Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/01963

 

 

Ц.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02169 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Аын хариуцагч Ч.Т ид холбогдуулан тээврийн хэрэгсэлийг Ц.А ын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Зоригтбаатар,

Хариуцагч: Ч.Т ,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Чинбат, Д.Давааням,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 4 дүгээр сард БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орноос XINFENG YT-600 маркийн өрмийн машиныг худалдан авч 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсад оруулж ирсэн. Би хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд санхүүжилт шаардлагатай болсон тул иргэн Ч.Т той уулзаж, 200 000 000 төгрөгийг зээлэхээр тохирч өөрийн оруулж ирсэн өрмийн машиныг зээлийн баталгаа болгон түүний нэр дээ шилжүүлэхээр тохиролцсон. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр XINFENG YT-600 маркийн өрмийн машиныг Ч.Т ийн нэр дээр бүртгүүлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулж өгсөн бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр талууд Зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдүүлэгч Ч.Т гэрээ байгуулж, өрмийн машиныг нэр дээрээ шилжүүлэн авсан атлаа 200 000 000 төгрөгийг надад өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т зааснаар зээлийн баталгаа болгон шилжүүлэн өгсөн XINFENG YT-600 маркийн, 44-34-УНБ улсын дугаартай өрмийн машиныг Ц.А миний нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Атой 2018 оны 9 дүгээр сард миний өгсөн мөнгө эргэж ирэх хугацаа болчихоод орж ирэхгүй байсан учраас Зээлийн гэрээ-г хийсэн. Анхнаасаа гэрээ гэх мэт юу ч хийгдээгүй. Надад одоо болох гээд байна, цаг үеийн байдал, улс төрийн байдал гээд харьцаж байсан зурвас нь байгаа. 200 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байхад дахиад хөрөнгө оруулалт дутаад байна гээд ярьсан. Сүүлийн 35 000 000 төгрөгийн гэрээг Э.Мөнх-Орчлонтой байгуулсан. Анх энэ 2 хүн бид хамтран ажилладаг ашигтай бизнес байна, хамтран хийе, зөвшөөрлийг аваад, гэрээ байгуулсан өрөмдлөгийн ажил байна гэж хэлээд, чи мөнгийг нь ол, бусад үйл ажиллагааг бид нар хийнэ гэж яриад эхэлсэн ажил. Энэ хугацаанд би гэрчээр асуусан Э.Энхтөрийн мөнгийг хүртэл авч өгсөн. Сүүлд Ц.Алтанболд ирээд мөнгийг авсан. Мөнгө авчихаад аваагүй гэх юм. Ичихэд яанаа. Юу болоод байгааг би ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Төмөрцоожид холбогдох, XINFENG YT-600 маркийн тээврийн хэрэгсэлийг Ц.Аын нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй, болж өнгөрсөн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн юм. Мөн нотлох баримтыг буруу үнэлж, хуулцхэрэглээний алдаа гаргаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй зэрэг алдааг гаргасан байна. Анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Талууд зээлийн гэрээний асуудал дээр маргаагүй бөгөөд харин уг гэрээг хэзээ байгуулсан эсэх дээр маргасан байдаг. Монгол Улсын Дээд Шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар зөвлөмжийн 2-н д хэсэгт өмнө амаар байгуулсан зээлийн гэрээг дараа нь бичгээр нөхөж хийх нь хуульд харшлахгүй бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй гэж тодорхой зөвлөсөн байна. Гэтэл анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчмын хүрээнд байгуулсан Зээлийн гэрээ-г, талууд огт хүсэл сонирхлоо илэрхийлээгүй Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээ гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг буруу хэргэлж дүгнэсэн гэж үзэх үндэстэй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний үр дагаврын талаар шаардлага гаргаагүй бөгөөд зөвхөн барьцаанд тавьсан хөрөнгө буцаан авах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлсэн, нэхэмжлэгчийн шаардлага гаргаагүй Зээлийн гэрээ-г талууд маргаагүй байхад хүчин төгөлдөр бусд тооцон түүний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу өгсөн авсан зүйлээ буцаан шилжүүлэхээр шийдаэрлэсэн нь хэргийг нэхэмжпэлийн шаардлагаас хэтрүүлэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хурлаар талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ болон уг зээлийн гэрээ-ний заалтуудыг нотлох баримтын хэмжээнд судлалгүй орхигдуулсан гэж үзэж байна. Тухайлбал, Зээлийн гэрээ-ний толгой хэсэгт 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэх боловч Зээлийн гэрээ-г баталсан Нотариатчийн тамганд уг гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 03-нд байгуулсан нь тодорхой харагддаг. Энэ талаар гэрчүүд болон хариуцагч өөрөө баталсан байдаг. Энэ нь талууд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг амаар байгуулан гэрээнд заасан 200 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Т нэхэмжлэгч Ц.Аод шилжүүлсэн байдаг. Гэтэл тохирсон хугацаа өнгөрсөн ч нэхэмжлэгч Ц.А зээлийн үндсэн болон хүү тохирсон төлбөр төлөхгүй байсан тул Зээлийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нөхөн бичгээр байгуулсан нь энэхүү нотлох баримтаар нотлогдох ёстой байсан ч анхан шатны шүүхээс уг нотлох баримтыг үнэлээгүйгээр хэргийг нэг талд ашигтай нотлох баримтыг хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэх үндэстэй байна.

Шүүхээс хэрэгт нотлох баримт шаардлагатай гэж шүүх хуралдааны явцад үзэж шүүх хуралдааныг хойшлуулж цуглуулсан нотлох баримт буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа уг нотлох баримтыг ерөөсөө үнэлээгүй байна. Энэхүү лавлагаагаар талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний дагуу Хариуцагч Ч.Т нэхэмжлэгч Ц.Алтанболдод 200 000 000 төгрөг шилжүүлсэн ба уг 200 000 000 төгрөгийг Ц.Алтанболд нь Ч.Т ийг залилан мэхэлж өөрийн өмч болгосон байж болзошгүй гэж шалгаж байгаа хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримт юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Алтанболд нь хариуцагч Ч.Т ид холбогдуулан тээврийн хэрэгслийг Ц.Алтанболдын нэр дээр шилжүүлэхийг даалгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ...200 000 000 төгрөгийг зээлэхээр тохирч өөрийн оруулж ирсэн өрмийн машиныг зээлийн баталгаа болгон хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн боловч 200 000 000 төгрөг шилжүүлээгүй тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан нэр дээр шилжүүлэн авна гэж, хариуцагч нь татгалзлаа ..нэхэмжлэгч миний нэр дээр машины нэр шилжүүлж, хамтран ажиллахаар болж би мөнгө олох болж 200 000 000 төгрөгийг Ц.Алтанболдод өгсөн гэж тус тус тайлбарласан байна.

 

Талуудын маргааны үйл баримт, гэрээний агуулгатай холбоотой тайлбар зөрүүтэй байтал тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Иймээс хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлан талуудыг хүсэлт гаргах эрхээр хангаж, чиглүүлэх, хуульд нийцүүлсэн байдлаар нотлох баримт гаргах, улмаар тухайн баримтуудад дурдагдсан үйл баримтын талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг бүрэн хийсэн гэх байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болжээ.

 

Зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болж түүний улмаас шилжүүлсэн зүйлийг буцаасан гэх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудлаар анхан шатны шүүх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийнх нь өмчлөлийн зүйл бусдын нэрээр тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэгдсэн эрхийн зөрчил үүсч, уг зөрчлийг арилгуулах талаар шаардлага гаргасан эсэх нь тодорхой бус байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс хамаарч түүний шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг тодруулах боломжтой. Үүнтэй холбоотой нотлох үүргийн хуваарилалт тодорхой болох учиртай.

 

Анхан шатны шүүх талуудын тайлбарт дүгнэлт хийсэн болохоос бус нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийн талаар зохих дүгнэлт хийгээгүй байх тул хэргийг дахин шийдвэрлүүлж, маргааны үйл баримтыг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой.

 

Харин энэхүү маргааныг эрүүгийн хэрэгт холбоотой учир эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа хэргийг шийдвэрлэх ёстой гэх гомдол үндэслэлгүй. Учир нь хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл бүрдсэн талаар хангалттай баримт байхгүй байна. Тээврийн хэрэгслийг Ц.Алтанболдын нэр дээр шилжүүлэхийг даалгах маргааны үйл баримтад шууд хамааралтай болох нь тодорхой бус байна.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02169 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ