Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1461

 

МАГАДЛАЛ

 

2018.06.22                                                     Дугаар 1461                               Улаанбаатар хот

 

 

 

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/00741 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Э-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.Э-тай 2005 онд танилцаж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүү Э.Х , 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр охин Э.Ц нар төрсөн. Д.Э 2006 оны 09 дүгээр сард надтай маргалдсанаас болж биднийг хаяж гэр орноо авч яваад байхгүй болгосон байсан. Тухайн үед бид эвлэрээд буцаж нийлэн мөнгөө цуглуулж гэр, тавилга эд хогшлоо бүрдүүлсэн. Гэр бүлийн аливаа асуудалд ээж нь оролцсоноос болж маргаан үүсдэг байсан. 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн маргаан үүсэхэд ээж нь манай гэрт ирсэн. Нөхөр Д.Э нь ээжийгээ хүргэж өгөхөөр яваад гэртээ иргэж ирээгүй, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр намайг ажилтай, гэр эзгүй байхад ирээд гэрээ ачаад, гэрийн буйран дээр ганц хөргөгч үлдээгээд явсан байсан. Үүнээс хойш бид тусдаа амьдарч байгаа. Бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг миний асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоож, хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгө болох монгол гэрээс тал хувь болох 1 000 000 төгрөг, 2016 онд 9 400 000 төгрөгөөр худалдаж авч байсан Toyota Prius-20 маркийн 74-27 УБЯ улсын дугаартай автомашины тал хувь болох 4 500 000 төгрөг, нийт 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хамт амьдарч байхдаа Г.Г-ээр нэг ч удаа ажил хөдөлмөр эрхлүүлж байгаагүй. Би ажлаа хийж байхдаа дан гэр бүлээ биш Г.Г-ийн аав ээж, ах дүү нарт нь тусалж, ажил төрөлд оруулж өгч байсан. Миний ажил улирлын чанартай учраас 3 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Ажлаасаа буугаад гэртээ ирэхэд Г.Г-ийн ааш зан нь олдохгүй, аашилж эхэлдэг. Намайг гэрээс хөөсөн тул би цүнхтэй хувцсаа аваад явсан. Би цалингаа аваад 15 хоног тутамд Г.Г-ийн данс руу мөнгө хийдэг байсан. Миний ээж баяр ёслолын үеэр манай гэрт ирдэг, түүнээс бидний амьдралд орж байгаагүй. Намайг олон удаа гэрээс хөөж байсан. Миний хувьд Г.Г-ээс огт салах бодол байгаагүй, би охин Э.Ц-нд гэрээр багш авч сард 200 000 төгрөг, мөн хүү Э.Х г сампингийн сургалтад хамруулж 300 000 төгрөгийг тус тус төлсөөр ирсэн. Toyota Prius-20 маркийн автомашин нь миний дүү н.А-ын автомашин бөгөөд миний дүү хэрэг болсон үедээ унаж байгаарай гэж түр хугацаагаар өгсөн. Гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд 2 хүүхдийнхээ тэтгэмжийг хуулийн дагуу өгнө. Би одоог хүртэл 2 хүүхэдтэйгээ холбоотой байдаг. Иймд Г.Г-ийн нэхэмжилж буй эд хөрөнгийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Э, Г.Г нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Х , 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Э.Ц нарыг эх Г.Г-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.Ц-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, хүү Э.Х , охин Э.Ц нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Д.Э-аар сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Д.Э-д , энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Г-т тус тус мэдэгдэж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 5 000 000 төгрөгийг хариуцагч Д.Э-аас гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгож, 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас 251 379 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгож, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлт цуцлуулсан иргэн нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш 10 хоногийн дотор гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх намайг юм хэлүүлээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2016 онд намайг хөөж гэр бүл салхад хүрсэн. Тухайн автомашин нь хүнийх миний эд хөрөнгө биш. Би 2 хүүхдээ анхнаасаа авах хүсэлтэй байсан. Г.Г 1 гэрээ өөрөө авсан, би өгч байсан цалингаа нэхэх байсан байна. Анхан шатны шүүх бүх талаар нь буруу дүгнэн намайг хохироосон тул дахин хянаж үзэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Д.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчид 2006 онд гэрлэлтээ батлуулж, 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүү Э.Х г, 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр охин Э.Ц нарыг төрүүлсэн, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хүүхэд эхийн асрамжид байгаа үйл баримт тогтоогджээ.

Тодруулбал, зохигчид гэрлэлт цуцлуулах болон хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй. Нэхэмжлэгч Г.Г нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох гэр, тоёото приус-20 маркийн 74-27 УБЯ улсын дугаартай автомашиныг хариуцагч Д.Э-г авч явсан тул ногдох хэсгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж, хариуцагч тухайн автомашиныг миний дүү Д.А-нх тул эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн 32 дугаар талд авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Г.Г нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Д.А-тай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тоёото приус-20 маркийн 74-27 УБЯ улсын дугаартай автомашиныг худалдсан үйл баримт тогтоогдож байх тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос “автомашин нь хүнийх миний эд хөрөнгө биш” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах боломжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/00741 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг "Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул тоёота приус автомашин болон гэрээс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай." гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 165 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЭНХТӨР

                                                ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

                                                                                           М.НАРАНЦЭЦЭГ