Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1429

 

МАГАДЛАЛ

 

2018.06.20                                                  Дугаар 1429                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Д.Э, Ө.С нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01311 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Э, Ө.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ШУКХФТХ, Д.А нарт холбогдох,

Өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Улсын бүртгэлийн албанд тухайн байрны нийт 22 орон сууцыг өмчлөх иргэдийн нэрсийн жагсаалтад 22 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Э  миний нэр тусгагдсаныг захиргааны шүүхийн маргааны үеэр хариуцагч улсын бүртгэлийн байгууллага захиргааны шүүхэд гаргаж өгсөн нэрсийн жагсаалтаас харж болно. Гэвч тус 22 тоот орон сууцыг улсын бүртгэлийн байгууллага 2015 онд улсын бүртгэлд анх удаа бүртгэхдээ тус орон сууцны барилгын ажлыг Ф Т Х-тэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн АДА ХХК-иас Д.А худалдан авсан гэх баримтад тулгуурлан түүний нэр дээр, цаашлаад Д.А , М.А нарын арилжаагаар М.А-гийн нэр дээр тус тус бүртгэгдсэн байдаг. Улсын бүртгэлийн хэлтэс 2015 оны 01 дүгээр сард манай байрыг улсын бүртгэлд анх удаа бүртгэхээр болж, өмчлөгчдөд бүрдүүлэх баримт бичгийн талаар зааварчилгаа өгөхдөө тус барилгын ажлын гүйцэтгэгчээр ажилласан АДА ХХК-иас уг орон сууцаа худалдан авсан гэх бодит бус гэрээ, төлбөрийн тооцооны үлдэгдэлгүй тухай тус компанийн албан бичгийг бүрдүүлж өгөхийг шаардсан байдаг. Тус орон сууц болон автозогсоолыг Д.А надаас худалдан авахаар тохиролцоод урьдчилгаа 1 сая гаруйхан төгрөг өгч тус орон сууцыг эзэмшчихээд үлдэгдлийг нь улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ нь гарсны дараагаар төлье гэсэн. 10 жилийг үдсэн, одоо би мөнгө нэхэмжлэхгүй, байр, автозогсоол авна. Хэдийгээр бидний хооронд тус орон сууц болон авто зогсоолыг худалдах, худалдан авахаар тохиролцоо хийгдэн түүнд тус орон сууц, авто зогсоолоо эзэмшүүлж байсан ч төлбөр бүрэн төлөгдөөгүй тул уг хэлцэл хангагдаагүй. Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхрын баруун талаасаа 3 дахь эгнээний буюу 22 тоот айлын эзэмшлийн автозогсоолыг 2003 онд Физик технологийн хүрээлэнд 500 000 төгрөг төлж худалдан авсан, Д.А өөрийнх хэмээн бусдад худалдсан гээд 22 тоот орон сууцыг худалдан авсан айл уг автозогсоолыг эзэмшиж байна. Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхрын зүүн талаасаа 2 дахь эгнээний буюу 18 тоот айлын эзэмшлийн автозогсоолыг Ө.С 2003 онд Физик технологийн хүрээлэнд 500 000 төгрөг төлж тус барилгын захиалагч ФТХ-ээс худалдан авсан ба 2005 оноос өнөөг хүртэл тасралтгүй эзэмшин ашиглаж байгаа, бидэнтэй өмчлөх болон эзэмших асуудлаар хэн нэгэн маргаагүй боловч бидэнд төлбөр төлсөн баримтаас өөр зүйл байхгүй учраас уг автозогсоолоо улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй өнөөг хүрч байна. Иймд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 3 дугаартай автозогсоолыг Д.Э-ийн өмч болохыг мөн 10 дугаартай, автозогсоолыг Ө.С , Д.Э  нарын өмч болохыг тус тус тогтоож өгнө үү. 10 дугаартай автозогсоолын өмчлөгчөөр Э.Э-ийг тогтоолгох гэсэн хэсгээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч ШУКХФТХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Гэрээний дагуу ФТХ нь орон сууцыг захиалагчид 2003 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөх ёстой атал барилгын гүйцэтгэгч АДА ХХК-ийн хариуцлагагүйгаас болж орон сууц 2005 оны 4-5 дугаар сард баригдаж дуссан боловч мэргэжлийн хяналт хараахан хүлээн аваагүй нэрийдлээр нүүж орох боломжгүй байсан. Гэвч 8 дугаар сард Н.О байрыг өөр хүмүүст худалдаж эхэлсэн учир 2005 оны 9 дүгээр сард сууц захиалагчид нүүж орж бүргэд хаалга хийж түлхүүрээ өөрсдөө гардан авч ус, цахилгаан болон дулаангүй байр хүлээн авч, яаралтай Байрны зөвлөл байгуулж доорхи асуудлыг шийдсэн байдаг. Д.Э  Д.А нарын хооронд яригдсан асуудлыг би мэдэхгүй, энэ талаар хэлэх зүйлгүй гэжээ.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд 30 дугаар байр барьж байгааг мэдэх боломжгүй байсан. Харин миний танил Д.Э  манай байгууллага ажилчиддаа байр барьж байгаа та миний захиалга өгсөн 30 дугаар байрны 22 тоот орон сууцыг авахгүй юм уу гэж санал тавьсан үед ийм байр байгааг мэдсэн. Д.Э  нь энэ байрыг бариулахад зориулан одоогоор 8 000 000 орчим төгрөг зарцуулсан байгаа тэр мөнгийг надад төлөх хэрэгтэй гэсэн тул өөрийн унаж байсан Бенз маркийн суудлын автомашинаа 6000 ам.долларт тооцож өгсөн. Гэтэл Д.Э  энэ машиныг өөр тооцоонд зориулж авсан гэж худлаа ярьдаг. Гэхдээ энэ машиныг байрны урьдчилгаа төлбөрийн үнэнд авсан гэдгээ байгууллагынхаа нябод ярьсан тул нябо Н.О үүнийг гэрчилсэн. Санхүүжилтээ олох зорилгоор 2003 оны 05 дугаар сарын   04-ний өдөр Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээг Д.А надтай байгуулсан. Энэ гэрээний 2.3-д захиалагч зээлээ бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авна, 2.5-д зайлшгүй нэмэлт зардал гарвал нэмж төлж болно гэж заасан байна. Анхны гэрээний үнэ 236 000 төгрөгийг х 103,87 м.кв = 24 513 320 төгрөг байсан. АДА ХХК-ийн Байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах тухай албан бичигт 22 тоотын эзэмшигч Д.Э-ийн нэрийг бичсэн нь түүнийх болох сэдэл төрүүлсэн байна. 2015 оны 8 дугаар сард иргэн М.А-тай арилжааны гэрээ байгуулах үед Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхээс намайг гуравдагч этгээдээр татаагүй байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 343.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхарт байрлах 10 дугаартай авто зогсоол Ө.С , Д.Э  нарын өмч болохыг тогтоож, нэхэмжлэлээс Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 3 дугаартай авто зогсоолыг Д.Э-ийн өмч болохыг тогтоолгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 816.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ФТХ-ээс улсын тэмдэгтийн хураамжид 15 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Э  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус шүүх дээрх шийдвэрээ гаргахдаа нотариатын үйлчилгээ, түүний харилцааг зохицуулсан Нотариатын тухай хууль, түүнтэй холбогдон гарсан эрх зүйн актууд байдаг гэдгийг огт авч үзээгүй, зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгт хэт автаж, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг огт үнэлсэнгүй. Хариуцагч Д.А шүүхэд нэхэмжлэлийг үгүйсгэсэн бичмэл нотлох баримт нэгийг ч гаргаж өгөөгүй, зөвхөн өөрийн эхнэр Ц.Г болон хуйвалдагч Н.О-гоор худал мэдүүлэг өгүүлж, худал тайлбараа нотлохыг оролдсон ч бүх мэдүүлэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. АДА ХХК ба хариуцагч Д.А ы хооронд байгуулагдсан гэх 2015 оны оны 01 дүгээр сарын 02-ны 22 тоот "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ"-ний тухай шүүхийн тайлбар бодит байдал, хууль эрх зүйтэй огт нийцээгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас маргаан бүхий орон сууцны өмчлөгчийг бүртгэлийн байгууллагад зөвхөн ФТХ тодорхойлж өгөх эрх, үүрэгтэй байх ч БЗД-ийн улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд хүргүүлсэн 17 хуудас баримтуудад маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.А ыг тодорхойлсон ФТХ-ийн бичиг баримт огт байхгүй. Иймд хэргийг дахин хянаж, БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн "Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байрны 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 03 дугаартай автозогсоолыг Д.Э-ийн өмч болохыг тогтоолгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай." гэсэн хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байрны 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 03 дугаартай автозогсоолыг Д.Э-ийн өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Э, Ө.С нар нь хариуцагч ШУКХФТХ, Д.А нарт холбогдуулан орон сууцны болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2003 оны 05 дугаар сарын    04-ний өдөр Ф Т Х-тэй Орон сууц захиалан бариулах, худалдан авах гэрээ байгуулан, 24 513 320 төрөгийг төлсөн, гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байр, 22 тоотод хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Д.Э тэй амаар тохиролцсон худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр 2005-2015 онд оршин сууж байсан, Д.А ы нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгогдсон.

Д.А , М.А нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан арилжааны гэрээгээр М.А өмчлөгч болсон, маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр Д.А ыг бүртгэсэн улсын бүртгэл, М.А-г тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, орон сууцыг зээлийн барьцаанд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан Д.Э-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0193 тоот магадлалаар хэрэгсэхгүй болгосон. /хх 43-45 дугаар хуудас/

Дээрх захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон АДА ХХК нь нэхэмжлэлд заасан барилгын ажлыг гүйцэтгэсэн байх бөгөөд уг гэрээний үүрэг болон хохиролд 289 134 358 төгрөгийг хариуцагч ФТХ-ээс нэхэмжилснийг Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 933 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн, мөн дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 451 дүгээр шийдвэрээр 2003 оны 5 дугаар сард Ф Т Х-тэй орон сууц захиалан бариулах гэрээнд заасан барилгыг улсын комисс болон нэр бүхий 14 өмчлөгч нарт хүлээлгэн өгөхийг тус хүрээлэнд даалгаж шийдвэрлэсэн тухай баримтууд хэрэгт авагдсан байна. /хх 29-31 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч Д.Э  нь нэхэмжлэлийн 3 шаардлагын үндэслэлээ “...хариуцагч ФТХ нь  шүүхийн 451 дүгээр шийдвэрийг биелүүлээгүй, хариуцагч Д.А нь нэхэмжлэгчид орон сууцны үнийг тохиролцсон ёсоор төлөөгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хоёр автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа 3, 10 дугаартай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох гэж тодруулсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар зохигчид маргаагүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 10 дугаартай автозогсоолын өмчлөгчөөр Д.Э, Ө.С нарыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох дээрх орон сууцны болон 3 дугаартай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Учир нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 22 тоот нь Д.А , М.А нарын хооронд байгуулагдсан дээрх арилжааны гэрээгээр М.А-гийн өмчлөлд шилжсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, 3 тоот автозогсоолыг 22 тоот орон сууцны өмчлөгч эзэмшиж байгаа талаар зохигчид маргаагүй байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

Хэдийгээр хариуцагч нар гэрээ болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь тогтоогдсон боловч нэхэмжлэлд заасан орон сууц нь М.А-гийн өмчлөлд арилжааны гэрээний дагуу шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг бүртгэл хүчинтэй байх тул нэхэмжлэгч Д.Э г тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоох хуулийн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч Д.Э  нь буруутай этгээдээс хохирлоо шаардан нэхэмжлэхэд энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01311 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 311 816,60 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

         ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                                                           М.НАРАНЦЭЦЭГ