Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 549

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00329/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ... -р байр, ... тоотод оршин суугаа, ...  регистрийн дугаартай, И овогт П.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ... -р хороолол, ... -р байр, ... тоот хаягт бүртгэлтэй, одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн харьяа цагдан хорих байранд байгаа, ... регистрийн дугаартай, А овогт М Мд холбогдох

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгөөс хүү Б.С болон өөрт нь ногдох хэсэг 51 750 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ө нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь М.Мтэй 2010 онд танилцаж нэг гэрт орж өдийг хүртэл хамт амьдарсан. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Би 2010 оноос М.Мтэй хамт амьдрахдаа өөрийн төрсөн охин Б.Мыг 7 настай байхаас гурвуулаа хамт амьдарсан. М.М бид хоёрын дундаас 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү Бгийн С төрсөн. Би цаашид М.Мтэй урт удаан сайн сайхан амьдарна гэж итгэж байсан учир хүүхдийг нь төрүүлж өдийг хүртэл амьдарч байсан. Гэтэл М.М миний охин Б.Мыг 11 настай байхаас эхлэн намайг гэртээ эзгүй хойгуур удаа дараа хүчинддэг байсан гэх сэтгэл сэртхийлгэсэн асуудал үүсч одоо Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт М.Мд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хориотой байна. М.М нь охин Б.М бид хоёрт уучлахын аргагүй маш муухай зүйл хийсэн учраас цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй тул хамтын амьдралаа дуусгавар болгож 2013 оны 01 сарын 28-нд төрсөн хүү Бгийн Сыг өөрийн асрамжид авч, эхээрээ овоглодог тул эцэг тогтоолгож, хуулийн дагуу асрамж тэтгэлэг тогтоож өгнө үү.

Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч гэр бүлийн хамтын амьдралтай байсан. Бид анх нийлж суухдаа хэн аль нь юу ч үгүй амьдралыг эхнээс нь эхэлсэн. Ингээд гэр бүлийн хэрэгцээнд 2014 онд 03 сарын 21-нд М.Мгийн нэр дээр 6037 ДАХ улсын дугаартай Nissan x trail 0 маркийн саарал өнгийн суудлын автомашин авсан одоогийн зах зээлийн үнэ нь 5 500 000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Мөн одоо амьдарч буй Дархан-Уул аймаг, Дархан сумын ...-р баг ...-р хороолол, ... байрны ... тоот 3 өрөө 57,7 мк талбай бүхий орон сууцыг 2013 оны 11 сарын 13-ны өдөр бид хоёр “Ө” ХХК-ийн гүйцэтгэгч талтай “Орон сууц захиалах байгуулах гэрээ” байгуулж хоёулаа гарын үсэг зурж байртай болсон, уг байрны анхны үнэ 69 240 000 төгрөг, одоогийн зах зээлийн үнэ цэнэ 72 125 000 төгрөг болохыг Капитал зууч ХХК-ийн зүгээс эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон. Дээрх орон сууц, авто машин нь М.М бид хоёрын хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө юм.

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнийг нийтдээ /5 500 000+72 125 000= 77 625 000 төгрөг/ үүнээс нэг хүнд ноогдох хувь 77 625 000:3 = 25 875 000 төгрөг болно. Иймд М.М бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож, хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон дундын хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хувааж, хүү Б.С бид хоёрт ногдох хувь 51 750 000 төгрөгийг гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Онар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би П.Бтай 2012 онд танилцаж хамтран амьдарсан бөгөөд 2013 онд хүү С төрсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. П.Б бид хоёр 2010 оноос хойш нэг гэрт орж дундаасаа нэг хүүтэй болж амьдарч байсан боловч бидний дундын өмч гэх ямар ч эд хөрөнгө байхгүй юм. Нэхэмжлэгч П.Бгийн нэхэмжлээд байгаа Дархан-Уул аймаг, Дархан сумын ...-р баг ...-р хороолол, ... байрны ... тоот 3 өрөө 57.7 м3 орон сууцыг дундын өмчлөлийн орон сууц гэж үзэх боломжгүй бөгөөд бидний дунд ямар нэгэн дундын өмчлөлийн асуудал байхгүй гэдгийг доорх үндэслэлүүдээр тайлбарлаж байна.Үүнд:

1. Миний аав Т.М, ээж Я.Д нар нь 1986 оноос хойш хээтэй хороолол ... байрны ... тоот 3 өрөө байрыг эзэмшин амьдарч байсан юм. Улмаар аав ээж хоёр минь Дархан сумын 1-р багт гэр хороололд амьдарч тус байранд миний төрсөн эгч М.Б нь дүү нар болон охин Б.Аын хамт амьдарч байгаад 1994 онд хүнд өвчний улмаас нас барж, охин А нь өнчирч үлдэн тус байранд миний ээж аавынд амьдарч өссөн юм. Дээрх байрыг манай аав ээж 2010 онд микрийн ...-р байрны ... тоот 2 өрөө байраар сольж миний төрсөн дүү М.Бийн эзэмшилд шилжүүлсэн юм. Энэ байранд би П.Бгийн хамт амьдарч байгаад 2013 онд Дархан сумын ...-р баг ...-хороолол ... байрны ... тоот 3 өрөө байрыг авахдаа аав ээж ах эгч дүү нартайгаа тохиролцон байрны урьдчилгаа хийхээр 2 өрөө байрыг зарж борлуулах дүү Аыг насанд хүрэх үед нь байр авч өгөхөөр ярилцаад 2 өрөө байрыг 42 240 000 төгрөгөөр зарж борлуулан 2014 оны 1р сард “Өгөөж Ерөө ХХК”-тай орон сууцны урьдчилгаа бэлнээр мөнгийг төлж үлдэгдэл байрны мөнгийг Голомт банкнаас  27 000 000 төгрөгийн зээл авч Т ХК болон Ө  ХХК-д хүнд даацын тээврийн машин барьж жолоочоор ажиллахдаа сар бүр өөрийн цалин хөлснөөс суутгуулж төлж байсан тул энэ орон сууц П.Бд ямар ч хамаагүй билээ. Би өөрөө өмчлөлд байсан орон сууцны Голомт банкны зээлийн төлбөр 23 000 000 төгрөгийг төлөөлж дүү Адаа хууль ёсоор нь шилжүүлэн өгсөн тул П.Бгийн орон сууцны ноогдох хэсгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ орон сууц нь өөр хүний мэдэлд шилжсэн тул П.Бг энэ байранд одоо амьдарч байгаа бол түргэн суллаж эзэнд нь шилжүүлж өгөх хэрэгтэй гэж хэлмээр байна.

2. Миний бие нь П.Бтай танилцахаас өмнө Солонгос улсад 4 жил ажил хөдөлмөр эрхэлж өөрийн хуримтлуулсан мөнгөөр 9 800 000 төгрөгөөр Зифер Портер маркийн авто машин худалдан авч унаж байгаад зарж борлуулан 2014 оны 02 сард 6 500 000 төгрөгөөр Nissan маркийн ... улсын дугаартай машин худалдан авч эзэмшиж байсан бөгөөд Миний өөрийн өмчлөлийн хувийн эд хөрөнгө тул энэ машин П.Бд ямар ч хамаагүй гэж үзэж байна. Энэ машиныг дундын өмч гэж үзэн П.Бг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний дундаас төрсөн хүү С бол миний хүү мөн бөгөөд болдог бол хүүгээ өөртөө болон ах дүү нар дээрээ өсгөмөөр байна. Хамтын амьдралын хугацаанд амьдралаа авч явах гэр бүлийн өмсөх зүүх идэх хоолоор дутаахгүй гэж нойр хоолгүй хөдөлмөрлөж явсан хүнд даацын машин барин биеэ бодохгүй зүтгэж явсныг Б тоохгүй байж болох ч энэ тухай ах эгч дүү нар хамт олон минь сайн мэдэж байгаа юм. Б нь надтай хамтран амьдрах хугацаанд өөрийн эд хөрөнгө гэж ямар ч зүйлтэй ирээгүй орон сууцны зээлэнд мөнгө оруулж өгөөгүй ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй надаас эд хөрөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Тэгээд ч 10 гаруй жил хамтран амьдарсан хугацаа болон намайг гэх өчүүхэн ч сэтгэлгүй хатуу хахир хандаж байгаа хүнд ямар ч эд хөрөнгө өгөх болон үлдээх хүсэлгүй байна. Иймд эдгээр байдлуудыг минь харж үзэн нэхэмжлэгч П.Бгийн эд хөрөнгө нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч М.Мд холбогдуулан эцэг тогтоолгох, хүү Сыг өөрийн асрамжид авах, эцэг М.Мгөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж, хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нь эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, 79 тоот 3 өрөө орон сууц болон автомашин нь хуваарьт хөрөнгө тул ногдох хувь гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч П.Б, хариуцагч М.М нар нь 2010 онд танилцаж гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү Б.Сыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй гэсэн үндэслэлээр гэрлэлтээ бүртгүүлээгүйн улмаас хүү Б.Сыг төрсөн эх П.Бгаар овоглосон байна. /хх-ийн 6 дугаар тал/

 

Гэвч хариуцагч нь Б.Сын төрсөн эцэг болохоо хүлээн зөвшөөрч, асрамж, тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байх тул тэдний дундаас төрсөн хүү Б.Сын төрсөн эцэг нь А овогт Мын М мөн болохыг тогтоож, эх П.Бгийн нь асрамжид үлдээх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар хүү Б.Ст сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.Мгөөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан бөгөөд, зохигчид нь 2010 оноос хойш хамтын амьдралтай байсан, 2013 онд хүү Б.Сыг төрүүлсэн, М.М нь өөрийн дагавар охин Б.Мын эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэний улмаас 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн үйл баримт талуудын тайлбар хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 109-113 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2010 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2014 оны 3 дугаар сарын 21-нд М.Мгийн нэр дээр ... улсын дугаартай NISSAN X Trial маркийн саарал өнгийн суудлын автомашин авсан. Мөн одоо амьдарч буй Дархан сумын ...-р баг, ... -р хороолол, ... -р байрны ... тоот 3 өрөө 57,7 мкв талбай бүхий орон сууцыг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ө  ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж хоёулаа гарын үсэг зурж байртай болсон. Дээрх орон сууц, автомашин нь М.М бид хоёрын хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын хөрөнгө. Дундын өмчлөлийн эд хөрөнгө нийтдээ орон сууц 72 125 000 төгрөг + автомашин 5 500 000 төгрөг нийт 77 625 000 төгрөг : 3=25 875 000 / нэг хүнд ногдох/ тул 51 750 000 / Б.С, П.Б/ төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Капитал зууч ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд автомашины эзэмшлийн ... тоот гэрчилгээг эхээр шинжлэн судлуулж, орон сууцны хэрэглээний зардал, зээлийн төлбөрийг төлж байсан талаар төлбөрийн баримт, Голомт банкны орлогын мэдүүлгүүд, Голомт банктай байгуулсан Ипотекийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна. /хх-ийн 87-108, 114-124 дүгээр тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ... анх П.Бтай суухад 2 өрөө орон сууцтай байсан түүнийгээ зараад ипотекийн зээлээр 3 өрөө орон сууцыг авсан, мөн Солонгос улсад ажиллаж ирээд автомашиныг авсан. Эдгээр хөрөнгө нь М.Мгийн хуваарьт хөрөнгө гэж тайлбар гаргаж, нотлох баримтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 өрөө орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шийдсэний дагуу Дархан –Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдөр М.Мгийн өмчлөлд бүртгэлтэй байсан орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б.Аын нэр дээр бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон баримтууд, Өгөөж гурил ХХК-ны цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг нотлох баримтаар ирүүлсэн байна. / хх-ийн 51-80, 125-127 дугаар тал/

            Хавтаст хэргийн 55-56 дугаар талд авагдсан 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээгээр Нэг талаас М.М, П.Б, нөгөө талаас Өгөөж ерөө ХХК нар харилцан тохиролцож Дархан сумын ... дугаар баг, ... хорооллын нутаг дэвсгэрт барьж буй Дэвшил хотхоны 84 айлын орон сууцны ...-р байрны ... давхарт ... тоот 3 өрөө орон сууцыг бариулахаар гэрээ байгуулсан, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай Орон сууцны зээлийн гэрээгээр 27 сая төгрөгийн зээлийг, 240 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авах зориулалтаар Голомт банк, М.М нарын хооронд гэрээ байгуулсан байна.

            Хэдийгээр 3 өрөө орон сууцны зээлийн гэрээг М.Мтэй байгуулсан боловч уг маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө болон автомашин нь хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан сууцны хэрэглээний зардал, зээлийн төлбөрийг төлж байсан талаарх төлбөрийн баримтууд, П.Б, М.М нарын орон сууцны захиалгын гэрээг байгуулсан зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар нэхэмжлэгч П.Б, хариуцагч М.М, Б.С нарын дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн гэж үзэв.

           

 Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлсээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй, 487 дугаар зүйлийн 487.1-д Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт ногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй гэжээ.

Иймд нэхэмжлэгч П.Б нь дундын өмчлөлийн зүйлсээс өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хэдийгээр талуудын дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б.Аын нэр дээр бүртгэж гэрчилгээ олгосон боловч энэ нь дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахад саад учруулахгүй тул Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнийн дүн 72 125 000 төгрөгөөс хариуцагч нь ипотекийн зээлийн үлдэгдэл 22 107 651,36 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төлж хаасан болох нь Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул хасч 72 125 000 - 22 107 651.36 үлдэх 50 017 349,67 төгрөг дээр автомашины үнэ 5 500 000 төгрөгийг нэмж 55 517 349.67 төгрөгийн эд хөрөнгө дундын өмчлөлийн эд хөрөнгө байна.

Үүнийг 55 517 349.67 : 3 = 18 505 782.88 төгрөг /М.М, П.Б, Б.С/ нар хуваагаад 18 505 782.88 х 2 =37 011 565,76 / П.Б, Б.С нарт ногдох/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү Б.Сын төрсөн эцэг нь А овогт Мын М мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү Б.Сыг эх П.Бгийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.Мгөөр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг М.М, эх П.Б нарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар хариуцагч М.Мгөөс 37 011 565.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Бд олгож, нэхэмжлэлийн үлдэх 14 738 434.24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591 500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 517 807 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 34 027 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА