Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0580

 

 

 

 

 

 

 

 

                                                                                 

 

 

 

                         “Т.Б.Х.П” ХХК-ийн гомдолтой

                                      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 572 дугаар шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

   Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

   Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

   Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Ж

 

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч “Т.Б.Х.П” ХХК

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.З,

 

Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №0001375 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 572 дугаар,

Шүүх хуралдааны оролцогчид:

   Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

   Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.З,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,

 

Хэргийн индекс: 128/2022/0610/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 572 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 7 дугаар зүйлийн 70.1, 7.1.2, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Т.Б.Х.П” ХХК-ийн гаргасан Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №0001375 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: 2.1.”Гомдол гаргагч “Т.Б.Х.П” ХХК нь “Таван Богд Групп” ХХК-ийн охин компани бөгөөд бид L.S олон улсын рестораныг Монгол Улсад нээх, үйл ажиллагаа явуулах Франчайзийн эрхийг 2017 онд албан ёсоор авч өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн

Бид ийнхүү үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Галлериа Улаанбаатар төвд байрлах L.S Галлериа салбараар үйлчлүүлсэн иргэн өөрийнх нь хоолноос барилгын хөөсөнцөр гарсан хэмээн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол гаргасан.

Тус гомдлын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч М.З 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу манай “Т.Б.Х.П” ХХК-ийг зөрчил гаргасан гэж 3.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Хариуцагч нь торгуулийн арга хэмжээ авахдаа баримтаар үйл ажиллагааны зохистой дадлыг хэрэгжүүлдэг болохыг нотолсон нотлох баримт тал бүрээс нь үнэн бүрэн бодитой үнэлж, дүгнэж чадаагүй бөгөөд зөрчлийг илрүүлээгүй, манай компанийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт болон ресторанд өөрийн биеэр хийсэн шалгалтыг үндэслэл болгоогүй, хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 “Үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй” гэж үзэж шийтгэл ногдуулсан нь илт хууль бус байна.

Түүнчлэн, эрх бүхий албан тушаалтан нь захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 30 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 0, дугаар сарын 01-ний өдрийн 572 дугаар шийдвэртээ Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчийн захиргааны актын хүчин төгөлдөр эсэхэд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, үнэлж дүгнэж шийдвэрлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2.Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0001375 дугаар шийтгэлийн хуудсаар “Т.Б.ХП” ХХК-ийг хуульд заасан зохистой дадлыг биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2-д заасны дагуу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Эрх бүхий албан тушаалтан Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нь иргэн Г.Оюунгэрэлийн “... 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр үйлчлүүлэхэд хоолноос нь хөөсөнцөр гарсан тул шалгаж арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдлын дагуу “Т.Б.Х.П” ХХК-ийн “L.S” рестораны үйл ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хяналт шалгалт хийж, тухайн өдрийн камерын бичлэгүүдэд үзлэг хийж, гэрчээр тогооч, менежерийг асууж, холбогдох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр “хоол үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл оногдуулсныг анхан шатны шүүхээс  хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.   

3.“Т.Б.Х.П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нь давж заалдах гомдолдоо “... улсын байцаагч нь арга хэмжээ авахдаа зохистой дадлыг хэрэгжүүлдэг болохыг нотолсон манай баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэж чадаагүй, зөрчлийг илрүүлээгүй, өөрийн биеэр хийсэн шалгалтыг үндэслэл болгоогүй, хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй ...” гэжээ.

3.1.Эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч нь гэрчийн мэдүүлгүүд, камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлүүд, фото зургууд болон холбогдох бусад зөрчлийн нотлох баримтуудыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсны үндсэн дээр зөрчлийг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2-д заасны дагуу шийтгэл ногдуулсан, хэрэгт эдгээр баримтуудыг үгүйсгэсэн баримт авагдаагүй байх тул анхан шатны шүүхийг нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

4.Мөн “Т.Б.Х.П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... эрх бүхий албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй байхад шийдвэрт захиргааны актын хүчин төгөлдөр эсэхэд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, хэргийг тал бүрээс нь бодитой үнэлж, дүгнээгүй” гэжээ.

4.1.Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д бичгээр гаргасан захиргааны актад гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заахаар зохицуулсан боловч шийтгэл оногдуулах шийдвэр гаргахад шууд баримтлахгүй.

4.2.Улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7-д заасны дагуу Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор баталсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын дагуу маягтыг бүрэн гүйцэд бөглөж, журмыг баримтлах үүрэгтэй бөгөөд маргаан бүхий 001375 дугаар шийтгэлийн хуудсанд гомдол гаргах этгээд болон хугацааг заагаагүй нь уг журмыг зөрчсөн байна.

Гэвч үүний улмаас “Т.Б.Х.П” ХХК-ийн шийтгэлийн хуудсанд гомдол гаргах эрх нь зөрчигдөөгүйгээс гадна энэ нь Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй тул давж заалдах гомдлын энэ хэсгийг мөн хангах үндэслэлгүй.

5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0572 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Т.Б.Х.П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                         Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ