Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01263

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01263

 

 

 

 

МЭВ ХХК ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/01422 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч МЭВ ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-тхолбогдуулан гаргасан БЗД 16 дугаар хороо тоот орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн А/944 дүгээр захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй Баянзүрх Дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай хххх дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, орон сууц өмчлөгчидтэй гурван талт гэрээ байгуулах эрх олгосны дагуу манай компанид батламж олгосон. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.г-д заасны дагуу 2020 оны 4 дүгээр сард Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах  байрны өмчлөгч нийт 24 оршин суугчидтай  гурван талт гэрээ байгуулсан ба 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хайрцагны 24 дүгээр байрны 7 тоот орон сууцны өмчлөгч Б.Д-тай 23/04/20-07 тоот гэрээ байгуулсан.

Гэрээний 3.1-д сууц өмчлөгч түрээсийн урамшууллыг хүлээн авснаас хойш орон сууцны барилгыг 7 хоногийн дотор бүрэн чөлөөлөх4.2.6-д "7 хоногийн хугацаанд суллаж өгөх үүрэг хүлээх ба хэрэв гэрээний үүргээ зөрчин орон сууцыг суллахаас татгалзсан, зайлсхийсэн бол гэрээний 2.3, 2.4-т заасан урамшуулал, хөнгөлөлтийг эдлэх эрхгүй,  5.5-д  орон сууцыг чөлөөлж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төсөл хэрэгжүүлэгчид энэ гэрээгээр шилжүүлэн өгөх орон сууцны уг дүнгээс хоног тутам 0,1 хувиар алданги төлүүлнэ гэж тус тус заасан.

Хариуцагч Б.Д-т гэрээний 2.5-д заасны дагуу 400 000 төгрөгийг 24 сараар тооцон нийт 9 600 000 төгрөгийн түрээсийн урамшууллыг өгөх гэсэн боловч урамшуулал хүлээн авах дансны мэдээллээ манайд өгөхгүй, холбоо барих боломжгүй байсан. Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчин, гуравласан гэрээний дагуу орон сууцыг суллаж өгөх үүргээ биелүүлэхгүй өдийг хүрээд байна.  Иймд Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тоот орон сууцыг чөлөөлөхийг өмчлөгч Б.Д тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, тоот орон сууцыг төсөлд хамруулж шинэ орон сууц бариулах төсөл хэрэгжүүлэн компанитай гэрээ хэлцэл хийх зорилгоор хариуцагчийн ээж Н.Ат 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. МЭВ ХХК ХХК-ийн захирал О.Х-тай уулзах гэхээр уулздаггүй маш их чирэгдүүлж байсан. 2020 оны 10 дугаар сард Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт гомдол гаргаж 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг цуцлуулъя гэж мэдэгдсэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 08/4087 дугаартай албан тоот бичгээр МЭВ ХХК ХХК-д худалдах-худалдан авах гэрээ хийж, гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 2020 оны 10 дугаар сарын 19-ний дотор хариу ирүүлнэ үү гэсэн бичгийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргад хүргүүлсэн. Энэхүү шаардлагыг МЭВ ХХК ХХК өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. МЭВ ХХК ХХК, Б.Д гэх гурван субъект тохиролцсон гэрээ байх. Үүнээс хоёр субъект нь гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлж байгаа тул гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч байр чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. МЭВ ХХК ХХК гэрээний үүргээ зөрчиж, түрээсийн урамшуулал болох төлбөрөө өгөхгүй иргэдийг хохироож байгаа. Төлбөрийн чадваргүйгээс өнөөдрийг хүртэл орон сууцны барилгыг баригдаагүй 7 жил гаруй болсон байна. Б.Дтай гэрээ байгуулсан гэж бичиж байгаа боловч гэрээ байгуулаагүй.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Д-тхолбогдох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч МЭВ ХХК ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1-д Төслийн бэлтгэл үе шат: 14.7.1.г-д төслийг сонгосон талбай дахь газар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эзэмшигчдэд танилцуулж 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах гэж заасны дагуу дээрх 24 дүгээр байрны нийт 22 айл өрхтэй буюу 91,7 хувьтай гурвалсан гэрээ байгуулан тохиролцсон.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.в-д төсөл хэрэгжүүлэгч /МЭВ ХХК ХХК/ энэ хуулийн 14.7.1 дэх заалтад заасан үе шатыг дуусах хүртэл газар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулъ болон холбогдох бусад хуульд нищүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах; гэж заасны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй 24 дүгээр байрны 7 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.6-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах дахын төлөвлөх шинээр орон сууц барих талаар аймаг нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно гэж заасны дагуу хариуцагч Б.Д-ийн 7 орон сууцыг ашиглах эрх дуусгавар гэж үзэж байна. МЭВ ХХК ХХК нь хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй боловч цаашид ашиглах эрх нь дуусгавар болсон үл хөдлөх эд хөрөнгийг Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.в-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гарган чөлөөлүүлэх эрхтэй байхад шүүхийн 1422 дугаар шийдвэрийн үндэслэлд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 16 хороо  байрны  тоот хаягт байрлах орон сууцыг шаардах эрх хуулиар болон гэрээгээр үүсээгүй байх тул гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч МЭВ ХХК ХХК нь хариуцагч Б.Д-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, тоот орон сууцыг чөлөөлөхийг даалгах гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хуулийн дагуу гэрээ байгуулж тохиролцоогүй гэж маргажээ. /хх 1-3, 42-43/

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/944 дүгээр захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай хххх байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, орон сууц өмчлөгчидтэй гурван талт гэрээ байгуулах эрх олгосны дагуу манай компанид батламж олгосон гэж тайлбарласан. Хэрэгт хэдийгээр батламж гэх баримт авагдсан ч 6 жилийн өмнөх баримт байх бөгөөд хүчинтэй эсэх нь тодорхойгүйгээс гадна хуулбар хувь байна./хх 29/ 

 

Түүнчлэн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.г-д заасны дагуу 2020 оны 4 дүгээр сард Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  байрны өмчлөгч нийт 24 оршин суугчидтай  гурван талт гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээ хэрэгт авагдаагүй. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хайрцагны 24 дүгээр байрны 7 тоот орон сууцны өмчлөгч Б.Дтай 23/04/20-07 тоот гэрээ байгуулсан гэх боловч шинжээчийн дүгнэлтээр Б.Дийн гарын үсэг биш болох нь тогтоогджээ. /хх 88/

 

Нэхэмжлэгч хуулийн дагуу төсөл хэрэгжүүлэгч болсон бөгөөд шаардлага гаргах эрхтэй гэх нөхцөл байдлыг нотлох баримт хэрэгт бүрэн авагдаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс хуулийн тайлбарлан хэрэглэх боломжгүй байна.

 

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж гэж барилга, хот байгуулалтын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр ашиглахыг хориглосон барилга байгууламжийг хэлэх юм. Маргааны зүйл болох 24 дүгээр байр ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж болохыг нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдох бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, байрны 7 тоот орон сууцыг чөлөөлөхийг Б.Д-тхолбогдуулан даалгах гэсэн агуулгаар нэхэмжлэлээ тодорхойлсон. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ойлгох юм. Мөн Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны байшин гэж барилгын техникийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан шийдвэрээр ашиглахыг хориглосон орон сууцны байшинг хэлнэ.

 

Хэрэв нэхэмжлэгчийн тодорхойлсноор Хайрцагны 24 дүгээр байр нь ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж болох тухайд дүгнэлт байгаа бол ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг ашиглахыг хуулиар хориглосноос гадна орон сууц гэх ойлголтод ч хамаарахгүй тул орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага байж болохгүй юм. Уг 24 дүгээр байрны 7 тоотод Б.Д эд хогшил хадгалж байгаагаа үгүйсгээгүй хэдий ч нэхэмжлэгчийн зорилго, зөрчигдсөн эрх, ямар эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч яаж саад учруулж байгаа, нэхэмжлэгч ямар хуулийн аль заалтаар ямар агуулгатай нэхэмжлэл гаргаж байгааг тодруулан мэтгэлцүүлэх нь зүйтэй.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад орших юм. Нэхэмжлэгч ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих гэтэл буулгах, газар чөлөөлөх ажиллагаанд саад болж байна гэж үзсэн эсэхийг тодруулах, төсөл хэрэгжүүлэгч мөн гэдгээ нотлох, энэ талын үйл баримтыг тогтоон талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх үүргээ шүүх хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө сууц өмчлөгчтэй харилцан тохиролцох, эрхийг нь хангах ажиллагааг явуулах, хуульд заасан урьдчилсан нөхцөлөө хангасан эсэх үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/01422 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД