Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2023/00224

 

Ц.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/02035 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/01584 дүгээр магадлалтай,

Ц.А-ын нэхэмжлэлтэй

   Ч.Т-д холбогдох

****УН* улсын дугаартай өрмийн машиныг хариуцагчийн эзэмшлээс гаргуулж, бүртгэлийг нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.Т, түүний өмгөөлөгч Ц.Д, Г.Б нарын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагч Ч.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Ч.Т-д холбогдуулан ****УН* улсын дугаартай өрмийн машиныг хариуцагчийн эзэмшлээс гаргуулж, бүртгэлийг нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/02035 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 231.1, 235 дугаар зүйлийн 235.4-д заасныг баримтлан **** УН* улсын дугаартай XINFENG YT600 маркийн өрмийн машиныг Ч.Т-ийн эзэмшлээс гаргуулж, уг тээврийн хэрэгслийг Ц.А-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/01584 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/02035 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул **** УН* улсын дугаартай XINFENG ҮТ600 маркийн өрмийн машиныг нэхэмжлэгч А.О-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ч.Т-д даалгасугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Ч.Т-оос 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.О-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Ч.Т, түүний өмгөөлөгч Ц.Д, Г.Б нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.08.11-ний өдрийн 01584 дугаартай магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02035 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйгээс гадна, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтыг дүгнэхдээ дээд шүүхийн 2020.04.16-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжид заасныг зөрчсөн. Түүнчлэн Иргэний хуулийн, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт заасан фидуцийн гэрээг бичгээр байгуулах зохицуулалтыг анхан шатны шүүхээс зөрүүтэйгээр дүгнэж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.3 “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэх заалтад заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарч байна.

4.1.Хариуцагч Ч.Т нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбартаа: “...2018.04 сард Э.М, Ц.А нартай харилцан тохиролцож, уул уурхайн өрөмдлөгийн ажилд нь хөрөнгө оруулахыг зөвшөөрч, нийт 200,000,000 төгрөгийн санхүүжилтийг Э.М, Ц.А нарт олгож, санхүүжилтийг хүлээн авч, зориулалтын дагуу ашиглах, үйл ажиллагааны орлогоос Ч.Т-д ашиг олгох, хамтын ажиллагаа дуусах оруулсан хөрөнгө оруулалтыг 100 хувь буцаан төлөх үүргийг хүлээж, энэхүү үүргийнхээ гүйцэтгэлийг хангуулахаар 2018.04.26-ны өдөр гаалиар орж ирсэн маргааны зүйл болж буй тээврийн хэрэгслийг хөрөнгө оруулалтын эхний мөнгө болох 21,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. 2018.05.17-ны өдөр Ч.Тийн нэр дээр бүртгүүлсэн, анх тохиролцсоны дагуу Э.М, Ц.А нар нь 3-4 сарын хугацаанд хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу ашиглаж, тохиролцсон хугацааны ашиг болон хөрөнгө оруулалтын үндсэн төлбөрийг буцаан төлөх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ гүйцэтгээгүй тул 2018.09.03-ны өдөр Ц.А-той зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээг тухайн өдөр байгуулсан боловч 200,000,000 төгрөгийн санхүүжилтийн үлдэгдэл 149,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн 2018.05.21-ний өдрийн огноогоор гэрээнд тусгасан, энэ үүргийг гүйцэтгэхээ Ц.А нь хүлээн зөвшөөрч гэрээг баталгаажуулсан. Мөн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн тээврийн хэрэгслээр үүргийг хангуулахаар тохиролцсон гэх талаар тайлбарладаг. Харин нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцсон, зээлийн гэрээний баталгаа болгож барьцаалах зорилгоор маргаан бүхий тээврийн хэрэгслийг Ч.Тийн нэр дээр бүртгүүлсэн. Бодитоор 200,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу хүлээн аваагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, иймд өгсөн авсан зүйлээ буцаах авах ёстой гэх тайлбарыг тус тус гаргасан байдаг. Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргаж буй хариу тайлбар нь харилцан зөрүүтэй байгаа тул маргаан бүхий асуудлын талаар шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэх, дүгнэх байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, талуудын хооронд үүрэг үүссэн эсэх, фидуцийн гэрээ байгуулагдсан эсэх, талууд гэрээний эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байсан эсэх үйл баримтыг тогтоох зайлшгүй шаардлага үүссэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 01584 дугаартай магадлалд маргаан бүхий үйл баримтын талаар гаргаж буй хариуцагчийн татгалзал, түүнийг нотолж буй баримтууд нь хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр, 2018.05.21-ний өдрийн зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй гэх дүгнэлтийг магадлалын үндэслэл болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Ч.Т нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шат шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2018.05.21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу Ц.А-од 200,000,000 төгрөгийг өгөөгүй талаар огтхон ч маргаж байгаагүй, харин Ц.А, Э.М нартай амаар байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалт болгож 2018.05.18-ны өдөр бэлнээр өгсөн 30,000,000 төгрөг, 2018.05.19-ний өдөр бэлнээр өгсөн 21,000,000 төгрөг, 2018.05.21-ний өдөр өгсөн 149,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хамтран ажиллах гэрээний дагуу буцаан төлөх үүргийг 2018.09.03-ны өдөр зээлийн гэрээг нотариатын дэргэд гэрчлүүлж, зээлийн гэрээний эрх, үүрэг болгон өөрчилсөн гэх талаар тайлбарладаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн татгалзал болон түүнийг нотолж буй баримтуудыг талаар нэг ч үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр, гэрч нарын мэдүүлгээр Ц.А мөнгийг хүлээн авсан нь нотлогдсон гэж үзэх боломжгүй гэх байдлаар хэт өнгөц, бодит байдалтай нийцээгүй тайлбар гаргаж, хуулийг буруу хэрэглэн, зээлийн гэрээг өмнөх үүргийг өөрчлөх байдлаар өгсөн санхүүжилтийг зээл болгон хувиргасан үйл баримтын талаар дүгнэлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль бус шийдвэр гаргах үндэслэл болсон гэж үзэж байна.

4.2.Хамтран ажиллах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүрэг болгон өөрчилснийг хариуцагч зөвшөөрсөн талаар: 1 дүгээр хавтас хэргийн 12-13 дугаар талд 2018.05.21-ний өдрийн огноотой, нэг талаас Ц овогтой А, нөгөө талаас Ч овогтой Т нарын хооронд байгуулагдсан 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ авагдсан ба энэхүү гэрээг хамгийн анх нотариатаар гэрчлүүлсэн хувь нь 1 дүгээр хавтаст хэргийн 160-164 дүгээр талд авагдсан байна. 1 дүгээр хавтаст хэргийн 160-164 дүгээр талд авагдсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Ч.Т нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба С дүүргийн тойргийн нотариатч Ц.С нь 2018.09.03-ны өдөр гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатын тамга дарж баталгаажуулсан байна. Аливаа бичиг баримт, гэрээ, хэлцлийг гэрчилж буй нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах бөгөөд хоёр талын хооронд байгуулагдаж буй гэрээг гэрчлэхэд Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу нотариатч нь талуудаас тухай гэрээ хэлцэл нь талуудын хүсэл зоригт нийцэж байгаа эсэх, талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ байгуулж байгаа эсэх, бусдын дарамт шахалтад автсан эсэх, гэрээний агуулга нь үйлчлүүлэгч талуудын хүсэл зоригт нийцэж байгаа эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх үйл баримтыг тодруулж, гэрээний талуудын хэн алиныг байлцуулж, гэрээний үнэн зөвийг гэрчлэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нотариатын бүртгэлд талуудаар гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна.

4.3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд “...Ц.А, Э.М нар нь бие биеэ таньдаг, Ц.А нь хөрөнгө оруулалт татах зорилгоор Ч.Ттой танилцаж байсан, 2021.05.17-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, 2021.05.21-ний өдрийн огноотой гэрээг 2021.09.03-ны өдөр нотариатаар баталгаажуулж, гэрээний үнэн зөвийг гэрчлүүлэхэд мөнгийг хүлээн аваагүй, зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй талаар ямар нэгэн маргаан байгаагүй, Ц.А нь нотариатын дэргэд гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг нотариатч Ц.С гэрчилсэн, нотариатын гэрээний үнэн зөвийг гэрчилсэн тамга 2021.09.03-ны өдөр дарагдсан зэрэг баримтыг хууль эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлсэн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл анх нэр бүхий 2 этгээдтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний харилцаанд оролцсон, нэг талаас хөрөнгө оруулалт, нөгөө талаас хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу захиран зарцуулж, эзэмшиж ашиглах, хамтын үйл ажиллагаанаас олсон үр шимийг хуваах, хамтран ажиллах гэрээ дуусгавар болох үед ашиг болон үндсэн хөрөнгө оруулалтыг буцаан авахаар тохиролцсон боловч энэ тохиролцоо хэрэгжээгүй. Харин 2018.09.03-ны өдөр анх хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан этгээд Ц.А-той харилцан тохиролцож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно”, 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт заасан “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” бол үүрэг дуусгавар болно гэх заалтуудын дагуу хамтран ажиллах гэрээний үүргийг дуусгавар болгож, нэхэмжлэгчээс Э.М-д олгосон 200,000,000 төгрөгийн үндсэн хөрөнгө оруулалтыг буцаан төлөх үүргийг, Ц.А нь дангаар хариуцах талаар зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Ч.Т нарын хэн аль нь нотариат дээр биечлэн очиж, хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийллээ баталгаажуулж, гэрээг 2018.09.03-ны өдөр нотариатын гэрээний үнэн зөвийг гэрчлэх тамгаар гэрчлүүлсэн байна. Ингэснээр талуудын хооронд өмнөх үүрэг нь дуусгавар болж, шинээр зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлдэгч Ц.А нь гэрээнд гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрч, нотариатын бүртгэлд бүртгүүлэхэд биечлэн байлцсанаар зээлийн гэрээний зүйл болох зээлийн 200,000,000 төгрөгийг Э.М-д өгсөн, үүргийг өөрөө хүлээн авснаа зөвшөөрсөн байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хариуцагчийн татгалзал холбогдох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой баримтууд нь хэрхэн няцаагдаж, үгүйсгэгдэж буй талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч Ц.А нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх асуудлыг 2018.09.03-ны өдрийн байдлаар хүлээн зөвшөөрч байсан нь тогтоогдож байгаа үйл баримтыг орхигдуулан хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль бус дүгнэлт хийж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны анхан шатны шүүхээс зөрүүтэйгээр тайлбарлан хэрэглэж, Улсын дээд шүүхийн 2020.04.16-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийн 2-д хэсэгт заасныг зөрчсөн байна.

4.4.Фидуцийн гэрээ бичгээр байгуулагдсан талаар: Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор гаалийн татвар төлөгдсөн, Монгол Улсад дугаар аваагүй тээврийн хэрэгслийнхээ өмчлөх эрхийг шууд хариуцагч Ч.Т-д шилжүүлэн өгсөн” үйл баримтыг дурдсан бөгөөд талууд энэ үйл баримтын хувьд маргаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойлохдоо фидуцийн гэрээ байгуулагдсан үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд гагцхүү үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөх эрх шилжүүлсэн шалтгаан нөхцөлийг бий болгосон үндсэн гэрээ болох зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй, бодитоор зээл олгогдоогүй учир өмчлөх эрхээ шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Иймд эд хөрөнгийн эрхээ буцаан шаардаж байна гэдэг. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс талуудын маргаангүй үйл баримтыг анхан шатны шүүхээс зөрүүтэйгээр дүгнэж, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бусдад шилжүүлсэн бичгэн баримтыг бичгээр байгуулсан гэрээ гэх ойлголтод хамаарахгүй гэж дүгнэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хувьд хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгож байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар талуудын хооронд үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор улсын дугаар аваагүй тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт гэх бичгэн баримтад талуудын хэн аль нь гарын үсэг зурж, баримтыг баталгаажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хучин төгөлдөр болно” гэх, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэх заалтуудтай нийцэж байгаа бөгөөд талууд фидуцийн гэрээ байгуулсан үйл баримтад маргааүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, фидуцийн гэрээ бичгээр байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.5.Миний үйлчлүүлэгч Ч.Т нь Монгол улсын хилээр импортлогдон орж ирсэн, Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдээгүй тээврийн хэрэгслийг гааль дээрээс шилжүүлэн авсан байдаг. Өөрөөр хэлбэл Ч.Т-ийн өмчлөлд тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзвэл хэлцлийн үр дагавар арилснаас миний үйлчлүүлэгч нь тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн үйлдэл хүчингүйд тооцогдож, эрх бүртгэлд бүртгэгдээгүй тээврийн хэрэгсэл бий болох үр дагавар үүсэх юм. Гэтэл хариуцагчийн зүгээс хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлон үр дагаврыг арилгуулахаар шаардахдаа өмнө нь өөрийнх нь нэр дээр бүртгэгдэж байгаагүй тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь бодит байдлаар биелэгдэх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь нэхэмжлэгч этгээдээс хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явагдах ёстой. Тийм ч учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн бүрдүүлбэрт “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох” баримтын талаар тусгасан байхыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд үүссэн, шүүхээр шийдвэрлүүлэх маргаантай асуудлын цар хүрээг нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага хэсэгт тодорхойлох, улмаас уг тодорхойлогдсон асуудлын хүрээнд хариуцагч хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн дагуу мэтгэлцэх боломжтой байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэл нь бодит байдлаар хэрэгжих боломжгүй, нэхэмжлэгч нь өмнө нь тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчээс тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хэтрүүлж, тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах /өмчлөгчөөр тогтоолгох/ нэхэмжлэлийн шаардлага мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Т-д холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлж, анхан шатны шүүхийн хэрэглэсэн хууль тогтоомжийг зөрүүтэйгээр хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Улсын дээд шүүхээс гаргасан зөвлөмжийг зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн давж заалдах шатны шүүхийн 01584 дугаартай магадлалын хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч Ч.Т, түүний өмгөөлөгч Ц.Д, Г.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.10.20-ны өдрийн 001/ШХТ2023/01261 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Ч.Т-д холбогдуулан **** УН* улсын дугаартай XINFENG ҮТ600 маркийн өрмийн машиныг түүний  эзэмшлээс гаргуулж, уг тээврийн хэрэгслийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...2018.05.21-ний өдөр хариуцагчаас 200,000,000 төгрөгийг зээлэхээр тохирсон, гэвч хариуцагч зээлийн мөнгийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, зээлийн барьцаа болгож өрмийн машиныг түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, барьцааны гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус тул барьцаа хөрөнгийг буцаан гаргуулна уу” гэжээ.

Хариуцагч Ч.Т нэхэмжлэлийг эс зөвшөөрч “..Э.М, Ц.А нартай хамтран ажиллах зорилгоор 200,000,000 төгрөг өгч, мөнгөний баталгаа болгож тухайн өрмийн машины  эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлж, Ц.А нь машинаа  өөрөө бодитоор эзэмшиж байсан. Авсан мөнгийг хүү, урамшууллын хамт буцаан төлөөгүй нөхцөлд тухайн тээврийн хэрэгслийг зарж мөнгө гаргаж авах боломжтой талаар баталгаа гаргасан, мөнгөө өгөхгүй байсан тул хожим 2018.09.21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар баталгаажуулсан ” гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Талууд хариуцагч Ч.Т 200,000,000 төгрөгийг Ц.А-од өгсөн эсэх, талуудын хооронд зээлийн гэрээ, эсхүл хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан, хэргийн баримтаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Харин Ц.А-ын Д аймагт хийх худгийн өрөмдлөгийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор 2018.05.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Ч.Т нь 200,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, Ц.А нь зээлийн үндсэн төлбөр болон хүү, урамшуулалд 110,000,000 төгрөг төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар **** УН* улсын дугаартай XINFENG YT600 маркийн өрмийн зориулалттай тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байна. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Ч.Тоос 2018.05.18-ны өдрөөс 2018.05.21-ний өдөр нийт 200,000,000 төгрөгийг Э.М-д шилжүүлэн өгсөн энэ үйл баримтын талаар маргаагүй. Гэрч Э.М-ийн мэдүүлэг, хариуцагч Ч.Тийн тайлбар, Ч.Тоос мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн 2018.05.21-ний өдрөөс хойно нэхэмжлэгч Ц.А нь 2018.09.03-ны өдөр хариуцагч Ч.Т-той зээлийн гэрээг нөхөж бичгээр байгуулсан үйл баримт зэргийг харьцуулан үзэхэд хариуцагч Ч.Т-ийг зээлийн гэрээний үүргийг Э.М-д хүлээлгэн өгсөн үйлдлийг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул хариуцагч Ч.Т-ийг 200,000,000 төгрөгийг Ц.А-од хүлээлгэн өгсөнд тооцно, харин зээлдэгч Ц.А нь мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Ч.Т-ийг бүртгүүлж, Ц.А бодитоор эзэмшиж, зээл төлөх үүргээ гүйцэтгэсэн үед буцаан шилжүүлэх нөхцөлтэйгөөр тохиролцсон нь тэдгээрийн хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ, Ц.А мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг Ч.Т бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. Иймээс нэхэмжлэгч өрмийн машиныг хариуцагчийн  эзэмшлээс гаргуулж, бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгахыг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...Ч.Т нь Ц.А-той байгуулсан 2018.05.21-ний өдрийн зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байх боловч, уг зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Ч.Т-оос, хариуцагч Ц.А-од шилжүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Гэрч Ч.Энхмаа, Д.Батбилэг, нотариатч Ц.С нарын мэдүүлгээр 200,000,000 төгрөгийг Ц.А хүлээн авсныг үнэн зөв, эргэлзээгүй нотлогдсон гэх боломжгүй, гэрчүүд Э.М-гоос, Ц.А-од ямар зорилгоор, хэзээ, хэдэн төгрөгийг хүлээлгэн өгснийг эргэлзээгүй, үнэн зөвөөр нотолж, гэрчлээгүй байна. Хариуцагч нэхэмжлэгчид гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг шилжүүлэн өгснөө баримтаар нотлоогүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Хариуцагч нь мөнгийг Э.М-д шилжүүлэн өгсөн гэх боловч тухайн мөнгийг Ц.А-од шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, иймээс гуравдагч этгээдээр дамжуулан үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй. Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй, шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүх зохигчдын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, талуудын хооронд үндсэн гэрээний үүрэг үүсээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг тухайн хөрөнгөөр хангуулах нэмэлт үүрэг үүсэхгүй. Маргаан бүхий тээврийн хэрэгслийг 2018.05.17-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх бүртгүүлэхдээ тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтад техникийн нэрийг шилжүүлэхээр талууд гарын үсэг зурсан баримтыг үндэслэн талуудыг фидуцийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан гэж анхан шатны шүүх дүгнэж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсгийг буруу хэрэглэсэн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангана. Харин Ч.Т нь Э.М-д шилжүүлсэн 200,000,000 төгрөгийн талаар холбогдох этгээдэд хандан нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй” гэж үзсэн байна.

9.Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэх үүргийг анхан болон давж заалдах шатны шүүх өөр өөрөөр хэрэгжүүлснээс маргааны үйл баримтыг зөрүүтэй тогтоож, шийдвэр гаргасан талаархи хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцэж, гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

10.Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн чанартай алдаа гарсныг залруулж маргааны талаарх шийдлийг хэвээр нь зүйтэй гэж дүгнэв.

11.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.А нь худгийн өрөмдлөгийн ажилд зориулж хариуцагч Ч.Т-оос 2018.05.21-ний өдөр 200,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй  зээлэхээр тохиролцсон, уг мөнгийг хариуцагч нь Э.М-д өгсөн, мөнгийг эргэн төлөх баталгаа болгож нэхэмжлэгчийн Хятад улсаас худалдан авч хилээр оруулж ирсэн XINFENG ҮТ600 маркийн өрмийн машины улсын бүртгэлийг хариуцагчийн нэр дээр бүртгүүлж, харин өөрөө эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон байна.

12.Анхан шатны шүүх зохигчийн хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр  гэж үзсэн нь  үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тухайд маргаагүй, харин гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй гэж маргасан боловч анхан шатны шүүх мөнгийг Э.М-гоор дамжуулж өгсөн гэсэн хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэгч өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч байсан тайлбар, зохигчийн хооронд хожим бичгээр байгуулагдаж нотариатчаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлсэн баримт, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

13.Харин давж заалдах шатны шүүх гэрчүүдийн мэдүүлэг Э.М-гоос, Ц.А-од ямар зорилгоор, хэзээ, хэдэн төгрөгийг хүлээлгэн өгснийг эргэлзээгүй, үнэн зөвөөр нотолж, гэрчилсэн гэж үзэх боломжгүй, мөнгийг хариуцагч Ч.Тоос гэрч Э.М-д шилжүүлэн өгсөн тухай мэдүүлдэг боловч тухайн 200,000,000 төгрөгийг Ц.А-од шилжүүлсэн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэж үзэн, улмаар нэгэнт мөнгө шилжүүлэн өгөөгүй учир зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,  282 дугаар зүйлийн 282.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Гэрээний талууд зээлийн гэрээг амаар болон бичгээр аль ч хэлбэрээр байгуулж болох бөгөөд зохигч 2018.05.21-ний өдөр амаар тохиролцсоны үндсэн дээр мөнгөн хөрөнгийг шилжүүлж, дараа нь  2018.09.03-ний өдөр гэрээгээ бичгийн хэлбэртэй болгож, улмаар гэрээний үнэн зөв болохыг нотариатчаар гэрчлүүлэхдээ гэрээнд огноог 2018.05.21-ний өдөр гэж бичсэн болох нь тогтоогдсон байна. Энэхүү бичгээр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч Ц.А нь 200,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж  нийт 110,000,000 төгрөгийн урамшууллыг хамт хариуцагч Ч.Т-д буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д гэрээ байгуулагдсанд тооцох нийтлэг үндэслэлийг тодорхойлон заасан бөгөөд мөн зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэжээ.

Мөн энэ зохицуулалтын агуулга зээлийн гэрээний харилцааг тусгайлан зохицуулсан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т туссан, тухайлбал, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заажээ.

Гэвч  энэхүү зохицуулалтыг мөнгө шилжээгүй л бол зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэсэн агуулгаар бус гэрээний үүргээ хэзээ биелүүлсэн гэж үзэх цаг хугацааг тодорхойлсон гэсэн утгаар хэрэглэх нь зүйтэй. Учир нь зээлийн гэрээг хоёр талын харилцан үүрэг хүлээсэн акцессор буюу зөвшилцлийн үндсэн дээр байгуулагддаг  гэрээ  гэж үздэг бөгөөд энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1, 195.2, 195.3-т заасан зохицуулалтын агуулгаар тайлбарлагдана.

Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлж гэрээ байгуулах санал гаргаж, нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрч гэрээний гол нөхцөлийг тодорхойлох замаар тохиролцохыг гэрээ байгуулагдсан буюу хүсэл зориг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иймээс давж заалдах шатны шүүхийн мөнгө шилжүүлсэн эсэх үйл баримттай холбоотойгоор зохигчийн хооронд зээлийн гэрээ  байгуулагдаагүй гэсэн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

14.Зохигчийн хооронд зээлийн бичгээр байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд гэрээний талуудын хэн аль нь нөгөө талаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах үр дагавар үүснэ.

Талууд гэрээний үүргийг хэрхэн биелүүлснээ тус тус нотлох үүрэгтэй, хариуцагч Ц.Төмөрцоож нь Ц.А-од Э.М-гоор дамжуулж нийт 200,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн нь тогтоогдсон, энэ нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл  гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгснийг үүрэг гүйцэтгэгчийг үүргээ гүйцэтгэсэнд тооцох Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасныг зөрчихгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.

15.2018.05.17-ны өдөр тээврийн хэрэгслийг Ч.Т-д шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн Ц.А-ын үйлдэж, талууд гарын үсэг зурсан нь баримтыг үндэслэж мөнгөн хөрөнгийн баталгаа болгож, өрмийн машины эзэмшигчээр хариуцагч улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон, зохигчийн байгуулсан зээлийн гэрээний 1.1, 4.2.2-д үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг талууд хэрэглэж эд хөрөнгө барьцаалсан гэж тодорхойлсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах агуулгыг тохирсон, эдгээр хэргийн баримтыг үндэслэн анхан шатны шүүх энэхүү харилцааг үндсэн үүрэг буюу зээлийн гэрээтэй холбоотой тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ мөн зүйлийн 235.5-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр үүрэг хүлээгч мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгө үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч  уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Ч.Тийн нэр дээр хөдлөх эд хөрөнгө буюу тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал нь барьцааны бус фидуцийн гэрээ гэж үзэх үндэслэлтэй.

16.Нэхэмжлэгч Ц.А нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангах арга болсон эд хөрөнгийг хариуцагч Ч.Т бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон гэж үзэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд нэхэмжлэгч нь өрмийн машиныг Ч.Т-ийн эзэмшлээс гаргуулж, уг тээврийн хэрэгслийг бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгахыг шаардах эрхгүй, иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

17.Давж заалдах шатны шүүх тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн талаар дүгнэхдээ үндсэн гэрээний үүрэг үүсээгүй тул үүргийн гүйцэтгэлийг тухайн хөрөнгөөр хангуулах нэмэлт үүрэг үүсэхгүй, Ч.Тийн нэр дээр шилжүүлэхдээ тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтад техникийн нэрийг шилжүүлэхээр талууд гарын үсэг нь зурсан баримтыг үндэслэн талуудыг фидуцийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5-д заасныг  буруу хэрэглэсэн гэсэн нь үндэслэл муутай болжээ.

18.Дурдсан үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШТ2022/00203 дугаар тогтоолоор А.О-ийг эрх залгамжлагчаар тогтоосныг дурдав.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зарим хэсгийг алдаатай бичсэнийг залруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/01584 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/02035 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ 235 дугаар зүйлийн 231.1, 235 дугаар зүйлийн 235.4-д” гэснийг “235 дугаар зүйлийн 235.1, 235.4-д” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Т-ийн 2023.09.20-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ                                       

ШҮҮГЧИД                                                         Н.БАТЗОРИГ

                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД