Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01351

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01351

 

 

 

Б.О-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/01394 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч З.М-д холбогдуулан гаргасан 2 060 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч З.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ултимайт сайклер нэртэй сүлжээнд 2 060 000 төгрөг төлөөд 4 120 000 төгрөг болгон өсгөж авах зорилгоор орж З.М-д 2 060 000 төгрөгөө өгсөн. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст З.М-д залилуулсан талаар өргөдөл гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж З.М- нь гэрээ, хэлцэл хийж 2 060 000 төгрөгийг хүлээж авснаа зөвшөөрсөн учраас хэрэг хаагдсан. З.М- нь дансаар 2 060 000 төгрөг хүлээж авснаа зөвшөөрч маргадаггүй тул түүнээс 2 060 000 төгрөгийг гаргуулна. Хүний мөнгө учраас хариуцагчтай 1 030 000 төгрөг авч эвлэрэх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О- бид хоёр бие биенээ мэддэг, нэг захад хамт ажилладаг байсан. Тухайн үед зах дээр зогсдог н.А- гэж хүнээс миний утасны дугаарыг аваад шинэ сүлжээ гарсан байна, эгч нь чам руу 2 060 000 төгрөг шилжүүлье, чи намайг оруулаад өг гэж хэлсэн. Одоо сүлжээний нэрийг сайн санахгүй байна. Би энэ хүнийг сүлжээнд ор, надад мөнгө өг гэсэн зүйл байхгүй. Би 2 060 000 төгрөгийг авч 5077002184, 50170764031 тоот дансанд шилжүүлсэн тул 1 030 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Би өөрөө энэ мөнгийг захиран зарцуулаагүй тул 2 060 000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.М-аас 1 030 000 /нэг сая гучин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 030 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 29 270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.О- давж заалдах гомдолдоо:

...З.М- нь Ултимайт сайклер нэртэй сүлжээний нэрээр 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийнхөө дансаар 2 060 000 төгрөгийг шилжүүлэн авсан залилангийн хэргээр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдсан. Баянгол дүүргийн Прокурорын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 180026 дугаартай тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл заан хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. З.М- нь олдохгүй байсан тул Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдүүлсэн. Түүний дансанд 2 060 000 төгрөгийг хийсэн атал шүүгч та эрсдэлээ тооцох ёстой 1 030 000 төгрөгийг авч эвлэр гэсэн. Хууль зүйн үндэслэлгүйгээр 1 030 000 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2 060 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч З.М-д холбогдуулан 2 060 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны 1 030 000 төгрөг төлөхийг хариуцагч зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Б.О- нь 2 060 000 төгрөгийг Ултимайт сайклер нэртэй сүлжээнд оруулж, өсгөж авах зорилгоор шилжүүлсэн гэж тайлбарласан, З.М- нь уг 2 060 000 төгрөгийг Б.О-ээс шилжүүлснийг хүлээн авснаа үгүйсгээгүй, харин 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 1 030 000 төгрөгийг 5058053346 тоот дансанд, 1 030 000 төгрөгийг 5077002184 тоот дансанд тус тус шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж, мөнгийг өөрөө ашиглаагүй гэх агуулгаар хариу тайлбар гаргасан.

 

Түүнчлэн, хэрэгт Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1826 дугаар тогтоол авагдсаны агуулгаас үзвэл иргэд Ултимайт сайклер нэртэй байгууллага байгуулан хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлж, хууран мэхэлж, төөрөгдүүлэх замаар бусдаас нийт 20 520 000 төгрөг шилжүүлэн авсныг тогтоосон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаажээ. /хх-38/

 

Хэрэгт З.М-ын ХААН банк дахь 5028175372 тоот дансны, Б.О-ийн ХААН банк дахь 5017102667 тоот дансны хуулга баримтаар авагдсаныг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1826 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын тогтоол, зохигчдын тайлбартай харьцуулан үнэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заалтаар хориглосон үйл ажиллагаа болох олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох зорилго бүхий Ултимайт сайклер нэртэй сүлжээнд баг болон нэгдсэн, Б.О- нь ашиг олох зорилгоор З.М-д мөнгийг сайн дураар шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хариуцагчийн зөвшөөрсөн 1 030 000 төгрөгийн хэмжээнд хангасан нь хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/01394 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ