Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01005

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01005

 

 

Т.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01183 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Бод холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 17 961 978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Л.Б нь Хадгаламж банктай 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 45 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Мөн зээлийн барьцаанд 36 сарын цалин барьцаалсан. Банк зээлийн гэрээний дагуу зээлдэгч Л.Бын цалингийн дансанд 12 000 000 төгрөгийг шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Зээлдэгч Л.Бын зээлийн үүргийг шаардах эрх нь Хадгаламж банкны эрх хүлээн авагч болон Т.Бны гүйцэтгэх захирал нарын хооронд байгуулагдсан 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Актив, Пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний хавсралтаар Т.Бинд шилжиж ирсэн. Зээлдэгч Л.Б нь 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 45 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь Т.Бинд шилжиж ирсний дараа 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Банкнаас удаа дараа утсаар холбогдож уулзалт хийх гэсэн боловч хаягаа өөрчлөн зугтааж, холбоо барих боломжгүй байсан тул, Дорноговь аймгийн сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн цагдаагийн газар зээлдэгч Л.Бын оршин суугаа хаягийг нь олж тогтоож чадаагүй болно. Ингээд Т.Бны мэргэжилтнүүдийн эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд Баянзүрх дүүргийн 17-р хороонд оршин суудаг болохыг олж тогтоон Хорооны засаг даргын тодорхойлолтыг авсан болно. Зээлдэгч Л.Б нь Зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 5 458 484.68 төгрөг, хүүгээс 3 456 775.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 151 242.44 төгрөг, нийт 9 066 506 төгрөг төлсөн. Иймд зээлдэгч Л.Боос үндсэн зээлд 6 541 515.32 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 9 880 336.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 540 127.31 төгрөг, нийт 17 961 978.79 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкнаас намайг зээлээ төлөхийг шаардах бүрд шүүхэд өгч хүүг зогсоон зээлийг буцаан төлөх хүсэл зоригоо илэрхийлсээр байтал 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл уг асуудлыг хөндөөгүй бөгөөд зориуд хүүг ихэсгэсэн. Мөн би энэ зээлийг өөр хүнд авч өгсөн. Үндсэн зээл нь 6 000 000 төгрөг байхад хүүд 11 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс миний оршин суугаа хаяг тодорхойгүй байсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд миний бие Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг бөгөөд 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл шилжилт хөдөлгөөн хийгээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Бод холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 17,961,978.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Б ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж буруу дүгнэсэн. Нэхэмжлэгчээс гаргасан эрэн сурвалжлуулах үндэслэл нь шаардах эрх хэрэгжүүлэх боломжоор хангуулах хүсэлт бөгөөд энэхүү хүсэлтийг шүүх хангаж Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.3 дах заасны дагуу эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж хариуцагч олдохгүй байх хугацаа бүхэлд хамаарч, хэрэгт буй Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор Л.Бын оршин суух хаяг тодорхой болсон 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тодруулбал хариуцагчийн хаяг тодорхой болсон тул нэхэмжлэгч Т.Б нь зээлийн гэрээний үүрэг шаардаж, шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болсон энэхүү хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал арилж буйг шүүх анхаарч үзээгүй байна. Хэргийн нөхцөл байдлыг үзвэл зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхгүй, зөрчилтэй байгаа этгээдээс шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй тул тухайн этгээдийг Эрэн сурвалжлах ажиллагаа хийлгүүлж, үргэлжилж байгааг анхаарах ёстой байсан. Мөн нэхэмжлэгчийн Зээлийн гэрээний үүргийг шаардах эрх хариуцагчийн оршин суух хаягаа өөрчилж, зээлийн үүргээс санаатай зугтаж эрэн сурвалжлуулж буй үйлдэлтэй шалтгаант холбоотой байхад шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч нэхэмжлэгч нь шаардах эрх шилжүүлэн авснаас хойш зээлийн гэрээний үүргийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Түүнчлэн ...Л.Быг хаана байгааг нь мэдэхгүй, уулзахгүй 2-3 жил болж байна, Увс аймагт байгаа, мэдэхгүй... гэсэн хариултууд, хариуцагч нь 2014 оны 12 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгч нь шаардах эрх шилжүүлэн авснаас хойш зээлийн гэрээний үүргийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Түүнчлэн Т.Б нь Дорноговь аймгийн сум дундын 8 дугаар шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр эрэн сурвалжлах ажиллагааг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасан ажиллагаа зэрэг нь түүнийг санаатайгаар Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхээс зайлсхийж байгааг нотлох бөгөөд энэхүү бичгийн болон бусад нотлох баримтуудыг шүүх үнэлж үзээгүй байна. Мөн Хариуцагч Б.Батболдын албан ёсны хаягийг тодорхой болгож, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоосон. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн шинээр тоологдож эхэлсэн тул хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүсээгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэн хэргийг шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Б ХХК нь хариуцагч Л.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 961 978.79 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийг өөр хүнд авч өгсөн, 2014 оноос зээл төлөх боломжгүй болсон тул банкнаас хүү зогсоож гэрээ цуцлахыг хүссэн, гэнэт одоо шаардаж байгааг зөвшөөрөхгүй, би 2012 оноос хойш оршин суугаа газраа өөрчлөөгүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч маргажээ.

 

Хадгаламж банк ХХК, Л.Б нар 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 12 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, жилийн 22.8 хувийн хүү төлөх нөхцөлтэй цалингийн зээл олгох, зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээсэн байх ба энэ гэрээнд хамтран зээлдэгчээр иргэн Ш.Оюунцэцэг гарын үсгээ зурсан хүлээсэн байна. /хх-7-9/

Анхан шатны шүүх хэрэгт буй зээлийн гэрээ, Хадгаламж банкны 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн мемориалын баримт, зээлийн дансны хуулга, талуудын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн гэрээний харилцаа, шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. /хх-7-16, 33-71/

 

Мөн хариуцагч Л.Бын үүргийн зөрчилтэй холбоотой үйл баримтыг дээр дурдсан хэргийн баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор үнэлж, хариуцагчийн зээлийн үүргийн хэмжээг 38 701 111 төгрөг гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн заасанд нийцсэн байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа, уг хугацаа хэтэрснээс үүсэх үр дагаврын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тодруулбал, хариуцагч Л.Б нь зээлийн гэрээнд оршин суугаа газраа Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлэг 7 гудамж, 347 тоот гэж тодорхойлсон байх ба уг хаяг өөрчлөгдөөгүй болох нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна. /хх-7, 5/

 

Хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2014 оны 12 дугаар сараас хойш биелүүлээгүй гэж тайлбарласан тул нэхэмжлэгчид уг хугацаанаас шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэн үеэс хойш хариуцагчийн дээрх оршин суугаа газрын хаягаар түүнд зээлийн үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн боловч хаягтаа байгаагүй, тэрээр түүнийг байгаа газрыг тодруулах талаар боломжтой бүхий л арга хэмжээ авсан боловч хаягийг нь тодруулж чадаагүй, хаана оршин сууц байгааг мэдэх боломжгүй байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан Дорноговь аймаг дахь сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны 99 дүгээр шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байсан гэх баримтууд нь дээрх нөхцлийг эргэлзээгүй тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймээс хариуцагч Л.Быг зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах эрх үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД