Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 215/МА2021/00017

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

                                       иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 133/ШШ2021/00231 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, 11 гудамж, ... тоотод оршин суух, Ж овогт Н.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн “АХТҮГ” ОНӨААТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Б нь нэхэмжлэлдээ: Н.Б миний бие ам бүл 3, охин, зээгийн хамт амьдардаг. 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “АХТҮГ” ОНӨААТҮГ-т зам талбайн үйлчлэгчийн ажилд орсон. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй билээ. Миний бие охины хамт амьдардаг байсан, миний охин 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Би 3 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ очиж охин төрсөн амралтаа авъя гэхэд тэгээ тэг авч болно гэсэн. Ингээд үүнээс хойш би ажилдаа яваагүй байж байгаад 03 дугаар сарын 31-ний үдээс хойш ажилдаа очиход гарын үсэг зур гэсэн юу юм гэхэд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж ирсэн. Би үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа. Иймд намайг Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт зам талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “АХТҮГ” ААТҮГ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Б нь 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зам талбайн үйлчлэгчээр ажилд орсон. Ажиллах хугацаандаа удаа дараа ажлын хариуцлага алдаж, сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлж, анх ажилд ороход хүлээлгэж өгсөн ажлын багаж хэрэгсэл шинээрээ байнга байж байдаг. Энэ байдлыг нь хэлж, ажлаа хийх шаардлага тавихад хэсгийн ахлагч болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, шаардлагыг хүлээж авдаггүй. Мөн Есөнбулаг сумын Засаг даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тус сумын Засаг даргын тамгын газрын хариуцсан мэргэжилтэн манай байгууллагын ажилтнуудтай хамтран зам талбайн үйлчлэгч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, цаг баримтлах чиглэлээр ажилласан. Энэ хугацаанд урьдын адил Н.Б ажил тасалж байсан. Н.Б-аас ажилдаа ирэхгүй байгаа шалтгааныг асуухад охин төрсөн ээлжийн амралтаа авмаар байна гэсэн хариуг өгсөн. Дотоод ажил, хүний нөөц хариуцсан ажилтан Д.Б хэрвээ тийм байсан бол энэ тухайгаа өмнө нь яагаад хэлж болоогүй юм бэ, албан ёсоор амралтын мэдэгдэх хуудас болон ажлын тооцоо тойрох хуудсаа зуруулж, амралтаа авах ёстой. Та замын цэвэрлэгээ үйлчилгээг хийж, хэсгийн ахлагчдаа хүлээлгэж өгөөд албан ёсоор амралтаа ав гэсэн шаардлагыг тавихад Н.Б надад тэгээд явж байх зав алга, наад ажлаас чинь илүү чухал ажил надад байна гээд ажилдаа ирээгүй. Н.Б-д охиноо амаржихаас өмнө байгууллагын удирдлагад урьдчилан мэдэгдэж, ажлаа зохицуулах боломж байсан боловч өөрийн дураар хэсгийн ахлагч болон удирдлагад мэдэгдэлгүйгээр ажил тасалсан. Иймд Н.Б нь хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, нэг сарын хугацаанд ажил орхиж явсан тул хөдөлмөрийн гэрээ, үйлдвэрийн газрын дүрэм, байгууллагын дотоод журмын дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Тухайн хүн бүтэн 1 сарын хугацаанд ажлаа тасалчихаад шүүхэд хандаж байгаа нь учир дутагдалтай, ийм нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх үүнийг нягтлан үзэж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо барагдуулах гээд нэхэмжлэл гаргасан. Би хохирогч Н.Б байна. 2019 оны 5 дугаар сарын 8-нд хот тохижилт үйлчилгээний газарт ажилд орсон. Хоёр дахь жилдээ ажиллаж байсан. Манай хүүхэд 2021 оны 02 дугаар сарын 27-нд төрсөн. Би 03 дугаар сарын 01-ээс амралтаа авъя гээд зам талбайн ахлагчид хэлсэн. Тэгэхэд тэгээ амралтаа ав гэж хэлсэн. Би амралттай байх хугацаандаа 4, 5 удаа хот тохижилт үйлчилгээний газрын хүний нөөцийн Д.Б-д хэлэхэд тэгээ та амралтаа ав гэж хэлсэн. Амралтаа аваад байж байхад манайд Д.Б очсон байсан. Манай хүүхэд төрсөн нялх биетэй байсан. Тухайн үед би гэртээ байхгүй байсан. Тэр үед Д.Б ирээд явсан байсан. Тэгээд 03 дугаар сарын 15-ны өдөр энэ дээр гарын үсэг зур гээд тулгаж шаардаж байгаад гарын үсэг зуруулсан. Би гарчигийг нь үзээгүй. 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг өгсөн. Ийм л зүйл болсон. Говь-Алтай аймгийн Алтай хотын хот тохижилт үйлчилгээний газар ААТҮГ-ын зам талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, тушаал гарснаас хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны нийт 73 хоногийн 1,752,073 төгрөгийг нэхэмжилж байна. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулна гэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн “АХТҮГ” ААТҮГ-ын төлөөлөгч Т.Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АХТҮГ-ын үйлчлэгч Н.Б нь 2019 оны 5 дугаар сарын 8-нд ороод зам талбайн үйлчлэгчээр ажилласан байдаг. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас зам талбайн үйлчлэгчийн ажлыг сайжруулах зорилготойгоор тохижилт хариуцсан мэргэжилтэн О гэдэг хүн өдөр бүр зам талбайн ажлыг шалгаж, ажлыг эрчимжүүлэх ажил хийгдсэн байдаг. Төрийн үйлчилгээний албан хаагч цагаа барьдаг байх ёстой. Хүний өмнө хийсэн ажилтай байж төрийн цалин авдаг байх. Төрийн мөнгийг зүгээр гуйвуулж болохгүй. Засаг даргын Тамгын газрын ажилтан зам талбайн цэвэрлэгээний ажлыг шалгахад нэхэмжлэгч Н.Б ажилдаа ирээгүй. Яагаад ажилдаа ирээгүй гэхэд хүүхэд төрсөн амралтаа авна гэдэг. Үнэхээр хүүхэд нь төрсөн бол байгууллагын дотоод журмаараа 3 хоногийн цалинтай чөлөө олгох ёстой. Амралт авахад юуг бүрдүүлэх ёстой талаар хөдөлмөрийн дотоод журам болон гэрээнд байгаа. Тойрох хуудас буюу ажлаа хүлээлгэж өгч байж амралтаа бичүүлж авах ёстой байтал энэ хүн тэгээгүй. Би хүний нөөцийн ажилтныг гэр рүү нь явуулж байсан. Тэгээд очихоор хүүхэд төрсөн би амралтаа авна гэдэг зүйлийг ярьдаг. Ажлаас чөлөөлсөн тушаалыг харсан байх. 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нэг сар хүлээгээд ирэхгүй байхаар нь ажлаас чөлөөлсөн байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 4 дүгээр сард өгсөн байдаг. Ажлаа хий, амралтаа авахаар бол тойрох хуудсыг бөглөөд амралтаа ав гэж хэлж байсан. Ажлаас халах үндэслэл нь ажилдаа ирээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Хүний нөөцийн ажилтан очиж уулзаж байсан. Зөвхөн өөрийнхөө үзэл бодлоор хүүхэд төрсөн байхад амралтаа авмаар байна гэж зүтгэсэн байдаг. 2019 онд ажилд ороод 2020 оны 03 дугаар сард сануулах арга хэмжээ авсан байдаг. Сануулах арга хэмжээ нь шинээр ажилд орсон хүн эхний нэг жилдээ маш сайн хариуцлагатай хандах ёстой. Сануулах арга хэмжээ нь байгууллага хамт олны шийдвэр байсан. Би уг нь ажлаас халахгүйгээр сануулах арга хэмжээ авъя гэсэн боловч яах аргагүй сануулах арга хэмжээ өмнө нь авагдсан байсан. Өнөөдөр яагаад эвлэрэх боломжгүй гэхээр ажлын цаг барьдаггүй, хэсгийн ахлагч нарын үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Ажилдаа цагтаа ирдэг, хийсэн ажилтай байж цалингаа авах ёстой. 2020 оны 03 дугаар сард сахилгын шийтгэл аваад, 2021 оны 03 дугаар сард ажлаас халах арга хэмжээ авагдсан. Тэр арга хэмжээ надаас шалтгаалаагүй. Энэ хүн ажлаа таслаад явсан. Ажлаа тасалсан нь цагийн бүртгэл дээрээс харагдаж байгаа. Ямар ч байгууллага ажлын 22 хоног байдаг. 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тушаал гарах өдөр хүртэл 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын 22 хоног ажил тасалсан байгаа. Ажлын 22 хоногийг 75 хоног болгож байна. Ажлын 22 хоногоор бодъё гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэлмээр байна. Нэг сар ажил тасалсан хүнийг ажилд эгүүлэн томилуулах боломжгүй. Нэг өдөр л цэвэрлэхгүй байхад зам маш ихээр бохирлогддог. Алтай хотын өнгө үзэмжийн төлөө нэгэнт болно бүтнэ гээд ажилд орсон хүмүүс ажлаа таслаад явсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж овгийн Н.Б-г хариуцагч Говь-Алтай аймгийн “АХТҮГ” ААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.440.100/нэг сая дөрвөн зуун дөчин мянга нэг зуу/ төгрөг 46/дөчин зургаа/ мөнгийг хариуцагч Говь-Алтай аймгийн ““АХТҮГ” ААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 311.972/гурван зуун арван нэгэн мянга есөн зуун далан хоёр/ төгрөг 54/тавин дөрөв/ мөнгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь, хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, шимтгэл төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Говь-Алтай аймгийн “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн “АХТҮГ” ААТҮГ-аас 108.191 /нэг зуун найман мянга нэг зуун ерөн нэг/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Н.Б нь 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зам талбайн үйлчлэгчээр ажилд орсон. Ажиллах хугацаандаа удаа дараа ажлын хариуцлага алдаж сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлж анх ажилд ороход нь хүлээлгэж өгсөн ажлын багаж хэрэгсэл шинээрээ байнга байж байдаг. Энэ байдлыг нь хэлж, ажлаа хийх шаардлага тавихад хэсгийн ахлагч болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, шаардлагыг хүлээж авдаггүй. Ажлын цагаар зах болон дэлгүүр хэсэж, дэлгүүрт ажлын цагаараа унтдаг. Мөн Есөнбулаг сумын Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хариуцсан мэргэжилтэн манай байгууллагын ажилтнуудтай хамтран зам талбайн үйлчлэгч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, цаг баримтлах чиглэлээр ажилласан. Энэ хугацаанд урьдын адил Н.Б нь ажил тасалж байсан. Н.Б-аас яагаад ажилдаа ирэхгүй байгаа шалтгааныг асуухад охин төрсөн ээлжийн амралтаа авмаар байна гэсэн хариуг өгсөн.

Дотоод ажил хүний нөөцийн ажилтан Д.Б хэрвээ тийм бол энэ тухайгаа өмнө нь яагаад хэлж болоогүй юм бэ?, албан ёсоор амралтын мэдэгдэх хуудас болон ажлын тооцоо тойрох хуудсаа зуруулан амралтаа авах ёстой. Та өнөөдрөөс ирж энэ тухайгаа байгууллагын удирдлагад мэдэгдэн хариуцаж байгаа замын цэвэрлэгээ үйлчилгээг хийж хэсгийн ахлагчдаа хүлээлгэж өгөөд албан ёсоор амралтаа ав гэсэн шаардлагыг тавихад Н.Б нь надад тэгээд явж байх зав алга, наад ажлаас чинь илүү чухал ажил надад байна гээд ажилдаа ирээгүй.

Н.Б-д охиноо амаржихаас өмнө байгууллагын удирдлагад урьдчилан мэдэгдэж ажлаа зохицуулах боломж байсан боловч, өөрийн дураар хэсгийн ахлагч болон удирдлагад мэдэгдэлгүйгээр ажил таслан явсан.

Иймд Н.Б нь хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж нэг сарын хугацаанд ажил орхиж явсан тул хөдөлмөрийн гэрээ, үйлдвэрийн газрын дүрэм, байгууллагын дотоод журмын дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл болж өгсөн.

Тухайн хүн бүтэн 1 сарын хугацаанд ажлаа тасалчихаад шүүхэд хандаж байгаа нь учир дутагдалтай, ийм нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх үүнийг нягтлан үзэж үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Б нь Говь-Алтай аймгийн “АХТҮГ” ААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн бичилтийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг “АХТҮГ” ААТҮГ-т холбогдуулан гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж гомдлын үндэслэлээ Н.Б нь ажиллах хугацаандаа удаа дараа ажлын хариуцлага алдаж сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлж, ажил хийх шаардлага тавихад удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, хэсгийн ахлагч болон удирдлагад мэдэгдэлгүйгээр ажил таслан явсан нь хөдөлмөрийн гэрээ, үйлдвэрийн газрын дүрэм, байгууллагын дотоод журмын дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б нь 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байгаа, миний бие ажиллах хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Би 3 дугаар сарын 01-нд ажил дээрээ очиж, “Охин төрсөн. Амралтаа авья” гэхэд “Тэг тэг авч болно” гэсэн. Ингээд 03 дугаар сарын 31-нд ажилдаа очиход гарын үсэг зур гэсэн юу болох талаар асуухад 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж ирсэн гэж тайлбарласан байна.

 

Харин ажил олгогч нь Н.Б нь 2021 оны 03 дугаар сард ээлжийн амралт аваагүй, сахилгын шийтгэлтэй байхдаа дур мэдэн ажлын 22 өдөр ажил тасалсан, зам талбайн цэвэрлэгээ хийх талаар өгсөн үүрэг биелүүлдэггүй гэж маргажээ.

Н.Б 2019 оны 5 дугаар сараас “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар" аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт зам талбайн үйлчлэгчээр ажиллаж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсч хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар харилцан хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, үйлдвэрийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.8, байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.1.10, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3.6 заалтуудыг үндэслэн байгууллагын захирлын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар зам талбайн үйлчлэгч Н.Б-г ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тухай тушаалын үндэслэлээ бүрэн нотлоогүй буюу байгууллагын дүрэм, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэрэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

Ажил олгогч нь сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримталж, үндэслэлээ тодорхой заагаагүй байна.

 

Тиймээс Н.Б-г “АХТҮГ” ААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор үнэлж гаргасан шүүхийн шийдвэр нь зохигчийн эрхийг хангасан, хуульд нийцсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үндэслэгдэн гарсан байх тул анхан шатны   шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 133/ШШ2021/00231 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.191 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ш.Б

 

                                             ШҮҮГЧИД                           Ч.Э

 

                                                         Т.Ж