Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 909

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Ч.Б , өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Ч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0113 60789 дугаартай, нэг хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ч Б  нь Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр Төв аймгийн Аргалант сум, ....., .... гэх газар оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоол, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан (РД:...........).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Б  нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Нуурын ...........тоотод байх нийтийн байрны өрөөнд хохирогч А.Э тай “мөнгөний асуудал” ярьж маргалдан, үл ойлголцож, улмаар түүний баруун даланд хутгалж, баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б аас: Мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 2008 0113 60789 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

  1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудаст “...2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 13:25:55 цагт хэвлийдээ хутгалуулсан, нуруунаас цус алдаад ...” гэх дуудлага бүртгэгдсэн тухай (хавтаст хэргийн 7 дугаар тал),

 

  1. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Нуурын ...........тоотод буюу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 9-13 дугаар тал), 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “хар өнгийн бариултай хутга” нэг ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

 

  1. Хохирогч А.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн:

            “...2020 оны 02 дугаар сарын 21-нд ...Б  бид хоёрыг байж байхад орой 21 цагийн орчимд М  орж ирсэн. Удалгүй М  ганцаараа гарч яваад нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архитай ирэхээр нь Б , М  бид гурав хувааж уусан. М  дахиад нэг 0.5 литрийн архи гаргаж ирэхээр нь уусан. Цаг орой болсон байсан учир би гэр рүүгээ орж унтсан. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн орчим гэрээсээ гараад Б , М  хоёрын байсан нийтийн байрны 02 тоот өрөөнд ороход тэр хоёр мах халааж идээд байж байсан. Б  надад “нэг архи авах гэсэн юм, чамд мөнгө байна уу” гэхээр нь би Б д бэлэн 10.000 төгрөг өгсөн. Тэгээд М  дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авч ирэхээр нь бид гурав хувааж уусан. М  намайг “мөнгө байвал зээлчих” гэхээр нь 20.000 төгрөг зээлсэн. Үлдэгдэл 40.000 төгрөг байхаар нь Б д өгсөн. Тэгсэн чинь Б  “бүхэл мөнгө байхгүй юм уу” гэхээр нь “би бүхэл мөнгөө М од өгсөн” гэж хэлсэн. Б  бид хоёрыг үлдсэн архиа ууж байхад гаднаас М , манай дүү С хоёр орж ирсэн. С орж ирээд эгч М  таныг дуудаад байна гэхээр нь би гарах гээд босох гэтэл Б  миний ар нуруу хэсэгт хутгаар хатгахад С салгасан. Б  надаас мөнгөний хариулт гээд байхаар нь би М  хариулт мөнгө авсан, би аваагүй гэж хэлэхэд Б  уурласан байсан. Миний биед учирсан баруун даланд хатгагдсан, зүсэгдсэн шарх, гэмтлийг Б  нэг удаа хутгаар хатгаж учруулсан гэмтэл байна. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар тал),

            -хохирогчоор 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн:

 “...Б  эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр найз Б  мах идэж байсан хар өнгийн бариултай хутгаар миний баруун даланд хутгалж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дугаар тал),

 

4. Гэрч Б.М н мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:

“...Хадам аав Э  нь найз Б тайгаа манай хашаанд байх нийтийн байрны 02 тоот өрөөнд архи ууж байхад нь хамаатны дүү С  тэр хоёр руу ороход хадам аав, Б  хоёр хоорондоо маргалдаад, Б  нь хувцсаа өмсөөд гарах гэж байснаа ширээн дээрээс хутга аваад хадам аавын баруун дал хэсэгт хутгалчихлаа гээд С  гэрт гүйж орж ирээд хэлсэн. Би цагдаад дуудлага өгөөд зогсож байхад Б  явсан. Тэгээд би аав дээр очиход аав баруун даландаа хутгалуулсан, Б  намайг хутгалчихлаа гэж хэлсэн. М  гэдэг хүн Б ыг ааваас салгасан гэж байсан. Хадам аав Э  цус их алдаж байсан, хутга нь талаараа шахуу цус болсон гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

 

5. Гэрч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчим Э , Ц , Б  гурвын байсан өрөө рүү орох гээд гэрээсээ гарахад Ц  гэх залуу нь манай гэрийн үүдэнд зогсож байхаар нь би “та одоо гэр рүүгээ яв, архи уухаа боль” гэж хэлэхэд “ах нь одоо Э , Б  хоёртой уулзаад явлаа” гэж хэлсэн. Тэгээд Ц  гэх залуу бид хоёр Э , Б  хоёрын байсан өрөөнд ороход Б  надад “ахыг нь мөнгө байхгүй гээд танай ах Э  загнаад байна” гэж хэлэхээр нь би “та одоо архи уухаа боль” гэхэд Б  нь жижиг цүнхээ бариад хаалганы хажууд очоод Э  ахыг “гичий минь би чамайг харнаа” гэхээр нь би Б д “та одоо яв” гэж хэлсэн. Хүргэн ах Э  өрөөний хана дагуу байх орон дээр сууж байтал Б  хутга бариад Э  ахын нуруу хэсэгт хутгаараа хатгасан. Б  дахиад хутгаар хатгах гээд дайраад байхаар нь би хутгатай буюу баруун гараас нь бариад хажууд нь байсан Ц  гэх хүнд “Б  хүн хутгалчихлаа шүү дээ, дахиад хутгалах гээд байна, та салгаач” гэхэд Ц  салгахгүй хараад зогсоод байсан. Хоёроос гурван удаа хэлэхэд Ц  Б ы гарыг нь барьж аваад тохой хэсгээр нь нугалж, хутгыг нь цохиод унагаасан. Би нийтийн байрны өрөөнөөс гараад гэртээ орж эгч М т Э  ах хутгалуулсан байна гэж хэлсэн. М  эгч бид хоёрыг гэрээс гарахад нийтийн байрны гадна хаалганы үүдэнд Э , Б  хоёр муудалцаад гарч ирсэн. Араас нь Ц  гарч ирсэн. Гэтэл манай ах Э ын ар нуруунаас цус гараад байсан. Удалгүй эгч М  цагдаа дуудсан. Б  надад “Э  намайг мөнгөгүй гээд байна” гэж хэлээд Э  ахыг хутгалсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),

 

6. Гэрч Ш.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн:

“...Би цүнхтэй хувцсаа авах гээд Э ын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт гэх газар 2020 оны 02 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим очиход Э , Б  хоёр 0.5 литрийн архи ууж байсан. Намайг дэлгүүр ороод архи аваад ир гээд Э  надад 20.000 төгрөг өгөхөөр нь би 1 шил 0.75 литрийн архи, ундаа, тамхи аваад Э ын гэрийн ард талд байх нийтийн байрны нэг өрөөнд орсон. Бид гурав архи уусан. Цаг орой болсон байхад Э  би гэр рүүгээ орж унтлаа гэж хэлээд гараад явсан. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 08 цагийн орчим Э  орж ирээд Б тай мөнгөний тооцоо хийгээд хоорондоо маргалдах гээд байхаар нь би тэр хоёрыг “та хоёр одоо маргалдахаа боль, би алтанд явахаа болилоо, Б аа чи гэр рүүгээ яв” гэж хэлээд хоёр тийш салгасан. Тэр хоёр “бид зүгээр” гээд надад мөнгө өгөөд дэлгүүр ороод архи аваад ир гэсэн. Би 2 шил 0.5 литрийн архи авч ирсэн. Архиа хувааж уугаад сууж байхад Э , Б  хоёр дахиад мөнгөний хэрүүл хийгээд байсан. Би архи их уусан байсан болохоор цааш юу болсныг санахгүй байна. Миний мэдэж байгаагаар Э , Б  хоёр маргалдаад, нэг нэгийгээ цохиод байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

 

7. Шүүгдэгч Ч.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найз Э тай хамтран Д  гэх хүний эзэмшлийн хонины махыг “Хүчит Шонхор” худалдааны төвд зараад тухайн орой Э ын гэрт очиж хашаанд нь байрлах нийтийн байрны 02 тоот өрөөнд хонохоор болсон. М  гаднаас 0.5 литрийн архи нэг шилийг авч ирэхээр нь хувааж уусан. Гэтэл Э  мөнгө гаргаад 0.75 литрийн архи нэг шилийг авч ирээд хувааж уугаад дуусахад Э  гэртээ орж унтахаар явсан. Маргааш нь 09 цагийн үед Э  өрөөнд орж ирээд уусан. Би Ц д мөнгө өгөөд дэлгүүр рүү архинд явуулсан. Ц  0.75 литрийн архи авч ирсэн. Тухайн архийг хувааж уугаад дууссаны дараа Ц д би дахин мөнгө өгч 0.5 литрийн архи нэгийг авч ирүүлэн хувааж уугаад сууж ...байтал Э  надад хамт хүний мах зарж өгсөн ажлын хөлс болгож 100.000 төгрөг өгсөн. Удалгүй надаас 40.000 төгрөг нэхээд байхаар нь “би юун мөнгө нэхээд байгаа юм бэ” гэж асуухад “сая архи авсан мөнгийг чи надад өг” гэж хэлээд намайг гараараа цохихоор нь “чи яаж байна вэ” гээд босоод ирэхэд үхрийн нурууны яс бариад намайг цохих гээд байхаар нь би Э тай барьцалдсан. Э ыг гараараа цохих үед мах идэж байсан хутгатай гараараа цохиж гэмтээсэн. Тухайн үед Э  намайг хутгалсан талаар хэлээгүй, би энэ талаар мэдээгүй байсан. Тэр үед Ц  намайг салгахаар нь би Э ад уурласан уурандаа гараад явсан. Э  надад ажлын хөлс гэх мөнгө өгсөн боловч хамт ууж идсэн архины мөнгөө надаас нэхээд байхаар нь маргалдсан. Шинжээчийн дүгнэлтээр Э ын биед учирсан баруун дал дахь хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг би мах идэж байсан хар өнгийн бариултай хутгаар гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дүгээр тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3247 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун даланд хөндлөн байрлалтай 2 см мэс заслын нэг ширхэг оёдол бүхий шархтай, тэмтрэлтээр өвчин эмзэглэлтэй.

2020 оны 02 дугаар сарын 22-ны 15.40-н яаралтай тусламжийн хуудаст: Зовиур: Цээжээр өвдөнө. Гэртээ архи ууж байгаад хутгалуулсан. Бодит үзлэгт: Биеийн байдал хүндэвтэр, уушги хоёр талд цулцангийн амьсгалтай, хэсэг газрын үзлэгт: цээжний ар хэсэгт баруун далны доор доош чиглэлтэй гүнзгий хутгалуулсан шархтай, шарханд анхдагч цэгцлэлт хийв. Урьдчилсан онош: Цээжний гүн хутгалагдсан шарх.

2020 оны 02 дугаар сарын 22-ны 17.10-н яаралтай тусламжийн хуудаст: Зовиур: Нурууны баруун далны шархаар өвдөнө. Эмээлт дээр бусдад хутгалуулж гэмтсэн. Бодит үзлэгт: биеийн байдал дунд, зүрхний авиа тод жигд, уушги хоёр талд цулцангийн амьсгалтай, хэсэг газрын үзлэгт: баруун далны дунд шугамаар 4-5-р хавирга орчим дээрээс доош чиглэлтэй зах ирмэг тэгш гүн хатгагдсан шархтай, 3 см орчим. Урьдчилсан онош: Цээжний баруун талын гүн хутгалагдсан шарх. 2020-02-22-ны 17.10-д цээж гэрэлд харахад: одоогоор: уушги унаагүй, баруун синус хэвийн гэжээ.

Дүгнэлт: А.Э ын биед баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөний хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч Ц.Бадрал/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

 

9. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 40 минут, 17 цаг 10 минутад бүртгэсэн яаралтай тусламжийн хуудас, осол гэмтлийг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 24-28, 30-31 дүгээр тал),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            10. Шүүгдэгч Ч.Б ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн  89 дүгээр тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 91-95 дугаар тал), Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар тал), Ч.Б ы нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар тал), “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 79-88 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Ч.Б  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Б д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Б  нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан дүгнэлтдээ “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, шүүгдэгч Ч.Б  нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбар хийж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Б ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

 Шүүгдэгч Ч.Б  нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Нуурын ...........тоотод байх нийтийн байрны өрөөнд хохирогч А.Э тай “мөнгөний асуудал” ярьж маргалдан, үл ойлголцож, улмаар түүний баруун даланд хутгалж, баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь:

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 7 дугаар тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 9-13 дугаар тал), “хар өнгийн бариултай хутга” нэг ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-хохирогч А.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б  “бүхэл мөнгө байхгүй юм уу” гэхээр нь “би бүхэл мөнгөө М т өгсөн” гэж хэлсэн. ...Б  миний ар нуруу хэсэгт хутгаар хатгасан. Б  надаас мөнгөний хариулт гээд байхаар нь би М  хариулт мөнгө авсан, би аваагүй гэж хэлэхэд Б  уурласан. Миний биед учирсан баруун даланд хатгагдсан, зүсэгдсэн шарх, гэмтлийг Б  нэг удаа хутгаар хатгаж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дугаар тал),

            -гэрч Б.М н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хадам аав, Б  хоёр хоорондоо маргалдаад Б  нь хувцсаа өмсөөд гарах гэж байснаа ширээн дээрээс хутга аваад хадам аавын баруун дал хэсэгт хутгалчихлаа гээд С  гэрт гүйж орж ирээд хэлсэн. ...би аав дээр очиход аав баруун даландаа хутгалуулсан, Б  намайг хутгалчихлаа гээд байж байсан.  ...Хадам аав Э  цус их алдаж байсан бөгөөд хутга нь талаараа шахуу цус болсон гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

-гэрч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б  надад “ахыг нь мөнгө байхгүй гээд танай ах Э  загнаад байна” гэж хэлсэн. ...Э  ахыг “гичий минь би чамайг харнаа” гэхээр нь би Б д “та одоо яв” гэсэн. ...Б  хутга бариад Э  ахын нуруу хэсэгт хутгаараа хатгасан. ...Б  надад “Э  намайг мөнгөгүй гээд байна” гэж хэлээд Э  ахыг хутгалсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),

-гэрч Ш.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Архиа хувааж уугаад сууж байхад Э , Б  хоёр дахиад мөнгөний хэрүүл хийгээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

-шүүгдэгч Ч.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...надаас 40.000 төгрөг нэхээд байхаар нь “би юун мөнгө нэхээд байгаа юм бэ” гэж асуухад “сая архи авсан мөнгийг чи надад өг” гэж хэлээд намайг гараараа цохихоор нь “чи яаж байна вэ” гээд босоод ирэхэд үхрийн нурууны яс бариад намайг цохих гээд байхаар нь би Э тай барьцалдсан. ...Э ын биед учирсан баруун дал дахь хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг би мах идэж байсан хар өнгийн бариултай хутгаар гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дүгээр тал),

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3247 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал), яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 24-33 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ч.Б  нь хохирогч А.Э ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Б ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ч.Б  нь хохирогч А.Э ын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч А.Э  нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ч.Б тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг;

            Өмгөөлөгч Л.Энх-Амгалан дүгнэлтдээ “Хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Үүнээс болж барилцаж авах явцад хохирогчид гэмтэл үүссэн. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ч.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2004 онд ял шийтгэгдсэн байх бөгөөд уг ялын хугацаа дууссан, нэмж нэгтгэх ялгүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Ч.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

3. Бусад асуудлаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж;

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Б овогт Ч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Э  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ч.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА