зөвшөөрсөн. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12:00 цагийн үед эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирчихсэн Болормаа эгчтэй уулзаад байж байхаар нь очтол намайг хадгалсан мөнгөө аваад ир, эхнэр нь ирээд авах гэж байна гэхээр нь би авчирч өгсөн. Хадгалуулсан мөнгөнөөс нь 60.000 төгрөгийг доод караокены бармен авсан гэдгийг нь хэлээд Болормаа эгчид мөнгийг нь өгсөн. Тэгээд би өгөөд явуулсан байх гэж бодсон чинь өгөөгүй юм байна лээ гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 38, 3хх 17 ху/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоол /1хх 40-42 ху/

-Хохирол төлсөн баримт /3хх 111-112 ху/

-Д.Болормааг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1хх 55-59, 3хх 20-24 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Болормаа нь гадаад худалдаа, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Конпиг” ХХК-ийн Орхон аймаг дахь гэрээт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 02 дугаар сарын 21-ээс 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орлогын мөнгөнөөс 12.258.000 төгрөгийг хувьдаа завшиж Б.Идэрбатад үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-ны хооронд иргэн О.Амарсайханы Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багт байрлах Хур төвийн зочид буудалд хонохдоо хадгалуулсан 1.800.000 төгрөгийг өгөлгүй хувьдаа завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогч Б.Идэрбатын “...Болормаа гэдэг хүн ярьж өөрийгөө Эрдэнэт хотын бизнесийн төлөөлөл байна гэж ярьсан. Ингээд цагаан сарын дараа дахин ярьж манай аймагт ирж борлуулалтаа хийгээч энд үнэгүй байр байна гэж хэлсэн. Над руу хэд хэдэн удаа ярьсан. Ингээд бид ирж уулзаад машины үнийг буулган 1.090.00 төгрөгөөр тохирч үүнээс 40.000 төгрөгийг нь Болормаад өгөхөөр тохирсон. ...үлдэгдэл 12.258.000 төгрөг болж байсан. Үүнийг сая шүүх хуралдааны өмнө өглөө” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч О.Амарсайханы “...Хур буудалд орж хоносон. Буудалд орохдоо би 2.000.000 төгрөгтэй ороод 200.000 төгрөгийг өөртөө үлдээгээд буудлын ресепшин Болормаа гэж эгч болон өөр нэг ажилтан эмэгтэй байхад 1.800.000 төгрөг хадгалуулахаар хүлээлгэн өгч бичгийн цаасан дээр гарын үсэг зурж өгсөн” /хх 10-11 ху/ гэсэн мэдүүлгүүд, мөн гэрч Ю.Ариунбуян /хх 19 ху/, Ц.Бадамсүрэн /хх 20 ху/, Х.Наранбаатар /хх 21 ху/, Б.Гантулга /хх 22 ху/,  А.Мерей /хх 23 ху/, Ч.Баярмаа /хх 24 ху/,  Д.Төмөрбаатар /хх 32 ху/, М.Мөнхцэцэг /хх 12 ху/, М.Мөнгөнцэцэг /хх 13 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, ял шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Болормаад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн бусдын хадгалуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд багтаж байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирлоо дураараа төлж барагдуулсан зэрэг байдлуудыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1. 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Идэрбатад 12.258.000 төгрөг, О.Амарсайханд 1.800.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байна.

        

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Идэрбат нь 12.258.000 төгрөгийн хүүг арилжааны банкны хамгийн бага хүү 0,6 хувиар тооцож, 11 сарын хүү 809.028 төгрөг, мөн энэ хэргийн улмаас олон удаагийн ирж очих шатахууны зардал 50 литр бензин буюу 76.500 төгрөгөөр тооцож 1.071.000 төгрөг, нийт 1.880.028 төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэлээс 12.258.000 төгрөгийн хүү 809.028 төгрөгийг энэ хэргийн улмаас учирсан хохирол гэж үндэслэлгүй байна. Харин шатахууны зардлын хувьд нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбарласан хувь байх бөгөөд наториатын баталгаагүй тул шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 21 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.