Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 158/2017/0011/з |
Дугаар | 394 |
Огноо | 2017-10-23 |
Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 394
“А х” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “А х” ХХК-ний захирал Б.Наранхүү нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0545 дугаар магадлалтай, “А х” ХХК-ний нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга болон тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “А х” ХХК-ний захирал Б.Наранхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: 1. БНМАУ-ын Өмч хувчлах тухай хуулийн 9, 10 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “А х” ХХК-иас тус сумын Засаг дарга, түүний Тамгын газарт холбогдуулан гаргасан “Ариун хайрхан“ ХХК-ийн эзэмшлийн 8 айлын орон сууцны барилгыг балансаас балансад авсан гэх 1994 оны Хишиг-Өндөр сумын Засаг даргын үйлдэл, үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, мөн сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр олгосон газраас 8 айлын орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн 221/МА2017/0545 дугаар магадлалаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан “А х” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А х” ХХК-ийн эзэмшлийн 8 айлын орон сууцны барилгыг балансаас балансад авсан гэх 1994 оны Хишиг-Өндөр сумын Засаг даргын үйлдэл, үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, мөн сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр олгосон газраас 8 айлын орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга болон тус сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “А х” ХХК-ний захирал Б.Наранхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Булган аймгийн Хишиг-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй “А х” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдох Захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 221/МА2017/0545 дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын шатанд гомдол гаргаж байна.
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга нарт нэхэмжлэгч талын гаргасан 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан хүсэлтэнд хариу албан бичиг илгээхдээ... уг барилгыг 1994 онд балансаас блансанд авсан тул танайд газрын гэрээ хийж гэрчилгээ олгохгүй... гэсэн хариу өгсөн тул бид дээд шатны байгууллага болох аймгийн Засаг даргад гомдол гаргаж, “А х” ХХК-ний эзэмшилд байгаа 8-н айлын орон сууцны баригдсан газрын газар эзэмших гэрээ батлуулж гэрчилгээ олгуулахаар бусад өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийн адилаар Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахаар хүсэлт гаргасанд хууль бус худал шийдвэр гаргаж татгалзсан талаар гомдлоо дээд шатны Булган аймгийн Засаг даргад хандахад, уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүл гэсэн тул захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Бид өмнө Засаг даргын Тамгын газар манай үл хөдлөх хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж байна түрээсийн төлбөр төлөхийг удаа дараалан шаардаж байсан болохоос манай өмчийг ингэж хууль бусаар төрийн өмчид авч газрыг нь нууцаар захирамж гарган аваад бидэнд Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүртүүлж өөрийн өмчөө эдийн засгийн эргэлтэнд оруулахад саад болох юм гэж ерөөсөө бодоогүй... төсөвт мөнгө суулгаад ЗДТГ байртай болохоороо суллаж өгнө гэсэн амлалт өгч... 1999 онд биднийг шүүхэд хандсан хүсэлтийг болиулж шүүхээс нэхэмжлэлийг минь татуулж байсан юм.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татуулах хүсэлтээ Засаг даргын Тамгын газар дурдахдаа... 8-н айлын орон сууцыг блансаас блансанд авсан ямар ч тушаал шийдвэр байхгүй 8-н айлын орон сууц танай өмч мөн тийм учир засвар хийсэн хөрөнгөө нөхөж шинэ байртай болтлоо Засаг даргын Тамгын газар танай 8-н айлын орон сууцанд байрлаж байгаад, ЗДТГ-ын байрны мөнгө төсөвт суугаад өөрийн байртай болмогц 8-н айлын орон сууцыг танайд буцаан өгнө... гэж тухайн үеийн Засаг даргатай тохиролцсон бөгөөд энэ баримт нь Засаг даргын Тамгын газарт байгаа гэтэл энэ баримт, манай хүсэлтийн хамт авч өөрийн эх хувийг шүүхэд гаргаж өгөөгүй нуун дарагдуулсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх ч гэсэн нотлох баримт цуглуулах үүргээ үл биелүүлж нотлох баримт, гэрч нарын асуухыг хүсэн хүсэлт удаа дараалан гаргаад байхад ямар ч арга хэмжээ авалгүй шүүхийн шийдвэр гаргаж анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай гаргахад нөлөөлөв.
Бид 8-н айлын орон сууцыг блансаас блансанд авсан гэсэн 1994 оны шийдвэр байгаа эсэхэд үнэндээ эргэлзэж байсан. Гэвч одоо сум удирдаж буй Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар ийм захирамж байгаа талаар амаар болон бичгээр манай компанид удаа дараалан илэрхийлж, уг илт хууль бус захирамжийг бидэнд үзүүлэхээс татгалзаж байсан тул арга буюу шүүхэд хандаж, хэргийн газрын үзлэг хийлгэж уг илт хууль бус захирамжийг шинэ Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6, 47.4-т заасан заалтаар захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “... учир нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлчилж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1994 он, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан тул нэхэмжлэгчийн “2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх зүйн орчин бүрдсэн” гэх дээрх тайлбар үндэслэлгүй.
Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 6, 12 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тухайн актыг хүлээн авсан, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор байхаар тогтоосон бөгөөд хуульд заасан энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь нэхэмлэлийг хүлээн авахаас татгалзах үр дагавар үүсгэхийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “А х” ХХК нь маргаан бүхий 1994 он захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгохоор 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, түүнчлэн 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар 2009 оны 04 дүгээр сарын 12-ын өдрий дотор тус тус нэхэмжлэл гаргах боломжтой байхад анх 2016 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Эрх зүйн орчин бүрдсэн гэх дээрх тайлбар үндэслэлгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь өрөөсгөл байна. Бид 8-н айлын орон сууцны эзэмшлийн талаар Булган аймгийн Иргэний шүүхэд хандах болсон тухайгаа Засаг дарга, ЗДТГ-т 1999 онд мэдэгдэхэд нэхэмжлэлээ татаж хоёр тал манай өмч мөн болохыг харилцан батлаж нэг тал нь 8-н айлын орон сууцыг ариг гамтай эзэмшин засвар хийсэн хөрөнгөө нөхөе, нөгөө тал нь Засаг даргын Тамгын газар шинэ байртай болтлоо компаний ахмадуудад тодорхой хөнгөлөлт үзүүлэх, тусалж дэмжиж байх байрны чанар эдэлгээг муутгахгүй байлгах нөхцөлтэйгээр байраа ашиглуулж байхаар тохиролцсон болохоос биш хувийн өмчийн аж ахуй нэгжийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрыг Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр захирамж гаргаж түүнийгээ эзэмшигч байгуулагаас нь тас нууж хэлцлээ зөрчсөнийг бид ерөөсөө мэдээгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Булган аймгийн өмч хувьчлалын комиссын судалгаанд дурдагдсан 200 хүний хуралын заалтай конторын барилга, засварын газар зэрэг барилгад Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваад, 8-н айлын орон сууцанд гэрчилгээ авахаар сумын захиргаанд хандахад л Засаг даргын Тамгын газар хууль бусаар уг газрыг эзэмших захирамж гаргасныг мэдсэн.
Түүнээс биш уг 8-н айлын орон сууцыг бид эзэмшихээр маргаж буй явдал огт биш Засаг даргын Тамгын газарт уг барилгыг эзэмшүүлсэн ямар ч шийдвэр байхгүй уг барилга манай өмч болохыг Булган аймгийн архивт хадгалагдаж буй барилгын зураг, Булган аймгийн хуулийн эттээдийн Улсын бүртгэлийн газарт буй материалд тодорхой буй ч анхан шатны шүүх хууль зөрчин хавтаст хэрэгт авалгүй нотлох баримтыг бүрдүүлэхийг хэргийн оролцогчийн удаа дараагийн хүсэлтийг хангахаас зориуд татгалзаж эцэст нь шүүхийн шийдвэрүүд ийм үндэслэл муутай гарах нөхцөл бүрдэв.
Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж 1999 оны блансаас блансанд 8-н айлын орон сууцыг шилжүүлж авсан захиргааны актыг илт хууль бус-д тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаа хурлын протколд тэмдэглүүлэх хүсэлт гаргаад байхад анхан шатны шүүх нэхэмлэлийн шаардлагыг өөрчлөлгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгч тал гомдол гаргаад байхад дүгнэлт хийлгүй 1994 оны захирамжид гомдол гаргах хөөн хэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж магадлал гаргаж буй нь үндэслэлгүй юм учир нь 1994 оны 8-н айлын орон сууцыг блансаас блансанд авсан захиргааны акт ерөөсөө байгаагүй хэргийн газар шүүгч, шүүгчийн туслахын хамт очиж үзлэг хийгээд актыг олоогүй тул бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж аваагүй хууль бус шийдвэр гаргасан.
Иймд, анхан шатны шүүхэд гаргасан манай хүсэлтүүдийг хангаж нотлох баримтыг бүрэн цуглуулан гэрчийн этгээдүүдээс мэдүүлэг авч Булган аймгийн архивт буй материалыг бүрэнээр нь хавтаст хэрэгт авахуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хянуулж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Ариунхайрхан“ ХХК-иас Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, “... манай эзэмшлийн 8 айлын орон сууцны барилгыг балансаас балансад авсан гэх 1994 оны Хишиг-Өндөр сумын Засаг даргын үйлдэл, үйл ажиллагааг ... илт хууль бусад тооцуулах, мөн сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр олгосон газраас 8 айлын орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 90 дүгээр захирамжаар “...урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам хангаагүй, ... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, мөн шүүгчийн 2016 оны 108 дугаар захирамжаар “... тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 90 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан боловч захирамжид заагдсан хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг арилгалгүйгээр нэхэмжлэлээ дахин ирүүлсэн” гэх үндэслэлээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас дахин татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 0818 дугаар тогтоолоор “...нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан, ... нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх ... дүгнэлт нь захиргааны хэргийг үүсгэх эсэхийг шийдвэрлэхэд /хамааралгүй/” гэх дүгнэлт хийн, уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар захирамжаар “... нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгө, газар эзэмшлийн шийдвэр таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндсөн нь тодорхойгүй байх тул тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзнэ” гэх үндэслэлээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-т заасныг баримтлан “нэхэмжлэлийг буцаах”-аар, мөн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар захирамжаар “... шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх ... хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй, ... нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн ... баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар холбоотой нь тодорхойгүй, ... нэхэмжлэл гаргах эрхийг нотолсон баримтгүй...” гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 0200 дугаар тогтоолоор “... нэхэмжлэл гаргах эрхгүй гэх илэрхий үндэслэл тогтоогдохгүй байна, ... эрх зөрчигдсөн эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалгаж шийдвэрлэх /ёстой/” гэх үндэслэлээр мөн хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн дээр дурдсан 2016 оны 90, 108, 2017 оны 13, 38 дугаар захирамжуудын үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан “... /нэхэмжлэл гаргах/ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” үндэслэлд хамааралгүй, өөр үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас удаа дараа татгалзаж шийдвэрлэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл тус бүрт хамаарах баримтуудыг шалгасны үндсэн дээр нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгч хуулиар тогтоосон “хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх” талаар дүгнэлт хийлгүй захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Өөрөө хэлбэл, нэхэмжлэгч “А х” ХХК-иас “...1994 оны Хишиг-Өндөр сумын Засаг даргын үйлдэл, үйл ажиллагааг ... илт хууль бусад тооцуулах”, “...сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжийн ... холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан, мөн нэхэмжлэгчээс 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан “...гомдлыг ... хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар, 14.3-т “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар тус тус заасантай хэрхэн нийцэж байгаа, хуулиар тогтоосон дээрх хугацааг хэтрүүлсэн нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” үндэслэл болж байхад энэ талаар дүгнэлт хийлгүй, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаар захирамжаар “захиргааны хэрэг үүсгэж” шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль үндэслэл, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх асуудлын хүрээнд дүгнэлт хийх байтал “...барилга нь Нэгдэл дундын үйлдвэрийн өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан гэдэг нь нотлогдохгүй байна, ... уг барилга нь төрийн өмч .../байна/” гэх зэргээр захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “....Захиргааны хэргийн шүүх ... нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн, нэхэмжлэгчээс “...нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж ...балансаас балансанд 8-н айлын орон сууцыг шилжүүлж авсан захиргааны актыг илт хууль бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан” гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдохгүй байх тул “... хүсэлт гаргаад байхад анхан шатны шүүх нэхэмлэлийн шаардлагыг өөрчлөлгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А х” ХХК-ний захирал Б.Наранхүүгийн “... өөрийн байртай болмогц 8-н айлын орон сууцыг танайд буцаан өгнө... гэж тухайн үеийн Засаг даргатай тохиролцсон, ... /уг үйл баримтад холбогдох/ нотлох баримтыг шүүх цуглуулаагүй, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй ...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0545 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А х” ХХК-ний захирал Б.Наранхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА