Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 816

 

 

 

 

 

                        

  2020             6             23                                         2020/ДШМ/816

 

 

Ч.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,                                    

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1156 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Энхнямын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ч.Бд холбогдох 2008011360789 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Чимэдийн Б, 1974 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “..............” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Төв аймгийн ... сумын ... дугаар багийн ... гэх газар оршин суух бүртгэлтэй, /РД:..................../,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн боловч Төв аймгийн шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

            Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Нуурын 3-197 тоотод байх нийтийн байрны өрөөнд хохирогч А.Эрдэнэбаттай мөнгөний асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүний баруун даланд хутгалж, эрүүл мэндэд нь баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялын саналыг танилцуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх” журмыг заасан ба тус зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь заалтад шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянана гэж заасан.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”-ийг тодруулахад ойлгоогүй талаар мэдүүлсэн, түүнд ялын саналыг танилцуулахдаа хууль зүйн үр дагаврыг тайлбарлаагүй байх тул хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн тус хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Энхням бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Баас “Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр” гаргасан хүсэлтийн дагуу прокурор хэргийг хянаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж хүсэлтийг нь хүлээн авч хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Ч.Бд танилцуулан, шүүгдэгч Ч.Б зөвшөөрсөн тул гарын үсэг зуруулсан.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ч.Б нь “би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорын санал болгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна. Прокурор надад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийг тайлбарлаж өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон. Одоо би сандраад тулгамдаад прокурорын тайлбарласныг мартчихаад байна. Торгуулийн мөнгийг би төлөхгүй байж болохгүй, цаг хугацаандаа л төлөх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Би торгуулийн мөнгийг тогтоосон хугацаандаа төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг өгсөн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж дүгнэхээр байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалттай нийцэхгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэхээр байна.

Мөн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг удирдлага болгосон нь мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй”, “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”-г баримтлахгүй гэх заалтуудыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам болох хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан Арван долдугаар бүлэгт зохицуулсан бөгөөд тухайн бүлэгт хохирогч, яллагдагч, прокурор, шүүхийн эрх хэмжээ, үүргийг нэг бүрчлэн хуульчилжээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхням нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.Бы гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 114/-ийг хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 147 дугаар тогтоол /хх 117/-ыг гаргажээ.

Түүнчлэн прокурор С.Энхням 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 148 дугаартай прокурорын санал /хх 119/-аар Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын санал дүгнэлт үйлдэж, саналыг яллагдагч Ч.Бд танилцуулан гарын үсэг зуруулсан нь хуульд нийцжээ.

Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын гаргасан торгох ялын саналыг ойлгож тохирсон төдийгүй үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч хүсэлтээсээ татгалзаагүй тул энэ хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Иймд прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1156 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ