Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01255

 

Ю.Дгийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01700 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ю.Дгийн хариуцагч БЗДНҮГГОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн авахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцсон.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ю.Д нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гуравт жолоочоор ажилд орсон. Тус байгууллагын удирдлага 2020 оны 12 дугаар сард солигдож Г.Эерөнхий инженерээр, С.Перөнхий менежерээр тус тус томилсон. Г.Э нь автын инженерийн мэргэжилгүй боловч ерөнхий инженер болсон өдрөөс хойш ажилчидтай зүй бусаар харьцаж, үл ойлголцол их гарч байсан. Нэхэмжлэгч түүний алдаа дутагдлыг шууд хэлдэг байсан. 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ажлын байран дээр ерөнхий инженер Г.Э ажилчдаа дарамталж байгаа бичлэг байдаг. Нэхэмжлэгчийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө архи уусан гэх үндэслэлээр ажлаас халах тушаал гаргасан. Нэхэмжлэгч тухайн өдрийн өглөө ачигч н.Ганбаатартай хамт ажилд гарсан боловч ачигчийн Ковид-19 шинжилгээний хариу эерэг гарсан тул ажилчдыг шинжилгээнд хамруулж, хариугаа хүлээн баазад хоносон. Маргааш нэхэмжлэгчийг 1-р хавьтал гэж 14 хоногийн гэрийн хорионд оруулсан. 2 дугаар сарын 17-ны өглөө Г.Э инженер нэхэмжлэгчийг архи уусан байна гэсэн. Нэхэмжлэгч нойр муутай хоносон тухайгаа хэлээд гэртээ харьж, 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гэрийн хорионд орсон. 3 дугааар сарын 03-ны өдөр ажилд нь ирэхэд ажил тасалсан гэх үндэслэлээр ёс зүйн хорооны хурлаар оруулж буруугаа зөвшөөрөх, зөвшөөрвөл ажилд нь гаргана гэж худал хэлж ажилд нь гаргаагүй. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал 3 дугаар сарын 04-ний өдөр гарсан бөгөөд энэ бол ерөнхий инженер Г.Эын санаатай хийсэн үйлдэл. Нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргаж байгаагүй жолооч, ачигч нарын төлөө дуугарсан. Ерөнхий инженер Г.Э ажилчдаа амралтгүйгээр ажиллахыг шаарддаг, хамт олондоо нэр хүнд муутай, техникийн мэдлэг мэргэжил дутмаг, ажлаас хална гэж дарамталдаг. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгална гэж заасан байхад 14 хоногийн гэрийн хорионоос гарсан өдөр ажлаас халсан нь үндэслэлгүй. 2018 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хувь нэхэмжлэгчид байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн бичилт хийлгэнэ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, дахин нэхэмжлэл гаргасан тул гомдол гаргах хугацаа хэтрээгүй. Иймд тус байгууллагын даргын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн авахыг даалгаж, ажилгүй байсан хугацаанд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Ю.Д нь 2018 оноос тус байгууллагад жолоочоор ажиллаж эхэлсэн. Тус байгууллага нийгмийн даатгалд 400 000 000 төгрөгийн өртэй, хариуцсан бүсийн 7 хороонд хог ачилт хуваарийн дагуу ордоггүйгээс айл өрхийн хог ачилт хоцрогдон өдөрт дунджаар 2 дуудлага нийслэлд очдог байсан. Хог ачилт хуваарийн дагуу ордоггүй байдалд машин техникийн эвдрэлээс гадна ажилчдын архидан согтуурах, олон хоногоор чөлөө авах, ажилд гардаггүй байдал маш их нөлөөтэй байсан. Тус байгууллагад Ерөнхий инженерээр ажиллаж байсан Ө.Энь 2020 оны 12 сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, Г.Эерөнхий инженерээр, С.П2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс ерөнхий менежерээр тус тус томилсон. Байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох хог тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, уртасгасан цагаар ажиллуулах, цар тахлын үед иргэдийг хоггүй орчинд амьдруулах үүрэг даалгавар Нийслэлээс удаа дараа ирж байсан учраас бүх шатандаа хариуцлагаа өндөржүүлж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлага үүссэн. Энэ шаардлагын дагуу зарим арга арга хэмжээг авч ажилчдын ажлын байранд архидах, өглөөд согтуу ирэх, эвдэрсэн техник хэрэгслээ засварлах нэрийдлээр архиддаг зэрэг алдаа дутагдлыг арилгах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Ю.Д нь ажлын байранд хэд хэдэн удаа архидсан талаар хамт ажилладаг хүмүүс болон байгууллагын зүгээс гомдол санал ирдэг байсан. 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ажилтан албан хаагчдын дунд коронавирусын нэг тохиолдол илэрч ойрын хавьтал болсон 12 ажилтныг 16.00 цагийн орчим бааз дээр цуглуулан, 18 цагт ПСР шинжилгээнд хамруулсан. Уг ажилчдыг гэрийн тусгаарлалтад хамруулах зөвлөмжийн дагуу гэртээ харьж гэрийн тусгаарлалтад орох заавар өгч тараасан. Гэтэл Ю.Д нь тухайн өдөр бааз дээр ирж архи ууж, 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 цагийн орчимд баазын галчийн өрөөнд согтуу ирж, өглөө 08 цагийн үед тухайн өрөөнд ажилчдыг цуглуулан согтуу байсан. Байгууллагын зүгээс бүх нийтийн хорио цээр зарласан хэцүү үед аль болох ажилчдаа ажлаас чөлөөлөхгүй, цалингийн арга хэмжээ авахгүй, ажилтанд анхааруулж сануулах байдлаар нааштай хандсан. Ю.Дгийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ажлаас шууд чөлөөлөх үндэслэл болно. Шүүх хэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Архивын хуулиар дугаар алгассан байсан тул баазаас ирсэн 2 бичгийн дугаар зөрсөн асуудал байдаг. Ажил олгогчийн зүгээс дарамталсан бол өөр шугамаар шалгуулах хэрэгтэй. Нэхэмжлэгч ажлын байранд архи ууж байсан тул ёс зүйн хороогоор хэлэлцүүлэхээр болсон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч БЗДНҮГГОНӨААТҮГ-т холбогдох БЗДНҮГГОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ю.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

 

 Нэхэмжлэгч Ю.Дгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Нэхэмжлэгч 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, үүнтэй холбоотой баримт байхгүй. Ковид-19 цар тахлын улмаас 14 хоног тусгаарлагдаж, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өглөө ажилдаа ирэхэд ерөнхий инженер Г.Э ажил тасалсан гэх шалтгаанаар ажилд гаргаагүй бөгөөд ёс зүйн хорооны хурлаар оруулна, чамайг архи уусан гэж миний бие тайлбар гаргасан учраас миний буруу гэж хүлээчих, тэгвэл ажилд гаргана гэж хэлсэн учраас үр дагаврыг нь ойлгож, бодохгүйгээр миний буруу гэж хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх бодит байдлыг үнэлэлгүйгээр, зөвхөн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлийг үндэслэж, аргагүйн эрхэнд худлаа хэлсэн байхад ямар ч баримтгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Манай байгууллагын удирдлага 2020 оны 12 дугаар сард солигдож, Т.Энхжин даргаар ирж, ерөнхий инженерээр Г.Эыг, ерөнхий менежерээр С.Птомилсон. Г.Э нь автын инженерийн мэргэжилгүй боловч ерөнхий инженерээр ирсэн өдрөөс хойш ажилчидтай зүй бусаар харьцаж, үл ойлголцол их гарч байсан бөгөөд алдаа дутагдлыг би шууд хэлдэг байсан. Ажлаас хална гэж байнга дарамталдаг байсан. 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн өглөө ерөнхий инженер Г.Э ажлын байран дээр миний бие болон жолооч, ачигч нарыг дарамталж байгаа бичлэгийг нотлох баримтаар өгсөн боловч шүүх авч хэлэлцээгүй. 2021 оны 2 дугаар сарын 16-ны өглөө ачигч н.Ганбаатартай хамт ажилд гарсан боловч Ковид-19 шинжилгээний хариу эерэг гарсан тул намайг болон манай ажилчдыг орой нь шинжилгээнд хамруулж, гэр бүлээ эрсдэлд оруулахгүйн тулд хариугаа хүлээн баазад хоносон. Маргааш нь ачигчийн 1-р хавьтал гэж үзээд 14 хоногийн гэрийн хорионд оруулсан. 2021 оны 2 дугаар сарын 17-ны өглөө нойрмог байхад Г.Э инженер чи архи уусан байна гэж хэлсэн ба миний бие нойр муутай хоносон тухайгаа хэлээд гэртээ харьж, 3 дугаар сарын 02-ны өдрийг дуустал гэрийн хорионд орсон. 2021 оны 3 дугаар сарын 03-ны өглөө ажилдаа ирэхэд ерөнхий инженер Г.Э ажил тасалсан гэх шалтгаар ажилд гаргаагүй бөгөөд ёс зүйн хорооны хурлаар оруулна, би чамайг архи уусан гэж тайлбар гаргасан учраас миний буруу гэж хүлээчих, тэгвэл ажилд гаргана гэж хэлсэн учраас хожмын үр дагаврыг ойлгож, бодохгүйгээр миний буруу гэж хэлсэн. Ерөнхий инженер Г.Э өөрийнхөө үгэнд ордоггүй ачигч жолооч нарыг ажилдаа ирээгүйн төлөө ямар нэгэн байдлаар буруугаа хүлээсэн мэтээр бичиг хийлгүүлэн авч, ажилд гарах хуудсанд гарын үсгээ зурдаг. Үүнтэй ижил хэрэг буюу С.Баянмөнхийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2021/01613 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл шүүх уг шийдвэрийг авч хэлэлцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ю.Д хариуцагч БЗДНҮГГОНӨААТҮГ-т холбогдуулан тус газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаар тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн авахыг даалгах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу дүгнэлт хийгээгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Нэхэмжлэгч Ю.Д нь хариуцагч БЗДНҮГГОНӨААТҮГ-т 2014 оноос хойш жолоочоор ажиллаж байсан гэж тайлбарласан, хэдийгээр хэрэгт нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй байх боловч талуудын хэн аль нь уг үйл баримтын талаар маргаагүй байна. Хариуцагч БЗДНҮГГОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг хорио цээрийн дэглэмийн үед ажлын байранд архидан согтуурсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 11.3.5 дах заалтын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх4/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нөхцөлд ажилтан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан байх, талууд хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн тохиолдол болгоны талаар тухайлан тохиролцсон байх шаардлагатай. Хэрэгт нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй байхын зэрэгцээ ажилтан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч БЗДНҮГГОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 11.3.5-д ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, байгууллагын бусад объектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байна. /хх25-34/ Хөдөлмөрийн дотоод журам нь ажил олгогчоос өөрийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүсэх харилцааг зохицуулсан баримт бичиг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 130 дугаар зүйлийн 130.1, 130.2 дах хэсэгт ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, мөн ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ, хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана гэж заажээ. Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас харахад ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан үндэслэлээр ажилтанд хариуцлага хүлээлгэхэд урьдчилан танилцуулж, улмаар ажилтан харилцан зөвшөөрсөн байх шаардлагатай байна.

 

Гэтэл хариуцагч нь хөдөлмөрийн дотоод журмыг нэхэмжлэгчид танилцуулах ажиллагааг хийгээгүй байна. Хэргийн 35 дугаар тал дах жолооч, ачигч нарт байгууллагын дотоод журам болон тээвэр албаны журам танилцуулсан байдал гэх хүснэгтийн 1-рт Ю.Д жолооч Ковид-19 тусгаарлалтад байгаа гэсэн тайлбар тусгагдаж, танилцсан хэсэгт гарын үсгээ зураагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлаас халах тухайлсан ноцтой зөрчлийг гаргавал хүлээх хариуцлагын талаарх заалтыг ухамсарлан ойлгосон гэж үзэхээргүй байна. Ажил олгогчийн зүгээс ажилтанд хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураагүй байхад хөдөлмөрийн дотоод журмын 11.3.5 дах заалтыг үндэслэн ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй. Тэрээр нэхэмжлэгч нь 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан, ёс зүйн хорооны хурлаар үүнийгээ хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээсэн гэж тайлбарладаг. Хэргийн 39-40 дүгээр тал дахь хариуцагч байгууллагын 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлд ... жолооч Ю.Д: шинжилгээний хариу гартал яваад яахав гээд ажлын байран дээрээ архи уусан нь үнэн. Олон хүн цуглуулсан гэдэг дээр миний байсан галчийн өрөөнд хүмүүс орж ирсэн болохоос би хүмүүсийг уриалан дуудаж оруулж ирсэн зүйл байхгүй ... гэх тайлбар тусгагдсан байна.

 

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар талуудын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах боловч нэхэмжлэгч өмнө гаргасан тайлбараа бусдын дарамтад орж бичсэн гэж үгүйсгэсэн тул хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Иймд нэхэмжлэгч Ю.Дг БЗДНҮГГОНӨААТҮГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй. Мөн ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцоход, нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн 1 сард авах цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэрт нь бичигдсэн түүний тогтмол авч байсан 2020 оны 12 сар, 2021 оны 1, 2 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тооцоход нэг сарын цалинтай тэнцэх олговор 2 098 666 төгрөг, ажлын 1 хоногт 97 612 төгрөг байх ба 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 11 469 456 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

 

 

Харин нэхэмжлэгчийн БЗДНҮГГОНӨААТҮГ-ын даргын гаргасан Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсан өөрчлөлтийг оруулна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01700 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.Дг БЗДНҮГГОНӨААТҮГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч БЗДНҮГГОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 469 456 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ю.Дд олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч БЗДНҮГГОНӨААТҮГ-т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас БЗДНҮГГОНӨААТҮГ-ын даргын Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтын Нэхэмжлэгч гэснийг Нэхэмжлэл гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.МӨНХЗУЛ