Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0572

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Т*****" ХХК

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.З нарын хоорондын үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй талаар зөрчлийн гомдлыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж*****, хариуцагч М.З***** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “Т***** ХХК нь Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.З*****д холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №0001375 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасан.

2. Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.З***** нь иргэн Г.О*****-ээс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн гомдлын дагуу “Сүхбаатар дүүрэг засгийн газрын ордны зүүн талд говь кашмертай байрны 3 давхарт “l s” ресторанд хяналт шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэн “Л***** ш*****” /l s/ ХХК-д 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. Гомдол гаргагч “Т***** ХХК нь уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан боловч гомдлын хариуг өгөөгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэлдээ бичжээ.

4. “Т***** ХХК 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргасан.

5. Гомдол гаргагч “Т***** ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ***** Б***** Х***** П*****" ХХК нь "Т***** Б***** Г*****" ийн охин компани бөгөөд бид L s олон улсын рестораныг Монгол Улсад нээх, үйл ажиллагаа явуулах франчайзийн эрхийг 2017 онд албан ёсоор авч өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Бид ийнхүү үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Галлериа Улаанбаатар төвд байрлах L s Галлериа салбараар үйлчлүүлсэн нэгэн иргэн өөрийнх хоолноос барилгын хөөсөнцөр гарсан хэмээн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол гаргасан. Тус гомдлын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч М.З 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу манай "Т***** Б***** Х***** П*****" ХХК-ийг зөрчил гаргасан гэж 3,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Гэвч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.З***** нь манай компанид холбогдуулан торгуулийн арга хэмжээ авахдаа баримтаар уйл ажиллагааны зохистой дадлыг хэрэгжүүлдэг болохыг нотолсон нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бүрэн бодитой үнэлж, дүгнэж чадаагүй бөгөөд зөрчлийг илрүүлээгүй, манай компанийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт болон ресторанд өөрийн биеэр хийсэн шалгалтыг үндэслэл болгоогүй хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 "Үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй гэж үзэж шийтгэл ногдуулсан нь илт хууль бус байна. Түүнчлэн, эрх бүхий албан тушаалтан нь захиргааны акт гаргахдаа захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч М.З*****-ын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0001375 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

5. Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.З***** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.З***** би, иргэн Г.О-ээс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдол нь "Сүхбаатар дүүргийн засгийн газрын ордны зүүн талд говь кашмертай байрны 3 давхарт  “Л***** ш*****” /L s/-ээp үйлчлүүлэхэд аягатай хоолноос барилгын хөөсөнцөр гарч ирсэн зураг дарж баримтжуулсан үүнийг шалгаж арга хэмжээ авч өгнө үү" гэх асуудалд Т***** б***** х***** п***** ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгээр 2209000555 дугаартай зөрчлийн хэрэг нээн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын хяналтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1.19-4.1.21-д заасан дараах зохистой дадлыг нэвтрүүлнэ,  7.1.2-т заасны дагуу хүнсний бүтээгдэхүүний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж ажиллана гэж заасан байдаг. Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага нь түүхий эдээс эхлэн тухайн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх шат дамжлага нь ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангаж, эрсдэлгүй бүтээгдэхүүнээр үйлчлэх ёстой. Шалгалтын явцад Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Улаанбаатар галлерей төвийн 3 давхарт байрлах Л**** ш** х*** п*** ресторан нь хүнсний бүтээгдэхүүнийг хүлээн авч, бэлтгэл хэсэгт хүргэн механик бохирдлоос /бохирдол гэдэг нь MNS CAC RCP39 2011 Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадлын 2.5 дугаарт "хүнсний бүтээгдэхүүн гадны биетээр бохирдсон байдал" юм/ салган, цэвэрлэж, аюулгүй цэвэрхэн бүтээгдэхүүнээр үйлчлэх байдаг ч тухайн байгууллагын ажилчид 3 дамжлагат угаалга /1 дүгээр дамжлагын угаалгаар механик бохирдлыг арилгаж, 2 дугаар дамжлагад хлорон суурьтай халдваргүйжүүлэгчээр угааж, 3 дугаар дамжлагад бодисыг угааж гаргадаг/ хийдэг тайлбартай. Тус компани нь гал тогоо байрладаг жигүүрийн ВИП өрөөнүүдийг өөр байгууллагад зарсан тул засвар хийж байгаа, хуучин ногоо угаалгын өрөөнөөс угаалтуураа авч өөр газар байрлуулж амжаагүй учраас ашиглахгүй байгаа, 2 дамжлагат угаалгыг ашиглаж байсан нь гэрч С.О***** /манай байгууллага 3 дамжлагат угаалтуураа ашиглахгүй, 2 дамжлагат угаалтуур ашиглаж байгаа/, гэрч Б.С /манай байгууллага 3 дамжлагат угаалтуураа ашиглахгүй, 2 дамжлагат угаалтуур ашиглаж байгаа/, гэрч Н.Б***** /нарийн ногоонууд нь хөөсөнцөр хайрцагтай бэлтгэгдэн ирдэг, заримдаа хөөсөнцөр хайрцаг нь эвдэрсэн, булан тохой нь үүрсэн байдаг/ гэх мэдүүлэг, фото зураг зэргээр нотлогдож байна. Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 61 дугаартай прокурорын зөвшөөрлөөр 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 08 цагаас 18 цаг хүртэлх хяналтын камерын /бүдүүн, нарийн ногоо угаах хэсгийн болон үйлчлүүлэгчид олгох порцлох хэсэг, ногооны агуулах хэсэг/ бичлэгийг ирүүлэхийг шаардсан боловч тухайн байгууллага гаргаж ирүүлээгүй болно. Тус компани нь хоолноос хөөсөнцөр гараагүйг нотлох баримт гаргаж ирүүлээгүй. Ногоо угаалтыг дутуу хийснээс хоолноос гадны биет гарсныг менежер болон тогоочийн мэдүүлгээр үндэслэлтэй гэж үзсэн тул Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2-д зааснаар 3'000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3'000'000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Иймд “Т***** ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0001375 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тайлбараар хүргүүлж байна. Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох Үүрэг хүлээнэ." гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нотлох баримтад тулгуурлан холбогдох хууль, дүрэм журамд заасан заалтад үндэслэн шийдвэрээ хамгаална гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нараас шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад, дараах хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагч “Т*****" ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.З***** Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2-д зааснаар “үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй” гэсэн үндэслэлээр “Т***** ХХК-ийг 3'000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3'000'000 /гурван сая/ төгрөгөөр торгожээ. /хх-ийн 7/,

3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлд Хүнсний сүлжээнд аюулгүй байдлыг хангах арга, хэлбэрийг тусгасан бөгөөд 7.1 дэх хэсэгт “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1.20-4.1.21.-д заасан дараах зохистой дадлыг нэвтрүүлнэ”, 7.1.2-т “Хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж ажиллана” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “эрүүл ахуйн зохистой дадал” гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагааг ойлгохоор заажээ.

4. Мөн  “Стандартчиллын үндэсний зөвлөлийн  2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар тогтоолоор баталсан “Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” MNS CAC RCP39:2011 дүгээр стандартын 2.5-д бохирдол гэдгийг “хүнсний бүтээгдэхүүн гадны биетээр бохирдсон байдал” гэж тодорхойлсон байх бөгөөд үйлчлүүлэгчийн хоолонд гадны биет орсон болох нь дараах баримтуудаар нотлогдож байна.

4.1. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан гомдол гаргагч Г.О*****-ийн “2022 оны 3 дугаар сарын 19-ний 17 цагийн үед нөхөр 2 хүүхдийн хамт хоол идэхээр L s pecтopaн ороод 3 хүний багц хоол, 5 настай хүүхдэдээ хүүхдийн сэт хоол захиалсныг 3 хүний сэт хоолных нь шөл тус тусдаа ирээд ногоо, мах, нарийн ногоо, банш, гоймон зэргийг шөлөндөө хийж буцалгаад өөрийнхөө шөлнөөс 5 настай хүүхдэдээ аягалж өгөөд өөрөө шөлнөөсөө уух гээд харсан чинь цагаан цагаан өнгөтэй хөнгөн зүйл шөлөн дээр хөвж байсан. Манай нөхрийн хоолон дээр бас хөвж байхад авч тавьж байгаад хоолоо идсэн. Тэгэхээр нь би хараад ийм хөнгөн юу байдаг юм бол гээд гаргаж ирээд салфетка дээр тавиад чимхэж үзсэн чинь барилгын хөөсөнцөр байсан. Тэгээд зөөгчийг нь дуудаад хоолноос чинь хөөсөнцөр гарлаа гээд салфетка дээр гаргаж ирсэн хөөсөнцрөө харуулаад хэлсэн чинь өө тийм байна за би менежерээ дуудаж уулзуулъя гээд нөгөө хөөсөнцрөө аваад явсан тэгээд буцааж авчирч өгөөгүй. 3 минутын дараа менежер нь ирсэн. Менежерт нь хоолноос чинь ийм хөөсөнцөр гараад ирлээ гэсэн чинь манай нарийн ногооноос гарсан байх боломжтой юм байна аа та нараас уучлалт хүсэж байна гэснээ дахиад шинэ шөл захиалаад авах уу эсвэл би шинэ хоол савлаад гарахад чинь өгөх үү гээд миний эрхийн хүрээнд таны гомдлыг ингэж л шийдвэрлэж чадахаар байна аа гэж хэлсэн тэгэхээр нь одоо танайд хоол идэх хүсэлгүй болчихсон болохоор дахиж хоол авмааргүй байна аа гэж хэлээд бид тооцоогоо хийгээд гарсан. Нарийн ногоогоо угааж тавиагүйгээс болоод хөөсөнцөр гарч ирсэн байх гэж би бодож байна, Хэрэв угаасан бол урсгал усанд урсаад тийм зүйл гарч ирэхгүй байх боломжтой байсан байх эндээс хүнсний аюулгүй байдал эрүүл ахуй хангагдаагүй чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг юм байна гэж дүгнэж байна. Жоохон хүүхдүүд тэрийг нь анзаарахгүйгээр амтлагч ногоо байна гээд идчихээр хэмжээний эрсдэлтэй байна. Хүүхдүүд маань тэр хөөсөнцрийг идсэн үгүйг мэдэхгүй байгаа болохоор гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

4.2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “2022 оны 03 дугаар сарын 19-ний 17 цаг 53 минутад 1 эмэгтэй, 1 эрэгтэй, 2 хүүхдийн хамт орж ирээд эмэгтэй хүүтэйгээ камерт нөгөө 2 үйлчлүүлэгчийн өөдөөс харан суусан байна. 18 цаг 02 минутад зөөгч үйлчлүүлэгчээс захиалгыг нь аван 18 цаг 24 минутад зөөгч захиалсан хоолыг нь авчирч өгсөн. Захиалсан хоол олгогдсоноос хойш 30 минутын дараа 18 цаг 55 минутад зөөгчийг дуудаж цагаан салфеткатай зүйл өгөн харилцан ярилцаж байгаа нь камерт бичигдсэн байна. Зөөгч цагаан салфеткатай зүйлийг авч явахад эсэгтэй буцааж дуудан, харилцан ярилцаж байгаад зөөгч (цагаан салфеткатай зүйл) аваад явж байгаа нь харагдаж байна” гэх тэмдэглэл,

4.3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Бичлэгт 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг 41 минутад бичлэг гацаж байгаад 12 цаг 42 минут 15 секундэд сагстай нарийн ногоо юуцай орж ирсэн. 12 цаг 45 минут 36 секундээс эхлэн Юуцайг 1 дүгээр дамжлагын угаалтуур луу хийж угааж эхэлсэн ба 13 цаг 21 минут 45 секунд хүртэл 1 дүгээр дамжлагын угаалтуур бух юуцайг хийн угааж дуусаад тухайн юуцай байсан сагсан доторх үлдэгдэл хогийг цэвэрлээд 2 дахь дамжлагын угаалтуурт унасан хогийг цэвэрлээд 13 цаг 22 минут 1 дүгээр дамжлагаас угаасан юуцайг гарган сагсанд хийж байна. 13 цаг 32 минут 24 секундэд 1 дамжлагаар угаасан юуцайгаа сагстай нь шууд цаашаа өөр өрөө рүү аваад орж байна. 13 цаг 31 минутад хар хувцастай ажилтан орж ирээд 1 дүгээр дамжлагад угаагдаж байсан юуцайнаас улаан сагсанд хийгээд цааш авч явсан. Энэ өдөр дахин нарийн ногоо угаагаагүй 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нарийн ногоо угаагаагүй. Бичлэгт 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 10 цаг 05 минутад цагаан хөөсөнцөртэй зүйл тавьсан хар тэргэнцэртэй ногоог оруулж ирээд чинжүү, байцаа, сонгинотой сагсыг ширээн дээр тавиад бусад ногоог буцааж түрээд гарсан. 10 цаг 33 минутад дахин хар тэрэг түрж орж ирээд улаан сагстай ногоон өнгөтэй ногоог гарган ширээн дээр тавьж байна. 10 цаг 35 минутад ажилтан миксерт ус хийгээд тухайн ногоон өнгөтэй ногоог хийн миксердэж байна. Энэ өдөр дахин ногоо угаагаагүй” гэх тэмдэглэл /хх-ийн 32/,

4.4. Гэрч Н.Б*****-ы “Тухайн өдөр орж ирж үйлчлүүлсэн хүмүүс гэр бүлээрээ явж байсан. Зөөгч Азжаргал хоолноос хөөсөнцөр гарсан гэж байна менежертэй уулзъя гээд намайг дуудсан. Дуудсаны дагуу үйлчлүүлэгч дээр очсон. Байдлыг нягтлан сонсож, тухайн хоолноос гарсан хөөсөнцрийн талаар тайлбарлаж хэлсэн. Манай нарийн ногоонууд хөөсөнцөр хайрцагтай ирдэг, түүний дагуу хөөсөнцөр орсон байх магадлалтай гэж тайлбарласан. Тухайн гомдлыг барагдуулахын тулд шинээр хоол авах, болсон бүтээгдэхүүнээс савлаад өгөх зэргийг санал болгосон. Нөхөр нь бол авах саналтай, эхнэр нь бол үгүй ээ авахгүй ээ гэсэн. Түүний дараа бол тооцооноос нь хөнгөл өгөхийг санал болгосон ч эхнэр нь дургүйцсэн. Би бол өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэхийг эрмэлзсэн. Яг хоолноос нь гарсныг бол хараагүй, манай зөөгч надад авчирч өгсөн тэгэхээ нь би зургийг нь дараад өрөөндөө тавьчихсан. Ямар нэг асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэхийн тулд тухайн үйлчлүүлэгчтэй ойлголцохын тулд тайлбарласан Тухайн хөөсөнцрийг хараад манай нарийн ногоонуудын хайрцаг заримдаа эвдэрсэн, булан тохой нь үүрсэн байдалтай ирдэг, угаалтын явцад нарийн ногоонууд нь их хэмжээтэй багцаараа ирдэг болохоор доод хэсэгтээ үлдсэн байх магадлалтай гэж хувьдаа үзсэн. Тийм болохоор манайхаас шалтгаалсан гэж бодсон, манайхаас биш байсан ч тухайн хэрэглэгч нараас ирсэн гомдлыг үгүйсгэх боломжгүй байдаг ” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

4.5. Гэрч С.О*****-ийн “2018 оны 12 сарын 01-нээс хойш тогоочоор ажиллаж байгаа. Одоогийн байдлаар ногооны хэсгийг хариуцаж ажиллаж байгаа, тухайн өдөр бол орж ирсэн биллийнхээ дагуу бүтээгдэхүүнээ гаргасан байсан. Амралтын өдөр 12-13 цагийн хороонд ачаалал ихсээд 16 цагийн үед ачаалал багасдаг яг ачаалал багасах үеэр тухайн үйлчлүүлэгч орж ирсэн. Тэр үед бэлэн болцон байсан нарийн ногоонууд дуусчихсан байсан болохоор шинээр бэлтгэж гаргасан тэгэхдээ яарч сандраад анзаараагүй байх магадлалтай гэж бодож байна. Хятад байцаа бол тусдаа ууттай ирдэг, юуцай нь хөөсөнцөр хайрцагтай ирдэг бид нар нэг бүрчлэн салгаж угаадаг, бууцайнаас л гарсан байх магадлалтай гэж үзэж байна. Манайх засварын ажлаас болоод 3 дамжлагат угаалтуураа ашиглаж чадахгүй, 2 дамжлагаар л угааж байгаа тэгэхэд л алдаа гарсан байх” гэж мэдүүлэг /хх-ийн 52/ зэрэг болно.

5. Дээрх нотлох баримтуудаас үзвэл гомдол гаргагч “Т***** ХХК-ийн ресторан үйл ажиллагааны зохистой дадлыг хэрэгжүүлээгүй болох нь нотлогдож байх бөгөөд гомдол гаргагчийн нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бүрэн бодитой үнэлж, дүгнэж чадаагүй, зөрчлийг илрүүлээгүй, манай компанийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт /зөрчлийг үгүйсгэсэн баримт гаргаж өгөөгүй/ гэсэн тайлбар нь үндэслэлгүй бөгөөд улсын байцаагч тухайн өдрийн бичлэгт үзлэг хийж, гэрчүүдийг асууж, зөрчил гаргасныг нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр шийтгэл оногдуулжээ.

6. Иймд гомдол гаргагч “Т***** ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.З***** нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу ажиллагааг хуулийн дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн байх тул 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0001975 дугаар шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Т*****" ХХК-ийн гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.З*****ын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №0001375 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

                                                                                                               

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ӨЛЗИЙЖАРГАЛ