Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2021/01183

 

 

 

 

 

 

 

    2021          04          14                                    101/ШШ2021/01183

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т банк” ХХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Л.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 17,961,978.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Н.Д, хариуцагч  Л.Б, нарийн бичгийн дарга С.Өсөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Б нь Хадгаламж банктай 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 45 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 12,000,000 /арван хоёр сая / төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Мөн зээлийн барьцаанд 36 сарын цалин барьцаалсан. Банк зээлийн гэрээний дагуу зээлдэгч Л.Бын Хадгаламж банк дахь 28050005178 тоот цалингийн дансанд 12,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Зээлдэгч Л.Бын Зээлийн үүргийг шаардах эрх нь Хадгаламж банкны эрх хүлээн авагч болон Т банкны гүйцэтгэх захирал нарын хооронд байгуулагдсан 2013-07-22-ны өдрийн 002/2013БЭХА/154 тоот Актив, Пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний хавсралтаар Т банканд шилжиж ирсэн. Зээлдэгч Л.Б нь 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 45 тоот Барьцаат зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь Т банканд шилжиж ирсний дараа 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Банкнаас удаа дараа утсаар холбогдож уулзалт хийх гэсэн боловч хаягаа өөрчлөн зугтааж холбоо барих боломжгүй байсан тул, Дорноговь аймгийн сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаар шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн цагдаагийн газар зээлдэгч Л.Бын оршин суугаа хаягийг нь олж тогтоож чадаагүй болно. Ингээд Т банкны мэргэжилтнүүдийн эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд Баянзүрх дүүргийн 17-р хороонд оршин суудаг болохыг олж тогтоон Хорооны засаг даргын тодорхойлолтыг авсан болно. Зээлдэгч Л.Б нь Зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 5,458,484.68 төгрөг, хүүгээс 3,456,775.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 151,242.44 төгрөг, нийт 9,066,506.00 төгрөг төлсөн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дах заалт, 24 дүгээр зүйлийн 24.3 дах заалт, Банк болон зээлдэгч нарын хооронд байгуулсан 45 тоот барьцаат зээлийн гэрээг тус тус үндэслэн дараах зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч Л.Боос гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд зээлдэгч Л.Боос Үндсэн зээлд 6,541,515.32 төгрөг, Үндсэн хүүгийн төлбөрт 9,880,336.16 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,540,127.31 төгрөг, нийт 17,961,978.79 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт нийт 17,961,978.79 төгрөг гаргуулна. Хариуцагч нь 2013.1.25-нд хадгаламж банктай гэрээ байгуулсан. Т банканд эрх шилжүүлэх гэрээгээр 2013.7.18-нд сангийн сайдын тушаалаар Т банканд шаардах эрх шилжсэн. 2014.12.15-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй. 2015.5.20-нд Дорноговь аймгийн шүүхэд хандаж эрэн сурвалжилсан. Цагдаа хаягийг нь олоогүй ба манай тал өөрөө хаягийг нь тогтоосон. Үндсэн зээлд 6,541,515.32 төгрөг, хүүд 9,880,336.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,540,127.31 төгрөг нэхнэ. Шүүхээр эрэн сурвалжлуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэв.

 

Хариуцагч Л.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т банкны 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкнаас манайг зээлээ төлөхийг шаардах бүрд шүүхэд өгч хүүг зогсоон зээлийг буцаан төлөх хүсэл зоригоо илэрхийлсээр байтал 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл уг асуудлыг хөндөөгүй атал өнөөдөр гэнэт зээлээ буцаан шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс миний оршин суугаа хаяг тодорхойгүй байсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд миний бие БЗД-н 17-р хороонд 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл шилжилт хөдөлгөөн хийгээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь би 2014 онд зээлийг төлөх боломжгүй болж төлөлтөө зогсоосон. Мөн би энэ зээлийг өөр хүнд авч өгсөн. Намайг оргон зайлсан гэдэг нь үндэслэлгүй. Би зээл авахдаа энэ хаягтаа оршин суудаг байсан. Үүнээс хойш 8 жилийн хугацаанд намайг эрэн сурвалжлуулсан гэсэн. Би бол хаягтаа байсан. Зээлийн эдийн засагч нар надтай холбогдоход шүүхэд шилжүүлж өгөөч гэж хэлж байсан. Ингээд санаатайгаар хүүг ихэсгэсэн. Үндсэн зээл нь 6 сая боловч хүүд 11 саяыг нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т банк” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 17,961,978.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Л.Б нь зээлийг өөр хүнд авч өгсөн бөгөөд төлөх боломжгүй болсон талаар мэдэгдсэн боловч шүүхэд хандалгүй зээлийн хүүг нэмэгдүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Хадгаламж банк” ХХК болон хариуцагч Л.Б болон иргэн Ш.******* нар нь 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 45 дугаар, 12,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 7-9 дүгээр тал/

Зээлийн гэрээг 36 сарын хугацаатайгаар, жилийн 22.8 хувийн хүү төлөхөөр тохиролцож байгуулжээ.

Улмаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 12,000,000 төгрөг олгосон болох нь 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20130125477300176369-0 дугаар мемориалын баримтаар тогтоогдож байна. /хэргийн 16 дугаар тал/ Хариуцагч нь энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

 

Улмаар дээрх 45 дугаар зээлийн гэрээний дагуу шаардах эрх нь нэхэмжлэгч “Т банк” ХХК-д шилжсэн болох нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 002/2013БЭХА/154 дугаар актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 17-19 дүгээр тал/

 

Хариуцагч нь энэхүү зээлийг бусдад авч өгсөн гэж маргаж байх боловч энэхүү тайлбар, үйл баримт нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлийн гэрээний зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчийн аль нэгнээс өөрийн үзэмжээр үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй.

Мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

Зээлийн гэрээ байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 8 жил, 1 сар, 18 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд зээлийн гэрээний дагуу тооцогдох хүүг тооцвол 1 жилд 2,736,000 /12,000,000*22.8%/ төгрөг, 8 жилд 21,888,000 төгрөг, 1 сард 228,000 /2,736,000/12/ төгрөг, 1 хоногт 7,495.89 /2,736,000/365/ төгрөг, 18 хоногт 134,926.02 төгрөг, нийт 22,250,926.02 төгрөг тооцогдоно. Улмаар гэрээний 2.1.4-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцвол 4,450,185.20 төгрөг юм.

Үүнээс зээлийн гэрээний дагуу үүссэн нийт үүрэг нь үндсэн зээл 12,000,000 төгрөг, хүү 22,250,926.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,450,185.20 төгрөг, нийт 38,701,111.22 төгрөг байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний дагуу нийт 9,066,506 төгрөг төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч нь энэ талаар маргаагүй, өөрөөр хэлбэл илүү төлбөр төлсөн эсэх талаар маргаж, баримт гаргаагүй тул хариуцагчийн төлсөн төлбөрийг нэхэмжлэгчийн тайлбараар тооцох үндэслэлтэй.

Ийнхүү зээлийн гэрээний дагуу үүссэн үүргээс төлсөн төлбөрийг хасаж тооцвол 29,634,605.22 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй байх боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 17,961,978.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил юм. Улмаар зээлийн гэрээний хугацаа 36 сар байх тул нэхэмжлэгчид 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шаардах эрх үүссэн.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулсан болох нь Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. Ийнхүү эрэн сурвалжлуулснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.2-т зааснаар энэхүү тасалдал шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар үргэлжилсэн бөгөөд мөн зүйлийн 79.7-д зааснаар шийдвэр гарсан өдрөөс шинээр тоологдохоор байна.

 

Мөн нэхэмжлэгч нь шаардах эрх шилжүүлэн авснаас хойш зээлийн гэрээний үүргийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

Эдгээрийг тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан эрэн сурвалжлуулсан 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаар шийдвэр нь мөн оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болж хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдсон гэж үзвэл 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, харин гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болж шаардах эрх үүссэнтэй холбогдуулан тооцвол 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Гэвч нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шуудангаар хүргүүлжээ.

 

Иймд хэдийгээр хариуцагч нь 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгээгүй байх боловч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн гэж үзлээ.

 

Энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Л.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 17,961,978.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т банк” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД