Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/01422

 

 

 

 

 

 

 

     2021          05          19                                    101/ШШ2021/01422

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д-т холбогдох

Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******* 24 дүгээр байр, .... тоот орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/944 дүгээр захирамжаар “Ашиглалтын шаардлага хангахгүй Баянзүрх Дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгч”-ээр шалгарсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Баянзүрх дүүргийн 16-р хорооны 5,16 болон 24 дүгээр байрны оршин сууц өмчлөгчидтэй гурван талт гэрээ байгуулах эрх олгосны дагуу манай компанид батламж олгосон болно. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.г-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах” гэж заасан.

Үүнтэй холбоотойгоор манай компанийн зүгээс төлөвлөгөөний дагуу 2020 оны 04 дүгээр сард Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* 24-р байрны өмчлөгч нийт 24 оршин суугчидтай “Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ” байгуулсан ба ингэхдээ 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өдөр ******* 24-р байрны 07 тоот орон сууцны өмчлөгч Б.Д /08 тоот орон сууцны өмчлөгч Н. Алтанцэцэгийн хүү/-тэй 23/04/20-07 дугаар гуравласан гэрээ тус тус байгуулсан болно.

“Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”- ний 3.1-д “Сууц өмчлөгч түрээсийн урамшууллыг хүлээн авснаас хойш орон сууцны барилгыг 7 хоногийн дотор бүрэн чөлөөлөх” гэж, 4.2.6-д "Сууц өмчлөгч нь түрээсийн урамшууллаа хүлээн авснаас хойш өөрийн орон сууцыг 7 хоногийн хугацаанд суллаж өгөх үүрэг хүлээх ба хэрэв гэрээний үүргээ зөрчин орон сууцыг суллахаас татгалзсан, зайлсхийсэн бол гэрээний 2.3, 2.4-т заасан урамшуулал, хөнгөлөлтийг эдлэх эрхгүй болно" гэж, 5.5-д Сууц өмчлөгч нь төсөл хэрэгжүүлэгчтэй тохирсон хугацаанд орон сууцыг чөлөөлж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төсөл хэрэгжүүлэгчид энэ гэрээгээр шилжүүлэн өгөх орон сууцны уг дүнгээс хоног тутам 0,1 хувиар алданги төлүүлнэ гэж тус тус заасан.

Хариуцагч Даваагаригт гэрээний 2.5-д заасны дагуу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг 24 сараар тооцон нийт 9,600,000 /есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн түрээсийн урамшууллыг өгөх гэсэн боловч урамшуулал хүлээн авах дансны мэдээллээ манайд өгөхгүй, холбоо барьж болохгүй байх бөгөөд Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчин, гуравласан гэрээний дагуу орон сууцыг суллаж өгөх үүргээ биелүүлэхгүй өдийг хүрээд байна. Манай компанийн зүгээс Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1-д “Төслийн бэлтгэл үе шат” гээд 14.7.1.г-д “төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах; гэж заасны дагуу дээрх 24 дүгээр байрны нийт өмчлөгч оршин суугчидтай гуравласан гэрээ байгуулан тохиролцсон боловч мөн зүйлийн 14.7.3.в-д “төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 14.7.1 дэх заалтад заасан үе шатыг дуусах хүртэл газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах;” гэж заасны дагуу орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөл бүрдээд байна. Үүнтэй холбоотойгоор хариуцагч нарын оршин суугаа хаягийг тогтоолгохоор тус шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Н.Даваагаригийн ээж Н.А нь шүүхэд тайлбар ирүүлж, оршин суугаа хаягийг нь тодруулсны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03676 дугаар захирамж гарсан болно. Иймд Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-ний дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* 24-р байрны 07 тоот орон сууцыг чөлөөлөхийг өмчлөгч Б.Дт тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 7 тоот орон сууцыг чөлөөлөхийг даалгуулна. Нэхэмжлэгч нь 2015 оны НЗД-н захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад гэрээ байгуулсан. Улмаар хариуцагчийн өмчлөлд байдаг ашиглалтын шаардлага хангахгүй байрыг дахин төлөвлөлтөд оруулах болоод оршин суугчидтай гэрээ байгуулж эхэлсэн. Хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь орон сууцаа чөлөөлж өгөөгүй. Гурван талд гэрээг 2020.4.23-ны өдөр гэсэн огноогоор байгуулсан. Хариуцагчийн төлөөлөгч нь итгэмжлэл үзүүлээд гэрээ байгуулсан. Гэтэл гэрээнд зааснаар газраа чөлөөлж өгөөгүй. Гэрээний 7-д зааснаар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн байгуулсан гэрээг хүчин төгөлдөр биш гэж одоо ярьж байна. Эхэндээ итгэмжлэл аваад яваад байгаа нь уг харилцааг зөвшөөрөөд байна. Гол асуудал нь төлбөрийн хэмжээнд маргаад байна. Хариуцагчаас шалтгаалаад төслийн үйл ажиллагаа зогсож нэхэмжлэгч болон иргэд маш их хохирч байгаа юм. Хариуцагч нь зөвхөн өөрийн эрх ашгийг яриад байдаг. Арга буюу шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуулийн 14.7.1.г-д зөвшөөрөл авах тухай зохицуулалт байгаа. 24 айлаас 22 айл нь зөвшөөрсөн байдаг. Хариуцагчаас болоод бусад оршин суугчид түрээсийн асуудал яригдаад байна. 80-с дээш хувьд зөвшөөрөл авсан байдаг. Хариуцагч нь гэрээг цуцлуулъя гээд байдаг. Иймд байгуулаагүй гэрээг цуцлуулъя гэхгүй. Итгэмжлэлээр эрхийг нь олгосон байдаг гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Д хариуцагчаар оролцох иргэний хэрэгт доорх тайлбарыг гаргаж байна. ******* ХХК Б.Дтай багйуулсан гурван талт гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, хайрцагын 24-07 тоот орон сууцыг чөлөөлөхийг Б.Дт даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Иргэн Б.Д Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, хайрцагын 24-07 тоот орон сууцыг төсөлд хамруулж шинэ орон сууц бариулах төсөл хэрэгжүүлэн компанитай гэрээ хэлцэл хийх зорилгоор ээж Н.А 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосны дагуу төлөөлөгч Н.А миний бие ******* ХХК-ийн захирал О.Хонгорзултай ажил хэргийн чанартай уулзах гэхээр уулздаггүй маш их чирэгдүүлж байсан. Би аргагүйн эрхэнд 2020 оны 10 дугаар сард Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт гомдол гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг цуцлуулъя, ******* ХХК-ийн барилга баригдах итгэл найдвар алга байна гэдгийг мэдэгдсэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 08/4087 дугаартай албан тоот бичгээр ******* ХХК-д худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 2020 оны 10 дугаар сарын 19-ний дотор хариу ирүүлнэ үү гэсэн бичгийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагыг ******* ХХК өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. ******* ХХК , Б.Д гэх гурван субъект тохиролцсон гэрээ байх. Үүнээс хоёр субъект нь гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлж байгаа тул гэрээ хүчин төгөлдөр байх боломжгүй. Тэгэхээр ******* ХХК байр чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. ******* ХХК өөрөө гэрээний үүргээ зөрчиж, түрээсийн урамшуулал болох төлбөрөө өгөхгүй алга болж иргэдийг хохироож байгаа. Энэ асуудал болон бусад олон зөрчлөөс болж бид гэрээнээс татгалзахад хүрч байгаа юм. Жишээ нь: Одоо хэр нь орон сууцны архитектурт зураг төсөл байдаггүй, ямар байр сууц баригдах нь ойлгомжгүй, хугацааны хувьд маш их алдагдалтай, талбайн хэмжээг томсгож айл өрхүүдэд өгнө гэсэн мөртлөө өгнө өгөхгүй гэж буцдаг. Төлбөрийн чадваргүйгээс өнөөдрийг хүртэл орон сууц нь эхлэхгүй 7 жил гаруй болж байгаа зэрэг нь иргэдийн орон сууцтай болгох найдвар муутай тул татгалзахад хүрээд байна. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б.Дтай гэрээ байгуулсан гэж бичиж байгаа боловч Б.Д гэрээ байгуулаагүй гэдэг. ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2020.4.23-ны өдөр хариуцагчтай гэрээ байгуулсан гэж байна. Энэ өдөр ээж нь болох би гэрээ байгуулсан. Тухайн өдөр 9 сая төгрөг нөхөн олговорт олгоно гэсэн. Даваагаригийн үнэмлэхийг хуулбарлаж авсан. Би хэд хоног боломжгүй байгаад сүүлд нь итгэмжлэл хүүгээсээ авсан. Би 27-с хойш олон өдөр итгэмжлэлээ аваад гэрээгээ хийх гээд явсан. 27-нд би Даваагаригаас итгэмжлэл авсан. Мөнгөө шилжүүлчих гээд гэрээгээ хийх гээд яваад байсан. Нэхэмжлэгч тал гарын үсгийг нь хуурамчаар зурчихсан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. 24 айлтай 22 нь чөлөөлсөн гэдэгт мэдэхгүй. Хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ******* 24 дүгээр байрны .... тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Д нь гэрээ байгуулахаар ярилцсан боловч гэрээ байгуулагдаагүй, гэрээнд гарын үсгийг хуурамчаар зурсан гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ******* 24 дүгээр байр нь нийт 24 орон сууцтай эсэх талаар зохигч маргаагүй. Улмаар нэхэмжлэгч нь 22 орон сууцны өмчлөгч нартай гэрээ байгуулж, зөвшөөрөл авсан гэж тайлбарласан бол хариуцагч тал үүнийг үгүйсгэж маргаагүй. Иймд шүүх энэ үйл баримтыг нотлох шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгчийг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1г-д заасан зөвшөөрлийг авсан гэж үзэхээр байна.

Хариуцагч Б.Д нь энэхүү 24 дүгээр байрны 7 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000073176 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 74 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь Б.Д, “*******” ХХК, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээг үндэслэл нэхэмжлэл гаргасан. /хэргийн 14-20 дугаар тал/

Энэхүү гэрээний 3.1, 4.2.6-д зааснаар орон сууцны өмчлөгч нь түрээсийн урамшуулал хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор орон сууцыг чөлөөлж өгөх талаар заасан байна. Гэвч уг урамшуулал олгогдоогүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “түрээсийн урамшууллыг өгөх гэсэн боловч урамшуулал хүлээн авах дансны мэдээллээ манайд өгөхгүй, холбоо барьж болохгүй байх” гэж дурдсанаар тогтоогдсон. /хэргийн 2 дугаар тал/

Мөн нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх гурван талт гэрээнд хариуцагч Б.Д гарын үсэг зураагүй, өөрөөр хэлбэл уг гэрээг байгуулаагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1060 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 86-93 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь уг гэрээг итгэмжлэлийн дагуу хариуцагчийн эх болох Н.Атэй байгуулсан гэж тайлбарласан. Гэвч хариуцагч Б.Даас олгосон итгэмжлэл нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр олгогдсон байна. /хэргийн 46 дугаар тал/

Харин маргаж буй гурван талт гэрээ нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөр огноолсон байх тул дээрх 27-ны өдрийн итгэмжлэлийн дагуу байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т хэлцэл хийснийг хожим зөвшөөрсөн бол уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх зохицуулалттай боловч нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлээр хэргийн оролцогч болсон хариуцагчийн төлөөлөгч нь уг гурван талт гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан. Иймд хэлцлийг хожим зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Эдгээр үндэслэлээр дээрх гурван талт гэрээ хүчин төгөлдөр болоогүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь энэхүү гэрээний дагуу үүрэг хүлээх үндэслэлгүй байна.

 

Үүнээс гадна маргаж буй 7 тоот орон сууц нь хариуцагчийн өмч гэдэг тогтоогдож байх тул тэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан эрхийг эдэлнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ******* 24 дүгээр байрны 7 тоот хаягт байрлах орон сууцыг шаардах эрх хуулиар болон гэрээгээр үүсээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Д-т холбогдох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ******* 24 дүгээр байрны .... тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД