Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2021/01122

 

    2021        05          21

               182/ШШ2021/01122

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н,Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Кийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

 

28,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ, өмгөөлөгч П.Отгондорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэхэмжлэгч К шүүхэд болон төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: К банк ХХК нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/ Д.Нянтайсүрэнгийн гудамж 75 дугаар байр 1 давхар хаягт байршилтай 913,16 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдож өмчлөгч болсон. Гэтэл Б ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр К банк ХХК-ийн өмчлөлийн  913,16 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн хойд хэсгийн 196 м.кв талбайг иргэн Д.Оюунтай 06/19 түрээсийн гэрээ байгуулан 2019 оны 4 дүгээр сараас эхлэн 2020 оны 4 дүгээр сарыг дуустал түрээсийн төлбөрийг авч ашиг орлого олсон байна. Түрээсийн 06/19 тоот гэрээнд сарын төлбөр 2,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцон түрээсийн гэрээг байгуулж, 2020 оны 4 дүгээр сарыг дуустал буюу нийт 13 сарын түрээсийн төлбөрт 26,000,000 төгрөг, мөн анх түрээсийн гэрээг байгуулахдаа түрээсийн барьцаа болгож нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцүү хэмжээний  2,000,000 төгрөг нийт 28,000,000 төгрөгийг түрээслэгч Д.Оюунаас авсан байна. Кийн зүгээс дээрх үйлдлийг мэдсэн үеэс өмчлөгчийн хувьд иргэн Д.Оюунтай 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн гэрээг байгуулан хамтран ажиллаж байна. Б ХХК-д хандан К банк ХХК-ийн өмчлөлийн 196 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг түрээслэн олсон 28,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөх талаар мэдэгдэж удаа дараа албан бичиг хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй түрээсийн төлбөрөөс олсон 28,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд К банк ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг түрээслэн ашиг орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Б ХХК-иас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 28,000,000 төгрөгийг гаргуулна гэв.   

 

Хариуцагч Б ХХК шүүхэд болон төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны зүгээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд 28,000,000 төгрөг нэхэмжилсэн. Уг эд хөрөнгө танайх болсон үйлдэл нь хууль зөрчсөн, өмчлөх эрх дээр маргаантай байгаа учраас төлөх боломжгүй гэж үзэж байна. Банкны зүгээс үл хөдлөх хөрөнгө өөр этгээдийн өмчлөл болсон гэдгийг мэдээгүй байсан, мэдсэн үеэсээ энэ үйл ажиллагааг таслан зогсоож Иргэний хуулийн 492-т заасны дагуу нэхэмжилсэн гэж байна. Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь хуулийн хүрээнд алдаатай байна. Б ХХК-ийн зүгээс ямар нэг байдлаар К банкнаас 28,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж авсан зүйл байхгүй. Тухайлбал талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу Б ХХК нь тухайн объектыг бусдад түрээслэх, үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан. Хэрвээ 28,000,000 төгрөгийг манайх гэж байгаа бол байгуулсан гэрээнийхээ дагуу түрээслэгч иргэнээс нь нэхэмжлэх нь хуульд нийцнэ. Түрээслэгч иргэн нь түрээсийн төлбөрийг буруу түрээслүүлэгчид төлсөн гэж үзвэл түрээслэгч иргэн манай компанид нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. К банкны зүгээс түрээсийн төлбөрөө нэхэмжилж байгаа бол түрээслэгч иргэнтэйгээ холбогдуулан шүүхэд маргаан үүсгэх нь зүйтэй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хянан хэлэлцэж шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

         

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч К нь хариуцагч  Б ХХК-д холбогдуулан 28,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, К банк ХХК-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/ Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 байр 1 давхар хаягт байршилтай 913,16 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 196 м.кв талбай бүхий хэсгийг хууль бусаар өмчилж түрээсийн гэрээ байгуулан түрээслэгчээс авсан 28,000,000 төгрөгийг шаардсан гэж тайлбарлав.

 

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тухайн объектыг бусдад түрээслэх, үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан. Түрээсийн төлбөр 28,000,000 төгрөгийг түрээслэгч иргэнээс нэхэмжлэх ёстой, хариуцагч биш гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б ХХК нь К банк ХХК-д Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 байр 1 давхар хаягт байрлах 913,16 м.кв талбайтай  үйлчилгээний зориулалттай, Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, 100,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр бэлэглэсэн болох нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 161 тал/  

 

К банк ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг үндэслэн Нийслэлийн Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 хороолол /13320/ Д.Нянтайсүрэнгийн гудамж 75 байр 1 давхар тоот хаягт байршилтай, 913.16 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул Ү- дугаарт бүртгэж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000684326 дугаар гэрчилгээ олгогдсон байжээ. /хх-ийн 9 тал/

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зохицуулсан.

 

Хариуцагч Б ХХК нь Д.Оюунтай 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ц-06/19 дугаартай түрээсийн гэрээг байгуулж, түрээслэгч нь 1 давхрын 196 м.кв хэмжээтэй талбайг агуулахын зориулалтаар түрээсэлнэ. 2.1-т Энэхүү гэрээ нь талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ, 3.1.1-т Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн талбайн түрээсийн төлбөрийн хэмжээг нэг сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг байхаар тохиролцов, 6.1-т Түрээсийн хугацаанд гарч болзошгүй төрөл бүрийн эрсдэлээс сэргийлж түрээслэгч нэг сарын төлбөртэй тэнцэх барьцаа 2,000,000 төгрөгийн үүргийн биелэлтийн баталгаа болгон түрээсийн байранд орохын өмнө урьдчилан төлж түрээслүүлэгчид хадгалуулна” гэж тохиролцсон байна. /хх-ийн 10-14 тал/

 

Түрээслэгч Д.Оюунаас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрт 26,000,000 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөг нийт 28,000,000 төгрөгийг түрээслүүлэгч Б ХХК-д төлсөн болох нь ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 42-47 тал/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх ба хариуцагч төлбөрийг шилжүүлэн авсан  тухайд маргаагүй.

 

Түрээслэгч Д.Оюун нь Очирт оргил оюу ХХК-ийн 5121053878 тоот дансаар  Б ХХК-д түрээсийн төлбөр шилжүүлсэн байх ба К, Очирт оргил оюу ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оюун нар Ажлын байр түрээслэх гэрээг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан болох нь дээрх гэрээ, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 50/826 тоот албан бичиг зэргээр /хх-ийн 20-22, 72-73 тал/ нотлогдож байна.

 

Хариуцагч Б ХХК нь К банк ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээсэлж, түрээсийн төлбөр болон барьцаанд  28,000,000 төгрөгийг шилжүүлэн авсныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах эрхэд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж заасан тул түрээсийн төлбөр болон барьцаанд авсан 28,000,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулах үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 28,000,000 /хорин найм сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Кид олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 297,950 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НАРАНГЭРЭЛ