Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 896

 

                            

 

 

 

 

 

       2020          8           11                                         2020/ШЦТ/896         

 

-                                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Ж.О,

шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ц.Уг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008000000592 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Цолмонгийн У /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Ц.У нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хайрханы 2 дугаар гудамж, 11 тоотод гэртээ иргэн Б.Отэй маргалдаж, толгой руу нь гараараа цохиж, үснээс зулгааж, биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Оийг дуудсан чинь халамцуу ирсэн. Бид 2 пиво уусан. Дуулж бүжиглэж байсан. Сүүлд юу болсныг сайн санахгүй байгаа. Хүний биед халдсан нь миний буруу. Хайчаар хатгасан болов уу гэж бодож байна. Хохирол бүрэн төлөгдсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 2008000000592 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Оийн: “2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр би гэртээ байтал эгчийн нөхөр Амгалан-Эрдэнийн хамаатан У залгаад “хүрээд ир, жаахан уучихсан байна” гэхээр нь би такси бариад очтол У эгч согтуу хашааны үүдэнд гараад ирсэн. Дэлгүүр орж нэг ширхэг 2,5 литрийн пиво авсан. Бид хоёр юм яриад сууж байсан чинь нөхөр Хүрэлбаатар нь босоод ирсэн. Ширээн дээр 0,75 литрийн шилтэй тал архи байснаас Хүрэлбаатар ах ууж харагдсан. У эгч манай Баярцог, Уртнасан эгч хоёрыг “танай эгч нар чинь янхан, чи бас янхан байгаа байлгүй” гэж агсам тавьж, үг хэлээр доромжлохоор нь “та юу яриад байгаа юм, миний эгч нарын амьдрал танд хамаагүй” гэж хэлтэл шууд намайг үсдэж аваад толгой руу гараараа 8-10 удаа цохисон. Тэгэхээр нь би “янхан намайг уучлаарай” гэсэн чинь баруун хөлний гуяны гадна талаар нэг үзүүртэй зүйлээр хатгах шиг болсон. Би харж чадаагүй. “Та болиоч” гээд амь гуйсан чинь “чамайг ална, алчихаад шоронд орно” гэхээр нь би гэрээс гарч гудамжинд явж байсан хүнийг гуйж цагдаа дуудуулсан. Гэмтлийн эмнэлэгт очиж баруун гуяндаа оёдол тавиулж, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоо надад У эгчид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...У эгч бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Эмчилгээний зардал гэж 700.000 төгрөг авсан. Би тийм согтуу байгаагүй. У эгч, Хүрэлбаатар ах хоёр нилээн согтуу байсан. Хутга байна уу, хайчаар л хатгачих шиг болсон. Тухайн үед би хараагүй. ...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-19, 22/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2020.04.08-ны өдрийн 4303 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.О-н биед баруун гуянд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-33-34/,

Гэрч Б.Хүрэлбаатарын: “...Гэртээ эхнэр Угийн хамт байхад 18 цаг өнгөрч холын хамаатан О 2,5 литрийн пивотой ирж хувааж уусан. У, О хоёр хоорондоо мөнгө ярьж маргалдаж, муудалцаад эхнэр У Оийн үснээс зулгаасан. Би дундуур нь орж “боль” гэж хэлсэн. Тухайн үед би нилээн согтуу байсан, зарим зүйлээ санахгүй байна. Тэгээд О гараад явсан. Оийн баруун хөл рүү У юугаар хатгасан талаар би хараагүй. Анх пиво ууж байхад хэрүүл маргаан болсон зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-27, 29/,

Шүүгдэгч Ц.Угийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нөхөр Хүрэлбаатартай пиво уусан. Би машин барих шаардлагатай болоод О рүү утсаар залгаад “чи хүрч ирээд машин бариад өгөөч, Зайсан явах гэсэн юм” гэсэн чинь “би жаахан уучихсан байна” гэхээр нь “за за өөрөө мэд” гэж хэлсэн. Төд удалгүй О 15 цагийн орчим такси барьчихсан ирсэн. Дэлгүүр орж, нэг том пиво авч уусан. О, Хүрэлбаатар бид гурав нилээн согтчихсон. Отэй нэг юмнаас болж маргалдсан, зууралдсан. Би нилээн согтчихсон ухаангүй болчихсон. Нэг мэдсэн чинь О байхгүй, гаднаас цагдаа дагуулж ороод ирсэн. Тэр үед би ухаан орсон чинь гэрийн шалаар дүүрэн аяга хагарчихсан, шал цус болчихсон байсан. Би яг юу болсон талаар сайн санахгүй байна. Пиво хэтрүүлж хэрэглээд ийм байдалд хүрчихлээ, Би Оээс уучлалт гуйсан. Миний үйлдлийн улмаас Оийн биед ийм гэмтэл үүссэн гэж манай нөхөр болон О хэлсэн. Сүүлд бодоход Оийн биед дээрх гэмтлийг учруулсан юм байна лээ. Отэй зууралдаж, зодсон талаараа орон гаран санаад байгаа. Оийн гуяыг юугаар гэмтэл учруулснаа мэдэхгүй байна. Би энэ үйлдэлдээ маш их харамсаж байна, миний буруу. ...Эмчилгээний зардал гэж бэлнээр 700.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-55-56/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-10/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-68/, хохирогчийн “Уд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Эмчилгээний зардалд 700.000 төгрөг авсан” гэх гар бичвэр /хх-76, 77/, шүүгдэгчийн хүсэлт /хх-81/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж,

эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг хутга, хайч зэргийг оролцогч нараар таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.У согтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамж, 11 тоот гэртээ иргэн Б.Отэй маргалдаж, түүний толгой руу гараараа олон удаа цохиж, үсдэж, ир үзүүр бүхий зүйлээр баруун гуянд хатгаж, биед нь баруун гуянд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Оийн “...У эгч согтуу ...агсам тавьж, ...намайг үсдээд толгой руу гараараа 8-10 удаа цохисон. ...миний баруун хөлний гуяны гадна талаар нэг үзүүртэй зүйлээр хатгах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-19, 22/, шүүх эмнэлгийн 4303 дугаар “1. Б.О-н биед баруун гуянд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-33-34/, гэрч Б.Хүрэлбаатарын “...У, О хоёр хоорондоо мөнгө ярьж маргалдаж, муудалцахад У Оийн үснээс зулгаасан...” гэх мэдүүлэг /хх-27, 29/, шүүгдэгч Ц.Угийн яллагдагчаар өгсөн “...О, Хүрэлбаатар бид гурав нилээн согтчихсон. Отэй нэг юмнаас болж маргалдсан, зууралдсан, зодсон талаараа орон гаран санаад байгаа...” гэх мэдүүлэг /хх-55-56/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-10/, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг хутга, хайч зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Угийн хохирогч Б.Оийг таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, ир үзүүр бүхий зүйлээр хатгаж, эрүүл мэндэд нь биед баруун гуянд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...У эгч бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Эмчилгээний зардал гэж 700.000 төгрөг авсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-19, 22/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч У согтуурсан үедээ Оийг үсдэж, цохиж халдан хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хохиролд 700.000 төгрөг төлөгдсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, ач, зээгээ хардаг, тодорхой орлого олдог байдлыг харгалзан торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Торгох ялыг биелүүлнэ” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд архидан согтуурч, таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогчийн эрх, эрх чөлөөнд ир үзүүртэй зүйлээр хатгаж, мөн толгойн хэсэгт гараараа 8-10 удаа цохиж, үсдэж халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 700.000 төгрөг төлсөн, хохирогч “Эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Ц.Уг 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хутга, хайч тус бүр 1 ширхгийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цолмонгийн Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уг 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хутга, хайч тус бүр 1 ширхгийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР