Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 368

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2021/00292/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... тоотод оршин суугаа, утас ...., ... регистрийн дугаартай, Т овогт Б.Э нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хэсэг гудамж ...тоотод оршин суугаа, утас ... , ... регистрийн дугаартай, Б овогт Э.Уд холбогдох

 

4 135 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Э.У, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Миний зүс таних Э.У нь надаас 2018 оны 07 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сарын хугацаанд нийт 5 удаагийн давтамжтайгаар мөнгө зээлсэн. Э.У нь анх 2018.07 дугаар сард 3 сарын хугацаатай, 10%-ийн хүүтэй мөнгө зээлдүүлээч, би бараа татах, ойр зуурын эргэлтийн мөнгө шаардлагатай байна гэж хэлэн зээлж авч байсан. Бид мөнгө өгч авалцахдаа ямар нэгэн бичгээр гэрээ хийгээгүй, таньдаг хүн учраас удаахгүй өгөх байх гэж итгэсэн. Гэвч Э.У нь хэлэлцэн тохирсон хугацаандаа мөнгөө төлж барагдуулахгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие Э.Уд мөнгө зээлдүүлэхдээ өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас түүний эзэмшлийн Хаан банкны ... тоот дансруу дараах байдлаар зээл олгов гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. 2018.07.27-ны өдөр 800,000 төгрөг, 2018.07.28-ны өдөр 200,000 төгрөг, 2018.08.29-ний өдөр 1,900,000 төгрөг, 2018.09.30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,960,000 төгрөгийг зээлдүүлсэн. Э.У нь зээлийн эргэн төлөлтөд дараах байдлаар нийт 825,000 төгрөг шилжүүлсэн. 2019.04.09-ний өдөр 50,000 төгрөг, 2019.04.10-ны өдөр 50,000 төгрөг, 2019.04.24-ний өдөр 100,000 төгрөг, 2019.04.25-ны өдөр 100,000 төгрөг, 2019.04.27-ны өдөр 50,000 төгрөг, 2019.04.28-ны өдөр 50,000 төгрөг, 2019.05.02-ны өдөр 80,000 төгрөг, 2019.05.04-ний өдөр 50,000 төгрөг, 2019.05.06-ны өдөр 50,000 төгрөг, 2019.05.07-ны өдөр 50,000 төгрөг, 2019.05.09-ний өдөр 50,000 төгрөг, 2019.07.03-ны өдөр 50,000 төгрөг, 2019.07.10-ны өдөр 50,000 төгрөг, 2019.07.16-ны өдөр 30,000 төгрөг, 2019.07.24-ний өдөр 15,000 төгрөг, нийт 825,000 төгрөгийг төлсөн. Миний бие Э.Уаас зээлийн үлдэгдэл 4,135,000 төгрөгийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч утсаа салгаад холбоо барихаа больж, Олон улсын худалдааны төвд байрладаг өөрийнх нь дэлгүүр лүү нь очиж уулзахад “... шүүхээрээ яваад мөнгөө аваарай” гэж хэлсэн. Иймд Э.У нь зээлийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй нэхэмжлэгч намайг санхүүгийн хувьд хохиролд оруулж байх тул Э.Уаас зээлийн үлдэгдэл 4 135 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Э.У нь нэхэмжлэгчээс зээлсэн нийт 4,960,000 төгрөгөөс зээлийн эргэн төлөлтөд 825,000 төгрөг төлснөөс гадна өөрийн ээж болон дүүгийн данснаас дараах байдлаар төлөлт хийсэн нь хэрэгт авагдсан дансны хуулгаас харагдаж байна. Үүнд: Э.У эзэмшлийн хаан банкны ... тоот данснаас нийт 25 удаагийн гүйлгээгээр 780,000 төгрөг, С.Оийн эзэмшлийн хаан банкны ... тоот данснаас нийт 9 удаагийн гүйлгээгээр 460,000 төгрөг, зээлийн төлөлтөд өөрийн дүү болон ээжийн данснаас нийт 1,240,000 төгрөгийг хариуцагч төлсөн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4,135,000 төгрөгөөс 1,240,000 төгрөгийг багасгаж үлдэгдэл 2 895 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Э.У түүний өмгөөлөгч Ө.Ө нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Эоос нийт 4,960,000 төгрөг зээлсэн нь үнэн. Би Дархан Олон улсын худалдааны төвийн ... ” ХХК-н ...  гэж хүнсний дэлгүүр ажиллуулдаг оффисын 1-1 гэсэн хаягтайгаар ажиллуулдаг байхад Э ирж уулзаад Э  гэж зээлийн хоршоо байгуулагдсан танайх зээл авах уу гэхээр нь авья гээд Э гэж зээлийн хоршооноос зээл авах гэж байна гэж бодож зөвшөөрсөн чинь зээлийн лимит дууссан хувиараа зээлье гээд аль алинтай нь зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй увуулж цувуулж 4,960,000 төгрөг авсан. Буцааж өгөхдөө 2019 оны 1 сар хүртэл бэлнээр хүү өгч байсан. Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, эхэндээ аман тохиролцоогоор 10% хүү өгч байгаад сүүлдээ орлого муудаад бид хоорондоо тохироод хүүг авахаа болиод үндсэн мөнгөө өгч авалцахаар болсон. Учир нь хүү гэж 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн байсан учраас зөвхөн үндсэн мөнгөө өгөхөөр болсон байсан. Б.Э намайг ердөө 825,000 төгрөг буцааж өгсөн гэдэг нь худлаа байна. Б.Э мөнгөө авахдаа янз бүрийн данс өгч шилжүүлж авч байсан би тухай бүр нь шилжүүлсэн мөнгөнийхөө гүйлгээний утгыг У ОУХТ .... гэж өөрийг нэрийг, худалдаа эрхэлдэг Олон улсын худалдааны төвийг товчилж бичээд өөрийн утасны дугаараа давхар бичээд шилжүүлдэг байсан ба өөрт мөнгө байхгүй үедээ өөрийн ээж С –ийн О, эгч Э У нарын данснаас явуулдаг. Ээж С.Оийн эзэмшлийн Хаан банкны ... данснаас Б.Эын өөрөө надад өгч байсан Хаан банкны ... дансруу 2019.04.12-д 50,000 төгрөг, 2019.04.12-д 50,000 төгрөг, 2019.04.13-д 50,000 төгрөг, 2019.04.14-д 50,000 төгрөг, 2019.04.15-д 50,000 төгрөг, 2019.04.18-д 50,000 төгрөг, 2019.04.23-д 100,000 төгрөг, 2019.10.20-д 30,000 төгрөг, 2019.10.22-д 30,000 төгрөгийг тус тус 9 удаагийн гүйлгээ хийж нийт 460,000 төгрөгийг,

Эгч Э.Уын Хаан банкны ... данснаас ... дансруу 2019.05.11-д 50,000 төгрөг, 2019.05.13-д 50,000 төгрөг, 2019.05.16-д 50,000 төгрөг, 2019.05.23-д 35,000 төгрөг, 2019.05.24-д 40,000 төгрөг, 2019.05.25-д 40,000 төгрөг, 2019.05.27-д 40,000 төгрөг, 2019.06.02-д 40,000 төгрөг, 2019.06.05-д 30,000 төгрөг, 2019.06.07-д 30,000 төгрөг, 2019.06.09-д 30,000 төгрөг, 2019.06.10-д 30,000 төгрөг, 2021.06.21-д 30,000 төгрөг, 2019.07.19-д 30,000 төгрөг, 2019.07.26-д 20,000 төгрөг, 2019.08.01-д 20,000 төгрөг, 2019.08.09-д 30,000 төгрөг, 2021.09.06-д 20,000 төгрөг, 2019.09.15-д 10,000 төгрөг, 2019.09.21-д 20,000 төгрөг, 2019.10.11-д 30,000 төгрөг, 2019.11.05-д 25,000 төгрөг, 2019.11.19-д 20,000 төгрөг, 2019.11.21-д 20,000 төгрөг, 2019.11.05-д 25,000 төгрөг, 2019.11.10-д 30,000 төгрөг, 2019.10.22-д 40,000 төгрөгийг 27 удаагийн гүйлгээгээр нийт 780,000 төгрөгийг өдрийн орлогоосоо өгдөг байсан.

Үүнээс гадна Б.Э дуртай үедээ миний түрээсэлдэг хүнсний лангуун дээр ирж өрөндөө суутгуулна гээд авахыг хүссэн бараа авдаг байсан. Би түүний авсан барааг өөрийн барааны тооцоо бичиж тэмдэглэдэг хувийн бор ширэн хавтастай дэвтэр дээр Эын бичүүлж авсан барааны нэрийг нь үнэтэй нь цуг бичдэг байсан, мөн ээж, эгч хоёрынхоо дансаар явуулж байснаа хамт бичиж тэмдэглэдэг байсан.

Тухайлбал: Тус дэвтрийн 46 дугаарласан хуудсанд Э 12 сар гээд авсан бараа нийт 486,250 төгрөг, 51 гэж дугаарласан талд Э, Э гээд өдөр тутам авсан хүнсний тооцоо 989,600 төгрөг, хуудасны ар талд 365,000 төгрөгийн тооцоо, 52 гэсэн дугаарт 2019.09 сар гээд 186,610 төгрөгийн тооцоо арын хуудаст 169,000 төгрөг, 53 дугаар хуудсанд 7 сар Э гээд 702,050 төгрөг, 2019.06.07 сар гээд 450,900 төгрөг, 54 дүгээр хуудасны талд 5 сар Эээ Э гээд 509,300 төгрөг, арын хуудасны талд Эээд Э гээд 1,154,100 төгрөг, 59-р хуудасны ар талд Эээ Э гэж бичээд 1 сарын 3 вино 3 ширхэг 35 500 нийт 106,500 төгрөг тооцоо бичив, 1 сарын 15-аас 2 сарын 2 хүртэл авсан барааны үнэ 38,000 төгрөг, 60 дугаартай хуудаст Э Эээ 2019 он 2 сар гээд 116,000 төгрөгийн бараа ялангуяа архи, ундаа, чипс, хайрцгаар нь тахиа аваад явна, Хар Чингис платинум Голд архи 1 ш нь 135,000 үнэтэй архи аваад явдаг байсан, эхнэр нь бас ирээд вино аваад явна гэх мэтчилэн авсан мөнгөнийхээ оронд хангалттай бараа ирээд авсан. Авсан тооцоо идэж уусан хоол хүнс, архи вино, ундаагаа яагаад хасахгүй байгааг гайхаж байна. Өөрөө сайн мэдэж байгаа шүү дээ. Энэ авсан хүнсний тооцоог зээлээс хасуулна өрөө хасуулна гээд авч байсан. Дансаар нийт 2,065,000 төгрөг, бараа бүтээгдэхүүнээр 3 277 510 төгрөг, нийт 5 342 510 төгрөгийг өгсөн байна. Энэ тооцоонд урьд нь өгсөн 2,000,000 төгрөгт бэлнээр өгсөн хүүг тооцоогүй болно. Одоо надаас дахин мөнгө шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Э.Уд холбогдуулан 4 135 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан 2 895 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нь төлбөрийг дансаар болон бэлнээр, хүнсний бараа бүтээгдэхүүнээр төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж гаргасан тайлбартаа ... Миний бие Э.Утай тохиролцож мөнгө зээлдүүлэхдээ өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас түүний эзэмшлийн Хаан банкны ... тоот дансруу 4 удаа 4 960 000 төгрөг шилжүүлсэн. Э.Уын дансаар шилжүүлсэн 825 000 төгрөгийг хасч анх шүүхэд зээлийн үлдэгдэл төлбөр 4 135 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан Э.У, С.О нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд авагдсан төлбөр шилжүүлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 2 895 000 төгрөг болгон бууруулсан гэжээ.

Хариуцагч нь шүүх хуралдаанд ... би Дархан-Уул аймгийн 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ Дархан Олон улсын худалдааны төвийн 1 давхарт Хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зориулалттай талбайг эгч Д.Уын А сүүн хайрхан ХХК-ны нэрээр Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх гэрээ байгуулан ажиллуулдаг, архи, тамхи борлуулах зөвшөөрөл нь заавал компаны нэр дээр хийгддэг тул эгчийн компанийн нэр дээр түрээсийн гэрээ байгуулж, хувиараа 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг. Эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор Б.Этой өөрөө гэрээ байгуулан 4 960 000 төгрөгийн зээл авсан, худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн бүгд миний өмчлөлийн зүйл тул компанид хамааралгүй, зээлийн төлбөрийг бараа бүтээгдэхүүн болон бэлнээр, дансаар бүрэн төлж барагдуулсан тул зөвшөөрөхгүй гэж маргаж, нотлох баримтаар Э.У, С.О нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талбай түрээслэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж  трейд ХХК-аас нийлүүлсэн барааны зарлагын баримтыг ирүүлжээ.

 

Дээрх нотлох баримтуудаар хариуцагч Э.У нь өөрийн төрсөн эгч Э.Уын А сүүн хайрхан ХХК-ны нэрээр хүнсний худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлж байх хугацаандаа Б.Этой харилцан тохиролцож нийт 4 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 4 960 000 төгрөгийн зээлийг авч зээлийн төлбөрт өөрийн дансаар 825 000 төгрөг, ээж О-ийн дансаар 460 000 төгрөг, эгч Э.Уын дансаар 780 000 төгрөг нийт 2 065 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ...өөрийн дэлгүүрээс нэхэмжлэгч Б.Эт 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 9 хүртэл нийт 3 113 110 төгрөгийн хүнсний бараа болон бэлнээр 168 700 төгрөг нийт 3 281 810 төгрөг дээр дансаар шилжүүлсэн 2 065 000  бүгд 5 346 810 төгрөгийг төлбөрт төлсөн гэж тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эзэмшлийн хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийлгэж, гэрчээр Э.У, С.О нараас мэдүүлэг авахуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх тайлбарыг үгүйсгэж бараа бүтээгдэхүүн авч байгаагүй, нэг л удаа вино авч төлбөрийг маргааш нь барагдуулсан гэж маргаж байгаа боловч үзлэг хийсэн хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтрийн 60 дугаар хуудсанд 2019.02.03 – 2019.03.07-ныг хүртэл 24 удаагийн бичилтээр 288 900 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан тэмдэглэгээ, 59 дүгээр хуудсанд ...2019.01.03-2019.02.20-ны өдрийг хүртэл 11 удаагийн бичилтээр 144 500 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан тэмдэглэгээ, 54 дүгээр хуудасны нүүрэнд 2019.05.10-2019.06.07-ны өдрийг хүртэл 17 удаагийн бичилтээр 54 300 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн авсан тэмдэглэгээ, 54 дүгээр хуудасны ард 2019.04.30-ны өдрөөс 2019.05.08-ны өдрийг хүртэл 7 удаагийн бичилттэй үүнээс бараа бүтээгдэхүүн 16 400 төгрөг, бэлнээр 7 700 төгрөг нийт 24 100 төгрөг, 53 дугаар хуудасны нүүр талд 2019.07.31-2019.08.30 өдрийг хүртэл 37 удаагийн бичилттэй, үүнээс бараа бүтээгдэхүүн 622 050 төгрөг, бэлнээр 30 000 төгрөг нийт 652 050 төгрөг, 53 дугаар хуудасны ар талд 2019.06.07-2019.07.30 хүртэл 25 удаагийн бичилттэй, үүнээс бараа бүтээгдэхүүн 155 900 төгрөг, бэлнээр 10 000 төгрөг нийт 165 900 төгрөг, 53 дугаар хуудасны ар талд 2019.09.19-2019.10.15 хүртэл 37 удаагийн бичилттэй үүнээс бараа бүтээгдэхүүн 116 612 төгрөг, бэлнээр 20 000 төгрөг нийт 139 600 төгрөг, 51 дүгээр хуудасны ар талд 2019.11.09-2019.12.22 хүртэл 30 удаагийн бичилттэй, үүнээс бараа 946 600 төгрөг, бэлнээр 3 000 төгрөг нийт 949 600 төгрөг, 46 дугаар хуудасны нүүр талд 2019.12.28-2020.02.03 хүртэл 23 удаагийн бичилттэй, үүнээс бараа бүтээгдэхүүн 400 250 төгрөг, бэлнээр 86 000 төгрөг нийт 486 250 төгрөг нийт бараа бүтээгдэхүүн 3 113 110 төгрөг, бэлнээр 168 700 төгрөг гэсэн тэмдэглэгээ,

гэрч Э.Уад хууль сануулан авсан мэдүүлэгт....анх хэдэн төгрөгийн зээл авсан, мөн зээлийн төлөлт болон тооцооны талаарх бүх үйл явдлыг мэднэ. Би өөрийн данснаас 780 000 төгрөг, Э.Уын данснаас 825 000 төгрөг, ээж С.Оийн данснаас 460 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгө болох 2 900 000 төгрөгт тооцон Б.Э нь дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авсан бөгөөд үүнийг өөрийн санхүүгийн бор дэвтэрт хөтөлсөн байгаа. Дэвтрийн хөтлөлтөөс харахад 2 900 000 төгрөгөөс илүү хэмжээний бараа бүтээгдэхүүн өгсөн ..., гэрч С.О ...манай охин Э.У энэ хүнээс мөнгө зээлж авсан гээд тэр мөнгөнөөс нь хасуулах гээд миний данснаас хэд хэдэн удаа шилжүүлж байсан. Б.Э гэдэг хүн манай дэлгүүрээс өөрөө болон найз нөхдийн хамт орж ирж удаа дараа архи, набор, чихэр, ундаа зэрэг их зүйл авдаг. Мөн хотоос ирлээ гээд бэлнээр багадаа 20 000 төгрөг, хүнд өгөх гэж байна гээд ихдээ 40 000 төгрөгийг авч байсан. Харин ундааг бол өдөр болгон орж ирж авдаг, ...Э.У болон надаас ч авсан бөгөөд Э.Уаас авах үед нь би хажууд нь байсан гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 9 хүртэл нийт 3 113 110 төгрөгийн хүнсний бараа болон бэлнээр 168 700 төгрөг нийт 3 281 810 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 1 удаа вино авсан гэж тайлбар гаргаж гэрчээр Э.А-ийг асуулгасан бөгөөд энэ байдал нь хариуцагч Э.Уын хүрэн дэвтрийн Э Эээ гэж эхэлсэн 60 дугаар талын сүүлийн мөрөнд 3 дугаар сарын 07-нд 35 500 төгрөг вино эхнэр гэсэн бичилт зэргээр тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх баримтаар тогтоогдсон виноны төлбөрийг маргааш нь төлж барагдуулсан, үүнээс өөр бараа бүтээгдэхүүн авч байгаагүй гэж маргаж байгаа боловч дээрх хүнсний бараа, бүтээгдэхүүн авч байсан талаар тэмдэглэлийн дэвтэрт бичсэн бичилтүүд болон гэрчийн мэдүүлгүүдийг үгүйсгэх нотлох баримт гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл төлбөр 2 895 000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.Эын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Уд холбогдох 2 895 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81 110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА