Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01350

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01350

 

 

КБ ХХК дахь БЭХА-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/01122 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч КБ ХХК дахь БЭХА-ийн хариуцагч БП ХХК-д холбогдуулан гаргасан 28 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: КБ ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/ Д.Нянтайсүрэнгийн гудамж 75 дугаар байр, 1 давхар хаягт байрлах, 913.16 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсоноор өмчлөгч болсон. Гэтэл БП ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр КБ ХХК-ийн өмчлөлийн 913.16 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн хойд хэсгийн 196 м.кв талбайг иргэн Д.О-д түрээслүүлэхээр 06/19 дугаар түрээсийн гэрээ байгуулсан. Улмаар 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сарыг дуустал түрээсийн төлбөрийг авч ашиг орлого олсон. Түрээсийн 06/19 дугаар гэрээнд сарын төлбөр 2 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож 13 сарын түрээсийн төлбөрт 26 000 000 төгрөг, мөн түрээсийн барьцаа 2 000 000 төгрөг нийт 28 000 000 төгрөгийг түрээслэгч Д.О-аас авсан. КБ ХХК дахь БЭХА-ийн зүгээс дээрх үйлдлийг мэдсэн үеэс өмчлөгчийн хувьд иргэн Д.О-тай 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн гэрээг байгуулан хамтран ажиллаж байна. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс БП ХХК-д хандан КБ ХХК-ийн өмчлөлийн 196 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээслэн олсон 28 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй түрээсийн төлбөрөөс олсон 28 000 000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд КБ ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг түрээслэн ашиг орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн БП ХХК-аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 28 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эд хөрөнгийн өмчлөх эрх дээр маргаантай байгаа учраас төлөх боломжгүй гэж үзэж байна. Банкны зүгээс үл хөдлөх хөрөнгө өөр этгээдийн өмчлөл болсон гэдгийг мэдээгүй байсан, мэдсэн үеэсээ энэ үйл ажиллагааг таслан зогсоож Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь хуулийн хүрээнд алдаатай байна. БП ХХК-ийн зүгээс КБ ХХК-аас 28 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж авсан зүйл байхгүй. Тухайлбал талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу БП ХХК нь тухайн объектыг бусдад түрээслэх, үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан. Хэрвээ банк 28 000 000 төгрөгийг өөрийнх гэж байгаа бол байгуулсан гэрээнийхээ дагуу түрээслэгч иргэнээс нэхэмжлэх нь хуульд нийцнэ. Түрээслэгч иргэн нь түрээсийн төлбөрийг буруу түрээслүүлэгчид төлсөн гэж үзвэл манай компанид нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Капитал банкны зүгээс түрээсийн төлбөрөө нэхэмжилж байгаа бол түрээслэгч иргэнтэй холбогдуулан шүүхэд маргаан үүсгэх нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БП ХХК-аас 28 000 000 /хорин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК дахь БЭХА-ид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БП ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 297 950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч тал 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан бөгөөд дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 28 000 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлээ тухайн объектын хууль ёсны өмчлөгч бөгөөд БП ХХК нь 28 000 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсоор байтал анхан шатны шүүх хариуцагч талын нэхэмжлэгчид өмчлөх эрх шилжсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй. Тус сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэгчийг түрээсийн төлбөрт 28 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэхийг тодорхойлоход чухал ач холбогдолтой төдийгүй, хуульд заасны дагуу үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх бүрэн боломжтой сөрөг нэхэмжлэл байсан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж, үндэслэл бүхий шийдвэрийг гаргаж чадаагүй. Үүний улмаас хариуцагч татгалзлаа нотлох боломжгүй болсон.

Хариуцагчийн зүгээс тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй учраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинээр БП ХХК болон КБ ХХК нарын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцож, түүний үр дагаврыг арилгаж Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13320/ Нянтайсүрэнгийн гудамж, 75 байр, 1 давхарт байрлах, Ү-2204057350 дугаартай, 913.16 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг БП ХХК-д шилжүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлд 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хариуцагчийн зүгээс иргэний хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг, холбогдох нотлох баримтын хамт гаргасан хэдий ч анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Учир нь, КБ ХХК дахь БЭХА-ийн нэхэмжлэлтэй, БП ХХК-д холбогдох тус хэргийн нэхэмжлэлийн гол үндэслэл нь КБ ХХК дахь БЭХА- нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13320/ Нянтайсүрэнгийн гудамж, 75 байр 1 давхарт байршилтай, Ү-2204057350 дугаартай, 913,16м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгээр тодорхойлогддог. Гэтэл шүүх уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч этгээдийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дээрх маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу түдгэлзүүлээгүй шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй болно. Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн аваагүйгээс гадна хариуцагчид татгалзлаа нотлох боломж олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэт нэг талыг барьж ажилласан анхан шатны шүүхийн шүүгчээс хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д заасны дагуу татгалзсан хэдий ч тус шүүгч нь хүлээж аваагүй процессын алдаа гаргасан. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө эсхүл татгалзан гаргах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байдаг. Уг хуульд заасны дагуу шүүх хуралдааны явцад тус хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан түдгэлзүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан /өмнө нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй/ тул хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ үүсэж, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс татгалзал гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах дээрх хүсэлтийг хүлээн авах эсэхийг Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр заасан. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч нь эрх хэмжээгээ хэтрүүлэн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан татгалзлыг хүлээн аваагүй, шийдвэрлүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч КБ ХХК дахь БЭХА- нь хариуцагч БП ХХК-д холбогдуулан 28 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, түрээслэгч иргэнээс мөнгийг нэхэмжлэх ёстой, хариуцагч биш гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

КБ ХХК нь Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж 75 байр, 1 давхрын тоот хаягт байрлалтай 913,16 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2204057350 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох талаарх 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000684326 дугаар гэрчилгээ хэрэгт авагдсан, уг бүртгэл нь БП ХХК-аас КБ ХХК-д тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээг үндэслэн хийгджээ. /хх-9, 161/

 

Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу бэлэг хүлээн авагчид шилжсэнийг улсын бүртгэлд бүртгэснээр КБ ХХК-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсоор баталгаажиж, БП ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болно.

 

Хууль ёсны өмчлөгч КБ ХХК Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрх бүхий этгээд юм.

 

БП ХХК нь өмчлөх эрх нь хуульд зааснаар дуусгавар болсон байхад дээрх 1 давхрын 913,16 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.О-д түрээслүүлж, түрээсийн төлбөрт 28 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан нь тэдний хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ц-06/19 дугаартай түрээсийн гэрээ /хх-10-14/ болон түрээслэгч Д.О-аас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 26 000 000 төгрөг, 2 барьцаа 000 000 төгрөгийн хүлээн авсан ХААН банкны дансны хуулгаар /хх-42-47/ тогтоогдсон байна.

 

БП ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэхдээ өмчлөгчийн зөвшөөрлийг авсан баримтгүй, өмчлөх эрх нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон тул тухайн объектыг түрээслэх эрхтэй байсан гэх тайлбар татгалзал үндэслэлгүй бөгөөд эрх бүхий этгээдийн хөрөнгийг хариу төлбөртэйгээр захиран зарцуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.3 дахь хэсэгт эрх бүхий этгээдийн эд хөрөнгийг хариу төлбөртэйгээр захиран зарцуулсан бол түүнээс олсон орлогыг эрх бүхий этгээдэд учирсан хохиролд тооцно гэж зааснаар хохиролд тооцно гэж заасан.

 

Иймд 913.16 м.кв талбайг бусдад түрээсэлж, 28 000 000 төгрөгийн түрээсийн орлого олсныг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.3 дахь хэсэгт зааснаар өмчлөгч шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 28 000 000 гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийг баримталсан нь оновчтой биш байгааг дээрх байдлаар залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Хариуцагч БП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад сөрөг нэхэмжлэлийн шаардлага харилцан тооцогдохгүй гэж дүгнэн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШЗ2021/01982 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангаагүйг буруутгахгүй. БП ХХК бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр эсэхээр өөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсантай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм. Учир нь өмчлөгчийн өмчлөх эрх улсын бүртгэлээр баталгаажсан бөгөөд өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээд бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцээгүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.

 

Түүнчлэн, шүүх хуралдаан даргалагч хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах эсэхийг шүүх хуралдааны оролцогчдоос асуухад зохигчид татгалзалгүй гэсэн ч хүсэлт шийдвэрлэсний дараа хүсэлт хангаагүй гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг баримталж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг өөрөө шийдвэрлэж хууль зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/01122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 гэснийг 495 дугаар зүйлийн 495.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 297 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ