Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2021/00056

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00292/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 368 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******д холбогдох

4.135.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт:

Миний зүс таних ******* нь надаас 2018 оны 07 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сарын хугацаанд нийт 5 удаагийн давтамжтайгаар мөнгө зээлсэн. ******* нь анх 2018.07 дугаар сард 3 сарын хугацаатай, 10%-ийн хүүтэй мөнгө зээлдүүлээч, би бараа татах, ойр зуурын эргэлтийн мөнгө шаардлагатай байна гэж хэлэн зээлж авч байсан. Бид мөнгө өгч авалцахдаа ямар нэгэн бичгээр гэрээ хийгээгүй, таньдаг хүн учраас удаахгүй өгөх байх гэж итгэсэн. Гэвч ******* нь хэлэлцэн тохирсон хугацаандаа мөнгөө төлж барагдуулахгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие *******д мөнгө зээлдүүлэхдээ өөрийн эзэмшлийн Хаан банкны 5028336386 тоот данснаас түүний эзэмшлийн Хаан банкны 5109018089 тоот данс руу дараах байдлаар зээл олгов гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. 2018.07.27-ны өдөр 800.000 төгрөг, 2018.07.28-ны өдөр 200.000 төгрөг, 2018.08.29-ний өдөр 1.900.000 төгрөг, 2018.09.30-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 4.960.000 төгрөгийг зээлдүүлсэн. ******* нь зээлийн эргэн төлөлтөд дараах байдлаар нийт 825.000 төгрөг шилжүүлсэн. 2019.04.09-ний өдөр 50.000 төгрөг, 2019.04.10-ны өдөр 50.000 төгрөг, 2019.04.24-ний өдөр 100.000 төгрөг, 2019.04.25-ны өдөр 100.000 төгрөг, 2019.04.27-ны өдөр 50.000 төгрөг, 2019.04.28-ны өдөр 50.000 төгрөг, 2019.05.02-ны өдөр 80.000 төгрөг, 2019.05.04-ний өдөр 50.000 төгрөг, 2019.05.06-ны өдөр 50.000 төгрөг, 2019.05.07-ны өдөр 50.000 төгрөг, 2019.05.09-ний өдөр 50.000 төгрөг, 2019.07.03-ны өдөр 50.000 төгрөг, 2019.07.10-ны өдөр 50.000 төгрөг, 2019.07.16-ны өдөр 30.000 төгрөг, 2019.07.24-ний өдөр 15.000 төгрөг, нийт 825.000 төгрөгийг төлсөн. Миний бие *******аас зээлийн үлдэгдэл 4.135.000 төгрөгийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч утсаа салгаад холбоо барихаа больж, Олон улсын худалдааны төвд байрладаг өөрийнх нь дэлгүүр лүү нь очиж уулзахад ... шүүхээрээ яваад мөнгөө аваарай гэж хэлсэн. Иймд ******* нь зээлийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй нэхэмжлэгч намайг санхүүгийн хувьд хохиролд оруулж байх тул *******аас зээлийн үлдэгдэл 4.135.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчээс зээлсэн нийт 4.960,000 төгрөгөөс зээлийн эргэн төлөлтөд 825.000 төгрөг төлснөөс гадна өөрийн ээж болон дүүгийн данснаас дараах байдлаар төлөлт хийсэн нь хэрэгт авагдсан дансны хуулгаас харагдаж байна. Үүнд: Э.Ундрахын эзэмшлийн хаан банкны 5045570904 тоот данснаас нийт 25 удаагийн гүйлгээгээр 780.000 төгрөг, *******ийн эзэмшлийн хаан банкны 5109027015 тоот данснаас нийт 9 удаагийн гүйлгээгээр 460.000 төгрөг, зээлийн төлөлтөд өөрийн дүү болон ээжийн данснаас нийт 1.240.000 төгрөгийг хариуцагч төлсөн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4.135.000 төгрөгөөс 1.240.000 төгрөгийг багасгаж үлдэгдэл 2.895.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие *******оос нийт 4.960.000 төгрөг зээлсэн нь үнэн. Би Дархан Олон улсын худалдааны төвийн *******-н Асгат гэж хүнсний дэлгүүр ажиллуулдаг оффисын 1-1 гэсэн хаягтайгаар ажиллуулдаг байхад ******* ирж уулзаад ******* гэж зээлийн хоршоо байгуулагдсан танайх зээл авах уу гэхээр нь авъя гээд ******* гэж зээлийн хоршооноос зээл авах гэж байна гэж бодож зөвшөөрсөн чинь зээлийн лимит дууссан хувиараа зээлье гээд аль алинтай нь зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй увуулж цувуулж 4.960.000 төгрөг авсан. Буцааж өгөхдөө 2019 оны 1 сар хүртэл бэлнээр хүү өгч байсан. Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, эхэндээ аман тохиролцоогоор 10% хүү өгч байгаад сүүлдээ орлого муудаад бид хоорондоо тохироод хүүг авахаа болиод үндсэн мөнгөө өгч авалцахаар болсон. Учир нь хүү гэж 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн байсан учраас зөвхөн үндсэн мөнгөө өгөхөөр болсон байсан. ******* намайг ердөө 825.000 төгрөг буцааж өгсөн гэдэг нь худлаа байна. ******* мөнгөө авахдаа янз бүрийн данс өгч шилжүүлж авч байсан би тухай бүр нь шилжүүлсэн мөнгөнийхөө гүйлгээний утгыг ******* гэж өөрийг нэрийг, худалдаа эрхэлдэг Олон улсын худалдааны төвийг товчилж бичээд өөрийн утасны дугаараа давхар бичээд шилжүүлдэг байсан ба өөрт мөнгө байхгүй үедээ өөрийн ээж Самбуугийн Оюунчимэг, эгч Эрдэнэдалайн Ундрах нарын данснаас явуулдаг. Ээж *******ийн эзэмшлийн Хаан банкны 5109027015 данснаас *******ын өөрөө надад өгч байсан Хаан банкны 5028336386 данс руу 2019.04.12-д 50.000 төгрөг, 2019.04.12-д 50.000 төгрөг, 2019.04.13-д 50.000 төгрөг, 2019.04.14-д 50.000 төгрөг, 2019.04.15-д 50.000 төгрөг, 2019.04.18-д 50.000 төгрөг, 2019.04.23-д 100.000 төгрөг, 2019.10.20-д 30.000 төгрөг, 2019.10.22-д 30.000 төгрөгийг тус тус 9 удаагийн гүйлгээ хийж нийт 460.000 төгрөгийг,

Эгч Э.Ундрахын Хаан банкны 5045570904 данснаас 5028336386 данс руу 2019.05.11-д 50.000 төгрөг, 2019.05.13-д 50.000 төгрөг, 2019.05.16-д 50.000 төгрөг, 2019.05.23-д 35.000 төгрөг, 2019.05.24-д 40.000 төгрөг, 2019.05.25-д 40.000 төгрөг, 2019.05.27-д 40.000 төгрөг, 2019.06.02-д 40.000 төгрөг, 2019.06.05-д 30.000 төгрөг, 2019.06.07-д 30.000 төгрөг, 2019.06.09-д 30.000 төгрөг, 2019.06.10-д 30.000 төгрөг, 2021.06.21-д 30.000 төгрөг, 2019.07.19-д 30.000 төгрөг, 2019.07.26-д 20.000 төгрөг, 2019.08.01-д 20.000 төгрөг, 2019.08.09-д 30.000 төгрөг, 2021.09.06-д 20.000 төгрөг, 2019.09.15-д 10.000 төгрөг, 2019.09.21-д 20.000 төгрөг, 2019.10.11-д 30.000 төгрөг, 2019.11.05-д 25.000 төгрөг, 2019.11.19-д 20.000 төгрөг, 2019.11.21-д 20.000 төгрөг, 2019.11.05-д 25.000 төгрөг, 2019.11.10-д 30.000 төгрөг, 2019.10.22-д 40.000 төгрөгийг 27 удаагийн гүйлгээгээр нийт 780.000 төгрөгийг өдрийн орлогоосоо өгдөг байсан.

Үүнээс гадна ******* дуртай үедээ миний түрээсэлдэг хүнсний лангуун дээр ирж өрөндөө суутгуулна гээд авахыг хүссэн бараа авдаг байсан. Би түүний авсан барааг өөрийн барааны тооцоо бичиж тэмдэглэдэг хувийн бор ширэн хавтастай дэвтэр дээр *******ын бичүүлж авсан барааны нэрийг нь үнэтэй нь цуг бичдэг байсан, мөн ээж, эгч хоёрынхоо дансаар явуулж байснаа хамт бичиж тэмдэглэдэг байсан.

Тухайлбал: Тус дэвтрийн 46 дугаарласан хуудсанд Элдэв-Очир 12 сар гээд авсан бараа нийт 486.250 төгрөг, 51 гэж дугаарласан талд *******, Элдэв-Очир гээд өдөр тутам авсан хүнсний тооцоо 989.600 төгрөг, хуудасны ар талд 365.000 төгрөгийн тооцоо, 52 гэсэн дугаарт 2019.09 сар гээд 186.610 төгрөгийн тооцоо арын хуудаст 169.000 төгрөг, 53 дугаар хуудсанд 7 сар Элдэв-Очир гээд 702.050 төгрөг, 2019.06.07 сар гээд 450.900 төгрөг, 54 дүгээр хуудасны талд 5 сар *******ээ Элдэв-Очир гээд 509.300 төгрөг, арын хуудасны талд *******ээд Элдэв-Очир гээд 1.154.100 төгрөг, 59-р хуудасны ар талд *******ээ Элдэв-Очир гэж бичээд 1 сарын 3 вино 3 ширхэг 35.500 нийт 106.500 төгрөг тооцоо бичив, 1 сарын 15-аас 2 сарын 2 хүртэл авсан барааны үнэ 38.000 төгрөг, 60 дугаартай хуудаст Элдэв-Очир *******ээ 2019 он 2 сар гээд 116.000 төгрөгийн бараа ялангуяа архи, ундаа, чипс, хайрцгаар нь тахиа аваад явна, Хар Чингис платинум Голд архи 1 ш нь 135.000 үнэтэй архи аваад явдаг байсан, эхнэр нь бас ирээд вино аваад явна гэх мэтчилэн авсан мөнгөнийхөө оронд хангалттай бараа ирээд авсан. Авсан тооцоо идэж уусан хоол хүнс, архи вино, ундаагаа яагаад хасахгүй байгааг гайхаж байна. Өөрөө сайн мэдэж байгаа шүү дээ. Энэ авсан хүнсний тооцоог зээлээс хасуулна өрөө хасуулна гээд авч байсан. Дансаар нийт 2.065.000 төгрөг, бараа бүтээгдэхүүнээр 3.277.510 төгрөг, нийт 5.342.510 төгрөгийг өгсөн байна. Энэ тооцоонд урьд нь өгсөн 2.000.000 төгрөгт бэлнээр өгсөн хүүг тооцоогүй болно. Одоо надаас дахин мөнгө шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох 2.895.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81.110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар 18-ны өдрийн 368 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч ******* миний биө бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161, 162 дугаар зүйлийг баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч миний бие хариуцагч *******д холбогдуулан 4.135.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа багасгах тухай тайлбар гаргаж 2.895.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч талаас уг мөнгийг бэлнээр 168.000 төгрөг

болон 3.113.110 төгрөгийн хүнсний бараа, нийт 3.281.810 төгрөгийг төлсөн гэж маргадаг.

Хариуцагч талаас хэрэгт хавсарган өгсөн бор өнгийн тэмдэглэлийн дэвтэрт бэлнээр болон өгсөн бараа бүтээгдэхүүнээ бичсэн байх ба уг бичвэрийг хэзээ бичсэн нь тодорхойгүй, нөхөж бичсэн байх боломжтой гэж үзэж байна. Учир нь миний бие хариуцагчаас огт бэлнээр болон *******ын дэлгүүрээс хүнсний бараа бүтээгдэхүүн зээлэндээ суутгаж авч байсан удаа байхгүй. Хэдийгээр хариуцагч *******ын эгч Э.Ундрахын шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэгт ... Дэвтрийн хөтлөлтөөс харахад 2.900.000 төгрөгөөс илүү хэмжээний бараа өгсөн" гэж мэдүүлдэг. Хариуцагч *******ын ээж ******* нь мөн адил ямар, ямар бараа бүтээгдэхүүн хэдэн удаагийн давтамжтай хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан зэргийг хөдөлбөргүй нотолдоггүй. Хариуцагчийн хүсэлтээр мэдүүлэг авсан гэрчүүд нь уг дэвтрийг нотлох бус харин дэвтрийн бичилтийг үндэслэж мэдүүлэг өгсөн байдаг.

Тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн үнийн дүн нь эргэлзээгүй, үнэн, хөдөлбөргүй бодитой нотлох баримтын шаардлага хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулж 4.135.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2.895.000 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч ******* төлбөрийг дансаар болон бэлнээр, хүнсний бараа бүтээгдэхүүнээр төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар Зээлдүүлэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ХААН банк дахь өөрийн эзэмшлийн данснаас зээлдэгч *******ын ХААН банк дахь эзэмшлийн данс руу 5 удаагийн гүйлгээгээр зээл олгов гэсэн бичилттэй 4.960.000 төгрөг шилжүүлсэн байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд 15 удаагийн үйлдлээр 825.000 төгрөгийг, төрсөн ээж *******ийн ХААН банк дахь эзэмшлийн данснаас 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 9 удаагийн гүйлгээгээр 460.000 төгрөгийг, төрсөн эгч Э.Ундрахын ХААН банк дахь эзэмшлийн данснаас 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 25 удаагийн гүйлгээгээр нийт 780.000 төгрөгийг тус тус зээлдүүлэгч *******ын эзэмшлийн ХААН банк дахь 5028336386 тоот данс руу шилжүүлсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Талууд зээлийн гэрээг амаар тохиролцсон бөгөөд хариуцагч ******* зээлийн хүүд 2.000.000 төгрөг, үндсэн зээлд 168.700 төгрөг тус тус бэлнээр өгсөн гэж тайлбарладаг боловч энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх гэж заасан үүргээ биелүүлээгүй болно.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Олон улсын худалдааны төвд байрлах, өөрийн ажиллуулдаг Асгат сүүн хайрхан нэртэй хүнсний дэлгүүрээс 3.113.110 төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүн авсан гэж тайлбарладаг бөгөөд тайлбараа нотлохоор өөрийн эзэмшлийн хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар өгч, төрсөн ээж *******, төрсөн эгч Э.Ундрах нараас гэрчийн мэдүүлэг авхуулсан байна.

Шүүх хариуцагч *******ын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхэд нотлох баримтаар өгсөн хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн болох нь хэрэгт авагджээ.

Энэхүү тэмдэглэлээр нэхэмжлэгч *******ын нэр дээр 2019 оны 02 дугаар 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 287 удаагийн бичилтээр 3.113.110 төгрөгийн хүнсний бараа, 168.700 төгрөг бэлнээр өгсөн бичилт хийгдсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн төлсөн гэж байгаа мөнгөнүүд нь нийт 5.546.810 төгрөг болж байгаа нь анх зээлсэн мөнгөнөөсөө хэтэрсэн, хэдийг нь хүүд, хэдийг нь үндсэн зээлд өгсөн нь тодорхойгүй, эргэлзээтэй байх тул энэ баримтыг үнэн бодитой баримт гэж үзэхгүй гэж тайлбарлажээ.

Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч тал хариуцагчийн хүсэлтээр аман хэлцлээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 4.960.00 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн буюу зээлдүүлсэн, зээлдэгч Ундрал нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ...зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж зааснаар хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

Талууд зээлийн гэрээний үүргийг хүнсний болон бусад бараагаар биелүүлнэ гэж харилцан тохиролцсон эсэх нь баримтаар нотлогдоогүй, зээлдэгчийн нотлох баримтаар шинжлэн судлуулсан тэмдэглэлийн дэвтэр дэх бичвэрүүд нь зээлийг төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй, зээлдүүлэгч тэрхүү нотлох баримтыг хүлээн зөвшөөрч баталгаажуулаагүй,

энэ талаар зээлдүүлэгч татгалзсан тайлбар гаргадаг бөгөөд зээлдэгч нь зээлдүүлэгчийн татгалзлыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн ба зээлдэгч буцааж мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төрсөн ээж болон эгч нараас нь шилжүүлсэн мөнгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 368 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 2.895.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******аас 2.895.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай гэж,

2 дугаар заалтын

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81.110 төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81.110 төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 61.270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.250 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                                              ШҮҮГЧИД                                  Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                                Л.АМАРСАНАА