Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/01693

 

 

 

 

 

 

 

     2021          06          07                                    101/ШШ2021/01693

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А.Ц” ХХК /рд:6162649/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 12,431,666.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А.Ц” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “А.Ц” ХХК нь авто машины засвар, барьцаалан зээлдүүлэх, автомашины угаалга, газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Галдан овогт Баярсайханы Тэмүүлэн нь 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай хоногийн 4 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлтийг манай компанид 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргасны дагуу тухайн өдөр 19/0711 дугаартай зээлийг гэрээг байгуулж Б.Тд уг 5,000,000 төгрөгийг түүний эзэмшлийн “ХААН банк” ХХК-ийн 5031849702 дугаар дансанд шилжүүлэн / “ХААН банк” ХХК-ийн депозит дансны хуулгаар нотлогдож байгаа/ зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 19/0711 дугаартай барьцааны гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 5945УБА улсын, 02149572 гэрчилгээний дугаартай хар ногоон өнгийн 2005 оны Х5 маркийн автомашиныг барьцаалсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “А.Ц” ХХК нь 5,000,000 төгрөгийг хариуцагч Б.Тд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн бөгөөд Б.Т нь уг мөнгийг тохирсон хугацаандаа төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, 286.2-т “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно.” гэж тус тус заасны дагуу дээрх зээлийн гэрээний 2.2.2-т хүүг 1 сарын хугацаатайгаар хоногийн 4 хувийн хүүтэй /206,666.67 төгрөг/, 2.2.3-д “хугацаа хэтэрсэн бол төлбөрийг төлж дуусгах хүртэлх хугацааны сарын 5%...” байхаар тус тус харилцан тохиролцсон юм. Мөн 19/0711 дугаартай зээлийн гэрээний 5.1-5.4, 2.5-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон.

Иймд Б.Тгээс үндсэн зээл 5,000,000 төгрөг, гэрээний 2.2.2,-т заасан хүү 206,666.67 төгрөг, гэрээний 2.2.3-т заасан хүү хугацаа хэтэрсэн хоног 568/30=18.9*250,000=4,725,000 төгрөг, алданги 568 хоногийн 0,5%-14,200,000 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасны дагуу хүү үндсэн зээл 5,000,000 төгрөгийг 50 хувь 2,500,000 төгрөг, нийт 12,431,666.67 төгрөгийг гаргуулж, “А.Ц” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл 5 сая, 1 сарын хүү 206 666.67, гэрээний 2.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хүү 4 725 000, алданги 568 хоногт 14 200 000 тул 50 хувиар бодоод 2 500 000, нийт 12 431 666.67 төгрөг нэхнэ. Анх 5 саяын зээл олгосон. Хүүг 4 хувиар олгосон. Зээлийн хугацааг 30 хоногоор тооцсон бөгөөд тухайн сард 31 хоногтой байсан тул уг хоногоор тооцож нэхэж байгаа юм. Хариуцагч талаас 2019.8.21-нд 207 000 төгрөг, 2019.9.24-нд 240 000 төгрөг, 2019.10.19-нд 200 000 төгрөг тус тус төлсөн гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Тээс  12,431,666.67 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч Б.Т нь Хаан банкны дансанд 5 удаагийн гүйлгээгээр 200,000 төгрөг, нэг удаа 240,000 төгрөг, нийт 1,240,000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,760,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 5 саяыг 1 сараар зээлсэн. Нийт 1 240 000 төгрөг төлсөн. 3 760 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Бусдыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А.Ц” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, гэрээний хугацаан дахь хүү 206,666.67 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүү 4,725,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 12,431,666.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Т нь зээлийн гэрээний дагуу 1,240,000 төгрөг төлсөн тул үндсэн зээлд 3,760,000 төгрөг төлнө, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 10-11 дүгээр тал/

Зээлийн гэрээг 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүү төлөхөөр тохиролцож байгуулсан байна. Мөн зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д нийцжээ.

 

Улмаар зээлдэгч буюу энэ хэргийн нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдөр хариуцагчийн Хаан банк дахь 5031849702 тоот дансанд 4,975,000 төгрөгийн зээл олгосон болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5920202085 тоот дансны хуулга, “Хаан банк” ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 5064/876 дугаар тодорхойлолт, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хэргийн 61, 75, 87 дугаар тал/

Иймд зээлийн гэрээ нь 4,975,000 төгрөгийн хэмжээнд хэрэгжсэн гэж үзнэ.

Нэгэнт зээл олгогдсон тул гэрээний дагуу төлөх хүүг тооцвол 1 сард 199,000 /4,975,000*4%/ төгрөг юм. Үүнээс тооцвол хариуцагчид зээлийн гэрээний дагуу нийт 5,174,000 төгрөг төлөх үүрэг үүсжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүүд 4,725,000 төгрөг төгрөг шаардсан.

Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 6 дугаар тал/ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь банк буюу зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд хамаарахгүй. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардах эрхгүй.

Мөн зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд хүү төлөх талаар тохиролцоогүй бөгөөд гэрээг сунгасан үйл баримт тогтоогдоогүй.

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гэрээний хугацаанд зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хүүгийн талаар барьцааны гэрээгээр тохиролцсон гэж тайлбарласан. Гэвч барьцааны гэрээнд энэ талаар заасан нь хүү төлөх үндэслэл болохгүй. Учир нь нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан бөгөөд барьцааны гэрээний удиртгал хэсэгт зааснаар уг барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой байна. Иймд гэрээний хугацаа хэтрүүлсэнтэй холбогдох 4,725,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

Харин зээлийн гэрээний 2.5-т талууд алдангийн талаар тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцэх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

Гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцвол 1 хоногт 25,870 /5,174,000*0,5%/ төгрөг тооцогдоно. Улмаар гэрээний хугацаа дууссан 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 608 хоног хэтэрсэн тул энэ хугацаанд 15,728,960 төгрөгийг алданги тооцогджээ. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 2,587,000 /5,174,000/2/ төгрөгөөс илүү алданги тооцох боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчид үүссэн нийт үүргийг тооцвол үндсэн зээл 4,975,000 төгрөг, хүү 199,000 төгрөг, алданги 2,587,000 төгрөг, нийт 7,761,000 төгрөг юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 207,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 240,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Энд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 240,000 төгрөг төлсөн нь хариуцагчийн төлөөлөгчийн Хаан банк дахь 5019612189 тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 89 дүгээр тал/

Харин 207,000 болон 200,000 төгрөг төлсөн талаар хариуцагч маргаагүй тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

Эдгээр төлбөрөөс гадна хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 200,000 төгрөг төлсөн болох нь хариуцагчийн төлөөлөгчийн Хаан банк дахь дээрх дансны хуулгаар тогтоогдсон. /хэргийн 90 дүгээр тал/ Үүнээс тооцвол хариуцагч нь зээлийн гэрээний дагуу нийт 847,000 төгрөгийг буцаан төлсөн байна.

 

Дээрх үндэслэл, тооцооллын дагуу хариуцагчид үүссэн үүргээс төлсөн төлбөрийг тооцвол хариуцагч нь 6,914,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байх тул энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар хариуцагч Б.Т-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 6,914,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А.Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,517,666.67 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 125,574 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД