Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 828

 

 

 

 

 

 

 

2020              6              25                                        2020/ДШМ/828

 

Ц.Уд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.О,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргиийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/1066 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Оийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Ц.Уд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Цгийн У, 1976 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй /РД:.../;

Ц.У нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед ... тоотод гэртээ иргэн Б.Отэй маргалдаж, толгой руу нь гараараа цохиж, үснээс зулгааж, биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан прокурорын газраас: Ц.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн гүйцэт тогтоогоогүй. Тухайлбал, хохирогчийн мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4303 дугаартай дүгнэлт зэргээс дүгнэхэд ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хохирогчийн баруун гуянд гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна. Гэтэл прокурор яллах дүгнэлтдээ “...Б.Отэй маргалдаж, толгой руу нь гараараа цохиж, үснээс зулгааж, биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд шинжээчээс мэдүүлэг авах, гэмтэл нэг бүрийг ялгах, мөн ир үзүүртэй зүйлээр хатгасан, хутгалсан аль нь болохыг эрх зүйн дүгнэлт хийн тусгах нь хуульд нийцнэ.

2. Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ялыг биелүүлэх доод хугацааг 3 сар байдаг гэдгийг яллагдагчид хэлсэн” гэсэн атлаа шүүх хуралдаанд дүгнэлт танилцуулахдаа “Торгох ялыг төлөх хугацааг 4 сараар тогтоох саналтай” гэж, шүүгдэгч торгох ялыг биелүүлэх хугацаагаа мэдэхгүй байгаагаас дүгнэхэд хуулийн зохицуулалтыг зөрчсөн буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэж, прокурор нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тогтоож, яллагдагч зөвшөөрсөн байх, улмаар яллах дүгнэлтдээ тусгасан байх, мөн шүүх хэргийг хүлээн аваад прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Ж.О бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана гэсэн үүргийнхээ дагуу дүгнэлт гаргасан бөгөөд хохирогч, яллагдагч нар нь шинжээчийн дүгнэлттэй танилцаж, ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Түүнчлэн шинжээч эмчээс мэдүүлэг авах шаардлагатай гэж үзвэл шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан түүнийг тайлбарлуулах, тодруулах байдлаар хуульд заасан арга хэмжээг авах боломжтой байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Гэмт хэрэг хэзээ, хаана, хэн үйлдсэн болох нь тогтоогдсон байхад хэрхэн, яаж, ямар байдлаар нотлох, ямар ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа нь ойлгомжгүй байна. Яллагдагч Ц.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт бичгээр гаргаж, хохирлоо төлсөн талаар баримтыг хэрэгт хавсаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Ц.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, яллагдагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах заалт бөгөөд торгох ял оногдуулсан тохиолдол бүрт заавал хэрэглэх заалт биш, харин торгох ялын заавал биелэгдэх боломжийг хангах зорилгоор тусгайлан заасан, эдийн засгийн байдлыг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох хугацаа юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.У давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлан ойлгож, хохирогч Б.Оийн хохирлыг бүрэн барагдуулж гомдолгүй болгосон. Өөрийн энэ үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна. Надад 600.000 төгрөгийн торгууль оногдуулсан. Би хүлээн зөвшөөрч байна. Миний энэ хэргийг түргэн, шуурхай шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх “...гэмт хэрэг гарсан байдал, ...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй, ...шүүгдэгч торгох ялын хугацаагааг мэдэхгүй байгаа нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх хуулийн шаардлагыг хангаагүй...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж  тодруулсан байна гэж үзэв. Тухайлбал, прокурорын яллах дүгнэлтэд “Ц.У нь ... Б.Оийн биед халдаж ... хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэсэн бөгөөд хохирогчийн биед хурц ир үзүүртэй зүйлээр халдсан гэж үзсэнээр хэргийн зүйлчлэлд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, мөн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хооронд тохиролцсон торгох ялыг биелүүлэх хугацааны талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос “Торгох ялыг 4 сарын дотор биелүүлэх” талаар дүгнэлт, санал гаргасан нь шүүгдэгч Ц.Уд ашигтай байдал бий болгосон байх тул хэргийг заавал прокурорт буцааж шийдвэрлүүлэх шаардлагагүй байна.  

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж,  үнэлсний үндсэн дээр тухайн үйл баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн дотоод итгэлийн асуудал юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан ба анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, торгох ялыг ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлөх хугацааг тогтоож, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “... шуурхай байх” зорилтод нийцнэ гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Угийн зүгээс давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү... Хохирол гомдлоо бүгдийг барагдуулсан. Торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн байна.

Иймд прокурор Ж.Оийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/1066 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.Уд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/1066 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.Уд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Ц.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ