Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 000014

 

                                Д.Болормаад холбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

                                                                       Хэргийн индекс 142/2016/0155/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Т.Ганзориг

            Шүүгдэгч                                           Д.Болормаа

            Шүүгдэгч өмгөөлөгч                       Д.Энхбаяр

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаар захирамжтай Д.Болормаад холбогдох, 201614000266 дугаартай, эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн 2-23-32 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФМ70010526 регистрийн дугаартай, Дархан овогт Даваадоржийн Болормаа.

 

Шүүгдэгч Д.Болормаа нь 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 2016 оны 04 дүгээр сарын 27-ны хооронд гадаад хуралдаа, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Конпиг” ХХК-ийн Орхон аймаг дахь гэрээт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа орлогын мөнгөнөөс 12.258.000 төгрөгийг хувьдаа завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаар захирамжаар:

 

Д.Болормаад холбогдох 20161400266 тоот эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокуророор дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж,

 

Шүүгдэгч Д.Болормаад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүйг дурьдаж,

 

Энэ захирамжийг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй гэж шийдвэрлэсэн.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:  

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаартай захирамж нь үндэслэлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 аль хэсэгт зааснаар буцааж байгаа нь тодорхойгүй байна.

 

Учир нь Д.Болормаад холбогдох “Конпиг” ХХК-ний Орхон аймаг дахь гэрээт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орлогын мөнгөнөөс 12.258.000 төгрөгийг хувьцаа хувьдаа завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн 201614000266 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5/91 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн,

 

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 09-нд Орхон аймаг Баян Өндөр сум Уртбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Хур зочид буудалд ресипшинээр ажиллаж байхдаа О.Амарсайханы хадгалуулсан 1.800.000 төгрөгийг хувьдаа завшсан гэх Эрүүгийн 201614000504 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэж хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “хэд хэдэн этгээд нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, түүнчлэн урьдаас үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэргийг нуун дарагдуулсан буюу мэдээлээгүй хэрэгт яллагдаж байгаа этгээдүүдийн хэргийг нэгтгэнэ” гэж заасан.

 

Анхан шатны шүүх прокурорын хэргийг нэгтгэх санал тавихад яллах дүгнэлтийг нэгтгэх боломжгүй байна гэж хуулинд байхгүй дүгнэлт хийж хэргийг буцаасан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт “хэргийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед нэгтгэж болох бөгөөд энэ тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан. Дээрх хэргүүдэд Д.Болормаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, прокурор хянавал зохих асуудлыг хянаад шүүхэд шилжүүлсэн, шүүхийн шатанд хөнгөн хэргийг хүндэвтэрт нь нэгтгэж шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь  хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр  буцаах саналтай байна гэв.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Д.Болормааг “Копинг” ХХК-ний Орхон аймаг дахь гэрээт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 02 дугаар сарын 21-нээс 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрүүдийн орлогын мөнгөнөөс 12.258.000 төгрөгийг хувьдаа завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 17-нд яллах дүгнэлт үйлдэж хэргийг  шүүхэд шилжүүлсэн байна.

 

Дээрх эрүүгийн хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй байх хугацаанд Д.Болормаа  2016 оны 11 дүгээр сарын 09-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “Хур” зочид буудлын ресепшинээр ажиллаж байхдаа үйлчлүүлэгч О.Амарсайханы хадгалуулсан 1.800.000 төгрөгийг хувьдаа завшиж Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1.д заасан гэмт хэрэгт холбогдон  түүнийг энэ хэрэгт нь яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлжээ.

 

Ийм учраас анхан шатны шүүх хэрэгт нэмэлт  мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж,  ял сонсгож хэргийг нэгтгээд  нэг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд  ирүүлэх шаардлагатай гэж үзэж мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3.д  “Хэргийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед нэгтгэж болох бөгөөд энэ тухай...шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зааснаар Д.Болормаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 мөн 152 дугаар зүйлийн 152.1.д заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл хүндрэхгүй, өөрчлөгдөхгүй, хохирогч нарын эрх зүйн байдал дордохгүй  байх тул хэргийг шүүх захирамжаар нэгтгэсний эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийг журамлан эцэслэн шийдвэрлэх боломжтой  бөгөөд  анхан шатны шүүх эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь буруу ойлгож  хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан байна.

 

Иймд захирамжийг хүчингүй болгож, Д.Болормаад холбогдох 201614000266 болон  201614000504 дугаартай  эрүүгийн хэргийг  нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Болормаад холбогдох 201614000266, 201614000504 дугаартай эрүүгийн хэргийг тус тус нэгтгэж дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

            3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Болормаад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА                                                                                           

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР                        

                                                                                                                                                            ШҮҮГЧ                                                                        С.ЦЭЦЭГМАА