Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2021/01394

 

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

    2021        06          23

               182/ШШ2021/01394

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Оийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З.Мд холбогдох

2,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Мандхай, хариуцагч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ултимайт сайклер нэртэй сүлжээнд 2,060,000 төгрөг төлөөд нэг нугалж 4,120,000 төгрөг болгон өсгөж авах зорилгоор сүлжээнд орж З.Мд 2,060,000 төгрөгөө өгсөн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт З.Мд залилуулсан талаараа өргөдөл гаргасан. Өргөдөл гаргасны дараа хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж З.Мтай тухайн үедээ гэрээ хэлцэл хийж 2,060,000 төгрөг хүлээж авснаа зөвшөөрсөн учраас хэрэг хаагдсан. З.М нь дансаар 2,060,000 төгрөг хүлээж авснаа зөвшөөрч маргадаггүй тул 2,060,000 төгрөгийг гаргуулна. Хүний мөнгө тул З.Маас 1,030,000 төгрөг авч эвлэрэх боломжгүй гэв.

 

Хариуцагч З.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О бид хоёр бие биенээ мэддэг, нэг захад хамт ажилладаг байсан. Би ажлаа хийгээгүй удаж байна. Одоо орон гэргүй айлын хашаанд амьдарч байна. Тухайн үед зах дээр зогсдог Алтай гэж хүнээс миний утасны дугаарыг аваад шинэ сүлжээ гарсан байна, эгч нь чам руу 2,060,000 төгрөг шилжүүлье чи намайг оруулаад өг гэсэн. Одоо сүлжээний нэрийг сайн санахгүй байна. Би энэ хүнийг сүлжээнд ор, надад мөнгө өг гэсэн зүйл байхгүй. Би 2,060,000 төгрөгийг авч 5077002184, 50170764031 тоот дансанд шилжүүлсэн тул 1,030,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Би өөрөө энэ мөнгийг захиран зарцуулаагүй тул 2,060,000 төгрөгийг төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч З.Мд холбогдуулан 2,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж З.Мд 2,060,000 төгрөгөө өгсөн, энэ сүлжээг өөрөө хариуцаж байсан гэж тайлбарлав.

 

          Хариуцагч З.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2,060,000 төгрөгийг авч 5077002184, 50170764031 тоот дансанд шилжүүлсэн тул 1,030,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.  Би өөрөө энэ мөнгийг захиран зарцуулаагүй тул 2,060,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч З.М нь нэхэмжлэгч Б.Оээс 2,060,000 төгрөгийг шилжүүлэн авсан тухайд маргаагүй.

 

Хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1826 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дако төвийн 13 давхарт Ултимайт сайклер нэртэй сүлжээний байгууллага байгуулан, иргэдийг хууран мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар Ё.Эрдэнэтуяа, Г.Одсүрэн, Х.Алтанцэцэг, Д.О, Х.Ганбагана, З.М нар нь 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.1.4 дэх заалтад заасан хориглосон үйл ажиллагаа болох Ултимайт сайклер нэртэй байгууллага байгуулан олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа эрхлэн явуулж, мөнгийг нь өсгөж өгнө, санхүүгийн чиглэлээр сургалт явуулна хэмээн хууран мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг төөрөгдөлд оруулж иргэн Г.Гантуяа, Ц.Цэрмаа, А.Мөнхцэцэг нараас тус бүр 2,060,000 төгрөг, Х.Бүдханд, М.Буян-Ундрах, Р.Энхтайван, Ө.Гантөмөр, Д.Батгэрэл, О.Лхам-Янжин, Э.Цэнд-Аюуш, Ч.Ганхорлоо нараас тус бүр 1,030,000 төгрөг, П.Болормаагаас 1,000,000 төгрөг, С.Өнөржилээс 1,550,000 төгрөг нийт 20,520,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь тогтоогдсон байна.  Хэрэг бүртгэлтийн 201726020884 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хаасугай” гэж шийдвэрлэсэн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын тогтоол хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 38 тал/

 

          Хариуцагч З.М дээрх мөнгийг авч, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 5058053346 тоот дансанд 1,030,000 төгрөг, 5077002184 тоот дансанд 1,030,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 19 тал/

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсонгэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б.О нь Ултимайт сайклер нэртэй сүлжээнд 2,060,000 төгрөг төлөөд нэг нугалж 4,120,000 төгрөг болгон өсгөж авах зорилгоор сүлжээнд орсон гэж тайлбарласан ба сүлжээнд хөрөнгө оруулсан эрсдэлээ өөрөө хүлээхээр нэгэнт хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл Ултимайт сайклер сүлжээнд хөрөнгө оруулж, ашиг хүртэх явдал нь багийн буюу сүлжээний хэлбэрээр явагддаг байх бөгөөд Б.О нь ашиг хүртэж чадаагүй байтал уг сүлжээний үйл ажиллагаа зогссон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч З.М нь сүлжээнд оруулж өгнө гэж  авсан мөнгийг өөрөө завшсан нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байхад бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Оийн 2,060,000 төгрөг  гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Гэвч нэхэмжлэлийн шаардлагаас 1,030,000 төгрөгийг хариуцагч З.М төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч З.Маас 1,030,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,030,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШЗ2021/04992 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч З.Мын өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2021/05472 дугаар шүүгчийн захирамжаар өмгөөлөгч Д.Золзаяагийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж,  өмгөөлөгч Д.Золзаяад 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдааны товыг “Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч З.М өмгөөллийн хөлсөө тохиролцож чадаагүй гэж тайлбарлаж байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Маас 1,030,000 /нэг сая гучин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,030,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,000 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Маас улсын тэмдэгтийн хураамжид 29,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ