Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2021/00252

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч:"ШТ" ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч:АУЭХС ТӨХК-д холбогдох    

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 27,743,961 төгрөг, алданги 13,871,980 төгрөг, нийт 41,615,941 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-Ю/цахимаар/, Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "ШТ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "ШТ" ХХК нь 2013 оны 12 дугаар сард АУЭХС ТӨХК-тай Тайширын усан цахилгаан станцын тунелийн тохижилт, Гэгээн нуур амралтын газрын тохижилтын ажлыг 90 сая төгрөгөөр хийхээр гэрээгээр тохиролцсон горимуудаар гүйцэтгэхээр, гэрээгээр хүлээсэн ажлыг хийж гүйцэтгэх явцад ажлын гүйцэтгэлийн төсөвт ороогүй, тооцоогүй орхигдсон 70,979,625 төгрөгийн ажлыг өөрийн хөрөнгөөр болон бусад байгууллагаас зээлээр авч уг тендерийн ажлыг чанарын сайн үнэлгээтэйгээр улсын комисст 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн билээ. Анх тендер зарлахдаа төсөв тооцоогоо алдаатай гаргасан ажлын явцад 2 тал харилцан тохирч, төсөвт тусгагдсан ажлууд дээр нэмж ажил хийгдсэн учир төсөв нэмэгдэж хэтэрсэн энэ байдлаа хоёр байгууллага харилцан тохиролцож ярилцаад шалгалт оруулж улмаар аудитын дүгнэлт гаргуулсан. Аудитын дүгнэлтээр бүх хийсэн ажлын зардлын тооцоог зардал бүрээр нь гаргаж дүгнэлт гаргахад 6 объектод гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын нийт төсөвт өртөг нь 167,743,961 төгрөг болсон. Энэ төсөвт өртгөөс Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчийн хувьцаат компани нь "ШТ" ХХК-д 140,000,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бус хоорондын тооцоогоор шилжүүлэн өгч одоогоор 27,743,961 төгрөг дутуу байгаа болно. Энэ ажил гүйцэтгэсэн гэрээний төлбөрийг авах гэж одоог хүртэл хөөцөлдөж байгаа болно. Иймд АУЭХС ТӨХК-иас дээрх 27,743,961 төгрөг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Уг асуудлаар 2013 оноос хойш тасралтгүй үе үеийн дарга нартай нь уулзаж хөөцөлдөж байгаа болно гэжээ.

Хариуцагч “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “АУЭХС ТӨХК-ийн 2013 оны хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Тайширын усан цахилгаан станцын тунелийн тохижилт, “Гэгээн нуур” амралтын газрын тохижилт, дэд станц байгуулах ажлыг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах Үнэлгээний хороог дарга С.П /дэд захирал/, нарийн бичгийн дарга Т.Б /эдийн засагч/, гишүүд Д.Г /ерөнхий нягтлан бодогч/, Н.Б /шугам засварын инженер/, Ч.Д нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Уг үнэлгээний хороо нь тендерийн бичиг баримтыг боловсруулах, техникийн тодорхойлолт, урилга бэлтгэх, тендерийг хянан үзэх ажлыг хуулийн дагуу зохион байгуулсан. Тендерийн урилга 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Тайширын усан цахилгаан станцын тунел орчмын тохижилт” нэрээр “АУЭХС” ТӨХК-13/21 тендер шалгаруулалтын дугаараар зарлагдсан. Заасан хугацаанд “Хүрийн Овоо” ХХК болон "ШТ" ХХК-иуд материал ирүүлсэнд үнэлгээний хороо үнэлгээ хийж, дээрх 2 компаниас тендерт ирүүлсэн материалд нэмэлт тодруулга авахаар болж, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээний хороо албан бичиг хүргүүлсэн байдаг. 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээний хорооны шийдвэрээр “Шадар туслагч” ХХК-ийг шалгаруулсан. Захиалагчийн төлөөлж “АУЭХС” ТӨХК-ийн захирал Г.Ч гүйцэтгэгчийн төлөөлж "ШТ" ХХК-ийн захирал Ж.Д нар  “Тайширын усан цахилгаан станцын тунел орчмын тохижилт”-ын ажлын гүйцэтгүүлэх “АУЭХС” ТӨХК-13/21 дугаар гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр дээрх ажлыг 90 сая төгрөгийн өртөгтэйгээр 1.5 жилийн хугацаанд гүйцэтгэхээр тохирсон байдаг. "ШТ" ХХК нь гэрээний дагуу уг ажлыг гүйцэтгэх явцад төсөвт ороогүй, тооцоогүй орхигдсон 70,979,625 төгрөгийн ажлыг нэмж өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн тухай ажил дууссаны дараа яригдаж, гүйцэтгэлд хөндлөнгийн хяналтын байгууллага дүгнэлт гаргасан. “Шадар туслагч” ХХК нь дээрх ажлыг 90 сая төгрөгт багтаан хийхээр үнийн санал ирүүлж, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үнэлгээний хороонд ирүүлсэн албан бичгээр баталгаажуулж, энэ үнийн дүнгээр гэрээ байгуулсан тул илүү гүйцэтгэл гаргасан нь эрх зүйн хувьд үндэслэлгүй, нэмэлт ажлын талаар гэрээнд ямар нэгэн нэмэлт оруулаагүй байдаг. "ШТ" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг “Интер Аудит” ХХК-ийн мэргэжлийн үнэлгээчин, шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр газар дээр нь шинжилгээ, судалгаа хийж, гарсан аудитын дүгнэлтийг Эрчим хүчний яамны хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, АУЭХС ТӨХК” ТУЗ-ын дарга Л.Батсайханд хүргүүлснийг ТУЗ хэлэлцээд 52 сая төгрөгийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэн тухайн үедээ олгосон байдаг бөгөөд гэрээгээр тохиролцоогүй ажлын гүйцэтгэлийг санхүүжүүлсэн асуудал нь тухайн үеийн эрх бүхий удирдлагын гаргасан шийдвэр юм. Одоо "ШТ" ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 27,7 сая төгрөгийг манай компани хариуцан барагдуулах үндэслэл байхгүй. Тухайн үед ажил гүйцэтгэсэн гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлж, барагдуулсан. Зохих хууль, журмын дагуу 8 жилийн өмнө сонгон шалгаруулалт зарлаж, ирүүлсэн материалд эрх бүхий хороо нь үнэлэлт өгч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн, ажлын үр дүнг хүлээн авч, төлбөр тооцоог нь бүрэн барагдуулсан байхад гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулна гэж одоо шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай компанийн хувьд нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн, ажлыг хүлээн авч, төлбөр тооцоог барагдуулан уг гэрээ тухайн үедээ дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 7 жилийн өмнө дуусгавар болсон гэрээний үүрэгтэй холбоотой, үүргийн гүйцэтгэл шаардсан байх тул энэ шаардах эрх Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардлага байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Мөн хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн өдрөөс эхлэн тоолохоор заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарт дурьдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч "ШТ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу Тайширын усан цахилгаан станцын тунел орчмын тохижилтын ажлын гүйцэтгүүлэх гэрээний 6.3-т зааснаар алданги 13,871,980 төгрөг тооцон авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. 

Хариуцагч АУЭХС ТӨХК нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс Тайширын усан цахилгаан станцын тунел орчмын тохижилтын ажлын гүйцэтгүүлэх гэрээний 6.3-т зааснаар алданги 13,871,980 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК болон "ШТ" ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 1.2-т заасан гэрээний үнэ 90 сая төгрөгийг гүйцэтгэгч талд бүрэн төлж дууссан бөгөөд гэрээний 6-т заасан төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн. Нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:АУЭХС ТӨХК-өөс 2013 онд Тайширын усан цахилгаан станц, Гэгээн нуур амралтын газрын тохижилтын ажлын тендерт ажлын даалгавраар оролцсон. Ажлын даалгаварт  6 ажил тусгагдсан байсныг 90 сая төгрөгт хийнэ гэж гэрээ байгуулсан. Дэд станцын ажил нь миний мэдлээс хэтэрсэн тусгай мэргэжлийн байгууллага хийх ажил гарч ирсэн. Уг 6 объектын ажлыг төгс хийж өгсөн, дутуу хийсэн гэх маргаан гараагүй. Бүх ажил төгс хийгдсэн учир төсөв нь бага багаар нэмэгдсээр техникийн комисс ажлыг хүлээн авахад хэтэрсэн төсөв гарсан. Дотоод аудитаар төсөв хэтэрч хийгдсэн нь үнэн байна гэж ажлын тайлан дээр бичигдсэн байдаг. Энэ маргааныг эцэслэхийн тулд дотоод аудит оруулъя гэдэг дүгнэлт гарсан. Гэтэл дотоод аудит нь хөндлөнгийн аудит хийлгэх шаардлагатай гэсэн учир хөндлөнгийн аудитаар дүгнэлт гаргуулсан. Б.Н-Ю тайлбартаа 52 сая төгрөгийг авбал өөр нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн гэж байна. 52 сая төгрөгийг авахдаа Эрчим хүчинд 22 сая төгрөгийн өртэй байсан. Би нягтлан бодогчид нь хэлсэн. Эхний ээлжинд танайх өрөө дараад ав гэсэн. Эднийх бүх өрөө суутгаж аваад 2016 оны 01, 02 дугаар саруудад хоёр хувааж, 27 сая төгрөг өгсөн. 2017 онд даргатай нь уулзах зав гараагүй. Би А.П дарга дээр орж тайлбараа танилцуулсан. Г.Н эгчийг дагуулж уулзсан, мөн Ш.Б-тай хамт очиж уулзсан. Тэгэхэд судлаад хариу өгье гэсэн. Хариу өгөлгүй таг болсон. Сонгууль болоод А.П огцорсон, Т.Г дарга болсон. Т.Г-гтой 2021 оны цагаан сараас хойш орж уулзахад материалаа өгчих судлая гэсэн. Материалыг Т.Г дарга Д.А-д өгсөн юм шиг байсан. Сонсгол дээрээ Ж.Д хэдэн эрээн төмөр хатгачихаад мөнгө нэхэх гэж байна гэсэн учир миний эрх зөрчигдөж байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Эхний 45 сая төгрөг, 27 сая төгрөг, 18 сая төгрөг, нийт 90 сая төгрөг, 2016 онд 15  сая төгрөг, 12 сая төгрөг, нийт 27 сая төгрөг 52 сая төгрөг тус тус орж ирсэн. 25 сая төгрөгийг өмнө нь авсан бараа материалын өрөндөө суутгуулсан. Нийтдээ ажлын хөлсөнд 142 сая төгрөгийг бүрэн авсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-Ю нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ШТ" ХХК нь АУЭХС ТӨХК-ийн 2013 оны хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөөнд батлагдсан ажлын 90 сая төгрөгт багтаан гүйцэтгэх боломжтой гэж ажлын даалгаврыг боловсруулсан.  Тухайн тендерт оролцсон 2 компаниас үнэлгээний хороо "ШТ" ХХК-ийг шалгаруулсан. Тухайн үед гэрээ хийгдээд ажлын даалгаврын хүрээнд ажлаа гүйцэтгэж, явцын хяналт манай компанийн зүгээс тухайн үед хийж явсан. Ажлын даалгавраас зөрж, нэмэлт зардал гаргасан. Ажлыг төсөвт өртөгт багтаан хийх шаардлагыг тавьсан. Маргаан үүсч, хөндлөнгийн байгууллагаар аудитын дүгнэлт гаргуулах тохироод “Интер-Аудит” ХХК-аар дүгнэлт гаргуулсан. Тухайн дүгнэлт нь нэг талыг баримталсан зүйл байхгүй. Зах зээлийн үнэлгээ болон материалын үнээр үнэлсэн түүнийг цааш нь санхүүжилт олгоод явахад хүндрэлтэй дүгнэлт байсан. “ШТ” ХХК-ийн зүгээс асуудал тавьж байгаад 52 сая төгрөгийг 90 сая төгрөг дээр нэмж гаргуулсан. “ШТ” ХХК-ийн ирүүлсэн албан тоот байдаг. 52 сая төгрөгийг олговол нэмж нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг байдлаар асуудалд хандсан байсан. Хэдэн жилийн дараа иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай асуудал ч байгаа. 6 жилийн дараа хэтэрсэн зардлаа авна гэдэг байдлаар шүүхэд хандаад явж байгаа нь шаардлагагүй зүйл гэж компанийн зүгээс харж байгаа. Тухайн үед ямар яриа хөөрөө болсон хувийн асуудал нь гэрээгээр хүлээсэн үүрэг дээр оролцохгүй. Ж.Д-гийн ярьж байгаа аман хэлэлцээр шүүхэд ямар нэгэн нотлох баримт болох үндэслэлгүй зүйл яригдаад байна. Явцын дунд төсөв нэмэгдсэн талаар захиалагчид мэдэгдсэн зүйл байхгүй. Өөрөө дур мэдэн гүйцэтгээд дууссаны дараа төсөв өртөг нь нэмэгдсэн гэдэг зүйлийг яриад асуудал үүсээд байгаа. Мөн 52 сая төгрөгийн нэмэлт ажил гэж үндэслэлгүй зүйл яриад байна. Т.Г даргатай уулзсан гэх мөн А.П-тэй уулзсан гэх зүйл нь албан хүсэлтээр хандсан зүйл байхгүй гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлыг 90 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Энэ үед би инженерээр ажиллаж байсан. Тухайн үеийн удирдлагууд Тайширын станц дээр очиж ажилтай нь танилцаж байсан. Ажил гүйцэтгэх явцад төсөв хэтэрсэн гэдэг байдлаар ямар нэгэн санал гомдол гараагүй. Ажил хийж гүйцэтгэсний дараа намайг инженерээр ажиллаж байсны хувьд гүйцэтгэл дээр гарын үсэг зур гээд "ШТ" ХХК-ийн захирал Ж.Д ирж уулзсан. Тэгэхэд нь 90 сая төгрөгт багтаана гэж тендер авсан. Гэтэл төсөв хэтрүүлсэн гэдэг байдлаар тайлбар бичээд гарын үсэг зурсан. АУЭХС ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 52 сая төгрөгийг нэмж өгөх нь зүйтэй гэсэн тогтоол 2015 оны 09 дүгээр сарын 21-нд гарсан. Үүний дагуу 52 сая төгрөг нэмж өгөгдсөн. Нэгэнт эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан учраас гэрээ байгуулсан 90 сая төгрөг, Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгогдсон 52 сая төгрөг, нийт 142 сая төгрөгөөр дурдсан 6 ажлыг компанийн үндсэн хөрөнгөөр бүртгэж одоог хүртэл ашиглаж байдаг. Нэхэмжлэлд дурдсан дутуу ажлын санхүүжилт болон алдангийг төлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "ШТ" ХХК нь хариуцагч АУЭХС ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 27,743,961 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 13,871,980 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч АУЭХС ТӨХК нь 2013 оны 07 дугаар сард “Тайшир Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн тунел орчмын тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг “АУЭХС” ТӨХК-13/21 дугаартай тендерийн баримт бичгийн[1] дагуу зохион байгуулжээ.

“АУЭХС” ТӨХК-13/21 дугаартай тендерийн баримт бичигт тусгагдсан “Тайшир Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн тунел орчмын тохижилтын ажлын даалгаварт[2] тунелийн дагуух явган хүний зам, тунелийн гаднах автомашины зогсоол, ерөнхийлөгчийн өндөрлөг дэх автомашины зогсоол, ариун цэврийн байгууламж/халуун ус, бие засах газрын байр, цооног/, цахилгаан хангамж/дэд станц/, аж ахуйн хашаа зэрэг 6 нэр төрлийн ажлыг дурьджээ.

Уг тендер сонгон шалгаруулалтад "ШТ" ХХК нь АУЭХС” ТӨХК-13/21 дугаартай тендерийн ажлын даалгаварт тусгагдсан дээрх 6 нэр төрлийн ажлыг 90,000,000 төгрөгөөр хийхээр үнийн санал[3] өгч, улмаар “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК тендерийн үнэлгээний хорооноос “Тайшир Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн тунел орчмын тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Шадар туслагч” ХХК-ийг шалгаруулжээ[4].

Тендер шалгаруулалтын дүнгээр нэхэмжлэгч "ШТ" ХХК болон хариуцагч АУЭХС ТӨХК-иуд нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Тайшир Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн тунел орчмын тохижилтын ажлын гүйцэтгүүлэх тухай “АУЭХС” ТӨХК-13/21 дугаар гэрээ байгуулжээ[5].

Уг гэрээгээр гүйцэтгэгч нь нь тендерийн ажлын даалгаварт заагдсан “Тайшир Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн тунел орчмын тохижилтын ажлыг гүйцэтгэж, актаар захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлс 90,000,000 төгрөгийг  хуваарийн дагуу 3 хуваан төлөхөөр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

Учир нь ажил гүйцэтгэхээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

            Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч "ШТ" ХХК нь тендерийн ажлын даалгавар тусгагдсан 6 төрлийн ажлыг гүйцэтгэснийг хариуцагч АУЭХС ТӨХК хүлээн авч, ажлын хөлс 90,000,000 төгрөгийг 3 хуваан төлсөн[6] байх бөгөөд энэхүү үйл баримтыг зохигч харилцан хүлээн зөвшөөрч маргасангүй.

            Харин ажлын үр дүнд хүрэхийн тулд гүйцэтгэгчээс тендерийн ажлын даалгавар тусгагдаагүй нэмэлт ажил хийгдэж, үүний улмаас нэмэгдсэн ажлын хөлс/төсөв/-ний хэмжээний талаар харилцан маргажээ.

            "ШТ"ХХК-ийн нэхэмжлэлдээ “Ажил гүйцэтгэх төсөвт ороогүй, тооцоогүй орхигдсон 70,976,625 төгрөгийн ажлыг чанартай гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Төсөв хэтэрсэн энэ байдлаа 2 байгууллага харилцан тохиролцоод, аудитын дүгнэлт гаргуулсан. Аудитын дүгнэлтээр 6 ажлын төсөвт өртөг 167,774,961 төгрөг болсон”[7] гэжээ.

АУЭХС ТӨХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Ажлыг гүйцэтгэх явцад төсөвт ороогүй, тооцоогүй орхигдсон 70,979,625 төгрөгийн ажлыг нэмж, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн тухай ажил дууссаны дараа яригдаж, гүйцэтгэлд хөндлөнгийн хяналтын байгууллага дүгнэлт гаргасан. Аудитын дүгнэлтийг Төлөөлөн удирдах зөвлөл хэлэлцээд 52 сая төгрөгийг олгох шийдвэр гаргаж, гэрээгээр тохироогүй ажлын гүйцэтгэлийг санхүүжүүлсэн”[8] гэжээ.

            Үүнээс үзэхэд зохигч тендерийн ажлын даалгаварт тусгагдсан 6 төрлийн ажлын төсвийн гүйцэтгэлд аудитын байгууллага/”Интер-Аудит”ХХК/-аар дүгнэлт гаргуулсан болохыг харилцан хүлээн зөвшөөрч байна.

            Хэдийгээр ”Интер-Аудит” ХХК-ийн дүгнэлт[9] нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хавтаст хэргийн материалд авагдаагүй, нотлох баримтаар үнэлээгүй ч уг дүгнэлтээр “Тайшир Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн тунел орчмын тохижилтын ажлын гүйцэтгэлийг 167,774,961 төгрөгөөр буюу ажил гүйцэтгэх гэрээнд заасан үнийн дүнгээс 77,743,961 төгрөгөөр илүү гаргасан үйл баримтын талаар зохигч маргасангүй.

Үүнээс үзэхэд захиалагч “АУЭХС ТӨХК нь ажлын төсөв нэмэгдсэн үндэслэлээр гэрээг дуусгавар болгох Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй учир гүйцэтгэсэн ажлын хөлсийг гүйцэтгэгч "ШТ" ХХК-д төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээс хэтэрсэн төсөв 77,743,961 төгрөгийг гаргуулахаар шаардах эрх Шадар туслагч” ХХК-д үүсчээ.

Захиалагч “АУЭХС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны 13 дугаар тогтоолоор[10] дээрх хөндлөнгийн аудитын дүгнэлт болон ашиглагч байгууллагын саналыг тус тус үндэслэн “Тайшир Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн тунелд хийгдсэн нэмэлт ажилд гарсан 52,000,000 төгрөгийг гүйцэтгэгч “ШТ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Гүйцэтгэгч "ШТ" ХХК нь “Тайшир Гуулин усан цахилгаан станц ХХК-ийн гол барилгын тунелд хийгдсэн нэмэлт ажилд гарсан зардал болох 52,000,000 төгрөгийг хуваарийн дагуу олгож өгнө үү. Өөр цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн утга, агуулга бүхий 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаар албан бичгийг захиалагч “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-д хүргүүлжээ.

Улмаар "ШТ" ХХК нь дээрх 52,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 12,000,000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус “АУЭХС ТӨХК-иас шилжүүлэн авсан нь Хас банкны 5001196693 тоот харилцах дансны хуулгаар[11] тогтоогдов.

Үүнээс үлдэх 25,000,000 төгрөгийг "ШТ" ХХК-иас АУЭХС ТӨХК-д төлөх урьдын өрөндөө суутгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь хүлээн зөвшөөрч, нийт 52,000,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан эсэх талаар ямар нэг маргаан байхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

Ажлын хөлсний талаар цаашид нэхэмжлэхгүй гэсэн нэхэмжлэгчийн хүсэл зоригийн бичгэн илэрхийлэл нь хариуцагчаас 52,000,000 төгрөгийг шилжүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйл байсан бөгөөд энэ нь тухайн үеийн зохигчийн хүсэл зориг гэж шүүх дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 52,000,000 төгрөг 2016 оны 01, 02 дугаар саруудад хүлээн авснаас хойш аудитын дүгнэлтээр тогтоогдсон ажлын хөлсний үлдэгдэл гэх 25,473,961 төгрөгийг гаргуулахаар бичгээр шаардлага гаргаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

АУЭХС ТӨХК-ийн 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын болон 2021 оны 01 дүгээр сарын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр тус бүрт үзлэг хийхэд нэхэмжлэгчээс 2016 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлын хөлсний үлдэгдэл гэх 25,473,961 төгрөгийг гаргуулахаар шаардсан бичгийг хариуцагчид ирүүлээгүй нь үзлэгийн тэмдэглэлээр[12] нотлогдсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь шүүх хуралдаанд хариуцагч “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан А.П, одоогийн захирал Т.Г нартай 2018-2020 онуудад уулзахад “ажлын хөлсний үлдэгдэл гэх 27,473,961 төгрөгийн асуудлыг судалж, үзье” гэж хэлж байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нь хэлцэл байдаг бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурьдсан “судалж, үзье” гэх тайлбарыг хэлцэл гэж үзэхгүй.

АУЭХС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны 13 дугаар тогтоолын 2 дахь заалтаар зайлшгүй нэмэлт ажил хийгдсэн зардлын төсөв зохиох аргачлал дээр талууд тохиролцож, гэрээ байгуулах, зохих акт баримт бичгийг баталгаажуулах, хөрөнгийн тодотгол хийх замаар санхүүжилт олгохыг АУЭХС ТӨХК-ийн захирал Г.Ч, “Тайшир Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нарт зөвшөөрчээ.

Тогтоолын дээрх заалт болон ажил гүйцэтгэх гэрээний 2.9 дэх заалтын дагуу  тендерийн ажлын даалгаварт тусгагдаагүй нэмэлт ажлын тоо, хэмжээ, хөлсний хэмжээний талаар зохигч нэмэлт гэрээ байгуулаагүй, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна.

Шүүх хуралдаанаар “Тайшир Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн тунел орчмын тохижилтын ажлын хөлсөнд 90,000,000+42,000,00=142,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар хэргийн оролцогчид харилцан хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

Дээр дурьдсан нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагчаас “Тайшир Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн тунел орчмын тохижилтын ажлын хөлсөнд 142,000,000 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн тул захиалагч АУЭХС ТӨХК-ийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажлын хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болохоор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасан тул гүйцэтгэгч "ШТ" ХХК-д “Тайшир Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн тунел орчмын тохижилтын ажлын хөлсийг төлөх захиалагч АУЭХС ТӨХК-ийн үүрэг мөнхүү үндэслэлээр дуусгавар болжээ.

Нэгэнт дуусгавар болсон үүргийн гүйцэтгүүлэхээр үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс буюу нэхэмжлэгч “Шадар туслагч” ХХК-ийн хариуцагч “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-иас шаардах эрх зүйн үндэслэлгүй тул ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 27,743,961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Дуусгавар болсон шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул гэрээний үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан хэргийн оролцогчийн тайлбарт эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэдэг. Анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга.

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги байхаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заажээ.

Нэгэнт захиалагч АУЭХС ТӨХК-ийн гүйцэтгэгч "ШТ" ХХК-д ажлын хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж, уг үүрэг  дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги гаргуулахаар шаардах эрхгүй.

Иймд нэхэмжлэгч "ШТ" ХХК-ийн хариуцагч АУЭХС ТӨХК-иас алданги 13,871,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэжээ.  

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч "ШТ" ХХК-ийн хариуцагч АУЭХС ТӨХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,670 төгрөг, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,310 төгрөг, нийт 523,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-д шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хэргийг эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5 дэх хэсэгт тус тус заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх  хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч "ШТ" ХХК-ийн хариуцагч АУЭХС ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 27,743,961/хорин долоон сая долоон зуун дөчин гурван мянга есөн зуун жаран нэг/ төгрөг, алданги 13,871,980/арван гурван сая найман зуун далан нэгэн мянга есөн зуун ная/ төгрөг, нийт 41,615,941/дөчин нэгэн сая зургаан зуун арван таван мянга есөн зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "ШТ" ХХК-ийн хариуцагч АУЭХС ТӨХК-д холбогдуулан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,980/таван зуун хорин гурван мянга есөн зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МӨНХБАТ

 

 

[1] 2-р хавтаст хэргийн 14-66 хуудас

[2] 2-р хавтаст хэргийн 61 хуудас

[3] 2-р хавтаст хэргийн 12 хуудас

[4] 2-р хавтаст хэргийн 10 хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 209-211 хуудас

[6] 2-р хавтаст хэргийн 147-148 хуудас

/”Шадар туслагч” ХХК-ийн хаан банк дахь харилцах дансны хуулгад тусгагдснаар 2013.08.06-нд 45,000,000+2013.09.19-нд 27,000,000+2014.01.09-нд 18,000,000=90,000,000 төгрөг төлөгдсөн/

[7] 1-р хавтаст хэргийн 2 хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 175-176 хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 131-137 хуудас

[10] 1-р хавтаст хэргийн 208 хуудас

[11] 2-р хавтаст хэргийн 192 хуудас

[12] 1-р хавтаст хэргийн 240 хуудас