Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 133/ШШ2021/00231

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ГАА АХТҮГ ААТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Т.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь нэхэмжлэлдээ: Н.Б миний бие ам бүл 3, охин, зээгийн хамт амьдардаг. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ГАА АХТҮГ ААТҮГ-т зам талбайн үйлчлэгчийн ажилд орсон. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй билээ. Миний бие охины хамт амьдардаг байсан, миний охин 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Би 3 сарын 01-ний өдөр ажил дээрээ очиж охин төрсөн амралтаа авъя гэхэд тэгээ тэг авч болно гэсэн. Ингээд үүнээс хойш би ажилдаа яваагүй байж байгаад 03 дугаар сарын 31-ний үдээс хойш ажилдаа очиход гарын үсэг зур гэсэн юу юм гэхэд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж ирсэн. Би үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа. Иймд намайг ГАА АХТҮГ ААТҮГ-т зам талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зам талбайн үйлчлэгчээр ажилд орсон. Ажиллах хугацаандаа удаа дараа ажлын хариуцлага алдаж, сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлж, анх ажилд ороход хүлээлгэж өгсөн ажлын багаж хэрэгсэл шинээрээ байнга байж байдаг. Энэ байдлыг нь хэлж, ажлаа хийх шаардлага тавихад хэсгийн ахлагч болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, шаардлагыг хүлээж авдаггүй. Мөн Есөнбулаг сумын Засаг даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тус сумын ЗДТГ-ын хариуцсан мэргэжилтэн манай байгууллагын ажилтнуудтай хамтран зам талбайн үйлчлэгч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, цаг баримтлах чиглэлээр ажилласан. Энэ хугацаанд урьдын адил Н.Б ажил тасалж байсан. Н.Б-гаас ажилдаа ирэхгүй байгаа шалтгааныг асуухад охин төрсөн ээлжийн амралтаа авмаар байна гэсэн хариуг өгсөн. Дотоод ажил, хүний нөөц хариуцсан ажилтан Д.Б хэрвээ тийм байсан бол энэ тухайгаа өмнө нь яагаад хэлж болоогүй юм бэ, албан ёсоор амралтын мэдэгдэх хуудас болон ажлын тооцоо тойрох хуудсаа зуруулж, амралтаа авах ёстой. Та замын цэвэрлэгээ үйлчилгээг хийж, хэсгийн ахлагчдаа хүлээлгэж өгөөд албан ёсоор амралтаа ав гэсэн шаардлагыг тавихад Н.Б надад тэгээд явж байх зав алга, наад ажлаас чинь илүү чухал ажил надад байна гээд ажилдаа ирээгүй. Н.Б-д охиноо амаржихаас өмнө байгууллагын удирдлагад урьдчилан мэдэгдэж, ажлаа зохицуулах боломж байсан боловч өөрийн дураар хэсгийн ахлагч болон удирдлагад мэдэгдэлгүйгээр ажил тасалсан. Иймд Н.Б нь хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, нэг сарын хугацаанд ажил орхиж явсан тул хөдөлмөрийн гэрээ, үйлдвэрийн газрын дүрэм, байгууллагын дотоод журмын дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Тухайн хүн бүтэн 1 сарын хугацаанд ажлаа тасалчихаад шүүхэд хандаж байгаа нь учир дутагдалтай, ийм нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх үүнийг нягтлан үзэж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.      

Нэхэмжлэгч Н.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо барагдуулах гээд нэхэмжлэл гаргасан. Би хохирогч Н.Б байна. 2019 оны 05 дугаар сарын 08-нд хот тохижилт үйлчилгээний газарт ажилд орсон. Хоёр дахь жилдээ ажиллаж байсан. Манай хүүхэд 2021 оны 02 дугаар сарын 27-нд төрсөн. Би 03 дугаар сарын 01-ээс амралтаа авъя гээд зам талбайн ахлагчид хэлсэн. Тэгэхэд тэгээ амралтаа ав гэж хэлсэн. Би амралттай байх  хугацаандаа 4, 5 удаа хот тохижилт үйлчилгээний газрын хүний нөөцийн Б-д хэлэхэд тэгээ та амралтаа ав гэж хэлсэн. Амралтаа аваад байж байхад манайд Б очсон байсан. Манай хүүхэд төрсөн нялх биетэй байсан. Тухайн үед би гэртээ байхгүй байсан. Тэр үед Б ирээд явсан байсан. Тэгээд 03 дугаар сарын 15-ны өдөр энэ дээр гарын үсэг зур гээд тулгаж шаардаж байгаад гарын үсэг зуруулсан. Би гарчигийг нь үзээгүй. 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг өгсөн. Ийм л зүйл болсон. ГАА АХТҮГ ААТҮГ-ын зам талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, тушаал гарснаас хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны нийт 73 хоногийн 1,752,073 төгрөгийг нэхэмжилж байна. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулна гэв.

Хариуцагч ГГАА АХТҮГ ААТҮГ-ийн төлөөлөгч Т.Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын үйлчлэгч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08-нд ороод зам талбайн үйлчлэгчээр ажилласан байдаг. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас зам талбайн үйлчлэгчийн ажлыг сайжруулах зорилготойгоор тохижилт хариуцсан мэргэжилтэн Оюунчимэг гэдэг хүн өдөр бүр зам талбайн ажлыг шалгаж, ажлыг эрчимжүүлэх ажил хийгдсэн байдаг. Төрийн үйлчилгээний албан хаагч цагаа барьдаг байх ёстой. Хүний өмнө хийсэн ажилтай байж төрийн цалин авдаг байх. Төрийн мөнгийг зүгээр гуйвуулж болохгүй. Засаг даргын тамгын газрын ажилтан зам талбайн цэвэрлэгээний ажлыг шалгахад нэхэмжлэгч Н.Б ажилдаа ирээгүй. Яагаад ажилдаа ирээгүй гэхэд хүүхэд төрсөн амралтаа авна гэдэг. Үнэхээр хүүхэд нь төрсөн бол байгууллагын дотоод журмаараа 3 хоногийн цалинтай чөлөө олгох ёстой. Амралт авахад юуг бүрдүүлэх ёстой талаар хөдөлмөрийн дотоод журам болон гэрээнд байгаа. Тойрох хуудас буюу ажлаа хүлээлгэж өгч байж амралтаа бичүүлж авах ёстой байтал энэ хүн тэгээгүй. Би хүний нөөцийн ажилтныг гэр рүү нь явуулж байсан. Тэгээд очихоор хүүхэд төрсөн би амралтаа авна гэдэг зүйлийг ярьдаг. Ажлаас чөлөөлсөн тушаалыг харсан байх. 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нэг сар хүлээгээд ирэхгүй байхаар нь ажлаас чөлөөлсөн байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 4 дүгээр сард өгсөн байдаг. Ажлаа хий, амралтаа авахаар бол тойрох хуудсыг бөглөөд амралтаа ав гэж хэлж байсан. Ажлаас халах үндэслэл нь ажилдаа ирээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Хүний нөөцийн ажилтан очиж уулзаж байсан. Зөвхөн өөрийнхөө үзэл бодлоор хүүхэд төрсөн байхад амралтаа авмаар байна гэж зүтгэсэн байдаг. 2019 онд ажилд ороод 2020 оны 03 дугаар сард сануулах арга хэмжээ авсан байдаг. Сануулах арга хэмжээ нь шинээр ажилд орсон хүн эхний нэг жилдээ маш сайн хариуцлагатай хандах ёстой. Сануулах арга хэмжээ нь байгууллага хамт олны шийдвэр байсан. Би уг нь ажлаас халахгүйгээр сануулах арга хэмжээ авъя гэсэн боловч яах аргагүй сануулах арга хэмжээ өмнө нь авагдсан байсан. Өнөөдөр яагаад эвлэрэх боломжгүй гэхээр ажлын цаг барьдаггүй, хэсгийн ахлагч нарын үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Ажилдаа цагтаа ирдэг, хийсэн ажилтай байж цалингаа авах ёстой. 2020 оны 03 дугаар сард сахилгын шийтгэл аваад, 2021 оны 03 дугаар сард ажлаас халах арга хэмжээ авагдсан. Тэр арга хэмжээ надаас шалтгаалаагүй. Энэ хүн ажлаа таслаад явсан. Ажлаа тасалсан нь цагийн бүртгэл дээрээс харагдаж байгаа. Ямар ч байгууллага ажлын 22 хоног байдаг. 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тушаал гарах өдөр хүртэл 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын 22 хоног ажил тасалсан байгаа. Ажлын 22 хоногийг 75 хоног болгож байна. Ажлын 22 хоногоор бодъё гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэлмээр байна. Нэг сар ажил тасалсан хүнийг ажилд эгүүлэн томилуулах боломжгүй. Нэг өдөр л цэвэрлэхгүй байхад зам маш ихээр бохирлогддог. Алтай хотын өнгө үзэмжийн төлөө нэгэнт болно бүтнэ гээд ажилд орсон хүмүүс ажлаа таслаад явсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.М-н дэмжлэгтэйгээр хариуцагч ГГАА АХТҮГ ААТҮГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа зам, талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,752,073 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгах гэж тодруулсан болно.     

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ-т зам, талбайн үйлчлэгчээр томилогдон ажиллаж, талуудын хөдөлмөрийн харилцаа үүсчээ.

Зохигчоос хөдөлмөрийн гэрээг хавтаст хэргийн материалд гарган өгөөгүй хэдий ч тэдний хооронд зам, талбайн үйлчлэгчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан үйл баримтыг харилцан хүлээн зөвшөөрч маргаагүй.

Хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ-ын захирлын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Б-гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, зам талбайн үйлчлэгчийг ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч ГАА АХТҮГ ААТҮГ-ын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас буруу халсан тухай ажилтан Н.Б-гийн гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ-ын захирлын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцжээ.

Иймд шүүхээс ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

ГАА АХТҮГ ААТҮГ-ын захирлын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, үйлдвэрийн газрын дүрмийн 6.8, дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.1.10, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3.6 дахь заалтуудыг үндэслэн зам талбайн үйлчлэгч Н.Баярбаасанг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагчийн дээрх тушаалыг эс зөвшөөрч “Ажиллах хугацаандаа ямар нэг алдаа, дутагдал гаргаагүй. Хамт амьдардаг охин Б.Д нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүү Д.С-ийг төрүүлсэн учир 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ очиж, ээлжийн амралтаа авсан учир ажлаас халсан нь хууль бус” гэж нэхэмжлэлээ үндэслэжээ.

Харин хариуцагчГАА АХТҮГ ААТҮГ нь “Н.Б нь 2021 оны 03 дугаар сард ээлжийн амралт аваагүй, сахилгын шийтгэлтэй байхдаа дур мэдэн ажлыг 22 өдөр ажил тасалсан, зам талбайн цэвэрлэгээ хийх талаар өгсөн үүргийг биелүүлдэггүй” гэж маргажээ.

Үүнээс үзэхэд зохигчийн ээлжийн амралт олгогдсон эсэх талаар маргаж байх тул шүүхээс талуудын маргаж буй үйл баримт тогтоогдож байгаа эсэхэд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Н.Б нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. Байгууллагын хүний нөөцийн ажилтан Д.Б уулзаж, ээлжийн амралтаа авсан гэх тайлбараа нэхэмжлэгч тал шүүхэд нотолсонгүй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан ГАА АХТҮГ ААТҮГ-ийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус байгууллагын ажилтны 2021 оны ээлжийн амралтын хуваарийг өөрсдийн санал, ажлын шаардлагыг харгалзан хавсралтаар баталжээ.

Уг тушаалын хавсралтын 16-т зам талбайн үйлчлэгч Н.Б нь 2021 оны 08 дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд ажлын 18 өдрийн хугацаагаар ээлжийн амралтаа биечлэн эдлэхээр заасан тул 2021 оны 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрүүдэд эхлэн ээлжийн амралттай байсан гэх нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэв.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Н.Б нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажлын 9 өдөр  ажил тасалсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүнийг шүүх хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзсэн болно.

Сахилгын зөрчил нь ажилтан хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, ёс зүйн алдаа гаргах зэргээр гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд үйлдвэрийн газрын дүрмийн 6.8, дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.1.10, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3.6 дахь заалтыг тус тус баримталсан атлаа байгууллагын дүрэм, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэргийг хариуцагчаас хавтаст хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгөөгүй.

Үүнээс үзэхэд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ үндэслэлийг бүрэн нотлоогүй болно.

ГАА АХТҮГ ААТҮГ-ийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй үндэслэлээр Н.Б-д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргажээ.

Зорилго нь аргаа зөвтгөхгүй, арга нь зорилгоо зөвтгөх тул сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажил тасалсан удаа дараагийн сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр зорилгын хувьд зөв зүйтэй боловч аргын хувьд буруу байна гэж шүүх үзлээ.

Учир нь ажил олгогч санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримталж, үндэслэлээ тодорхой заасан шийдвэр гаргах шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч Н.Б-гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, зам талбайн үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ-ын захирлын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/13 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ажил олгогч санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг баримтлаагүй алдааг шүүх зөвтгөх боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.Б-г хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоов.

Ажлаас буруу халагдсан ажилтныг ажилтны шүүх урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Н.Б-ийн ажилгүй байсан хугацааг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаагаар буюу 2021 оны 03 дугаар сард ажлын 12 өдөр, 2021 оны 04 дүгээр сарын ажлын 22 өдөр, 2021 оны 05 сарын ажлын 20 өдөр, 2016 оны 06 дугаар сарын ажлын 6 өдөр, нийт ажлын 60 өдрөөр тогтоов.

Ингэхдээ дээрх хугацаанд тохиосон Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.4 дэх хэсэгт заасан “Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1”, 76.1.10 дахь хэсэгт заасан “Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15”[1], Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан “Ээлжит сонгуулийн санал авах өдөр”[2] болон Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан “Долоо хоног бүрийн амралтын өдөр Бямба, Ням гариг” зэргийг тус тус хасч тооцсон болно.   

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар заасны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталжээ.

“Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ын а-д ажлаас буруу халсны олговрыг тодорхойлохдоо дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор заажээ.

Хууль, журмын дээрх заалтын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт тусгагдсан 2020 оны 12, 2021 оны 01, 02 саруудын цалин хөлсөөр тооцсон нэг сарын дундаж цалин хөлс нь (528,874+510,617+508,617)=1,548,108:3=516,036 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 516,036:21,5=24,001.674 төгрөг. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа ажлын 60 өдрөөр тооцсон дүн нь 24,001.674х60=1,440,100.46 төгрөг байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Н.Б-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,440,100.46 төгрөгөөс хуульд заасан хувь, хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  шимтгэлийг суутган төлж, шимтгэл төлсөн талаарх бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ-т даалгав.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр гарахаас өмнөх хугацаа нь ажилгүй байсан хугацаа хамаарахгүй тул 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс нэхэмжлэгчид олгогдох эрх зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажил тасалсан тул цалин хөлс олгох эрх зүйн үндэслэлгүй байхад хариуцагчаас 2021 оны 03 дугаар сард 355,452 төгрөгийн хөдөлмөрийн хөлс олгосон нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт тусгагджээ.

Иймд нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар, мөн хугацааны шимтгэл төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагчид даалгуулахаар шаардах эрхгүй.

Энэхүү үндэслэлээр нэхэмжлэлээс үлдэх “2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны шимтгэл төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийлгэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн зарим шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж (70,200+37,991)=108,191 төгрөгийг хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ-аас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-г хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,440,100/нэг сая дөрвөн зуун дөчин мянга нэг зуу/ төгрөг 46/дөчин зургаа/ мөнгийг хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх “2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 311,972/гурван зуун арван нэгэн мянга есөн зуун далан хоёр/ төгрөг 54/тавин дөрөв/ мөнгийг гаргуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-гийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь, хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  шимтгэлийг суутган төлж, шимтгэл төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ-т даалгаж, нэхэмжлэлээс үлдэх “2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ГАА АХТҮГ ААТҮГ-аас 108191 /нэг зуун найман мянга нэг зуун ерөн нэг/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МӨНХБАТ

 

[1] Бурхан багшийн Их дүйчин өдөр 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тохиосон.

[2] Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалтын өдөр 2021 оны 06 дугаар сарын 09-ны өдөр тохиосон.