Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01002

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй                                                                  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/00676 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Бгийн хариуцагч С.Нод холбогдуулан гаргасан 314 384 245 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, газрыг шударга бус эзэмшигчээс эрхийн үр шим 500 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Р.М, шүүх хуралдааны бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2010 оноос хойш төмрийн худалдаа, төмөр хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэн С.Нтой түүний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, нэгж талбарын 8013/0027 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 1210 м.кв газраас 847 м.кв газрын эрхийг 85 000 000 төгрөгт тооцон шилжүүлэн авахаар харилцан тохиролцож Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, газрын үнийг бүрэн төлж, гэрээг нотариатаар батлуулсан. С.Н нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох дээрх 847 м.кв газрын эрхийг Д.Бгийн нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй байсан тул аргагүйн эрхэнд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр түүнтэй газар эзэмших эрхийг шилжүүлэх нэмэлт гэрээг байгуулж, өмнөх хэлцлийг баталгаажуулан нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч газар эзэмших эрхийг мөн л шилжүүлж өгөөгүй. Д.Б шинээр худалдаж авсан газар дээрээ төмөр хийцийн үйлдвэр барихаар төлөвлөн иргэн С.Нод хандан төмрийн цехийн сэндивчэн барилгын ажлыг эхлүүлмээр байна, газрын гэрчилгээ гарахгүй удаад байгаа шалтгааныг асуухад...газрын албан дээр бага зэрэг асуудал гараад байгаа, энэ асуудлыг зохицуулаад гэрчилгээг чамд өгнө, санаа зоволтгүй газар дээрээ барилгаа эхэлж бай..." гэдэг тайлбарыг өгч байсан ба үүнд нь Д.Б итгэн өөрийн хувийн бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай төмрийн цехийн сэндвичэн барилгыг 116 830 494 төгрөгийн зардал гарган барьж 2013 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан. С.Нын газар дээр н.Батхүүгийн байшин байсан ба н.Батхүү нь маргаан үүсгэж, энэ асуудлаар эд хөрөнгийн доголдлыг арилгачихна, газар, түүн дээрх байшин бүгд Д.Бгийнх гэсэн агуулгатай зүйлийг С.Н ярьсан нь тэдний хооронд болсон яриаг бичсэн сиди, түүнд үзлэг хийсэн байдлуудаар тогтоогдоно. Д.Б нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Газар эзэмших эрхийг шилжүүлэх нэмэлт гэрээний дагуу газрыг шилжүүлэн авахаар эрх бүхий байгууллагад хандахад С.Н нь уг газартай холбоотойгоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татагдан шалгагдаж байсан бөгөөд дээрх газрыг 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн буюу шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байсныг Д.Б мэдсэн. Иргэн С.Н нь дээрх бодит байдлыг нуун дарагдуулж байсан төдийгүй 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэнээр иргэн Д.Бд 116 830 494 төгрөгийн эд хөрөнгийн алдагдал, хохирол учруулаад байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол болох 116 830 494 төгрөгийг С.Ноос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нь төмрийн цехийн сэндвичэн барилгын багана, дам нуруу, дээвэр, хана, хаалга, цонх, туслах материалын зардалд 99 929 400 төгрөг, барилгын материалын гааль, НӨАТ-ын зардал 13 636 989 төгрөг, өргүүр, цахилгаан хөдөлгүүртэй төхөөрөмжийн гааль, НӨАТ-ын зардал 3 264 105 төгрөг юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 197 553 751 төгрөгөөр ихэсгэсэн. Ингээд нийт хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоход нийт төсөвт өртгийн үнэ 314 384 245 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий нэгж талбарын 8013/0027 дугаартай 847 м.кв газрыг өөрийн зардлаар чөлөөлүүлэхийг нэхэмжлэгч Д.Бд даалгуулж шийдвэрлэсэн. Одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг газрыг албадан чөлөөлөх ажиллагаа явагдаж байна. С.Нын эзэмшил газарт бусадтай хуйвалдан хууль бус аргаар барьсан сендивчин барилга барихад зарцуулсан гэх мөнгийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Бг батлагдсан зураг төсөв байхгүй, мэргэжлийн байгууллагуудын хянаж батлаагүй барилгыг хариуцагчийн эзэмшил газарт бариулах зөвшөөрөл олгосон байгууллага хүмүүс байдаг бол уг мөнгийг тэднээс гаргуулах боломжтой гэжээ.

            Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, АОС-12 тоот хаягт байрлах нэгж талбарын 8013/0027 дугаар бүхий 1210 м.кв газрыг 2008 оноос хууль ёсоор эзэмшиж байгаа юм. Иргэн Д.Б нь дээрх газрын 847 м.кв талбай дээр 2010 оны 5 дугаар сараас овор хэмжээ ихтэй төмөр хийцийн эд зүйлс хурааж, худалдаалж эхэлсэн бөгөөд өнөөдөр болтол энэ ажлаа хийж байна. Мөн 2013 оноос тухайн газар дээр миний болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж, үйлдвэрлэл явуулж байна. Д.Б нь миний эзэмшлийн 847 м.кв газрыг ямар ч үнэ төлбөргүйгээр 2010 оны 5 сараас хойш өнөөдрийг хүртэл нийт 10 жил 5 сар буюу 125 сарын турш тасралтгүй хууль бусаар эзэгнэн эзэмшиж, үр шимийг нь дангаар хүртэж байна. Тухайн газрыг үйлчилгээний зориулалттай эзэмшиж, ашиглахад нэг сард хамгийн багадаа 4 000 000 төгрөгийн буюу 125 сард нийт 500 000 000 төгрөгийн орлого олох боломжтой бөгөөд газар эзэмших эрхийн үр шимийг хүртэх боломжтой юм. Иймд Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2, 93 дугаар зүйлийн 93.2, 95 дугаар зүйлийн 95.1, 493 дугаар зүйлийн 493.5 дах хэсэгт тус тус заасны дагуу Д.Бгөөс шударга бусаар эзэмшиж байгаа 847 м.кв газар эзэмших эрхийн олох ёстой байсан үр шим 500 000 000 төгрөгийг гаргуулж, С.Н надад олгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч С.Ноос түүний эзэмшлийн газрыг худалдан авч, үнэ төлбөрийг нь төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогддог. Хариуцагчаас эзэмшил газрыг үнэ төлбөргүйгээр, хууль бусаар эзэмшсэн гэж маргаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэгэнт тогтоогдсон үйл баримт бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/02046 дугаар шийдвэрээр дээрх үндэслэл нь үгүйсгэгдэнэ. Ийнхүү талуудын хооронд байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Газрын эрх шилжүүлэх гэрээ нь хариуцагч С.Нын буруутай үйлдлээс шалтгаалан хэрэгжих боломжгүй болсныг шүүхийн шийдвэрээр дүгнэж, талууд өгсөн авсан зүйлээ буцаах тухай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа атал иргэн Д.Бг анхнаасаа үнэ төлбөргүйгээр, хүч түрэн хөөж туун газрыг нь хууль бусаар эээмшсэн мэтээр тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй байна. Хариуцагч С.Н нь 125 сарын үр шимийг 500 000 000 төгрөгөөр тооцон тайлбарлаж байгаа хэдий ч энэхүү үндэслэл нь тогтоогдохгүй байна. Маргаан бүхий газрыг иргэн Д.Б нь Газрын эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшилдээ хүлээн авахаас өмнө тухайн газар дээр аливаа хэлбэрийн үл хөдлөх хөрөнгө байгаагүй болох нь улсын бүртгэлийн байгууллагад С.Нын өмчлөлийн эд хөрөнгө тухайн хаягт бүртгэгдээгүй үйл баримтаар нотлогддог. Түүнчлэн хариуцагч С.Н нь үйлчилгээний зориулалтаар тус газрыг ашиглаж байгаагүй, ашиглах боломжгүй байсан болох нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдоно. Түүнчлэн, газрыг нэхэмжлэгч Д.Буян- Өлзий нь гэрээний үндсэн дээр төлбөр мөнгийг нь С.Нод хүлээлгэн өгснөөр Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан заасан шударга эзэмшигч мөн тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3, 94 дүгээр зүйлийн 94.2, 247 дугаар зүйлийн 247.1,  Улсын дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолд тус тус заасны дагуу тухайн газрын үр шим хариуцагч С.Нод бус харин нэхэмжлэгч Д.Бд хамаарна гэж үзэхээр байна. Хариуцагч С.Н нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/02046 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн хэрэг маргааны явцад шүүхэд мөн сөрөг нэхэмжлэл гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.5 дах хэсэгт заасны дагуу учирсан хохиролд 816 310 998 төгрөгийг Д.Бгөөс шаардсан ба одоо гарган байгаа нэхэмжлэлийн шаардлагатай ижил байна. Шүүх дээрх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар одоо гаргаж буй хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай зохицуулалтыг баримтлах нь хуульд нийцнэ. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлан С.Ноос 314 384 245 төгрөг гаргуулах тухай Д.Бгийн нэхэмжлэл, мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийг баримтлан Д.Бгөөс 500 000 000 төгрөг гаргуулах тухай С.Нын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 887 822 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 92 049 төгрөгийг гаргуулж улсад олгон, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас зөвхөн хариуцагч талд ашигтай баримтуудыг үнэлж, дараах нотлох баримтуудыг огт үнэлээгүй орхигдуулсан бөгөөд огт үнэлээгүй баримтуудаар хариуцагч С.Н нь 847 м.кв газрын эрхийн доголдлыг арилгаж, нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхээр амалж, худалдах-худалдан авах гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн хүлээн авч нэмэлт гэрээ байгуулсан. Мөн тухайн газар дээр барилга барих зөвшөөрлийг Д.Бд өгч байсан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/02046 дугаар шийдвэрээр нотлогддог. 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээний Газар шилжүүлэгч талын хүлээх үүргийн 1-д “Харилцан тохирсон гэрээ нөхцөл бүрэн хангагдсан гэж үзсэн тохиолдолд хүсэмжлэгч талд газар эзэмших эрх шилжүүлэх” гэж шинэчлэн заасан. 2013 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрхийг шилжүүлэх нэмэлт гэрээний газар хүсэмжлэгч талын хүлээх үүргийн 3-д “Хэрэв барилга барих буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахдаа шилжүүлэгч талын буюу кадастраас зааглагдсан эсрэг талын баригдсан объект болон баригдах объектын байгуулалт аюулгүй байдлыг хангах зайг зөв авч үйл ажиллагааг эхлүүлнэ” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн талуудын уулзалтын сиди бичлэгээс тодорхой харагддаг. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.3 дах хэсэгт заасны дагуу худалдагч С.Н нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө буюу эд хөрөнгийг эзэмших эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргийг хүлээн, эрхийн доголдлыг өөрөө хариуцан арилгана гэж 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх нэмэлт гэрээ”-г байгуулсны үндсэн дээр анх гэрээ байгуулахдаа хүлээн авсан 50 400 000 төгрөг дээр нэмж, 34 600 000 төгрөгийг Д.Бгөөс хүлээн авсан болохыг шүүх огт анхаарч дүгнэсэнгүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасан худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах зохицуулалтыг зөвхөн худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг мэдсэн боловч хүлээн авсан бөгөөд гомдлын шаардлага гаргах тухайгаа ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй тохиолдолд хэрэглэгддэг. Гэтэл нэхэмжлэгч нь эрхийн доголдолтой газрыг хүлээн авсан боловч энэхүү доголдлыг арилгуулах сонирхолтой байгаагаа худалдагч С.Нод удаа дараа мэдэгдэж ирсэн бөгөөд талуудын нэмэлт гэрээ байгуулсан зорилго нь худалдагч С.Ныг газрын эрхийн доголдлыг арилган, шилжүүлэхэд хугацаа олгон, үүрэг хүлээлгэсэн хүсэл зоригийн илэрхийлэл байсныг шүүх анхаараагүйгээс нотлох баримтыг буруу үнэлсэн. Анхан шатны шүүхээс Д.Бгийн газар дээр барилга барьж зардал гаргасан нь 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн талуудын байгуулсан “Газар эзэмших эрхийг шилжүүлэх нэмэлт гэрээ"-тэй шууд холбоотой байхад шалтгаант холбоо байхгүй гэж буруу дүгнэсэн. Хариуцагч нь газрын эрхийн доголдлыг арилгах боломжтой гэж үзэж, нэмэлт гэрээ хэлцэл байгуулсны үндсэн дээр төлбөр мөнгө нэмж авсан атал шүүх зөвхөн нэг талын хүсэл зоригоор барилга барьсан гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болжээ. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хуулийн энэ зохицуулалт нь үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхээс гадна үүрэг гүйцэтгээгүйгээс түүнд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэйг хуульчлан тогтоосон заалт билээ. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх олгогдсон үндэслэлийг зааж, талуудыг байгуулсан гэрээ хэлцлээсээ татгалзсан гэж шийдвэрлэсэн байхад шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг баримталж, нэхэмжлэлийн шаардлага гаргасанд буруутгах үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт учирсан хохирлын дүнг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тодорхойлуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж, үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 314 384 245 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж, улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн байхад анхан шатны шүүхээс дахин 92 049 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар заасан нь ойлгомжгүй байна гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрт хариуцагчийг сард 4 000 000 төгрөгийг орлого олох байсан гэдгийг нотлоогүй, баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн атлаа миний гаргасан нотлох баримтуудыг нэрлэн иш татсан нь хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй байна. Түүнчлэн, төслүүд хэрэгжээгүй шалтгаан нь намайг газраа зориулалтын ззэмшихэд уг газар дээр Д.Б нь зөвшөөрөлгүй төмрийн үйлдвэрийн барилга барьж, төмрийн худалдаа эрхлэн хууль бусаар, шударга бусаар уг газрыг эзэмшиж, ашиглаж байгаатай шууд шалтгаант холбоотой юм. Миний бие тухайн газрыг болон газар эзэмших эрхийг үйлдвэр, үйлчилгээний зориулалтын дагуу ашиглахад олох ёстой байсан үр шим нь мэргэжлийн төсөвчнөөр тооцоход сарын 4 000 000 төгрөг болно гэдгийг хангалттай нотолсон. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.2, 88.3 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Д.Бгөөс 500 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэжээ 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.Нод холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 314 384 245 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, газрын шударга бус эзэмшигчээс эрхийн үр шим гэж 500 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган, маргажээ.

            Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр С.Н нь өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, нэгж талбарын 8013/0027 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 1210 м.кв талбай газраас 847 м.кв талбайн газрын эзэмших эрхийг Д.Бд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. С.Н нь газрын эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс талууд 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх нэмэлт гэрээ байгуулсан байна. /хэргийн 7-9 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.Нод холбогдуулан дээрх гэрээний дагуу газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, учирсан хохиролд 85 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч С.Н нь нэхэмжлэгчид холбогдуулан өөрийн эзэмшлийн 847 м.кв газрыг чөлөөлүүлэх, учирсан хохиролд 816 310 998 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байжээ.

            Уг хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2046 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Бгийн газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах нэгж талбарын 8013/0027 дугаартай, 847 м.кв газрыг өөрийн зардлаар чөлөөлүүлэхийг нэхэмжлэгч Д.Бд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрээнээс татгалзсан тул хариуцагч С.Ноос 78 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Бд олгож, тус шаардлагаас 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч Д.Бгөөс 816 310 998 төгрөг гаргуулах тухай С.Нын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

            Маргаан бүхий газрыг Д.Б эзэмшиж байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байна. С.Н нь 2012 онд эрүүгийн хэрэгт шалгагдаж, уг газрын захиран зарцуулах эрхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс хязгаарласан болох нь 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Өмчийн харилцааны газрын 5/5873 дугаар тоот албан бичгээр тогтоогдож байна. /1 хэргийн 31 дүгээр тал/

            Нэхэмжлэгчийн “...газрын албан дээр бага зэрэг асуудал гараад байгаа, энэ асуудлыг зохицуулаад гэрчилгээ өгнө, газар дээрээ барилгаа эхэлж бай” гэсэн, мөн “С.Н яллагдагчаар татагдан газар нь битүүмжлэгдсэн байсныг мэдсэн, газрын гэрчилгээ шилжүүлэхгүй байсан тул 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан” гэх тайлбаруудаар үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид эрхийн доголдолтой хөрөнгө худалдсан, энэ доголдлыг нэхэмжлэгч мэдэж байсан гэж үзэхээр байна.

            Газар эзэмших эрх шилжээгүй байхад нэхэмжлэгч тухайн газар дээр барилга барьж зардал гаргасанд хариуцагчийг шууд буруутгах боломжгүй. Учир нь эрх нь шилжээгүй газар дээр барилга барьсан нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зориг бөгөөд нэхэмжлэгчээс эрсдэлийг өөртөө бий болгосон гэж үзнэ. Талуудын хооронд худалдах-худалдан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн боловч газрын эзэмшил Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Засаг даргын шийдвэр гарч, уг шийдвэрийг үндэслэн газрын албанд бүртгүүлснээр шилжсэнд тооцогдоно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч маргаан бүхий газарт зөвшөөрөлгүй барилга барьсантай холбоотойгоор эрх бүхий байгууллагуудаас зөрчлөө арилгах талаар шаардаж байсан болох нь Нийслэлийн газрын албаны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3/35 тоот, Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05/488 тоот, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-112/680 дугаар албан шаардлага, Хан-Уул дүүргийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16/1247 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн 314 384 245 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр сидинд үзлэг хийсэн байх боловч анхан шатны шүүхээс уг баримтыг хуульд заасан аргаар олж аваагүй гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журамд нийцжээ. Түүнчлэн, шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 92 049 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт нэмж, мөн тус хуулийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд газрын шударга бус эзэмшигчээс эрхийн үр шим 500 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт нийцжээ.

Учир нь хариуцагчаас сард 4 000 000 төгрөгийн орлого олох байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна. Түүнчлэн, хариуцагчаас маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид худалдах үед түүний газар эзэмших эрх түдгэлзсэн байсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна. Мөн тус газрыг эзэмших эрх нь сэргэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх ба энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны үед тодруулахад хариуцагчийн тус газрыг эзэмших эрх нь сэргээгүй гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй болно. Иймд хариуцагч газрыг зориулалтын дагуу ашиглаж, дээрх хэмжээний үр шим хүртэх ёстой байсан гэх байдал тогтоогдохгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/00676 дугаар шийдвэрийн 2 дэх заалтын “Монгол Улсын” гэснийг хасч, “56.2-т” гэснийг “56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 729 871 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д  зааснаар хариуцагч С.Н нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ч.ЦЭНД

 

                            ШҮҮГЧИД                    Д.НЯМБАЗАР

 

                                                          С.ЭНХТӨР