Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/01700

 

 

 

 

 

 

 

 

     2021          06          07                                    101/ШШ2021/01700

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ю.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, өөрийн байранд оршин байрлах “*******” ОНӨААТҮГ /рд:*******/-т холбогдох,

“*******” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн авахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч С.*******, Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Д  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******-ийн 15-р хороо, ДД-гийн 21-р гудамж 204 тоотод оршин суугч Ю.Д  миний бие нь 2014 оны 12-р сарын 15-нд Нийслэлийн БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар гуравт жолоочоор ажилд орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд тасралтгүй ажилласан. Манай байгууллагын удирдлага 2020 оны 12-р сард солигдож, даргаар Т.******* ирсэн ба тэр бээр ерөнхий инженерээр Г.*******ыг 2020 оны 12-р сарын 21-нд, ерөнхий менежерээр С.*******ыг 2021 оны 02-р сард томилсон. Г.******* нь автын инженерийн мэргэжилгүй боловч ерөнхий инженерээр ирсэн өдрөөс хойш ажилчидтай зүй бусаар харьцдаг байсан ба үл ойлголцол их гарч байсан бөгөөд түүний алдаа дутагдлыг миний бие шууд хэлдэг байсан. Өөрөөр хэлбэл ажилчид биднийг байнга дарамталдаг ба “ажлаас хална. Дараагийн хүн байна. Чи хошуугаа худалдаж байхаар буу” гэх мэтээр байнга дарамталдаг. 2021 оны 02-р сарын 11-ний өдрийн өглөө ажлын байранд миний бие болон жолооч, ачигч нарыг ерөнхий инженер Г.******* дарамталж байгаа тухай бичлэг хүртэл байгаа болно. Энэ бүхнийг миний бие шууд хэлдэг байсан учраас намайг ажлын байранд 2021 оны 02-р сарын 16-аас 17-нд шилжих шөнө архи уусан гэх худал үндэслэлээр ажлаас халах тушаал гаргасан. Тэр өдрийн өглөө ачигч н.Ганбаатартай хамт ажилд гарсан боловч ачигчийн Ковид-19 шинжилгээний хариу эерэг гарсан тул намайг болон манай ажилчдыг орой нь шинжилгээнд хамруулж, гэр бүлээ эрсдэлд оруулахгүйн тулд хариугаа хүлээн баазад хоносон ба өглөө нь намайг ачигчийн 1-р хавьтал гэж үзээд 14 хоногийн гэрийн хорионд оруулсан. Миний бие шөнөжингөө халдварын талаар санаа зовж унтаагүй ба маргааш буюу 02-р сарын 17-ны өглөө нойрмог байхад Г.******* инженер чи архи уусан байна гэж хэлсэн, миний бие нойр муутай хоносон тухайгаа хэлээд гэртээ харьж, 03-р сарын 02-ны өдрийг дуустал гэрийн хорионд орсон болно. 03-р сарын 03-ны өдөр ажилдаа ирэхэд намайг ажлаас халж байгаагаа хэлээд ажилд гаргаагүй. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал 03-р сарын 04-ний өдөр гарсан нь ерөнхий инженер Г.*******ын санаатай хийсэн үйлдэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл надад ийм сахилгын зөрчил гаргасан удаагүй бөгөөд жолооч, ачигч нарын төлөө дуу хоолойгоо хүргэсний төлөө намайг болон С.Баянмөнхийг ажлаас чөлөөлсөн ба Г.*******ыг жолоочийн ажлаас чөлөөлж, ачигч болгосон юм. МУ-ын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 4-д “хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй” гэж баталгаатай эдлэхээр олгогдсон эрх байдаг боловч ерөнхий инженер Г.******* нь биднийг ажлын мал мэтээр харьцдаг буюу амралтгүйгээр ажиллахыг шаарддаг, хамт олондоо нэр хүнд муутай, техникийн мэдлэг мэргэжил дутмаг, “Ажлаас хална. Дараагийн хүн бэлэн байна” гэх зэргээр байнга дарамталдаг юм. Г.*******ыг ерөнхий инженерээр ирснээс хойш ажилчид бид ажлаас хэзээ халах бол гэсэн байнгын айдастай ажилладаг болсон. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.5-д “хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах” гэж заасан байтал 14 хоногийн гэрийн хорионоос гарсан өдөр ажлаас халсан нь үндэслэлгүй юм. 2018 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хувь надад байхгүй тул хариуцагчаас татуулах хүсэлтэй бөгөөд энэ жилийн гэрээнд гарын үсэг зураагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан ба Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож, уг олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилж байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр Үндсэн хуулийн 16-р зүйлийн 4-т “хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах” эрх сэргээгдэх юм. Миний бие нь энэ асуудлаар БЗДИХАШШ-д 2021 оны 03-р сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04-р сарын 09-ний өдрийн 6066-р захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, дахин нэхэмжлэл /гомдол/ гаргаж байгаа тул гомдол гаргах хугацаа хэтрээгүй болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.2-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байгааг хүлээн авч, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар гурвын даргын 2021 оны 03-р сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн авахыг даалгаж, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, уг олговроос эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б/31 тушаалыг хүчингүй болгоод, жолоочийн ажил эгүүлэн авахыг даалгана, ажилгүй байсан хугацааны олговор, НД болон ЭМД шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгана. Нэхэмжлэгч нь 2014.12.15-нд хариуцагч байгууллагад жолоочоор орж тасралтгүй ажилласан. Инженер хууль бус шаардлага тавьж таарамжгүй харьцаатай байсан. Шөнийн цагаар ажиллуулсан. 2 өдөр дараалан ажил гэсэн шаардлага тавьсан. 2.11-с эхэлж хууль бус шаардлага тавиад ажиллуулсан. 2.16-нд ажилдаа ирээд ажиллаж байтал ачигчийн шинжилгээ эерэг гарлаа гээд гэрийн тусгаарлалтад орсон. Улмаар шинжилгээний хариу гарах хүртэл ажил дээрээ хоносон. Өглөө нь *******тай тааралдахад архи уусан юм уу гэхэд уугаагүй гээд гэртээ харьсан. 3.3-д ажилдаа ирэхэд нь ажил тасалсан гээд ёс зүйн хорооны хурлаар оруулаад буруугаа зөвшөөр гээд худлаагаар зөвшөөрүүлсэн. Ингэж зөвшөөрвөл ажилд нь гаргана гэсэн. Гэтэл хурлаас ажлаас халах шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Д гийн 2021 оны 04 сарын 09 -ний өдөр тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн “” ОНӨААТҮГ-ын нэр дээр гаргасан нэхэмжлэлтэй танилцсан болно. Ю.Д  нь 2018 оноос тус байгууллагад жолоочоор ажиллах болсон байдаг. Т.******* нь 2020 оны 12 дугаар сард тус байгууллагын даргаар томилогдсон бөгөөд манай байгууллага Нийгмийн даатгалд 400 сая төгрөгийн өртэй, хариуцсан бүсийн 7 хороонд хог ачилт хуваарийн дагуу ордоггүйгээс айл өрхийн хог ачилт хоцрогдон өдөрт дунджаар 2 дуудлага нийслэлд очдог байсан. Хог ачилт хуваарийн дагуу ордоггүй байдалд машин техникийн эвдрэлээс гадна ажилчдын архидан согтуурах, хэд хоногоор чөлөө авдаг ажилдаа гардаггүй байдал маш их нөлөөтэй байсан. Тус байгууллагад Ерөнхий инженерээр ажиллаж байсан Ө.Энхсайхан нь 2020 оны 12 сард ажлаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Г.*******ыг Ерөнхий инженерээр, Ерөнхий менежерээр ажиллаж байсан Б. нь 2021 оны 1 сарын 2 ноос эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд ажлын зар байршуулан 2021 оны 2 сарын 10-аас С.*******ыг Ерөнхий менежерээр тус тус ажилд томилсон. Байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох хог тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, уртасгасан цагаар ажиллуулах, цар тахлын үед иргэдийг хоггүй орчинд амьдруулах үүрэг даалгавар нийслэлээс удаа дараа ирж байсан учраас бүх шатандаа хариуцлагаа өндөржүүлж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлага үүссэн. Энэ шаардлагын дагуу зарим арга арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ажилчдын ажлын байранд архидах, өглөөд согтуу ирэх, эвдэрсэн техник хэрэгслээ засварлах нэрийдлээр архиддаг зэрэг алдаа дутагдлыг арилгах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Ю.Д  нь ажлын байранд хэд хэдэн удаа архидсан талаар хамт ажилладаг хүмүүс болон БЗД-ийн “” ОНӨААТҮГ-ын зүгээс гомдол санал ирдэг байсан. 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай ажилтан албан хаагчдын дунд коронавирусын нэг тохиолдол илэрч ойрын хавьтал болсон 12 ажилтныг 16.00 цагийн орчим бааз дээр цуглуулан, 18 цагт ПСР шинжилгээнд хамруулсан. Уг ажилчдыг гэрийн тусгаарлалтад хамруулах зөвлөмжийн дагуу гэртээ харьж гэрийн тусгаарлалтад орох заавар өгөөд тараасан. Гэтэл Ю.Д  нь тухайн өдөр бааз дээр ирж архи уусан гэх бөгөөд 2 дугаар сарын 17-ны үүрээр 4 цагийн орчимд баазын галчийн өрөөнд согтуу орж ирсэн, улмаар өглөө 8 цагийн үед тухайн өрөөнд ажилчдыг цуглуулан согтуу байсан. Манай байгууллагын машинаа байрлуулдаг авто баазын удирдлагаас жолооч, ачигч нар хувцас солих өрөөнд архи уудаг асуудлаар удаа дараа албан бичиг ирсэн байдаг. Тус байгууллагаас хүртэл Ю.Д г 2 сарын 26-ны өдөр архи уусан талаар албан тоот ирсэн байдаг. Манай байгууллагын зүгээс бүх нийтийн хорио цээр зарласан энэ хэцүү үед аль болох ажилчдаа ажлаас чөлөөлөхгүй, цалингийн арга хэмжээ авахгүй өөрт нь анхааруулж сануулах байдлаар нааштай хандсан. Ю.Д гийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд ажлаас шууд чөлөөлөх үндэслэл болохоор заасан тул хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэхгүй байна. Мөн бидний эрхэлж байгаа ажил үйлчилгээ нь цаг нартай уралддаг, хариуцлагын маш өндөр төвшин шаарддаг, хог тээврийн машин нь том оврын техник хэрэгсэл байдаг тул согтуу хөдөлгөөнд оролцсоноос үүдэн маш олон хүний амь насны асуудал яригддаг тул шүүх тал бүрээс нь харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү.

Баазаас ирсэн 2 бичиг нь дугаар зөрсөн асуудал байдаг. Архивын хуулиар дугаар алгассан байсан тул ингэж гарсан. Өөр шийдвэр нь тухайн шүүгчийн дүгнэлт юм. Албан тушаалтнуудын хэлж байгаа  зүйл нь үг биш болох ёсгүй. Өдий насны хүн архи уусан гэдгээ хэл гэхээр хэлэх үү. Хэрэв дарамталсан бол өөр шугамаар шалгуулах хэрэгтэй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Х.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2021.2.16-ны өдөр Ганбаатар Болд нараас эерэг дүгнэлт гаргаснаас болж бүх ажилтнуудыг 16 цагт шинжилгээ өгүүлсэн. Нэхэмжлэгчийн ачигчаас эерэг илэрсэн тул нэхэмжлэгчийг гэрийн тусгаарлалтад оруулах талаар ХӨСҮТ-с мэдэгдсэн. Улмаар 17-ны өглөө дарга менежер гэсэн удирдлагын баг ажлын байранд очиж халдвар хамгаалалт сайжруулахаар очсон. Ингэхэд ******* нь нэхэмжлэгчийг ажил дээр хонож архи уусан гэсэн байсан. Нэхэмжлэгч нь 1-р хавьтагч болсон байж тусгаарлалтад оролгүй ажил дээр архидсан байна гэж хэлсэн. Ингэхэд тэрээр би гэртээ очвол халдвар тарааж магадгүй гэж тайлбарласан. Ингэхэд нь хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг тайлбарлаад гэрт нь хариулсан. Өглөө нь архи уусан байсан ба архи нь гараагүй тодорхой проценттэй байсан. Намайг ажилд ороход ажлын байр зохион байгуулалтгүй байдал байсан бөгөөд ажлын байранд архи ууж байсан тул хатуу тэмцэхээр ёс зүйн хороонд хэлэлцүүлэх болсон. Энэ нь эргээд маш их эрсдэлтэй байдал үүсгэж байсан. Хөдөлмөрийн дотоод журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдэгдэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Д нь “*******” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “*******” ОНӨААТҮГ нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчлийг гаргасан гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хариуцагч “*******” ОНӨААТҮГ-т жолоочоор тасралтгүйгээр ажилласан гэж тайлбарласан бол хариуцагч нь энэ үйл баримтын талаар маргаагүй. Мөн нэхэмжлэгч нь 2018 оноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажил үүргээ гүйцэтгэж байсан талаар тайлбарлаж, хариуцагч үүнийг үгүйсгэж маргаагүй тул зохигчийн хооронд байгуулагдсан 2018 оны хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Улмаар “*******” ОНӨААТҮГ-н даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ю.Д г ажлын байранд архидан согтуурсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. /хэргийн 4 дүгээр тал/

Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.5-д заасныг үндэслэж, улмаар гаргасан гэх зөрчлийг заасан тул хэлбэрийн шаардлага хангаж байна.

 

Хариуцагч “*******” ОНӨААТҮГ-н даргын 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаар тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 11.3-т хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох зөрчлийн талаар заасан бөгөөд 11.3.5-д ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэх гэж заажээ. /хэргийн 25-34 дүгээр тал/

 

“*******” ОНӨААТҮГ-н ёс зүйн хорооны 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлд дурдсанаар уг хуралд нэхэмжлэгч Ю.Д  нь оролцож, 2 удаа тайлбар гаргахдаа ерөнхий инженер Г.*******ын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө түүнийг ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх тайлбартай холбогдуулан архи уусан болохоо зөвшөөрч, буруугаа хүлээсэн байна. /хэргийн 39-40 дүгээр тал/ Мөн ийнхүү уг хуралд оролцож, архи уусан бөгөөд буруугаа хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь ийнхүү ёс зүйн хорооны хурлаар Ю.Д гийн гаргасан зөрчлийн талаар хэлэлцэж, түүнийг тайлбар гаргах боломжоор хангасан нь тус байгууллагын дээрх хөдөлмөрийн дотоод журмын 11.2-т нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ерөнхий инженер Г.*******тай таарамжгүй харилцаатай байснаас түүний дарамт шахалтад орж, улмаар архи уусан гэж хүлээвэл ажилд гаргана гэсэн үгэнд итгэсний улмаас ийнхүү буруугаа хүлээсэн гэж тайлбарласан. Гэвч энэхүү тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх бөгөөд ёс зүйн хорооны хуралд нэхэмжлэгч нь тайлбар гаргахдаа архи уусан гэдгээс бусад өөрийн талаар яригдсан зүйлсийг үгүйсгэж, маргаснаас үзэхэд хууртаж, архи уусан гэж хүлээсэн гэх тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь “Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз” ОНӨААТҮГ-н 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар албан тоотын хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 38 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01613 дугаар шийдвэрийг зохигчийн маргаж буй Б/31 дүгээр тушаал үндэслэлгүй гэдгийг нотлох зорилгоор баримтаар шүүхэд ирүүлсэн.

Гэвч дээрх 01613 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн маргааны нэхэмжлэгч нь өөр этгээд, өөрөөр хэлбэл маргасан тушаал нь өөр бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т зааснаар өөр хэргийн жишиг шийдвэр /шүүхийн прецедент/ нь бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийг гаргасан нь баримтаар тогтоогдсон тул “*******” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй. Улмаар нэгэнт ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан бүх хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч “*******” ОНӨААТҮГ-т холбогдох “*******” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ю.Д гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД