Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2021/00676

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      2021         03         23

            182/ШШ2021/00676

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: С.Н

 

314,384,245 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, газрын шударга бус эзэмшигчээс эрхийн үр шим гэж 500,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Хангал, Ц.Ихбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Д.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Бнь 2010 оноос хойш төмрийн худалдаа, төмөр хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 26-ний өдөр иргэн С.Нтой түүний эзэмшлийн *** хороо, нэгж талбарын ***дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 1210 м.кв газраас 847 м.кв газрын эрхийг 85,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн авахаар харилцан тохиролцож “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, газрын үнийг бүрэн төлж, гэрээг нотариатаар батлуулсан юм. Иргэн С.Н нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох дээрх 847 м.кв газрын эрхийг иргэн Д.Б гийн нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй байсан тул аргагүйн эрхэнд 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр түүнтэй “Газар эзэмших эрхийг шилжүүлэх нэмэлт гэрээ”-г байгуулан өмнөх хэлцлийг баталгаажуулан нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч газар эзэмших эрхийг мөн л шилжүүлж өгөөгүй. Д.Бшинээр худалдаж авсан газар дээрээ төмөр хийцийн үйлдвэр барихаар төлөвлөн иргэн С.Нод хандан “төмрийн цехийн сэндвичэн барилгын ажлыг эхлүүлмээр байна, газрын гэрчилгээ гарахгүй удаад байгаа шалтгааныг асуухад... газрын албан дээр бага зэрэг асуудал гараад байгаа энэ асуудлыг зохицуулаад гэрчилгээг чамд өгнө, санаа зоволтгүй газар дээрээ барилгаа эхэлж бай..." гэдэг тайлбарыг өгч байсан ба үүнд нь Д.Битгэн өөрийн хувийн бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай төмрийн цехийн сэндвичэн барилгыг 116,830,494 төгрөгийн зардал гарган барьж 2013 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан. С.Нын газар дээр Батхүүгийн байшин байсан ба Батхүү нь маргаан үүсгэж, энэ асуудлаар эд хөрөнгийн доголдлыг арилгачихна, газар, түүн дээрх байшин бүгд Б гийнх гэсэн агуулгатай зүйлийг С.Н ярьсан нь тэдний хооронд болсон яриаг бичсэн сийди, түүнд үзлэг хийсэн байдлуудаар тогтоогдож байгаа бөгөөд С.Н Б д барилга барихыг зөвшөөрсөн гэдгийг энэ нь нотолно гэж үзэж байна.

 

          Д.Бнь “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон “Газар эзэмших эрхийг шилжүүлэх нэмэлт гэрээ”-ний дагуу газрыг шилжүүлэн авахаар эрх бүхий байгууллагад хандахад С.Н нь уг газартай холбоотойгоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэгдэн яллагдагчаар татагдан шалгагдаж байсан бөгөөд дээрх газрыг 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн буюу шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байсныг Д.Бнь мэдсэн байдаг. Иргэн С.Н нь дээрх бодит байдлыг нуун дарагдуулж байсан төдийгүй 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" болон нэмэлт гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэнээр иргэн Д.Б д 116,830,494 төгрөгийн эд хөрөнгийн алдагдал, хохирол учруулаад байна. Мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/02046 дугаартай шийдвэрээр иргэн С.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн зөрчсөн, гэрээний татгалзалд өөрийн буруутай байдал, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зарим зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээсэн зэргээс тодорхой харагддаг.

          Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй..” гэж заасны дагуу 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нээс татгалзсантай холбогдон учирсан хохирол болох 116,830,494 төгрөгийг иргэн С.Ноос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нь төмрийн цехийн сэндвичэн барилгын багана, дам нуруу, дээвэр, хана, хаалга, цонх, туслах материалын зардалд 99,929,400 төгрөг, барилгын материалын гааль, НӨАТ-ын зардал 13,636,989 төгрөг, өргүүр, цахилгаан хөдөлгүүртэй төхөөрөмжийн гааль, НӨАТ-ын зардал 3,264,105 төгрөг юм.  

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 197,553,751 төгрөгөөр ихэсгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн үндэслэл нь иргэн С.Н нь талуудын хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нээс татгалзсанаас үүдэн нэхэмжлэгч Д.Бнь гэрээ хэрэгжиж байх хугацаанд 847 м.кв газар дээр төмрийн цехийн сэндвичэн барилгыг барьж хохирсон ба газрыг чөлөөлөхийн тулд барилгыг буулгаснаар зориулалтаар нь ашиглаж чадахгүй болох тул төмрийн цехийн барилгын үнийг хариуцагч С.Ноос гаргуулж, барилгыг тухайн газар дээр үлдээх замаар хохирлоо барагдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Монгол улсын барилгын зөвлөх инженер Р.Ижилсэхбаярын тайлангаар *** хороо, Ажилчны гудамжинд байршилтай, төмрийн үйлдвэрийн барилгын төсвийг ЗТБХБ-ын сайдын 2012 оны 181 тоот тушаалаар /хавсралт-1,2/ батлагдсан БНбД81-94-12 “Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм”, БНбД81-95-12 “Барилгын төсөв зохиох дүрэм” зэрэг нормуудыг үндэслэн, барилга угсралтын иж бүрэн ажпыг гүйцэтгэхэд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоход нийт төсөвт өртгийн үнэ 314,384,245 төгрөг болох нь тогтоогдож байна.

 

          Сөрөг нэхэмжлэлийн хувьд, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч С.Ноос түүний эзэмшлийн газрыг худалдан авч, үнэ төлбөрийг нь төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогддог. Хариуцагчаас эзэмшил газрыг үнэ төлбөргүйгээр, хууль бусаар эзэмшсэн гэж маргаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэгэнт тогтоогдсон үйл баримт бөгөөд Чингэлтэй дуургийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/02046 дугаар шийдвэрээр дээрх үндэслэл нь үгүйсгэгдэнэ. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсэгт:

          нэхэмжлэгчийг “хариуцагч С.Нын эзэмших эрх бүхий газраас 847 м.кв газар эзэмших эрхийг 85,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна”, “газрын эрх шилжүүлэн авах зорилгоор Д.Б78,000,000 төгрөгийг С.Нод хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна”, “эд хөрөнгийн эрхийн маргаантай байгаа, хариуцагчтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн зэрэг нөхцөл байдлаас газар эзэмших эрх бусдад шилжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хариуцагчийг гэм буруугүй гэж дүгнэх үндэслэлгүй байна, газар эзэмших эрх худалдан авах гэрээний дагуу хариу төлбөрийн ихэнхи хувийг хүлээн авсан боловч газар эзэмших эрхээ хууль ёсны дагуу шилжүүлж чадаагүй нөхцөл байдал хариуцагчаас шалтгаалсан” гэж тус тус дүгнэсэн байна. Ийнхүү талуудын хооронд байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын эрх шилжүүлэх гэрээ” нь хариуцагч С.Нын буруутай үйлдлээс шалтгаалан хэрэгжих боломжгүй болсныг шүүхийн шийдвэрээр дүгнэж, талууд өгсөн авсан зүйлээ буцаах тухай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа атал иргэн Д.Б г анхнаасаа үнэ төлбөргүигээр, хүч түрэн хөөж туун газрыг нь хууль бусаар эээмшсэн мэтээр тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй байна.

 

          Монгол Улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “ Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй” гэж заасны дагуу худалдан авагч Д.Бнь худалдагч тал болох С.Нын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж, газрын үнийг төлөөгүй тохиолдолд тэр учирсан хохирлоо шаардах эрхтэй. Хариуцагч С.Н нь өөрийн газрын үйлчилгээний зориулалтаар ашиглахад сард хамгийн багадаа 4,000,000 төгрөгийн үр шимийг хүртэх ёстой байсан гээд нийт 125 сарын үр шимийг 500,000,000 төгрөгөөр тооцон тайлбарлаж байгаа хэдий ч энэхүү үндэслэл нь тогтоогдохгүй байна. Маргаан бүхий газрыг иргэн Д.Бнь “Газрын эрх шилжүүлэх гэрээ"-ний үндсэн дээр өөрийн эзэмшилдээ хүлээн авахаас өмнө тухайн газар дээр аливаа хэлбэрийн үл хөдлөх хөрөнгө байгаагүй болох нь улсын бүртгэлийн байгууллагад С.Нын өмчлөлийн эд хөрөнгө тухайн хаягт бүртгэгдээгүй үйл баримтаар нотлогддог. Түүнчлэн хариуцагч С.Н нь үйлчилгээний зориулалтаар тус газрыг ашиглаж байгаагүй, ашиглах боломжгүй байсан болох нь дээрх шүүхийн шийдвэрт “...2011-2019 оны сансрын зургаас маргаан бүхий газарт машины зогсоол байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж зааснаар, ...шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ус сувгийн удирдах газрын ажилтан н.Эрдэнэчимэг маргаан бүхий газарт хэрэглэгчийн өмчлөлийн шугам сүлжээ байхгүйн зэрэгцээ одоо гэрээ байгуулсан хэрэглэгчдийн дунд С.Н гэх иргэн байхгүй гэж мэдүүлжээ” гэснээр давхар нотлогдоно.

 

          Иргэн С.Н нь 125 сарын турш ямар үйлчилгээ эрхлэн сар бүр 4,000,000 төгрөгийн орлого олох байсан гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байхаас гадна нотлогдохгүй байна. Түүнчлэн газрыг нэхэмжлэгч Д.Буян- Өлзий нь гэрээний үндсэн дээр төлбөр мөнгийг нь С.Нод хүлээлгэн өгснөөр Иргэний хуулийн 90 дүгээр зуйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч мөн тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3-т заасны дагуу С.Н нь эд хөрөнгийн үр шимийг шаардах эрхгүй юм. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т “эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэп эд хөрөнгө болон эрхийн үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна”, мөн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д "Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ.", Улсын дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолд “Энэ зүйлийн 94.2-т заасан “буцааж авах хүртэл” гэж эд хөрөнгө шударга эзэмшигчээс эрх бүхий этгээдэд шилжих хүртэлх хугацааг хэлнэ” гэж тус тус заасны дагуу тухайн газрын үр шим хариуцагч С.Нод бус харин нэхэмжлэгч Д.Б д хамаарна гэж үзэхээр байна.

 

          Хариуцагч С.Н нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/02046 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн хэрэг маргааны явцад шүүхэд мөн сөрөг нэхэмжлэл гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.5-д заасны дагуу учирсан хохиролд 816,310,998 төгрөгийг иргэн Д.Б гөөс шаардсан байдаг ба одоо гаргаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл ижил байна. Шүүх дээрх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар одоо гаргаж буй хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай зохицуулалтыг баримтлах нь хуульд нийцнэ. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр хариуцагч хохирлын үнийн дүн дээр маргаж байх тул шинжээч томилуулъя гэв.

 

          Хариуцагч С.Н шүүхэд ирүүлсэн тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: *** хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Нын 1200 м.кв эзэмшил газрын 847 м.кв талбайд Д.Бхууль бус сендвичин барилга барьж, хууль бус үйлдвэрлэл 2020 оны өнөөг хүртэл эрхлэж ирсэн болно. С.Н миний гаргасан гомдлыг шүүх хянан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/02046 дугаар шийдвэрээр үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэж, мөн шийдвэрийн тогтоолын 1-д Д.Б гийн... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож... нэгж талбарын ***дугаартай 847 м.кв газрыг өөрийн зардлаар чөлөөлүүлэхийг нэхэмжлэгч Д.Б д даалгуулах... -аар шийдвэрлэсэн. Одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг газрыг албадан чөлөөлөх ажиллагаа явагдаж байна. С.Нын эзэмшил газарт бусадтай хуйвалдан хууль бус аргаар барьсан сендивчин барилга барихад зарцуулсан гэх мөнгийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анх Бнь дэд бүтэцтэй, замд ойр, төмөр заръя гэж надаас зөвшөөрөл авч байсан бөгөөд сүүлдээ төмөр болон газар нь томроод, намайг цус харваад өвдөнгүүт манаачийг минь явуулаад эзэн суусан. Газар руу минь оруулахгүй хүч түрэх болсон. Ер нь төмөр нь аянга буувал гэх зэргээр саравч барих зүйл л яригдаж байсан юм. Анх гаргасан нэхэмжлэл нь хүртэл газрын эзэмшигчээр тогтоолгоно гэж хүч түрсэн байдлаар гарч байсан. Газрын үнэ  анх тохиролцоогүй шүү дээ. Миний өндөр настай, өвчтэй байдлыг эд ашигласан. Гэрээнээс татгалзаад байхад Ббарилгаа барьсан, хууль үл тоомсорлосон. Би олон газарт хандаж байсан.  Д.Б г батлагдсан зураг төсөв байхгүй, мэргэжлийн байгууллагуудын хянаж батлаагүй барилгыг хариуцагчийн эзэмшил газарт бариулах зөвшөөрөл олгосон байгууллага хүмүүс байдаг бол уг мөнгийг тэднээс гаргуулах боломжтойг шүүх анхааран хянаж үзнэ үү. Д.Бнар Монгол Улсын хуулиар зохицуулагддаг олон журам, заавар санаа зорилготойгоор зөрчин иргэд бидний өмчлөх эзэмших эрхэнд халдаж, дээрэм хулгайн үйлдлээр олон сая төгрөгийн хохирол бидэнд учруулсан ба шүүхээс Д.Бнарын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд саад хийхийг оролдсон элдэв үйлдлийг таслан зогсоож, хууль ёсны 847 м.кв эзэмшил газраа албадан чөлөөлүүлж Д.Бнарын халдлагад олон жил өртсөн газар эзэмших эрхээ эдлэх хуулийн тэгш үйлчилгээ үзүүлэхийг хүсье.

 

          Мөн С.Н би сөрөг нэхэмжлэл гаргасан. Би *** хороо, АОС-12 тоот хаягт байрлах нэгж талбарын ***дугаар бүхий 1210 м.кв газрыг 2008 оноос хууль ёсоор эзэмшиж байгаа юм. Иргэн Д.Бнь дээрх газрын 847 м.кв талбай дээр 2010 оны 5 дугаар сараас овор хэмжээ ихтэй төмөр хийцийн эд зүйлс хурааж, худалдаалж эхэлсэн бөгөөд өнөөдөр болтол энэ ажлаа хийж байна. Мөн 2013 оноос тухайн газар дээр миний болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж, үйлдвэрлэл явуулж байна. Д.Бнь миний эзэмшлийн 847 м.кв газрыг ямар ч үнэ төлбөргүйгээр 2010 оны 5 сараас хойш өнөөдрийг хүртэл нийт 10 жил 5 сар буюу 125 сарын турш тасралтгүй хууль бусаар эзэгнэн эзэмшиж, үр шимийг нь дангаар хүртэж ирсэн төдийгүй, хууль ёсны эзэмшигч намайг эзэмшлийн газарт маань нэвтрүүлэхгүй, хөөж туун дээрэлхэж, үйл ажиллагаа явуулах ямар ч боломж олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. *** хорооны нутагт 748 м.кв газрыг үйлчилгээний зориулалттай эзэмшиж, ашиглахад нэг сард хамгийн багадаа 4,000,000 төгрөгийн буюу 125 сард нийт 500,000,000 төгрөгийн орлого олох боломжтой бөгөөд газар эзэмших эрхийн үр шимийг хүртэх боломжтой юм. Иймд Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2, 93 дугаар зүйлийн 93.2, 95 дугаар зүйлийн 95.1, 493 дугаар зүйлийн 493.5-т тус тус заасны дагуу Д.Б гөөс шударга бусаар эзэмшиж байгаа 847 м.кв газар эзэмших эрхийн олох ёстой байсан үр шим 500,000,000 төгрөгийг гаргуулж, С.Н надад олгож өгнө үү гэв.

 

          Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэгч барилгын үнийг гаргахдаа элэгдэл хорогдлыг тооцоогүй байна гэв.

 

          Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр сийдиний бичлэг, цаасан дээр буулгасан бичвэртэй тохирч буй эсэхэд үзлэг хийсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

 

Шүүх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, нэмэлт гэрээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, худалдааны гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/02046 дугаар шийдвэр, төлбөрийн баримтууд, газар эзэмших эрх шилжүүлэхээс татгалзах тухай бичиг, С.Нын гомдолтой холбоотой Нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газрын болон холбогдох бусад байгууллагын албан бичиг, С.Нын эзэмших эрх бүхий газарт хийсэн үнэлгээний ажлын тайлан, хөрөнгийн үнэлгээний тайлан, Д.Б гийн “Төмрийн үйлдвэр”-ийн барилгын барилга угсралтын ажлын төсөвт өртөг, төсвийн тайлбар, барилгын үнэлгээний тайлан зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч С.Нод холбогдуулан 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нээс татгалзсантай холбогдон учирсан хохирол гэж 314,384,245 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн газар эзэмших эрхээ шилжүүлээгүйд хариуцагч буруутай гэж шүүх дүгнэсэн гээд тухайн газар дээр барьсан барилгыг буулган авах боломжгүй тул уг барилгын үнийг нэхэмжилнэ гэж үндэслэжээ.

 

Хариуцагч С.Н нь нэхэмжлэгч Д.Б г 2010 оны 05 дугаар сараас түүний гтазрыг эзэмшин, улмаар тохиролцоогүй атал газар дээр барилга барьж үйлдвэрлэл явуулсаар байгаа, шүүхийн шийдвэрийн дагуу газрыг чөлөөлж өгөхгүй байгаа, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй н зэрэгцээ газрын шударга бус эзэмшигчээс газраа эзэмшиж хүртэх байсан үр шим гэж 500,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэл урьд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн гэж зөвшөөрөхгүй байна.

Иргэн С.Н нь 2011 оны 10 дугаар сарын 26-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, өөрийн эзэмшлийн *** хороо, нэгж талбарын ***дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 1210 м.кв газраас 847 м.кв хэсгийг иргэн Д.Б гийн эзэмшилд шилжүүлсэн хэдий ч хожим нь тэд марган, маргаанаа шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

  Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч С.Нод холбогдуулан газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, учирсан хохиролд 85,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.Н нь нэхэмжлэгчид холбогдуулан өөрийн эзэмшлийн 847 м.кв газрыг чөлөөлүүлэх, учирсан хохиролд 816,310,998 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2046 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б гийн газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *** хороо, Ажилчны гудамжинд байрлах нэгж талбарын ***дугаартай, 847 м2 газрыг өөрийн зардлаар чөлөөлүүлэхийг нэхэмжлэгч Д.Б д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрээнээс татгалзсан тул хариуцагч С.Ноос 78,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б д олгон, тус шаардлагаас 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч Д.Б гөөс 816,310,998 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

С.Нын эзэмшлийн 1210 м.кв газрын үлдсэн хэсэг дээр баригдсан байсан байшингийн асуудлаар иргэн Батхүү маргаж, С.Н 2012 онд эрүүгийн хэрэгт шалгагдан дээрх газар битүүмжлэгдсэн байснаас газар эзэмших эрхийг С.Н Д.Б д шилжүүлж чадаагүй байдал болон одоогоор дээрх газар бодитоор  Д.Б гийн эзэмшилд байгаа нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагчаас шилжүүлэн авахаар тохиролцсон 847 м.кв газар дээр барьж үйлдвэрлэл явуулж байсан барилгын үнийг нэхэмжилдэг ба үүнийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчийг газар нь асуудалтай байгаа тухай хэлсэн тул холбогдох газраас лавлахад С.Н яллагдагчаар татагдан  газар нь битүүмжлэгдсэн байсныг мэдсэн, газар шилжигдэхгүй байсан тул 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан ба газар хүсэмжлэгч болох “б” талын үүргийн 3-т барилга барих зөвшөөрөл олгосон тул барилга барьсан гэж тайлбарласнаас үзэхэд энэ үед Д.Бгазар эзэмших эрх шилжиж чадахгүй байсан шалтгааны талаар мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэмэлт гэрээний дээрх заалтад “барилга барих буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахдаа эрх шилжүүлэгч талын буюу кадастраас зааглагдсан эсрэг талын баригдсан объект болон баригдах объектын байгуулалт аюулгүй байдлыг хангах зайг зөв авч үйл ажиллагааг эхлүүлнэ /мэргэжлийн зай хэмжээг гаргах/. Үүнээс үүдэн гарч болох ямар нэг асуудлыг шилжүүлэгч тал хариуцахгүй болно” гэж заасан нь газрын эрх шилжүүлэгч талаас хүсэмжлэгч талд газар шилжүүлэхээс өмнө барилга барихыг зөвшөөрсөн утгыг илэрхийлэхгүй байна.

Түүнчлэн газар эзэмших эрх шилжээгүй байхад газар дээр барилга барьж зардал гаргасан нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зориг бөгөөд эрсдэлийг тооцсон байх учиртай билээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид газар дээр барьсан барилгын үнээр хохирол учрахад нэхэмжлэгч өөрөө буруутай байна. Хариуцагчийн газар эзэмших эрхээ шилжүүлж чадаагүй эс үйлдэхүй, нэхэмжлэгчийн барьсан барилгын үнэ гэх хохирлын хооронд шалтгаант холбоо харагдахгүй байна.Талуудын хооронд газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар үүргийн эрх зүйн гэрээ байгуулагдсан боловч энэ хэлцлийг холбогдох шатны Засаг даргын захирамж гарч, газрын эрхийн бүртгэлд бүртгэгдсэнээр эзэмшил хүчин төгөлдөр болно. Энэ талаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зохицуулсан бөгөөд эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заажээ.

Талуудын тайлбараар нэхэмжлэгч барилгыг 2013 оны 9, 10 дугаар сард барьж дуусгасан нь тогтоогддог. Хариуцагч  2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Д.Б д “мэргэжлийн байгууллагын баталж хянасан шийдвэргүй барилга барьж эхэллээ, Улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гаргуулж өгөх хүртэл газар эзэмших эрх шилжүүлэх үүргээсээ татгалзаж байна” гэсэн мэдэгдэл өгч байсан, мөн С.Н нь дээрх асуудлаар холбогдох газарт хандаж, тэдгээр газраас С.Нод Д.Б гийн асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх, Д.Б д зөрчлөө арилгах талаар Нийслэлийн Газрын албаны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3/35 тоот, Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05/488 тоот, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-112/680 дугаар албан шаардлага, Хан-Уул дүүргийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02-03/ 3212 тоот албан бичгүүдийг хүргүүлж байсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.4-өөр үндэслэж байх ба 227.1 дэх заалт хөрөнгө шилжүүлэх үүргийн хувьд үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөс үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж, хохирлоо төлүүлэхээр шаардах тохиолдолд, 227.4 дэх заалт нь үүрэг гүйцэтгэгч эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч эд хөрөнгө шилжүүлэхийг, учирсан хохиролтойгоо хамт шаардаж буй тохиолдолд тус тус хэрэглэгддэг тул тохирохгүй байна. Харин Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасан Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн зохицуулалт нэхэмжлэгчийн шаардах эрхэд тохирч байгаа хэдий ч шаардлага хангагдахгүй байна.

Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор нэхэмжлэгч хариуцагч нарын яриаг бичсэн сийдиний бичлэг, цаасан дээр буулгасан бичвэрт үзлэг хийлгэсэн боловч энэ нотлох баримтыг үнэлэх боломжгүй байна. Учир нь нотлох баримт болгохыг хүссэн сийдиний бичлэгийг нэхэмжлэгч хуульд заасан аргаар олж аваагүй, бичлэгийг утсаар, нууцаар хийсэн нь тогтоогдож байна.      

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

Хариуцагч С.Н урьд шүүхийн шийдвэрээр түүний эзэмшлийн 847 м2 газарт нэхэмжлэгч С.Бсэндвичэн барилга барьж, төмрийн үйлдвэрээ байгуулахдаа тухайн газарт байсан авто машины зогсоол, барилгын суурь хэсэг, шон, амины орон сууцны шугам сүлжээг эвдэж сүйтгэн түүнд 330,310,998 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг газрыг 9 жилийн хугацаанд бусдад түрээслүүлсэн бол 486,000,000 төгрөгийн орлого олох байсан гэж үзэн нийт 816,310,998 төгрөгийг  С.Б гөөс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлүүлсэн байдаг.

Хариуцагч С.Нын одоо гаргаж буй сөрөг нэхэмжлэл нь урьд шүүх шийдвэрлэсэн шаардлагаас өөр байгаа хэдий ч газрыг ашиглаж сард 4,000,000 төгрөгийн орлого олж үр шимийг хүртэх байсан гэдгээ нотлоогүй, нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй байна. Хариуцагч 2008 онд хийсэн Хар, цагаан замаск, эмульсны үйлдвэрийн төсөл, 2009 онд хийсэн Барилгын төмөр хийцийн үйлчилгээний захын төсөл гэсэн баримтуудыг ирүүлсэн боловч  төсөл хэрэгжээгүй нь юутай холбоотой болох нь тодорхойгүй, сард 4,000,000 төгрөгийн орлого олох байсан гэдгийг нотлох баримт болж чадахгүй юм. С.Н сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-ээр буюу шударга бус эзэмшигч олох байсан үр шимийг төлөх үүрэгтэй гэдгээр үндэслэж байна. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т Эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим гэнэ., 88.3-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй гэж заажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбартай холбоотойгоор шинжээч томилуулахыг хүссэн боловч хэргийг эцэслэн шийдвэрлэж буйтай холбоотойгоор хүсэлтийг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад төлөх тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байх тул 92,049 төгрөгийг нөхөн гаргуулж улсад олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-ийг баримтлан С.Ноос    314,384,245 төгрөг гаргуулах тухай Д.Б гийн нэхэмжлэл, мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-ийг баримтлан Д.Б гөөс 500,000,000 төгрөг гаргуулах тухай С.Нын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,887,822 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 92,049 төгрөгийг гаргуулж улсад олгон, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулахыг хүссэн хүсэлтийг хангахгүй орхисугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                    С.БУД