Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/02746

 

 

 

 

 

 

2018 оны 9 сарын 11 өдөр

           Дугаар 102/ШШ2018/02746

      Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 7-13 тоотод оршин суух, Зээрд адуун овогт Э.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаа гудамж, “Хатан сүлжээ” төвийн 4-409 тоотод байрлах хаягтай, хуулийн этгээдийн 5037654 регистртэй “Б” ХХК-д холбогдох,

Техник түрээслэх гэрээний үүрэгт 8,280,984 /найман сая хоёр зуун наян мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 Б ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Техник түрээслэх гэрээний дагуу өөрийн эзэмшлийн 42-65 УНГ улсын дугаартай Хюндай 15 тн-ын даацтай автомашинаар 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод Халдвартад 1,2 км авто замын, Гэмтлийн эмнэлгийн замын замын тохижилтын, Төв аймгийн Лүн суманд рестораны талбайн, Нүхтийн аманд барилгын ажлын шороо зөөвөрлөх ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн. Ингээд гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс нийтдээ 11,514,316 төгрөг болсноос 3,233,332 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 8,280,984 төгрөгийг ажил дуусах үед өгнө гэсэн, ажил 2017 оны намар дуусч, хариуцагч компанид улсаас гүйцэтгэл нь орсон хэдий ч өнөөдрийг болтол үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, удаа дараа нэхүүлж чирэгдүүлсээр байна. Эцэст нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б ХХК дээр очиход “тооцоо нийлье” гэсний дагуу баримт үйлдсэн ч заасан хугацаандаа төлбөрөө мөн л өгөөгүй байна. Иймд техник түрээслэх гэрээ болон тооцоо нийлсэн актын дагуу төлбөл зохих төлбөрт 8,280,984 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулж өгнө үү.

Тооцоо нийлсэн акт дээр Халдварт, Гэмтлийн эмнэлэг, Лүн сум, Урьхан зоогийн газар гэсэн 4 газар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан бүх ажлуудыг нэгтгэн тооцоод, үлдэгдэл мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл байгууллагын хооронд гарсан ажил хүлээлгэх анхан шатны баримт төслөөр тооцоо нийлэхэд 8,280,984 төгрөг байна гэдгийг талууд тохиролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэгтэй уулзахад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Хуулийн хугацаанд хариу тайлбараа өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байгаа. Хариуцагчийн зүгээс маргадаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан, техник түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлд, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8,280,984 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шүрэнцэцэг нэхэмжлэлийг авахаар олгогдсон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гардан авсан боловч, хариуцагч байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б ХХК-ийг бүрэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Д.Мөнхцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Техник түрээслэх” гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч  нь өөрийн өмчлөлийн 42-65 УНГ улсын дугаартай, Хюндай маркийн 15 тн-ын даацтай автомашинаар авто зам, зам талбайн тохижилтын ажилд ашиглах зориулалтаар түрээслэгч Б ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай түрээслүүлж, түрээслэгч нь нэг сард 5,000,000 төгрөг, нэг өдрийн түрээс 166,666 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. /хх 8-9/

            Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний үүрэг үүсч, гэрээг бичгээр байгуулан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд түрээсийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Түрээслэгч Б ХХК нь түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөхөөр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хугацаанд нийт 11,514,316 төгрөг төлөхөөс 3,233,332 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийсэн “Түрээсийн техникийн тооцоо нийлсэн акт”-аар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8,280,984 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгох нь зүйтэй байна. /хх-10/

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 8,280,984 /найман сая хоёр зуун наян мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,500 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Б ХХК-иас 147,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА